sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хавдартай тэмцэх дэлхийн өдрийг угтаж Хавдрын үндэсний зөвлөлийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааныг бөхийн өргөөнд амжилттай зохион байгууллаа.
Барилдаанд 320 бөх уран мэх уралдуулан, хүчээ сорин барилдсанаас Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат, Их монголын хүчтэн дэвжээний бөх, сумын заан Ц.Бямба-Отгон 9 даван түрүүлж, Ховд аймгийн Манхан сумын харъяат, Ховд дэвжээний бөх, сумын заан Б.Даваадалай 8 даван үзүүрлэлээ.
Их шөвөгт Баянхонгор аймгийн Жаргалант сумын харъяат, сумын баяр наадамд 5 удаа түрүүлсэн манлай заануудын нэг Э.Совджамц шалгарлаа. Уран барилдааны шагналыг Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат, сумын заан Түмэндэмбэрэлд гардуулав.
Дэлхийн нийтээр жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг “Хавдартай тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Энэ жилийн дэлхийн өдөр “Би бол, би хийх болно” уриан дор зохион байгуулж байна. Энэ өдрийг олон нийтийн анхааралд хандуулах, хавдартай тэмцэх үйлсэд үндэсний бөхчүүд ийнхүү манлайлан дэмжиж байгаа юм.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг