sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо гуравдугаар сарын 10-24-нд болох Японы мэргэжлийн сумо бөхийн Харү башёгийн банцүке /оноолт/ өчигдөр албан ёсоор зарлагдсан байна.
Харү башёг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүлж, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд баруун жигүүрийг манлайлна. Озэки цолтнуудыг Такаясү манлайлсан бол өнгөрсөн башёгийн түрүү бөх Тамаваши Б.Мөнх-Оргил Сэкиваке цолоо буцаан авсан байна. Тэрбээр хамгийн сүүлд 2018 оны нэгдүгээр сард Сэкиваке цолтой барилдаж байв.
 
 
Дээд зиндааны бусад бөхөөс Ичиножёо А.Ичинноров Маэгаширагийн 4, Дайшёохо Ч.Шижирбаяр 16, Чиёошома Г.Мөнхсайхан 17-д тус тус эрэмбэлэгдсэн байна. Дайшохо Ч.Шижирбаярын хувьд анх удаагаа Макүүчи буюу дээд зиндаанд барилдах юм.
Жюүрёо зиндаанд таван монгол бөх барилдахаас Кирибаяма Б.Лхагвасүрэн анх удаагаа цолтой бөх болж барилдана. Тэр Монголын 34 дэх цолтон сумоч болж байгаа юм. Макүшита зиндаанд 6 монгол бөх барилдахаас Д.Долгорсүрэн зааны ач хүү Хошёорюү С.Бямбасүрэн энэ зиндааны 7-д эрэмбэлэгджээ. Тэрбээр сайн барилдах аваас долдугаар сарын тэмцээнд Монголын 35 дахь цолтон болох магадлалтай юм.
 
 
Санданмэ зиндаанд 2, Жонидан зиндаанд 3 монгол бөх барилдахаар тус тус эрэмбэлэгдсэн байна. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Жонидан зиндаанд эрэмбэлэгдсэн бөгөөд гэмтлээ бүрэн эдгээж байж эргэн дэвжээндээ гарах төлөвлөгөөтэй хэмээн багш нь мэдэгджээ.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг