sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хонконг хотноо болсон хөнгөн атлетикийн олон улсын тэмцээнд оролцсон Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа 2 цаг, 35 минут, 44 секунд гүйсэн амжилтаар VI байрт шалгарсан байна.
Олон улсын хөнгөн атлетикийн холбооны “Алтан зам” ангиллын тэмцээнд түүнийг хань Б.Доржалам нь дасгалжуулсан юм. Б.Мөнхзаяа уг амжилтаараа энэ жил Катарт болох ДАШТ, 2020 онд Токиод зохион байгуулах олимпийн наадамд оролцох болзол хангажээ. Тэмцээний өмнөх бэлтгэлээ Хөх хотод хийсэн Б.Мөнхзаяа 17 насандаа марафон гүйлтийн спортоор хичээллэн, амжилтын төлөө ес дэх жилдээ бэлтгэлээ хийж уралдаан тэмцээнд амжилттай оролцож байгаа юм.
“Рио-2016” олимпийн наадамд анх хурдаа сорихдоо 72 дугаар байрт шалгарсан юм. Тэрбээр таван зай (3, 5, 10, 21, 42 км)-д Монгол Улсынхаа дээд амжилтыг эзэмшдэг. Өдгөө 26 настай Б.Мөнхзаяа 2017 онд Тайванийн марафонд түрүүлж алтан медаль хүртсэн Монголын анхны, Ази тивийн хоёр дахь тамирчин болсон билээ.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг