sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх амралтын /2019.02.22-24/ өдрүүдэд Германы Дюссельдорф хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулах “Дюссельдорф Их дуулга-2019” тэмцээн болно.
Энэ оны хоёр дахь “Их дуулга” тэмцээнд 97 орны 683 жүдоч өрсөлдөхөөс Монгол улсын эрэгтэй 10, эмэгтэй есөн тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Манай багийн бүрэлдэхүүнд олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа нарын тамирчид өрсөлдөхөөр болсон байна.
Тодруулбал, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Ё.Басхүү, 73 кг-д гавьяат тамирчин Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, 81 кг-д Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар, О.Хангал, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, Н.Түвшинбаяр нар барилдах юм. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, Л.Сосорбарам, 57 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Баасанжаргал, С.Лхагвадулам, -78 кг-д С.Сэржмядаг, +78 кг-д Э.Гандиймаа нар өрсөлдөнө.
Энэ удаагийн “Их дуулга” тэмцээнд олимп, ДАШТ-ий медальт олон шилдэг тамирчид хүч, ур чадвараа сорихоор Германы Дюссельдорф хотноо очих юм байна.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг