сонин mn
Морь нь чихээ хулмалзуулан, араасаа хуйрахад Намхай эргэж харав. Хөшиглөн цайрах бороон дундуур эмээл дээрээ бөөвийн суусан хөтөлгөө морьтон араас нь нэхэнгүй шогшиж айсуй. 
- Хаая, хаая хэмээн хуйран хулмалзсаар байх мориндоо чимээ өгч, жолоогоо дугтран, явдлаа саарууллаа.
Төдөлгүй хүнд туурайн чимээ Намхайн өмссөн орос цэргийн ОБ цуван дээр шижигнэх борооны чимээг даран сонсогдож, хөтөлгөө морьтон зэрэгцээд ирэв. Хаагаа хочтой Банзар хэмээх хавхигар хар өвгөн, хар голтой хурдан хул морио хөтөлчихсөн дал дал шогшиж явах аж. 
- За, залуухай. Энэ хар усан борооноор буу саадаг болчихсон, хэ хэ, ямар элийгээ эрж хайгаа вэ?
Буу саадаг үүрч явааг нь ихэд ёжилж ергөсөн өнгө тэр үгэнд байсан ч түүнээс илүүгээр “Залуухай” гэсэн нь ойрмогхоноос өөрийгөө том залуу болчихсон гэж эргэлзээгүй итгэх болсон угийн хэгжүүн Намхай хүүгийн шарыг гогдож орхижээ. 
- Юу хайхав дээ, хусчихмаар дэл сул юм л хайгаад явна...
Хаагаа Банзар залуудаа засрахгүй зартай хулгайч явсан хүн л дээ. Намхай хүү шарандаа тэр залуугийнх нь эрээн барааныг дайруулан зориуд тийн хэлжээ. 
 
***
Намхай түрүү жилийн өвөл яг ид идэр еснөөр Өндөр Хөхөд мод цагаалсан юм. Аав нь арга чаргатай, нүүртэй тулдаа сумын орлогчоор тамгалуулж авсан ганц машин гоожин модоо наамдын дараахан хийсэн боловч хулгайд алдчихжээ. Ёстой л дүнгэнэсэн сайхан хуурай дүнзнүүд шоолсон юмсан. Хичээл эхлэхийн өмнөхөн нэгдэл дундын Дарамбазар жолоочийг гуйж очоод авах гэтэл өнөөх модыг нь 53 машин мөрөө дурайтал үлдээгээд ачаад явчихсан байв. Аймаг ордог замаар ороод даший шог. Аймгийн тэр олон машинаас алийг нь гэхэв. Тэгээд тэднийх шинэ жилийн өмнөхөн түлэх түлээгүй болчихоод, Намхай хүү өвлийн амралтаараа Өндөр хөхийн аманд өвөлжиж байсан нагац эгчийндээ долоо хонон, нэг тракторын пирцев мод цагаалсан юм. Өглөө бүрэнхийгээр ууланд гарч, салтаадсан их цасан дунд гулийсан гулийсан урт урт дүнзнүүдийг чирч гулдчисаар трактор хүрэх газарт хүргээд, жиргэж хөрөөдөн бэлдсээр үдшийн цагаан гэгээ тасарч байхад  л нагацынхаа өвөлжөөнд ирнэ. 
Нэг удаа нэлээн оройтож, харанхуй болсон хойно нагацын дээд хошуу тойрч явтал гэнэтхэн хажуу энгэр лүү хад асга нураасаар нэг их хүнд хөлтэй юм харанхуйд нэлмийж харласаар өөр лүү нь чиглээд ирэх нь тэр. Нагац эгч нь ойрд нэг хар цоохор ирвэс үзэгдээд байгаа гэсэн, тэр юм болов уу, эсвэл хөгшдийн ярьдаг өнөөх Уулын хүн хар гөрөөс алмас нь ч юм уу гэх мэт тэрхэн зуурт юм юм санагдан цочсоныг яана. Гэтэл энэ Хаагаа Банзар байж билээ. Өнөөх хар цоохор ирвэсэнд өчигдөр зүүсэн хавхыг нь нэг морин шилүүс аваад явчихсан, өдөржин мөрдөж мөшгисөөр гүйцэлгүй харанхуй болгочихоод газрын ойроор Намхайн нагацынд хоноглохоор бууж ирсэн нь тэр байжээ. 
Үргэсэн адуу шиг дэрийтлээ зогссон Намхайг даажигнан шоолж,
- Аа, ха ха, шээсээ савируулчих шахав уу? Муу гоожуурыг... Алив нэг үзээдхэе гээд Намхайн салтаа доогуур гараа явуулахад нь тэр шижээргүй гарыг сүрхий чанга ширвэж орхисон юм.
Өвгөн гараа сэгрээд,
- Хөөе тэр, овоо шийртэй туруу байх чинь юу вэ? Чи чинь Сааяагийн бага мөн үү? гэж байна. 
Хаагаа Банзар далан насыг хэдийнээ давчихсан гэхийн аргагүй, хөнгөн шингэн, хоёр тохой бургас аравчилчихсан, цагаан нэхий дээлтэй цохиж явах. Шоронд арав хорин жилээр явсан, хижээлссэн хойноо нутаг орондоо ирж, мал ахуй хөөцөлдөн, дахин хулгай зэлхий хийлгүй, бусдад гэм халгүй ажин түжин аж төрөн суужээ. Тэр орой Хаагаа Банзар лааны гэрэлд шөнө дүл болтол элдэв дэмийг бурж, Намхай хүү ч үе үе шүлсээ гүд гүдхийтэл залгин амруу нь орчих шахан суусан юм. 
Хоолны дараа Намхай өвөлжөөний адаг руу сарьж зогстол Хаагаа ирээд зэрэгцжээ. Саран савын саруул, цагаан гэгээ нь уулын хөндийг дүүргэн булхаад, хойт урд цохиог сүүдэртүүлэн, сүглийлгэж, одод тэрүүхэн дээр нь жирвэлзэн, тэр цагаан гэгээнд жавар тачигнан наадна. Хаагаа Банзар, 
- Ээ, мөн сайхан шөнө болж байна даа. Ийм жавар тачигнасан сартай шөнөөр мордох ч мөн урамтай шүү гээд шогширч байна. 
 
 
 
 
Хаагаа Банзарыг залуудаа халхын шоронгийн зартай хатуу гаруудын нэг явсан гэдгийг Намхай хүү нэг бус удаа сонсож, сониучирхах хорхой нь хөдөлдөг байсан юм. Түрүүхэн тэр сүрхий зартай эр өөрийг нь гоожуур моожуураар дуудаж, жаахан хөвүүнд тооцон салтаа саамруу нь эрээгүй сарвайсанд  дургүй хүрсээр байжээ.
 
 
 
 
 
Тэгээд хэгжүүн зан нь тэсэлгүй хатгаад, 
-Хаагаа та ч өөрөө залуудаа гоожуур л явсан юм гэх чүү лээ гэчихэв. 
Энэ үг байгаа яг онов. Хаагаа Банзар зүүгээр хатгуулсан мэт цочин татгасхийснээ, 
-Хмм, та нар шиг нусан журууд юугаа мэддэг юм. Маний залууд Жогнонгийн Хаагаа Банзай  гэхээр хогийн хулгайчууд, шоронгийн хулгарууд, Сэлэнгийн байтугай Улаанбаатарын довны овгорууд бут үсэрдэг байлаа хэмээн шүүрс алдав. 
Эргээд өвөлжөөний дунд хүрээд “Түрүүн гар чангатай, бас эрмэг шинжтэй болоод явчих шиг болсон. Ам чинь ч бас таггүй юм. Алив нэг үзээдхэе” гээд Намхайн мөрнөөс шүүрээд авчээ. Хар модтой ноцолдсоор хоёр гар нь сүрхий тамиржсан Намхай хүү ч мөчөөгөө өгсөнгүй, зөрүүлж бариад, хоёул өвөлжөөн дотор өтөг манаруулан, хонь малыг халуун хэвтрээсээ үргэн хөөгдөн гартал, хөгшин халтар нохойг тойрон хуцан дэгдтэл, нагац эгчийг нь “Хаая хүүе” хэмээн хашгичсаар сандчин гарч иртэл ноцолджээ. Юу болж буйг харсан нагац нь
-Хөөе, хөгшин, залуу хоёр өвчит минь одоо больж үз. Мал ч тайван хэвтүүлэхгүй гэж тачигнав.
Харин нагац эгчийнх нь зээ, Намхайгаас хэд ах, цэргийн насны залуу, бас хөгшин халтар хоёр тэдний ноцолдоонд автаж, хоёр гурван талд нь ээлжлэн гарч, нэг нь “Суйлаачээ, суйлаач, аан яг яг. Одоо дугтраач ээ” хэмээн чанга чанга хашгичан, нөгөө нь хөгширсөнөө мэдэхгүй тойрон цовхчин хуцаж дэгтэрнэ. Аль аль нь хаялцсангүй, нэлээн удав. “За за, одоо болий болий. Цээж бөглөх нь” гэсээр Хаагаа Банзаа түрүүлж барьцаа тавив. Өвдгөө тулан, амьсгаагаа дарж хэсэг азнаснаа,
- Хэгжүүрхдэг нь бас аргагүй л юм байна. Хэдтэй? гэж байна. 
Намхай хүү нэг түгдэрснээ, 
- 18 гэж сулхан дуугарав. 
Насаа хоёроор нэмж худал гөрж байгаа тул тун зүрх муутай... Түүний яг хэдтэйг дэргэд нь зогсох Нагацынх нь ач Рэнцэндорж уг нь мэднэ л дээ. 
- Хөөцөс. Хэл ам чинь хэцүү хэгжүүн байхаар овоо юм байх гэсэн чинь гавихгүй нь дээ. Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй 18 насандаа дал гарсан нэг муу хөгшин хүчрэхгүй бол чи амбан явж гамбир хайрахгүй ээ. Муу баньд... Ах нь чиний насанд дөрвөө дарсан атыг татаж унагаад, хамарт нь буйл шааж, мордоод явдаг л байлаа. 
 
 
 
 
Яах аргагүй л дал гарсан өвгөнийг унагаж хүчрээгүй үнэнд гүйцэгдсэн тул Намхай хүүгийн хий гарч, шалчийгаад явчихжээ. Насаа үнэнээр нь л хэлдэг байж, тэгсэн бол энэ хэдэр хөгшинд ингэж амруугаа алгадуулах уу, гэвч одоо хэлснээсээ буцалтай биш. Тэгээд гэрт орсон хойно Хаагаа Банзаа идэрмэг залуугийнхаа элдэв явдлыг Намхай хүүд ид бах болгон ярьж гарчээ.
 
 
 
 
Нагац эгч нь Хаагаагийн явдлыг өмнө нь мянгантаа сонссон байсан ч огт уйдсангүй, “Күй тэгээд, муу золигийг...” хэмээн үе үе дуу алдан сонсоно. 
Хаагаа Мөнгөнморьтын шоронд ёстой л жатай Жа явжээ. Шинэхэн ирсэнгүүд нь, эсвэл эргэлт энэ тэр авсангууд нь хэд гурван төгрөг, бас папирос голдуу тамхи, жаахан гахайн өөх, хиам мэттэй. Шоронд өөрийнх нь хэвтдэг наарнаас өөр өмч гэж байх биш. Тэгээд өнөөх жаахан юм аа дэрэн доороо л голцуу хийдэг гэнэ. Ямар өөхийг салтаандаа хавчуулаад унталтай биш. Хүлээж байгаад унтаад өгөхөөр нь Хаагаа толгой дээр нь очоод сууж авдаг байжээ. Тэгээд дээрээс нь нүүрийг нь илүүлээд зөөлхөн үлээгээд байдаг, тэгэхээр хөөрхий өнөөх хулгайчууд чинь тэр сэрвэлзсэн салхинаас доош шаасаар дэрнээсээ мултарчихдаг гэнэ. Тийн дэр нь суларчихаад хуу хамчихна даа хэмээн ярихад Намхай тэсэлгүй, “Та үнэхээр л овгор жа нь байсан юм бол тэгэж арчаагүй хулгуулж байхаар, нэг нэг шааж, гөлөгнүүлж байгаад авахгүй яасан юм, худлаа гөрөөд л..” гэв. 
- Хмм. Хулгайч хүнд хулгууж авахаас илүү сайхан юм хаа байхав. Чам мэт нуснууд хулгаруудын зовлонг яаж ч тарлахав дээ гэж гашуун бөгөөд гунигтай өгүүлнэ. 
Хаагаа Банзар эхний удаагаа шорон оронгоос суллагдан аймгийн төв дээр ирчихээд, хийх ажил олдохгүй хэсэгтээ хэцүү байжээ. Мод бэлтгэлийн баазын ачигч нэг сар, Ахуйн үйлчилгээний төмөрчин хорь хоног, Тоосгон заводын манаач арав хоног хийгээд хаяжээ. 
- Яагаад хийх ажил олдохгүй гэж, танд гурвын гурван ажил байсан л байна шүү дээ гэхээр, 
- Хээцэс. Тэднийг ямар ажил гэдэг юм. Ёстой ёрын новшийн ажлууд. Үхлээ хүлээж буй чавганц л тоож хийх байх даа гэж байна.
- Тэгээд ямар ажил сайхан гэж? 
- Хулгай. Хулгайгаас өөр ямар сайхан ажил гэж байхав дээ гэж бодогддог байв, тэр үед чинь. 
- Ааан, ...?
- Хулгай гэдэг чинь дон байхгүй юу, Дон. Чи мэдэх үү. Дон. Чи архи уудаг уу?
Нагац эгчээсээ баахан жийрхсэн Намхай толгойгоо тэрүүхэндээ аяархан сэгсрэв. 
- Тэгвэл тамхи татдаг уу? 
Бас л толгой сэгсрэв. 
- Хүүхэн цохидог уу? 
Намхай бүр хулмагнан агчив. Нагац нь түүгээр хоолойгоо засаж байна. 
- Өө хөөрхий, бүр хар нялзрайгаараа юм гээч. Тэгвэл чи лав том бор чихрэнд дуртай даа. 
Энэ ч харин үнэн байв. Намхай 24-ийн гэгдэх бор баавгайн зурагтай том бор, бас 38-ын тэмээний зурагтай, самартай бор чихэр, 42-ын гэх огт мэдэхгүй бичигтэй, шар үстэй охины зурагтай аманд нь нурдаг бор чихэр, бас 80 мөнгөний ванка, Завханы Тосонцэнгэл, Хөвсгөлийн Хатгалаас ирдэг алтан цаастай зоосон шакалааданд үнэхээрийн нугасгүй билээ. 
- Том бор чихэр идэж байж л санаа амардагаас чинь бүр шал ангид юм. Бүр тийм айхтар байдаг юм, хулгай гэдэг чинь. Дон гэдэг яаж ч болдоггүй юм, хэцүү хэцүү. Нэг юм хулгайлахгүй бол нойр ч хүрэхээ байгаад бүр тарчилчихдаг юм. Ёрын муухай дон шүү дээ. Ээ дээ... гээд толгой сэгсрэнэ. 
Хаагаа ер тамхи, архи хоёр хэрэглэдэггүй насыг барж байгаа ажээ. Яриа эвгүй тал руугаа явчихсанд Намхайн нагац эгч, 
- За одоо унт, Намхай минь. Өнөө маргаашгүй өнөөх аав чинь нэг тараактар чирчихээд саагаад ирнэ. Түүнээс өмнө амжиж ганц хоёр хуурай дүнз дөхүүлэхийг бод. Маргааш үүрэглэж байж хадан хавцал руу нисчихэв гэв. 
Хэдий Намхай дураар өссөн ч нагацын үг хууль, Хаагаа Банзар нагацтай нь үе ойролцоо ч бас үгэнд нь оров. Ойрд үүх түүхээ уудалж, омог бахархлаа сэргээгээгүй явсан Хаагаа ч шавиагаа ханатлаа хуучилж санаагаа амраагаад, төдөлгүй бод идсэн боохой шиг сэтгэл тэнийн хүржигнүүлэн хурхирч гарав. Лаа унтарч, бүгд унтацгаасан хойно хугас бүтээсэн өрхөн завсраар тусах сарны цагаан гэрлийг чичигнүүлэх Хаагаа Банзарын хурхираан дунд Намхай хүү бөөн мөрөөдөлд умбан удтал сэрүүн хэвтсэн юм. Яг л Цахиур Төмрийн яриаг сонсчихоод хөөрөн хэвтсэн Хонгор шиг. Тэр шөнө Хаагаа хөгшний ярьсан яриаг дурдвал дуусахгүй их юм болох билээ.
 
***
Түрүү жил Хаагаа Банзар “Гоожуур, нусгай, муу баньд” гэх мэтээр гоочилж байснаа бодвол энэ жил “Залуухай” гэсэн нь ихэд үнэлж буй хэрэг мөн боловч Намхайд энэ нь хангалттай биш байжээ. Тиймээс л дахиад шар нь хөдөлж, тэгээд зориуд хэдэрлэн, дайруулж “Хусчихмаар дэл сул юм” гэжээ.
Гэвч энэ үгийг нь энэ байтугай элдэв дээдийг насан туршдаа сонсохоороо нэг болж цагааршсан Хаагаа Банзар хүний урманд тоосон ч үгүй, нүүр рүүгээ урсах усаа хөтөлгөө мориныхоо цулбуур барьсан гараараа шувтраад, 
- Бороо ороод сайхан байна аа. Миний муу Хар голт ч борооших тусам живхардаг юм, сайхан даа, сайхан. Маргаашийн наадамд бид хоёр тоглохгүй юм бол өөр хэний хүү, ямар шандаст тоглохов дээ гэв. 
Хар голт хурдан хулдаа энэ усан борооноор ямар ч тохом, таташ тавиагүйн учир тэр ажээ. Хаагаа Банзар ч бас ямар ч цув нөмрөггүй яваа нь хурдан хултайгаа адил болох гэснийх мэт Намхайд санагдана.  Хурдан хул нь норж байвал Хаагаа ч бас норох ёстой юм шиг... Тэгш ой нь тохиож буй зэргэлдээ сумын төв ортол бас овоо хэдэн цаг шогшихоор байлаа.
- За залуухай, хоёул энүүхэн доор, хоёр гурван хошууны цаана нэг саравчтай хашаа бий. Тэнд хоног төөрүүлэх үү дээ...
Тэр хоёр саравчтай хашааны дусаал бага шиг буланд тухлав. Халуун зунаар өтөг бууцтай газар уявал хөлд нь цус бууна гээд морьдоо өвөлжөөний урд сайр дотор нөмөрдүүлж уяв. 
Бүрий тасарч буй бололтой, хэдий борооны дуслууд шингэрч, үүл нимгэрсэн ч харанхуйлаад эхэлжээ. Хашааны үүд хавиас хоёр гурван сул банз сугалан чулуугаар цохин хагачиж, гал түлж, гуравтын битон түлэн цай чанав. Хаагаа Банзар шалба норсон хувцсаа хуу тайлан мушгилж, галд ээвэр саравчнаас өлгөнө. Галын гэрэл хөгшний нүцгэн чөргөр биеийг хүрэл мэт болгожээ. Мах мариасаад байх юм хариугүй ч бодынх мэт хуруу бүдүүн судас шөрмөсүүд гүрэлзэх нь Намхайд үнэхээр гайхалтай ажээ. Нагац нь тэр өвлийн өглөө Хаагаа Банзарыг бургасаа аравчлаад дээд хошуу тойрч одсоны хойно, “Хөөрхий залуудаа ч үнэхээр л дэргэдүүрээ дайраад гарсан ямар ч бүдүүн адууны дэл сүүлнээс нь нэг атгаад авбал тэгээд татаад унагаачихдаг байсан нь үнэн дээ. Дэмий хаагичсаар байгаад л үг нь үнэгүй болчихсоноос биш” гээд харуусангүй зогсож байсан юм. Бас аавдаа Хаагаа Банзартай нагацын өвөлжөөн дээр ноцолдсоноо ярихад, “Цаадах чинь тийм амаргүй, аюул аюул. Залууд нь Хаагааг тайлган тэмээний чадалтай л гэгддэг байлаа” гэж билээ.  
 
Хаагаа даалингаасаа хуурай хөвөнтэй дээл гарган нөмрөн суув. Битүү цувтай тул Намхай норсон нь бараг үгүй, гутал, оймс нь ялимгүй чийг цохижээ. 
Шинэхэн буцалсан халуун харыг хүжигнүүлэн оочилж суухдаа гэнэтхэн сая санасан мэт, 
- Ингэхэд чи нээрээ калийбр үүрээд хаачиж яваа юм? гэж түрүүчийн асуултаа давтав.
- Маргаашийн наадамд ноцолдож үздэг юм билүү гээд л...
- Ха ха, наадамд зодоглоход бууны хэрэг юу. Буудах нь уу..?
- Наадам өнгөрөөгөөд би цаашаа Гашууны говийг гаталж, Бураатын нуруунд хүрэх юм... Тэнд аргал буудах санаатай.
- Хээцэс, энэ халуун зунаар Бураатын нуруунд ямар элэнцэгнийх нь аргал янгир байдаг юм. Ус ч үгүй газар. Хонин гүрвэл, голио хоёроос өөр амьтай голтой юм байхгүй дэг. 
Намхай ихэд гайхан өвгөний нүүр өөд харав. Үй түмэн гүн гангаар сийчүүлсэн Хэнгэрэгтийн бэл шиг өвгөний нүүрний гүн үрчлээнүүд сүүдэртэнэ. Ус гүйсэн улаан нүдээ аньчихжээ, бодвол саравчин дотор утаа май ихээс тэгээ биз. Намхай уг нь аргал янгир буудах гээгүй л дээ. Тэр Бураатын нурууны хойт үзүүрт худаг гаргаж яваа худаг усныхныг зорьж яваа юм. Сэтгэл гижигдсэн товчин хар нүдтэй Баярчимэг охины аав тэр худгийн бригадын дарга юм. Ес төгссөн хаврын шалгалтын дараа хүүхдүүд сум сум руугаа буцахын өмнө Баярчимэг тэр хоёр аймгийн төвийн төмөр хашаа нь үргэлжийн цоожтой байдаг ганц цэцэрлэгээр оройжин хөтлөлцөөд алхжээ. Намхай хойт булангийн нууцхан газраар хашааных нь савхан төмрийг гулзайлгаад ордог, гардаг нүхтэй болгочихсон байсан юм. 
Баярчимэг нь “Намар 8 сар гараад аав бригадаа аван Бураатын нуруунд очино, тэнд бараг хориод хонох байх. Би аавтай хамт явж, бригадынхны тогоо барих юм” гэхэд нь Намхай, “Би тэгвэл чам дээр очино” гэв. “Их хол гэсэн шүү дээ” гэсэнд, “Ямар ч хол байсан би очино оо” гэчихжээ. Энэ үгийг нь сонссон Баярчимэгийн нүд гэрэлтээд явчихыг ч бас анзаарсан билээ. Тэгээд л 8 сарын эхээр болж буй зэргэлдээ сумын ойн баяр наадамд зодоглох нэрээр буу үүрч, гуравтын битон, жаахан ямааны борц, цай давсхан ганзаглаад мордсон нь тэр. Гурван Хүрэнтийн орой дээрээс тэртээ алсад хөхрөн сүүмэлзэх уулыг Бураатын нуруу тэр мөн хэмээн аав нь нэгэнтээ зааж байжээ. Одоо очих сумын төвөөс цааш 100 гаруй км лавтай бий. Гэвч Намхай хүү хүрнэ л гэж бодож байлаа. Эр хүн хэлсэндээ хүрч чаддагийг нотлон, тэнд, тэр газрын намуухан орой Баярчимэгийн товчин хар нүдийг ширтэж, халуу шатсан булбарай гарыг атган зогсохыг л хүсжээ. Тэр устай усгүй байх, наана нь байх уудам их говийг хэрхэн туулах, хэд хоног явах, морь нь тэнд хүрч чадах эсэх гээд бас бус олон юмыг огт тооцсонгүй яваагаа ойлгов. Нээрээ усгүй юм бол тэр их говь, тэр хөх уулсыг дан морьтой яаж туулж, давах юм бол?
- Чи сая сумынхаа наадмаар ноцолдов уу?
- Барилдсаан...
- Яав...?
- Гурвын даваанд танай голын Зуз Лхагваад уначихсан. 
- Чамайг амлаа юу, Зуз харьж яваа ч нэг муу сумын заан шүү юм байна, чиний мэтийн годгор баньдад тийм амар ч явчихгүй л дээ. 
- Тэр Зуз чинь барьдаггүй газраас бариад... 
- Хаанаас чинь базаа вэ?
- Салтаанаас... 
- Ха ха ха ха, - хэмээн тавлангүй инээгээд, - Зузийн ганц дархан мэх нь л дээ, салтаадан гаргаж ирээд цацдаг чинь. Тэгэхдээ чиний муу божгор бор хуухнагаас арай л чанга атгачихгүй юу?
- Ммм, Та харин барилдаж явав уу?
