sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын байт харвааны үндэсний шигшээ баг энэ сарын 19-нд Японы байт харвааны тамирчидтай 18 хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр тус улсыг зорьсон юм.
Манай баг тамирчдыг пүрэв гарагт Японы Оказаки хотын дарга Ү.Ясүхиро тэргүүтэй төлөөлөгчид хүлээн авсан байна. Тэд манай тамирчдад цаашдын бэлтгэл сургуулилт болон тэмцээндээ өндөр амжилт гаргахыг хүслээ.
Монгол, Японы байт харвааны тамирчдын хамтарсан анхны бэлтгэл өнөөдөр эхэлж байгаа юм. Тамирчид хамтарсан бэлтгэлээ дуусгаад Тайланд улсад үргэлжлүүлэн бэлтгэл хийж байгаад гуравдугаар сарын 24-31-нд Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм. Тус тэмцээн нь дөрвөн цуврал бөгөөд манай баг тамирчид эхний цуврал тэмцээнд оролцоно.
 
 
Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан өнгөрсөн онд Японы Оказаки хотын дарга Ү.Ясүхорид байт харвааны тамирчдаа тус улсад бэлтгэл хийлгэх хүсэлт тавьж, хоёр тал хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Манай тамирчид 2020 оны Токиогийн олимпийн өмнө тус улсад гурван удаа хамтарсан бэлтгэл хийх бөгөөд анхны хамтарсан бэлтгэл ийнхүү эхэлж байна.
 
 
Багийн бүрэлдэхүүнд ахлагч, ахлах дасгалжуулагч Ю.Ганзориг, туслах дасгалжуулагч Г.Жамъянгомбо, Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдээс ОУХМ Ж.Гантөгс, Б.Адъяасүрэн, Б.Отгонболд, Спортын мастер Б.Пүрэвсүрэн, Ө.Тэнгисболд, Ө.Нэхийт, харин эмэгтэй тамирчдаас ОУХМ Б.Урантунгалаг, А.Энхтуяа, Спортын мастер Б.Мишээлт, Спортын дэд мастер Б.Уянга нар багтжээ.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг