sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын даамын холбооны Дээд лигийн 2019 оны анхны тэмцээн болох “Чингис Опен 2019” зуун буудалт даамын тэмцээн энэ сарын 22-24-нд Чингис хотод болж шилдгүүдээ тодруулав.
Хан Хэнтийн даамын холбоо, Чингис хотын захиргаа, “Алтан хүү” клубтэй хамтран зохион байгуулсан тус тэмцээн Хэрлэн сумын Лаборатори нэгдүгээр сургуулийн байранд зохион байгуулсан. Тэмцээнд Хэнтий, Дорнод, Өмнөговь, Дархан-Уул, Сүхбаатар, Дорноговь, Улаанбаатарын 100 гаруй тамирчин өрсөлдөв. Оролцогчдыг зэрэг, цолоор ангилж үзвэл, Олон улсын их мастер /ОУИМ/ 3, Дэлхийн даамын холбооны мастер /ДДХМ/ 5, Дэлхийн даамын холбооны дэд мастер /ДДХДМ/ 3, спортын мастер 14, дэд мастер 29, зэрэгтэй тамирчин 20 гаруй байсан юм.
 
 
Швейцарь системээр есөн тавил тоглож, дүнгээ гаргахад эрэгтэйчүүдийн ангилалд ОУИМ Р.Манлай (“Алтан хүү” клуб) 14 оноогоор тэргүүлж, спортын мастер Л.Гансүх (Баянзүрх дүүрэг) 14, ОУИМ Г.Ганжаргал (“Ирээдүй” клуб) 14, ДДХМ Ц.Хашчулуун (“Дебют” клуб) 14, ОУИМ Д.Эрдэнэбилэг (“Шинэ Монгол” сургууль) 13, СМ М.Лувсандорж (Хэнтий аймаг) 13 оноогоор удааллаа.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд СМ Б.Анужин (“Хасу-Мегастарс” клуб) 14 оноогоор аваргалан, ДДХДМ Б.Мишээл (“Ирээдүй” клуб) 13, ДДХМ Б.Мөнхжин (“Хасу-Мегастарс” клуб) 12 оноогоор эхний гурван байрт шалгарсан.
Тусгай шагналыг ахмадын ангилалд ДМ С.Энхээ, СМ П.Лхагвасүрэн, Ч.Энхтайван, өсвөрийн ангилалд охидоос ДДХМ Э.Хүслэн, хөвгүүдээс СМ Б.Түвшин, орон нутгийн тамирчдаас ДМ О.Гэрэлт-Од, М.Сэмпин нар хүртсэн байна.
Тэмцээний дундуур Монголын даамын холбоо (MDF)-ны Бүх гишүүдийн ээлжит хурал болж, дүрэм ёсоор 2018 оны үйл ажиллагааны тайлангаа тавьж, 2019 оны төлөвлөгөөг танилцуулан, зохион байгуулалтын асуудал хэлэлцлээ. Мөн энэ үеэр Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн 5-7, 8-10, 11-13 насны даамчид өрсөлдсөн Зүүн бүсийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг