сонин mn

Өнөөдөр Үүл баатар өлсгөлөн зарлаж буй хэддээ “ардчиллаа хамгаалах, эв санааны нэгдлээ илэрхийлэх”-ээр намынхаа туг далбааг намируулчихсан, шинэхэн дарга Тулгатаа дагуулчихсан баатарлагаар хүрч очоод, малгайгаа шидүүлж, магнайгаа алгадуулж, арай л тугаа булаалгачихсангүй, өрөвмөөр хөөгдөөд гарч явна. Өлсгөлөн зарлагчдын талынхан нь олон бололтой. АН ч утгаараа хагарчээ. “Завсар орсон хоёр сэтгэлийг загасны цавуугаар нааж болдоггүй ээ” гээд ард түмэн дуулаад байхад цавуу ч үгүй алхаж очдог нь яаж байгаа буурал толгой юм бол...Өөрсдөөсөө болж өнөөдөр ийм өрөвдөлтэй байдалд орчихоод байгаа АН-ыг өмөөрөөд байх шалтгаан өчүүхэн ч алга. Аль намар хоёр тамгатай, хоёр гэрчилгээтэй болж байх үеэсээ л, дарга сонгох гээд зэрэгцээ хоёр сонгууль явуулаад бөөн юм болж байх даа л бодох байсан юм. Одоо энэ өлсгөлөн зарлаж суугаа бидон Гамбаа, Туваан нарын нөхөд тэгэхэд л нэг шийдэл эрж олох ёстой байж. Одоо сонгуулийн босгон дээр энэ авралгүй болоо биз. Өлсөж буй хэд нь болохоор нөгөөдүүлээ Хүүкийн захиалгаар нам хагаллаа, Хүүкийн гар хөл тоглоом гэнэ. Ганбаатар гишүүн “Эдэнтэй ярилцах зөвшилцөх юм байхгүй байсан уу?” гэсэн сурвалжлагчийн асуултад “Хүүктэй ярих юм байхгүй” л гэж байна. Гэтэл нөгөө талын Тулгат дарга нь эргүүлээд яг адилхнаар, Алтанхуяг нар Хүүкийн захиалгаар нам хагалж өлсгөлөн зарлаж буй анзааны юм хэлээд орхив. Маний багад зүгээр л зодолдохын тулд юу ч хамаагүй нэг шалтаг гаргаж, нэг нэгрүүгээ мөрлөдөг байв даа. АН-ын энэ мэтийн хажууд бидний багын тэр явдал бас ч гэж утга учиртай байж, ядахад л өхөөрдөж болмоор. Харин АН-ын энэ хоёр талын байр суурийг харахаар яаж ч тайлбарлаж, ойлгож болохгүй юм. Ёстой амьд явахад чивтэй чавганц үзнэ гэдэг л болж байна.

 

СЕХ-нд нэрээ бүртгүүлчихсэн Эрдэнэ нь “Би Ерөнхийлөгч болох бүрэн боломжтой” л гээд байна. Ямар чөтгөр нь Эрдэнээгийн чихэнд тэгээд шивнэчихсэн юм? Бүү мэд.  Гэлээ яалаа ч Эрдэнийн ард Элбэгдорж байгаа нь тодорхой. Хэрвээ Алтанхуяг Ерөнхийлөгчид өрсөлдвөл гарах магадлал нь бусдаас илүү. Тэгээд гарчихвал Элбэгдоржид нэн халгаатай, юун Женко. Саяхан Алтанхуягийн хэвлүүлсэн “Хонгил” номыг нь хараарай. Эбигийн оймс шууд л гозолзоод харагдаж байна билээ. Алтанхуягийг гаргахгүй гэсэн Эбигийн санаа, хүчтэй өрсөлдөгчгүй байх гэсэн Хүүкийн хүсэлтэй яв цав нийцчихсэн. Тэгэхээр чинь нэг муу СЕХ байтугай Дээд шүүх ч, ҮХЦ ч захиалгыг яв цав биелүүлж л таарна.

 

Энэ хоёр талын нөхдүүд хоёулаа бас нэг адилхан юм ярьж буй нь “Ардчилал аюулд орлоо. Бид ардчиллаа аврах гэж байна” гэх.

 

Хэн тэр ардчиллыг нь аюул оруулчихав? Ардчилал нь яагаад хэнээс болоод аюулд орчихов? Хэрвээ ардчилал аюулд орсон гэвэл тэр аюултай нөхцөл байдалд хүргэсэн буруугийн багадаа 80 хувь нь АН-ынхны өөрсдийнх нь энэ мэт элдэв гаж явдал, хандлага, сэтгэлгээнд бий. Өөрсдөөсөө болчихоод Арабын цэцгийн хувьсгал, Дундад Азийн Өнгөт хувьсгал мөрөөдөж, хаа байгаа далай гаталган хов зөөнө.  Бас хэлж байна, “Монголын ардчилал бол Монгол үндэстний хувь заяа юм. Тэгэхээр Монголын ардчиллыг хамгаална гэдэг бол Монгол Үндэстнийг хамгаална гэсэн үг”... За, ийм нөхдүүдээр бүхэл бүтэн үндэстэн хувь заяагаа хамгаалуулна гээд ч яах юм билээ. Одоо АН-ынхан юун Ерөнхийлөгчийн сонгууль ярих вэ, хагарснаараа хагараад, Либералиуд нь нэг талдаа, Үндэсний ардчилсан үзэлтнүүд нь нөгөө талдаа гараад нэг мөсөн шийдчих хэрэгтэй. Ингэхэд Монголд Үндэсний ардчилсан үзэлтнүүдийн орон зай байгаа шүү. Харин энэ сонгуулиар Либералиуд нь Эрдэнээгээ дэмжээд, нөгөө үлдсэн хэсэг нь нэг бол Хамар Ганболдтой нийлж цагаан сонгууль, эсвэл Энхбатаа дэмжих хоёр л зам бий. За ингээд АН-ыг шүүмжлэхээр МАН-ын хүн, МАН-ыг хэлэхээр АН-ын хүн, захиалгаар бичдэг гээд элдэв өнгийн малгай өмсүүлчихдэг нэг айхтар хэцүү өвчин манайд түгээмэл. Уг нь улс төр дахь нялхсын өвчин гэгддэг энэ өвчнөөр Монгол маань аль 1990-ээд онд өвдөөд одоо эдгээд, дархлаатай болчихсон баймаар, гэтэл байдаггүй шүү. Яасан ч салж өгдөггүй хэцүү өвчин юм.Яг үнэндээ МАН бол АН-аасаа илүү муухай харагдаад байгаа. Яагаад гэвэл ... тоочвол хэдэн хуудас юм болно, ярьшиг. Товчхондоо манай сонгогчид хэрвээ жаахаан ой санамжтай аваас олон зүйлийг МАН-аас нэхэх учиртай юм, уг нь.

 

Тоймтойгоос нь,- Өнөөгийн энэ их өрийн хэдэн хувийг МАН-ын засаглалын үед тавьсан бэ?- 60 тэрбумын хэрэг юу болсон бэ? Хүүк, Оюука тэргүүтэн энэ 60 тэрбумыг л дарахгүй бол сүйрлээ гээд бөөн юм болсон, тэгээд Энхболдыг огцруулаад л чимээгүй.

Хэрвээ тэр 60 тэрбумын хэрэг үнэн бол зөвхөн огцруулах төдий биш, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн асуудал учраас томоохон хариуцлагын асуудал яригдах ёстой. Гэтэл байдаггүй. Бүр таг шүү. Тэгвэл энэ нь зүгээр л сандал суудлын төлөөх тэмцэл төдий, харин түүнээ тийм сайхан багны дор хийсэн болох уу? - Авилгалын асуудалд МАН хэрхэн ханддаг вэ? Нөгөө оймс моймсондоо хийдэг нөхдүүд бол жараахайнууд, гар хурууных нь үзүүрүүд шүү. Хорь гучин ажил улс төрийн ажил хийчихээд, энэ хугацаанд унаж бостлоо үзэж тарсан бизнес эрхлэгчид атаархмаар их хөрөнгөтэй болчихсон Энхболд, Хүүк, Нямка гээд олон дарга удирдлагуудынх нь ажлын арга туршлагыг нь яриулмаар...  - ЖДҮ юу болсон бэ? Хариуцсан сайд нь шоронд төдий. Гэтэл түүний цаана юу халхлагдаад өнгөрсөн бэ? Хэчнээн олон хүний боломж үүрд хаагдаж үлдсэн бэ? Тэр хариуцлагыг яах вэ?- СҮ-гээ яах гэж байна аа? Бас Капитал банкны асуудал юу болсон бэ? Ер нь ингэхэд энэ бүхэн үнэн юм уу, худлаа юм уу? Худал бол одоо Сү-г, Капиталыг ярьсан бүхнийг гүжир гүтгэлэг хийсэн, нийгэмд буруу мэдээлэл цацаж, олон түмний санаа бодлыг тогтворгүй болгосон хэргээр суулгах хэрэгтэй. Тийм биш бол Сү-гийнхээ асуудлыг нэг мөр шийдэх?- Хамгийн сүүлд Анандбазарынхаа энэ олон охид хүүхнүүдийн асуудлыг нэг мөр болгочихоод сонгуульд оролцох хэрэгтэй. Талбай дээр өлсөж буй АН-ын хэдийг “Энэ өвчин зовлонгийн хажуугаар эрх мэдлийн төлөөх улайрал” гээд МАН-ын дэмжигчид голдуу шүүмжлээд л байна. Өөрийнх нь хүн түүнээс илүү улайрч байгааг анзаардаггүй ээ. Ингэхэд АН-ын хэд бол намаа хуваагаад, бас хуваалгаад, тэгээд өрсөлдөгчдийнхөө тоглоомонд орчихоод, аргаа барахдаа өлсгөлөн зарлахдаа хүрч байгаа хөөрхийчүүд. Гэтэл Хүүк болохоор эрх мэдлийн төлөө СЕХ, ДЭЭД ШҮҮХ, ҮХЦ-ийг ээлж дараалан захиалгын газар болгож хувиргачихаад, ар дээр нь “Хуулийнхаа дагуу л” гээд тавлах мэт малийж суугаа нь, энэ өвчин зовлонг ашиглаж, өөртөө давуу тал гаргачих гээд буй нь эрх мэдлийн төлөөх улайрлын туйл шүү дээ. Огцорсон нь хүртэл элэгтэй. 

Ер нь энэ өрсөлдөгчдийнхөө алдааг анаж байгаад хэн ч биш болгоод авдаг явдал нь сайхан байтугай бүр муухайгийн муухай харагдаад байгаа юм. Тийм явцуу, тийм зарчимгүй, тийм өширхүү бодлогоор Монголын төр хэдий хүртэл явах юм бэ? Ард нь ард түмэн бид л хохирч үлдэнэ. Манай улс төр дандаа нэгнээ дэгээдэж, хорлох замаар өрнөдөг болоод удаж байгаа. Бүр 1998 онд АН-ын дотоод хагарлыг МАХН маш овжин ашиглаад Ц.Элбэгдоржоор М.Энхсайханы Засгийн газрыг унагаалгаж байв. Түүнээс инагш хэчнээн ч иймэрхүү юм болов доо. Сүүлчийнхээс нь гэхэд л 2012 оны сонгуулийн өмнө МАХН бас хагараад МАХН, МАН болж хуваагдахад энэ хагаралыг нь тэр үеийн Ерөнхийлөгч Эби эргүүлээд элбэгхээн ашиглачихсан. МАХН гэсэн нэрийг Энхбаярт авч өгөөд, түүнийхээ үр дүнд 2012 оны сонгуулиар АН засгийн эрхэнд гарч, мань Эби 2013 оны сонгуульд Бат-Эрдэнэ аваргыг ч чүү ялж билээ. Хэрвээ Удвал 9 хувийн санал хуваагаагүй бол Эби цухуйхгүй байсан.2016 оны сонгуулийн өмнө АН засаг барьчихсан, УИХ-аа авчихсан даналзаж байв. Тэгэхдээ МАН-ынхнаас хариугаа авч, бүр нэг эрдүү эрээгүй аашилж байсан даа. Аргаа барсан МАН-ын хэд бичгийн цаасан дээр нэг нэг юм хэвлээд барьчихсан, хачин царайлчихсан эгнээд сууцгаадаг байв. УИХ-ын дарга Зика сонгуулийн тойргийг яаж дураараа зурж, самарч байлаа даа. Өөрсдөө мөнхөд тэр суудал дээрээ хадуулчихсан юм шиг л аашилж байв. Өөд нь шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг. Өнөөдрийн байдлыг харвал өөд нь шидсэн чулуу толгой дээр нь бүр хад болоод буугаад ирж буй бололтой. Яг ингээд хоёр гол улс төрийн хүчний эрх мэдлийн төлөөх тэмцэл нь эрүүл саруул цэвэр өрсөлдөөнөөр биш, яг л бүр ясны, үе дамжсан өштөн дайсантайгаа шүд зуучихсан үзэж буй мэт цаанаа нэг муухай хорон, явцуу, тэр нь ард түмэнд яг толинд тусах мэт бууж, хөөрхий муу бид чинь зөв зүгээр байж байгаад л нэгнээ, бүр найз нөхөд, нутаг нуга, ах дүүсээ хүртэл дайсан болгож хараад тэрсэлдэж тэмцэлдээд, стрессдэж зовоод эхэлнэ.

Саяхан хэнийх нь постоос харчихав даа, А.Дюмагийн нэгэн зохиолоос иш татсан байна билээ. “Дээдэс эрх мэдлийн төлөө жийлцэнэ, ард түмэн тэдний талд хуваагдаж ороод хоорондоо алалцана, эцэст нь дээдэс тохиролцоод, хохиролгүй хоёр тийш болно. Харин ард түмэн гэдэс өлсгөлөн хэвээр гэртээ харьцгаана” гээд. Тийм л юм болсоор ирсэн, болж ч байна. Товчхондоо МАН-АН нэн өлсгөлөн байна. Энэ 31 жилд цадаагүй байна. Магад гэдэс нь цадсан байх, гэхдээ сэтгэл нь цадаагүй байна. Өлсгөлөн МАНАН. Нэгийг нь сольсон ч нөгөө нэг өлсгөлөн нь гарч ирнэ. Ялгаагүй, хоёр ширхэг нэгийн тооны байрыг хэчнээн сольж нэмээд ч нийлбэр нь хоёр хэвээр л байна. Сэтгэл нь цадаагүй юм хойно эд нөхдийн цадчихаад, ард нь биднийгээ бодохыг хүлээх хэрэггүй. Яагаад ч нэмэргүй. Учир нь өнөөдөр Монголд оршин тогтнож буй систем нь, тогтолцоо нь угаасаа ийм нөхдүүдийг дээш нь гаргах, ийм байдлаар хоорондоо тэрсэлдэн тэмцэлдэх, ер нь ийм л байхаар тохируулагдсан механизмтай юм. Өнөөгийн энэ хямрал, энэ ардчилсан шилжилт нэртэй дампуурал дуусахгүй  30 жил үргэлжилчихээд буйн шалтгаан нь тийм тохируулгатайдаа байгаа юм. Тэгээд яах вэ гэхээр, системийг л өөрчлөх ёстой. Тэр тохируулгыг нь өөрчлөх ёстой юм. Тэгэхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй.

Уг нь 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр энийг хийх боломж байсан. Хүүк ч асуудлыг сайтар ойлгож мэдэж байсан. Гэвч яг цагаа тулахаар зүрхлээгүй. Шалтгаан нь намынхаа 100 жилийн ойгоор нам нь Засаг барьж байх ёстой, бас намаас нь Ерөнхийлөгч сонгогдох ёстой л гэсэн эрх ашигт хөтлөгдчихсөн.

Учир нь систем, тохируулга өөрчлөгдчихвөл орон нутагт намууд хөлгүй болчихно. Нам хатуу гишүүнчлэлгүй болчихно. Намаас бус шууд иргэдээс сонгогддог АИХ-тай болчихно. Намын нөлөөлөл үлэмж суларчихна. Намын тухай хууль, сонгуулийн хууль, Орон нутгийн Засаг захиргааны нэгжийн тухай хуулиуд бүгд өөрчлөгдчихнө. Ард иргэд намчирхаж талцах нь багасчихна. Тийм учраас, тэр намчирхдаг, талцдаг дээр илүүтэй амьдардаг МАН үнэмлэхүй давуу байдлаа алдах эрсдэлтэй байв. Тэгээд л системийн суурь шинэчлэл хийж зүрхлээгүй юм. Үзэл бодлыг нь үргэлж хүндэтгэж явдаг нэг ах хэлж байна билээ. “100 жилийнхээ ойгоор МАН эрх баригч, Ерөнхийлөгчтэй байх нь чухал уу, монголд шударга ёс түгэж, хүн ард нь хагарч талцдаггүй, өлсөж өвдөж зовох нь бага байх нь чухал байсан уу?” гээд. Тэгээд манай МАН-ын нөхдүүдийн хийсэн сонголт нь эхнийх. Тийм болохоор МАН нь АН-аасаа илүү Баба харагдаад байгаа хэрэг. За тэгээд Өлсгөлөн МАНАН-гийн өлсгөлөн байгааг ард бидний тодорхой хэсэг нь олж харж байж, тэдэнд үгүй гэж хэлж чадаж байж л тэр тохируулчихсан механизмыг өөрчилнө. 

 

Б.Номинчимэд