sonin.mn
Н.Дүгэрсүрэнгийн 2017 оны тавдугаар сарын 15-ны “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагыг анх уншаад “Энэ байтугай гүжир гүтгэлэг, доромжлол хийж л байдаг юм” гэж бодоод тоолгүй өдийг хүрсэн юм. Энэ хугацаанд олон хүн утасдаж “Яагаад энэ балай гүжирдлэгэд хариу өгөхгүй байна вэ” гэж асууж, бүр сүүлдээ зэмлэнгүй хандаж байгаа тул хожуу ч гэсэн таны гүтгэлэгт няцаалт өгч, үнэхээр таны хэлсэнчлэн үнэн байдлыг ард түмэнд хэлж, ойлгуулах цаг болсон байна. Уг ярилцлага нь бодит үнэн байдлыг биш, харин үнэн үгэнд үнэн голоосоо дургүй, ямагт буруугаа бусдад чихдэг, хууль бус үйлдлийг хүч түрэн хийдэг увайгүй хүмүүсийнхээ захиалгаар хийсэн бөгөөд тэднийхээ буруу бүхнийг улайран хамгаалсан, тэдэндээ зусардан бялдуучилсан нь илт аж.
“Зэвүүн яриа” нэвтрүүлэгт Г.Мандахнаран орсон байна билээ. Гэтэл яриандаа Ч.Дамдиншарав гэж ирээд яаж гутаав, мөнгөн үед хоёр ч мөнгөн медалийг эх орондоо авчирсан Б.Болдыг яаж гутаав, талцуулах үйл ажиллагааг яаж хийж байна гэсэн байв. Сүүлийн жилүүдэд МЧБХ-ны удирдлагуудын ёс бус үйл ажиллагааны талаар тамирчид, дасгалжуулагчид нь хэвлэлийн бага хурлаар мэдэгдэл хийж, сонин, цахим ертөнцөөр удаа дараа баримттайгаар ноцтой мэдээлэл нийтэлж байсан. Тухайлбал, 2015.05.12-ны өдрийн “Өдрийн сонин’’-нд “Чөлөөтийнхөн Д.Дагвадоржийн дарамтыг тэсэхээ байжээ” гэсэн ярилцлагад “Бид, архи ууж ирчихээд хүүхдүүддээ агсам тавьдаг аавтай, хүчирхийлэлтэй айлын хүүхдүүд шиг, дарамт, доромжлол дор байдаг. Одоо цааш тэвчиж чадахгүй гэцгээж байна” гэжээ. Энэ юу гэсэн үг вэ, даан ч дээ, ийм эмгэнэл гэж байх уу, Дүгэрсүрэн гуай. Энэ хүмүүс Монголын нэрийг дэлхийд авч явах ёстой улсын шигшээ багийн шилдэг тамирчид, дасгалжуулагчид биз дээ. Ийм дээрээ тулж, ийм юм ярих болгосон нь юутай гутамшиг вэ. Их спортын түүхэнд анх удаа ийм ичгэвтэртэй юм болж байхад МЧБХ-ны хууль, ёсзүйн зөвлөлийн гишүүн гэх та, тэсвэрлэхийн аргагүй, хууль, дүрмийг уландаа гишгэн дарангуйлж байгаа удирдлагынхаа талаар шударгаар хэлснийх нь төлөө тэднийг “эх орныхоо эсрэг хийж буй бусармаг үйл явдал боллоо” гэж хэлж яаж чадав. Энэ санаа чинь ганц таны ч үг биш, холбооны дарангуйлалыг өмгөөлж хамгаалдаг хэсэг бүлгийн зүгээс шударга тамирчдаа нухчин дарах оролдлого хийдэг болсон та бүхний ажлын арга барилын үнэн дүр төрх юм.
 
Таны өмөөрөн хаацайлаад байгаа Б.Болд гэдэг хүний талаар алдарт бөх, алтан үеийн анхдагч тамирчин Ж.Мөнхбат аварга нэг биш удаа хэлсэн удаатай. Жишээ нь 2008.11.29-нд чөлөөт бөхийн хамт олны хурал дээр “Чи холбооны удирдах зөвлөлийн гишүүн байж юу ч хийгээгүй, үе үеийн холбоог чи л үймүүлсэн..." гэж хэлснийг та бүгд сонсож байсан. Ер нь Б.Болд гавьяат МЧБХ-г олон жил үймүүлж талцуулан хагаралдуулж ирснийг бүгд л ярьдаг. Түүнчлэн “Б.Болд, Ч.Дамдиншарав хоёр байсан цагт МЧБХ хэзээ ч цэвэршихгүй, энэ хоёр нөхөр явсан цагт чөлөөт бөхийн холбоо сайхан болно” хэмээн цахим ертөнцөд нийтэлсэн байдаг. Хамгийн гол нь тэнгэрийн дор хүн болж төрсөн болохоор хуулийн дор амьдрах ёстой гэдгээ тэд умартаад байна”гэв. Бичиг баримт, тамгыг хуурамчаар үйлдэх нь эрүүгийн гэмт хэрэг. Гэтэл МЧБХ-ны удирдлагынхаа энэ гэмт хэргийг мэдсээр байж хууль, ёс зүйн зөвлөлийн гишүүн Н.Дүгэрсүрэн гуай та, ийм гутамшигт хэрэг үйлдсэн удирдлагадаа гэмт үйлдлийнх нь талаар албан үүргийн дагуу биш юмаа гэхэд ядаж ахмад хүнийхээ хувьд хэлсэн бол тэд нэг удаа ч болов хуулийн дор амьдрах ёстой гэдгээ ухамсарлах байсан байж магадгүй. Гэтэл та хуулийг уландаа гишгэсэн тэднийг учир өөгшүүлэн хамгаалж, хууль зөрчсөнийг нь хэлсэн шударга тамирчдаа доромжпоод суух ч гэж дээ. “Ер нь бол ТББ хоёр янзын хуультай байдаг. Нэг нь гишүүнтэй, нөгөө нь гишүүнчлэлгүй. Соёл, спортын хувьд гишүүнчлэлгүй ТББ байна гэж цагаан цаасан дээр хараар бичсэн хууль бий” гэв. ТББ хоёр янзын хуультай биш, нэг хуулийн хоёр заалт бий л дээ, уг нь. Харин “Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага” гэдэгт манай салбарыг хамруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, гишүүнчлэлтэй, гишүүнчлэлгүй байхыг эвлэлдэн нэгдсэн хамт олны хурал л дүрмээрээ шийдвэрлэх ёстой асуудал байх. “Энэ дагуу 2009 онд олон жил Басхүүгийн хувийн аж ахуй шиг удирдлага дор явсан чөлөөт бөхийн холбоог салгаж авсан юм” гэжээ.
Таны энэ үг намайг муухай харагдуулах, болохгүй, бүтэхгүй хүн мэтээр олон түмэнд ойлгуулах зорилготой таны бүлэглэлийн зохион байгуулалтай хийдэг зүйлийн ердөө нэг  нь.
1990 оны эхэн үед МЧБХ гудамжинд гарчихсан эзэнгүй байхад та, таны өмгөөлөөд байгаа хүмүүс хаана, юу хийж байсан бэ. Та бүхнийг гадаад, дотоодод амиа борлуулж явахад би болон миний нөхөд чөлөөт бөхийн ирээдүйн төлөө энэ холбоог анхлан байгуулж, голомтыг бадраан, өрхийг татсан юм шүү.
Шинэ тутамд байгуулсан холбоогоо хүнд цаг үед авч явсан амьд түүхийн эзэн нь таны муу хэлээд байгаа миний бие мөн. Би үүгээрээ бахархдаг бөгөөд үнэн түүхийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Тэр цагт миний бие нэр хүндтэй, бие даасан МЧБХ хэмээх ТББ-ыг чин сэтгэл, улаан нүүрээрээ авч яваагүй бол өнөөдрийн таны үхэн хатан хамгаалаад байгаа хүмүүс юунд ингэтлээ шунан дурлаж, юуг жинхэнэ ёсоор хувийн компаниа болгон дураараа дургих байсан бол, Дүгэрсүрэн гуай. Аливааг хийж бүтээх, бий болгох гэдэг ямар амаргүйг, харин үгүйсгэж, устгахад ямар амархныг та эрхбиш гавьяат эдийн засагч хүнийхээ хувьд мэдмээрсэн дээ.
 
Ардын багш, гавьяат дасгалжуулагч С.Магсар багш та бүхнийг над руу улайран дайрч, гүтгэн доромжилж байсан яг тэр цаг үед 2009.01.21-нд “Улаанбаатар Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа “Өнгөрсөн дөрвөн жил холбоо муугүй ажилласан. Сайн ч юм их бий. Тэр бүхнийг үгүйсгэж болохгүй. 1990 онд бүх спортын холбоо уналтад ороход тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Басхүү ганцаараа бууриа сахиад үлдсэн. Бусад нь амин хувиа бодоод хаяад явсан. Энэ нь түүний чөлөөт бөхдөө үнэнч байгаагийн илрэл. Үүнийг нь үнэлэх хэрэгтэй” гэж хэлж байв. Энэ бол бодит үнэн. Гэхдээ би 1990 онд холбооны ерөнхий нарийн бичгийн дарга байгаагүй, 1993 онд тус албанд томилогдсон. Өнөөдөр чөлөөт бөхийн хамт олонд сайхан ярьдаг хүмүүстэй адил хаяад явах нь битгий хэл холдож ч чадахгүй сэтгэл надад байсан тул ажпаа орхиод явсан холбооны нарийн бичгийн даргын ажлыг өмнөөс нь орлон хийж явлаа, би. Хүнд цаг үед холбоогоо эмхлэн шинээр байгуулахад анхлан зүтгэсэн хүн нь гүтгүүлэн ад үзэгдэж, чөлөөт бөхөөсөө, холбооноосоо зуггаж, зөвхөн өөрийн хувийн эрх ашиг, мөнгөний төлөө яваад ирэгсэд нь бөхийн төлөө хүний хийсэн бүтээсэн бүхнийг үгүйсгэж, харин өөрсдийгөө баатрын хэмжээнд ичих нүүргүй ярьдаг аа боль, яриулдаг аа ч боль. Яасан улайдаггүй ширэн нүүр вэ. Аливаад хэмжээ хязгаар гэж бий. Үнэнийг шулуухан, шударга хэлье. Тэр үед би ачааны хүндийг үүрч, харин та нар зугтсан шүү.
Таны хэлдгээр А.Басхүүгийн хувийн аж ахуй шиг холбоо биш, Монголын 70 шахам спортын холбооноос зохион байгуулалт, ажлын бүх үзүүлэлтээрээ улсад найман удаа “Шилдгийн шилдэг холбоо”, хоёр удаа “Шилдэг холбоо”-гоор шалгарсан холбоо шиг холбоо байсан юм. Үүний нотолгоо бол би ажлаа өгсөн 2009 оны МЧБХ-ны их хурал дээр тус хурлын дарга хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга, алдарт бөх Х.Баянмөнх “Энэ холбоо маш сайн ажилласан байна, их ажил хийсэн байна...” гэсэн үнэлгээ өгсөн явдал юм. Та суугаад сонсож л байсан. Мөн “чөлөөт бөхийн холбоог салгаж авсан” гэсэн таны худал, хорон үгэнд үнэн хариу өгье. Миний бие хууль, дүрмийн дагуу ээлжит их хурлаа хийж, дөрвөн жилийнхээ ажлын тайланг тавьсан. Хурлын дэг журам, дүрмээр зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн сонгууль явуулж, шинэ удирдлагатай болоход би хурлын бүх төлөөлөгчийн саналаар МЧБХ-ны УЗ-ийн гишүүнээр дахин сонгогдсон билээ. Энэ бүхнийг нотлох дүрс бичлэг бий.
 
“Ингэж салгаж авсны дараа хуралдсан хурлын дарга нь Х.Баянмөнх аварга байсан. Хурлаараа Л.Чинбатыг ерөнхийлөгч болгосон” гэжээ.
 
Би таныг яагаад ийм эрүүл бус худал, зохиомол зүйл яриад байгааг ойлгож байна л даа. Та, нөхдийнхөө хуурамч бичиг баримт, тамга үйлдсэн ноцтой хэргийг л үгүйсгэх гэж аргаа барж байна. 2009 оны их хурлын дараа Х.Баянмөнх аварга даргалсан ямар ч хурал болоогүй бөгөөд таны хэлдгээр холбоог надаас “салгаж авсан” гэх 2009 оны их хурлын 21 аймгийн төлөөлөлтөй, хот хөдөөгийн 171 төлөөлөгчийн нууц санал хураалтаар Л.Чинбатыг ерөнхийлөгчөөр сонгосон үнэн баримт байна. Үүнийг нотлохын тулд одоо чөлөөт бөхдөө хайртай ард түмэндээ хурлын дүрс бичлэгийг нь үзүүлэхэд бэлэн. “Тухайн үед хурал даргалсан болохоор нь бүрдүүлсэн материал дээрээ гарын үсгийг нь төлөөлөөд биччихсэн хэрэг” гэжээ.
Ийнхүү та нар 2009 оны хууль ёсны их хурлын үндсэн материалыг ашиглан алдарт их аваргынхаа гарын үсгийг нь ичгүүргүй дуурайлган зурж, хуурамчаар хурлын тогтоол үйлдсэн төдийгүй 2009 оны хурлаас хойш хоёр жилийн дараа хэрэглэж эхэлсэн тамгыг нөхөн дарсан хууль бус үйлдэл чинь одоо шүүх дээр явж байна. Х.Баянмөнх аварга “Би тийм хурал даргалаагүй, энэ миний гарын үсэг биш” гээд шүүхэд мэдүүлгээ өгчихсөн юм байна лээ.
“Үүнийг нь л хууль бус гэж хэлээд, өнөөг хэр нь худал шуугиан дэгдээгээд байна. Энэ асуудлаар олон ч удаа шүүхэд хандаж байсан ч тэд ялагдал хүлээсэн” гэв. Хагас зуун жилийн түүхтэй чөлөөт бөхийн хамт олныг дэндүү гэхэд дэндүү элэг барин ёстой гутаан доромжилсон энэхүү бусармаг хэрэг одоо шүүх дээр шалгагдаж байгаа. Харин Х.Баянмөнхийн гарыг үсгийг 2017.07.03-нд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр хуурамч гэдгийг тогтоосон байгаа.
“Миний хувьд насаараа шүүгч хийсэн. Тухайн үед олон улсын шүүгч болсон долоон хүн байдаг ч А.Басхүүг холбооны ерөнхий нарийн бичгийн дарга болсноос хойш нэг нь ч өөдлөөгүй гэжээ. Дүгэрсүрэнгийнхээр анх олон улсын шүүгч болсон тэдгээр шүүгчээс зарим нь нэг биш удаа зэрэг ахиулах семинарт явж, шалгалт өгсөн боловч харамсалтай нь шалгалтдаа бүдэрч зэргээ ахиулж чадаагүй юм. Миний бие таныг гэхэд л ЗХУ-ын Якутск ба Болгар, Унгарт шүүгчээр явуулахад та үгээ олохгүй баярлан бөхөлзөж байснаа мартаа юу. Одоо тэмцээн, аливаа арга хэмжээ бүхэн дээр “Олон улсын хүндэт шүүгч Дүгэрсүрэн" гэж хүндэтгэлтэйгээр дуудуулан цоллуулж байгаа тэр эрхэм алдрыг танд олгуулахын тулд миний бие 2006 онд Олон улсын бөхийн холбооны ерөнхийлөгчтөй биечлэн уулзаж, хүсэлт тавьж байсан билээ. Үнэндээ бол дүрмийн шаардлагаас гадуур “арын хаалгадаж” олгуулсан учиртайг та мэдэхийн цаагуур мэдэж байгаа шүү дээ. Уг нь “FILA” буюу “UWW” ийн дүрмийн 12 дугаар зүйлийн заалтаар бол танд миний олгуулсан цолыг насанд хүрэгчдийн дэлхийн аваргад дөрвөн удаа, мөн олимпод шүүсэн шүүгчдэд олгох заалттай байдаг.
 
“Холбооны нарийн бичгийн даргаа ашиглаад зөвхөн өөрөө л тэмцээнд явдаг байсан. Хэнийг ч өмнөө гаргаагүй. Тийм боломж ч олгоогүй" гэв. 
 
Би олон улсын дээд зэрэглэлийн “Олон улсын шилэгдмэл шүүгч“-ийн зэргийг МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга болохоос 10 жилийн өмнө буюу 1983онд авчихсан байлаа. Багагүй саад бэрхшээл, дарамтыг туулан байж авсныг та ч мэднэ. Дэлхийн бөхийн холбооны дүрмээр тив, дэлхийн аваргад зөвхөн ОУШШ хүн л шүүх эрхтэй тул Монголоос уг тэмцээнд шүүх эрхтэй цорын ганц дээд зэрэглэлийн шүүгч нь миний бие байв. Энд нэг зүйлийг зориуд онцолж хэлэхэд, миний бие 1990 оноос хойш нэг ч олон улсын тэмцээнд гадаадад явж шүүгээгүй. Харин Олон улсын бөхийн холбооны албан томилолтоор тэмцээн зохион байгуулах ажлаар явж ажилласан маань МЧБХ-нд огт хамаагүй асуудал байдаг. Зөвхөн 1989-1992 онд миний санаачилга, хүсэлтээр 12 шүүгчийг гадаадын олон улсын тэмцээнд явуулж шүүлгэсэн бодит баримтат, судалгааг та үзэж болно шүү.
“Олон улсын зэрэг ахиулах семинар авдаггүй байсан. Сүүлд А.Басхүүгийн төрсөн дүү шүүгч болсон чинь семинар авдаг болчихсон" гэжээ. Олон улсын шүүгчийн зэрэг олгох ба ахиулах семинарыг өөрийн оронд хэд хэдэн удаа авч зохион явуулсан. Олон улсын III зэргийн шүүгч миний дүү А.Баасанхүү олон улсын шүүгчийн II ба I зэрэг, улмаар дээд зэрэглэлийн “Олон улсын шилэгдмэл шүүгч”-ийн зэргийг надгүйгээр өөрөө гадаадад болсон семинарт оролцож шалгалтаа амжилттай даваад авч байсныг бахдалтайгаар хэлье. Шулуухан хэлэхэд, 10 Н.Дүгэрсүрэн ч миний дүүгийн шүүгчийн ур чадварт хүрэхгүй гэдгийг би биш, тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид ярьдаг юм. Хэлмэгдүүлэх гэдэг нь хэн нэгнийг зориуд эрх ашгийг нь хүчээр зөрчихийг хэлдэг. Үүнийг та нар өнөөх хорон аргаараа жинхэнэ бодитоор нь хийж миний дүүг 2014 онд олон улсын I зэргийн шүүгчээс нь бүр мөсөн хасуулсан. Энэ үйлдлээ маш нууцаар хуйвалдан хийсэн бөгөөд хүмүүнлэг ардчилсан нийгэмд байхгүй дарангуйлал, хэлмэгдүүлэлт болсон юм. Энэ бол Монголын спортын түүхэн дэх хоёр дахь тохиолдол бөгөөд анхны тохиолдолд нь миний бие өртсөн эмгэнэлтэй гашуун түүх бий. Миний дүү А.Баасанхүүгийн тухай “Шүүгчийн мэдлэг, ур чадвар сайтай, өндөр мэдрэмжтэй авьяаслаг шүүгч, Монголоо гэсэн чин сэтгэлтэй, баг тамирчдын төлөө үнэнхүү зүрх сэтгэлээсээ, өөрийгөө золиослон байж дэмжин тусалдаг шүүгч дээ” гэж бөхчүүд, дасгалжуулагчид, шүүгчид үнэлэн ярьдаг юм билээ. Тухайлбал, 2009 оны МЧБХ-ны их хурал дээр гавьяат тамирчин О.Пүрэвбаатар “Манай шилдэг шүүгч Баасанхүү бидний төлөө явж байгаад, хоёр ч удаа өөрөө хохирсон шүү" гэж хэлж байсныг та мөн л сонсоод сууж байсан.
 
Н.Дүгэрсүрэн танд болон таны ноёдод олон бодит үнэнээс зөвхөн заримыг нь хэлье. Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар 2001. 12.05-нд “Таван цагираг” сонинд өгсөн ярилцлагадаа “Ийм том тэмцээнд өөрийн шүүгч байна гэдэг их нөлөө үзүүлэх юм байна. Манай хоёр, шилэгдмэл шүүгч А.Басхүү, А.Баасанхүү ах нар дэвжээний шүүгчийг дэвжээнд гаргахгүй аргалаад байсан аж. Хэрвээ шүүгч дэвжээн дээр гарсан бол өнгөрөх байхгүй юу" гэж хүнд нөхцөл байдлаас өөрийг нь аварсан тухай баярлан хэлсэн байдаг. Хоёр жилээр хасуулсан эрхийг нь сэргээсэн тухай анх О.Пүрэвбаатарт мэдэгдэхэд “Тэр үед би уйлаад, та бүгдийн итгэл найдварыг спортын өндөр амжилтаар хариулна”гэж жинхэнэ тамирчин хүн шиг амласнаа ДАШТ-нд харуулж, “Намайг тус тэмцээнд оролцох бүрэн боломжийг олгож өгсөн МЧБХ-ны ерөнхийлөгч С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга А.Басхүү нарт гүн талархаж байна” гэж мөн дээрх сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байдаг. 2008 онд Шведэд болсон Бээжингийн олимпийн эрх авах тэмцээний 55 кг-ын жинд барилдсан Н.Отгонжаргалын өрсөлдөгч нь оноог нь луйвардаж, бүр ялалт авчихаад байхад нь А.Баасанхүү өөртөө маш эрсдэлтэй алхам хийж, дэлхийн бөхийн холбооны төлөөлөгч Марианне Нобс (Швейцарь)-д дахин дахин учирлан хэлсний дагуу арга буюу бичлэг үзэж, үнэнийг тогтоолгосноор ялалтыг буцаан авч Н.Отгонжаргал олимпийн эрхээ авсан юм. Мөн 2001 оны манай улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний 130 кг-д аварга төрүүлэхийн төлөө А.Баасанхүүг яаж рэтгэл, зориг гаргаж Дэлхийн бөхийн холбооны төлөөлөгчдийн хараанд хүртэл өртөн зүтгэж байсныг бид бүхэн мэднэ шүү дээ. Тэгвэл одоо, тамирчдынхаа төлөө ингэж сэтгэл гарган зүтгэж байгаа шүүгч хэн байгаа вэ, хэлээд өг дөө, Дүгэрсүрэн гуай. Ийм сэтгэл, зориг, зүтгэл гаргах нь битгий хэл харин ч эсрэг байдаг шүүгч Б.Төмөрбаатарын тухай 2008 оны дэлхийн аваргад хамт байсан бүх дасгалжуулагчид нь баримтаар нь ярьж байсан шүү.
“Сүүлийн долоон жилийн хугацаанд 28 олон улсын шүүгчтэй болсон байна. Ээлжлээд л тэмцээнд шүүж байна” гэжээ. Намайг ажлаа өгөх үед (2005-2008 он) манай улсын 17 олон улсын шүүгчийн тав нь нэгдүгээр зэргийн шүүгч байсан. Харин өнөөдөр ганцхан нэгдүгээр зэргийн шүүгчтэй болоод удаж байна. Бага зэрэгтэй олон улсын шүүгч олон болжээ. Гэхдээ уг зэргийг олгох болон зэрэг ахиулах семинарыг манай талаас хариуцсан хүний талаар хүнд ярихаас ч ичмээр зүйл, бүр гэмт хэргийн шинжтэй зүйлийгуг семинарт оролцсон хүмүүс нь толгой сэгсрэн, нулимс цийлэгнүүлэн ярьж байсан удаатай.
Иймэрхүү бохир аргаар шүүгчийн тоог дөвийлгөх нь зөв зүйл биш. Үүний цаана хахуулийн ч төдийгүй ичгэвэртэй зүйл их байгаа юм билээ.
Харин манайдаа гэх өндөр зэрэглэлийн ганц шүүгч Б.Төмөрбаатар нь тив, дэлхийн тэмцээндээ шүүдэг л юм байгаа биз. Гэтэл тэр нөхөр гадаадын олон улсын бараг бүх тэмцээнд явдаг тул нөгөө олон улсын зэрэгтэй болоод байгаа гэх бусад олон залуу шүүгч нь хэзээ зэргээ ахиулах, хэзээ явж шүүхээ мэдэхгүй, дэмий л халаглан байдаг юм байна. Б.Төмөрбаатарын, олон жилийн турш дүрмийг ноцтой зөрчиж, дүрмийн заалтад байхгүй зүйлийгхүч түрэн хийдэг, туйлын ёс зүйгүй, увайгүй бусармаг үйлдэл нь чөлөөт бөхийн хөгжилд ямар хор учруулж байгаа талаар тамирчид, багш дасгалжуулагчид нь үгээ барж дуусч байна. Тэгвэл, МЧБХ-ны удирдах зөвлөл ба хууль, ёс зүйн зөвлөлийн гишүүн та энэ бүхэнд нүдэн балай, чихэн дүлий байгаа чинь чөлөөт бөхийхний үнэнхүү гайхшрал, дургүйцлийг төрүүлж байна шүү.
“Энэтхэгт болох Азийн аваргаас хасагдсан байхад МЧБХ хэчнээн их юм болж байж эргүүлээд тамирчдаа оролцуулахаёр болов. Миний хувьд эх орныхоо эсрэг хийж буй бусармаг үйл явдал боллоо гэж харж байна” гэжээ.
 
Аливаа асуудалд хуйвалдан хууль, дүрэм журмыг зөрчиж, ялгаварлан гадуурхах шударга бус үйлдлийг удаа дараа гаргаад байгаа холбооны удирдлагуудыг энэ хүн өмөөрөх болохоор өөрийн ухаанаа алдах юм аа. Азийн аваргаас хасагдсан удаа байхгүй л юмсан.
Харин, 2015 оныАзийн аваргад оролцох тамирчдын визний бичиг баримтыг шууд санаатайгаар (шүүхийн тогтоолын заалт) хуурамчаар үйлдэж явуулсан МЧБХ-ны удирдлагын гэмт хэргийг эх орныхоо эсрэг хийж буй бусармаг үйлдэл биш, ариун үйлдэл гэх үү. Энэ гэмт хэргийн үйлдлээс болж харийн орны шоронд хоригдсон тамирчдын бие, сэтгэл зүрх, спортын амжилтанд учруулсан хохирол, татвар төлөлөгчдийн олон сая төгрөгийг үрэн таран хийсэн болон олимпод дөрвийн дөрвөн бөх нь барилдаж эхлээгүй байхад “Бүх юм дууслаа, одоо шинээр эхлэнэ” гээд ерөнхийлөгч нь хаяж яван бөхчүүдээ сэтгэл зүйн гүн цохилтод оруулсныг тамирчдын төлөө хийж байгаа ёс зүйтэй, ариун үйлс гэх үү. Дэлхийн аварга болон олимпийн бэлтгэл цугларалтад гарсан эрэгтэй багийнхандаа үндсэн үүргийнхээ дагуу дэмжин туслах нь битгий хэл нэг ч удаа эргэж очоогүй, үзэгдээгүй төдийгүй “Эхнээсээ эрэгтэй багийг олимпийн медаль авахуулахгүй сонирхолтой байсан” гэдэг нь Монголын ард түмэн 36 жил элгээ тэмтэртэл хүлээсэн медалийг авахуулахаар хийсэн шударга зөв үйлдэл болж байна уу.
Эцэст нь хэлэхэд таныг би ямагт хүндлэн ах шигээ санан нас ахисан хойно хүртэл тэмцээнд ерөнхий шүүгчээр олонтаа томилон ажиллуулж байсан төдийгүй ер нь бид хоёр олон жил гар нийлэн хамтран ажиллахдаа нэг ч удаа ам мурийж байсангүй ах дүү шиг сайхан харьцаатай байсан. Харин намайг холбооны ажлаа өгснөөс хойш итгэмээргүй ааш араншин, үйлдэл гаргаж та өөр хүн болсон л доо. Эр хүн шиг бай л даа, Дүүгээ ах минь.
 
МУ-ын Ардын багш, гавьяат дасгалжуулагч, зууны шилдэг шүүгч, Сөүлийн олимпийн “Алтан шүгэл” шагналт А.БАСХҮҮ