sonin.mn
БХЯ-ны харьяа “Алдар” спорт хорооны Биеийн тамир, чийрэгжүүлэлтийн төвийн дарга, Монгол улсын харцага, дэд хурандаа Т.Өсөх-Ирээдүйтэй ярилцлаа.
 
“Алдар” спорт хороотой яаж холбогдсон талаар ярилцлагаа эхлүүлье...
 
-1998 онд Сэлэнгэ аймгийн ЕБС-ийг төгсөж, Улаанбаатар хотод ирэхдээ “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, МУГТ Г.Жамсран багшийнхаа удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийх болсон юм. Дугуйланд хамрагдахаасаа өмнө самбо, жүдо бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртчихсэн, чамгүй амжилт үзүүлсэн жил байлаа. Ингэж л “Алдар” спорт хороогоор овоглогдож, өнөөдрийг хүртэл ажиллаж байна даа. Манай хорооноос төрөн гарсан гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар гээд олон алдартан бий шүү. Их л том түүхтэй газар даа.
 
Та Биеийн тамир, чийрэгжүүлэлтийн төвийг хариуцахаас гадна үндэсний бөхийн секц, дугуйланг ч хариуцдаг. Таны удирдлагад хэдэн бөх бэлтгэл сургуулилтаа хийдэг вэ?
 
-Өсвөрийн хүүхэд залуус, үндэсний бөхийн өнгийг тодорхойлж яваа бөхчүүд гээд нийтдээ 70 гаруй тамирчин бий. Монгол орны өнцөг булан бүрээс л ирцгээсэн.
 
“Алдар” спорт хороонд харьяалагддаг үндэсний бөхчүүдийн 2018 онд үзүүлсэн амжилтуудаас онцолвол...
 
-Сар шинийн барилдааны түрүүг авлаа. Улсын баяр наадмаас хоёр харцага, хоёр начин төрж, мөн Ч.Санжаадамба аварга маань үзүүрлэсэн. Ер нь заал, танхимын барилдаануудад Б.Бат-Өлзий, П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, Ч.Санжаадамба тэргүүтэй “Алдар” спорт хорооны бөхчүүд тогтмол амжилтыг үзүүлсээр байгаа.
 
Үндэсний бөхийн спортыг хөгжүүлэх, бөхчүүдийн чанар, чансааг дээшлүүлэх үйлсэд “Алдар” спорт хороо үлэмж гавьяатай гэж боддог...
 
-Тэгэлгүй яах вэ. Үүсэн байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл үндэсний спорт, тэр дундаа бөхийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Манай хорооноос улсын цолтой бөхчүүд олноор төрөн гарсан. Үндэсний бөхийн 13 аварга, 15 арслан, 3 гарьд, 11 заан, харцага начин цолтой 200 гаруй бөх бий. Ийм л том түүхийг бүтээлцсэн байгууллага даа.
 
Та сар шинийн барилдааны өнгийг төсөөлж л суугаа байх...
 
-Манай бөхчүүдээс үзүүр, түрүүг нь авах байх гэж бодож байна. Тэр, энэ гээд цохоод хэлчихэж чадахгүй юм. Бүгд л бэлтгэл сургуулилт сайтай байгаа. Ер нь сар шинийн барилдаанд сайн барилдвал тухайн жилийнхээ өнгийг ч бас сайнаар тодорхойлчихдог гэж бөхчүүд ярьдаг.
 
Монгол түмний уламжлалт баяр хаяанд ирсэн энэ үед үндэсний бөхийн холбооны талцал, хуваагдал нэг талдаа гарч, эв эеийг олсноор бөхчүүд өргөөндөө барилдах боломж бүрдлээ...
 
-Холбооны удирдлагууд эв эеэ ололцсонд их баяртай байна. Бөхийн өргөөний болон холбооны маань үйл ажиллагаа жигдрээд сайхан явах байх.
 
Сар шинийн баярын талаар яриа эхлүүлснийх, таны барьдаг хөөрөгний талаар сонирхоё гэж бодлоо. Ямар хийц, түүхтэй хөөрөг барьдаг вэ?
 
-Тийм, ийм гэж товойлгоод байх юмгүй л энгийн хөөрөг бий. Хийцийг нь ч сайн мэдэхгүй юм. Найз минь л надад бэлэглэсэн.
 
Бөх хүн бүдүүн зүрхтэй гэдгийг та хэрхэн тайлбарлах вэ?
 
-Барилдана гэдэг чинь тэмцэлдэнэ гэсэн үг. Тийм цаг үед өр нимгэн байна гэсэн ойлголт байж болохгүй. Бэлтгэл сургуулилт хийх үедээ ч би залуучуудад өндөр шаардлага тавьдаг. Харин гэр бүлдээ сайн аав, сайн хань байхыг л хичээдэг. Өөрийгөө яг тийм, ийм гэж сайн хэлж мэдэхгүй юм.
 
Таныг цэрэгжлийн бэлтгэл, сургуулилтдаа үндэсний бөхийнх шигээ л ач холбогдол өгч, анхаарал хандуулдаг гэдгийг цөөнгүй хүнээс дуулсан. Гэхдээ хүчний байгууллагуудад харьяалагддаг зарим бөхчүүдийг сул цалин, өндөр цол авдаг гэхчилэн их шүүмжилдэг шүү дээ. Та үүнтэй санал нийлэх үү?
 
-Бусдын талаар хэлж мэдэхгүй юм. Би 20 гаруй жил цэргийн амьдрал дунд явж ирсэн. Цэргийн ангид биеийн тамир, спортын офицероор 10 жил ажиллахдаа Зэвсэгт хүчний аварга шалгаруулах олон уралдаан тэмцээнд бие бүрэлдэхүүнээ удирдаж шагналт байруудад шалгарч байлаа. Биеийн тамир, спорттой холбоотой бүхий л ажлыг удирдлагуудын заавар, тушаалын дагуу цаг алдалгүй гүйцэтгэж ирсэн. Хүмүүс бөхчүүдийг “Зүгээр суугаад л цалин аваад байна” гэж хэлдэг л дээ. Би хувьдаа бөхчүүдийг бэлтгэл сургуулилтаа хийхээс гадна өөрт хамааралтай, өөрт оногдсон ажлаа хийгээд, хөдөлмөрлөөд л явдаг гэж ойлгодог. Би ч өөрөө тийм.
 
2019 онд үндэсний бөхийн дугуйлангийн хувьд ямар зорилт тавин ажиллаж байгаа вэ?
 
-Мэдээж өмнөх амжилтуудаа бататгах, заал, танхимын барилдаануудад амжилттай барилдах. Аймаг, улсын цолтнууд маань цолоо ахиулах, цаашлаад улсын баяр наадамд үзүүр, түрүүнд хүч үзэх л зорилго тавьж байна.
 
Сайн эрийн ард сайн гэргий байдаг гэдэг. Гэр бүлийн хүнээ танилцуулахгүй юу?
 
-Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Г.Хулан гэж бүсгүй бий. Хуульч мэргэжилтэй, төрийн банкинд ажилладаг. Бид дөрвөн сайхан хүүхдийн аав, ээж.
 
Ярилцсанд баярлалаа, монгол бөхийн босоо цагаан хийморь ямагт өөдөө байх болтугай.
 
 
Ц.Энх-Оргил
Эх сурвалж: "Соёмбо" сонин