Өвгөн уртаар шүүрс алдав. 
- Ах нь ид сайхан насаа шоронгийн чийгтэй нааран дээр өнгөрөөчихсөн юм. Хорин хоёр жил шүү дээ. Тэр чийгтэй наар чинь хүний шим шүүсийг зүгээр л сорчихдог юм гээд тонгойн хэсэг суув. 
Уруулаа жимбийлгэн эрүүнийхээ арьсыг зангидсан нь хэдэн сөрвөгөр сахлыг нь бүр сөрвийлгөчихжээ. Туулж өнгөрүүлсэн эрээнтэй бараатэй амьдралынх нь ямархан нэгэн гэгээлэг үеийн өнгө аялгуу цээжин дундуур нь салхи татуулан исгэчих мэт. Хэзээ ч гунигтай байж үзээгүй гэмээр байдаг шазруун хүйтэн царай төрх нь гэнэтхэн нэг их гунигт базуулчих шиг огт өөрөөр үрчийчихэв. Таарсан бүхэнтэйгээ ямагт хэг ёг хийдэг, дургүй хүргэсэн эрээгүй үг цацалж явдаг гон бие гозон толгой, муу нэртэй энэ өвгөн гэнэтхэн Намхайд их л өрөвдөж хайрламаар санагдаад явчихжээ. Яагаад гэдгийг нь бодож чадсангүй.  
- Ганц л удаа ноцолдож үзсэн юм. Аврантын хориход байхад манай хорихын дарга, хошууч Далантай гэж сайхан хүн байлаа, намайг аваад Төв аймгийн наадамд ирдэг юм. Би орговол ч оргочихоор л байсан. Хошуучийгаа бодоод оргоогүй юм. Ёстой эрийн чинээ эр байсан даа. Тэгээд зодоглолоо. Дөрөв давчихдаг юм. Ер миний өмнө хэн ч байсан, өнөөх халхын дэвжээнд хазайдаггүй Мөөеө аварга нь ч байсан ч сэгчсээд сэгсрээд л хаячихмаар санагдаад байлаа. Гэтэл тавын даваанд гарахын өмнө Далантай дарга маань барайчихсан ирлээ. “Бууж өгөхгүй бол болохгүй нь ээ, чи бид хоёрыг баллах нь байна, цаадуул чинь” гэж байна. “Хэн тэгэж байна, хаана байна, би очоод алаад шулаад хаячихьяа” гэсэн чинь “Тэгэж болохгүй ээ хө, дараа нь хоёулаа төрийн хуулиас хаашаа ч зугтах вэ дээ” гээд бүр нэг арга барагдсан царайлж байлаа. Тэгээд даргыгаа бодоод тавын даваанд буугаад өгчихсөн юм. Уур хүрээд намайг авсан улсын начингийн сэнжигдсэн хоёр хурууг нь баруун гараа хойш нь татан, зодгоо чангалж байгаад халж орхисон юмдаг. Халаг хуухай, хаая яая, болоод л явчихлаа. Сүйд болохоос нь өмнө бушуухан өөрөө өвдөглөчихсөн. Өнөөх чинь зүүн гараа сэгсэрсээр тахимаа ч авалгүй асар луу гүйчихсэн. Хожмоо сонсох нээ нь долоовор, дунд хуруу хоёрынх нь шөрмөсийг тасалж орхисон юм билээ. Ялтай хоригдол авчирч хуульгүй барилдуулаад гээд дараа нь дарга маань том бангадуулсан даа. 
- Түүнээс хойш барилдах цаг олдоогүй юм уу?
- Олдсон л доо. Шоронгоос хоёр дахь удаагаа суллагдаад хоёр жил гаруй болсон юмдаг. Тэгэхэд зодогловол зодоглохоор л байлаа. Дургүй хүрээд барилдаагүй юм. Сүүлийн удаа шоронгоос гарч ирэхэд дөчин тав хүрчихсэн байв. Барилдвал барилдах л байсан. Тэр үед чинь одоо манай сумын гайгүй танагтай бөхчүүд гэгддэг Сээрэн дунгүй Жандал, Гүйдэг Дамба, Замбага заан, энэ Зуз Лхагваа нар чинь бүгд ид залуухан гарч ирж байлаа. Гэвч нэг нь ч миний баруун гарын нугалж дийлдэггүй л байсан юмдаг. Чи цаад Зузаасаа асуугаарай. Аа тийм, аав чинь ч сайн мэднэ дээ.
- Аав таныг залуудаа тайлган тэмээний чадалтай байсан гэж ярьж байсан.
- Сааяа худлаа хэлэхгүй ээ гээд өвгөн хэнхгэр цээжээ эвхчив. Хөдөрсөн дээлнийх нь цаанаас хоёр мөр нь ёрдойно.
 
***
Од шуугдахаас өмнө босцгоолоо. Тэнгэрт бөртийх ч үүлгүй цэлийжээ. Хаагаа хөгшин хурдан хулыгаа хөтлөөд өвөлжөөний арын сэрвэнгээр гүйж, борог идүүлэв. Тэр зууртаа Намхайд 
- За чи эртхэн сумын төв орж, бөхийн хамийст нь бүртгүүл. Хоцорчихно. Их нас үддээр л хөдлөх байх. Тэр үеэр чи морины газар хүрээд ирээрэй. Ахдаа хань болдог юм шүү гэв. 
Мөн “Наадам наргиа болж байгаа газар луу буу үүрээд очилтой биш. Сумын төвийн наахна, хойт талд нэг цахир хадан толгой бий. Түүн дээр яг нар мандаж байхад гараад наран зүгт харахаар голын хэвийн урд талд ганцаараа нар цохисон нэг том улаан хад бий. Тийш очихоор хойт буланд нь нэг ханцуйтай гар багтам ангал байгаа. Тийш буугаа хошуугаар нь гар хүрч авахаар лавхан шургуулаад орхи. Наад ганзагандаа байгаа биданаа хойт буланд нь байх эрэгт бул. Хүн хар сайн хараарай” гэж захив. 
Намхай хүүг бөхийн комисс хүүхдийн барилдаанд л оруулна, томчуудад бүртгэж авахгүй гэж юм юм болж байж арай гэж бүртгэв. Хоёрын даваанд хойт сумын нэг начинтай таарч яаж ч чадалгүй даруулчихаад, урамгүйхэн морины газар луу шогшиж очвол их насаа мордуулчихсан, эргэх дөхөж байгаа гээд Хаагаа Банзар өвгөний сэтгэл хөөрүү угтав. 
- Яав чи?
- Уначихлаа.
- Тэгнэ л дээ, данхар толгойлчихоод чи барилдахаар хүн биш...
- Данхар толгойтой хүн муу барилддаг юм уу?
- Алив, гараа - гээд гарынх нь буглаг хүртэл базалж, нурууг нь дарж, өвдөгийг нь атгаж үзсэнээ, - Чи барилдахгүй ээ, эртхэн өөр юм бодсон нь дээр. Бөх хүнд 33 шөрмөс байдаг. Чамд зарим нь дутуу байна. Шуу, суганы чинь шөрмөс ч чүүчгэр юм. Хонго сайн ч тойго жижгэвтэр байна. Яаж барилдахав. Яахав их сайндаа нэг сумын цол л авах биз. Дэмий сумын цолоор яах юм, хоёрын хооронд. Наад данхар толгойныхоо л хэргийг гарга.
Намхай баахан гутрав. 
- Та морины хүүхэд хаанаас олов. 
- Өө ололгүй яахав. Ахыг нь танихгүй улс амьтан ойрын хэдэн суманд л байхгүйдэг.
- Та морьд шинжив үү? Таны хурдан хулын өмнө гишгэх морьд байна уу?
- Күй яахав, ганц нэг гайгүй морьд харагдав шүү. Тэр Далбаан нацагийн Халиун морь чинь гүйцээгээд дав дахь жилээ үзэж байна. Гурван жилийн өмнө нийлснийхээ дараа жил юмдаг, миний хултай нэлээн шахаж орж ирж байсан. Одоо бяр нь ханаад сайхан болчихож, уяа нь харин тиймхэн. Нар шарж байна. Хөлс сул, арьс нимгэн болохоор тийм ч сайн гүйхгүй л болов уу? Миний хул шиг хөлс хатуу, арьс зузаан адгуус ч ховор шүү дээ. Бас урд сумаас нэг шагай шиг хээр морь иржээ. Мөн ч сайхан амьтан юм. Гэхдээ хондлойн яс жижиг, бяд муу юм. Гэхдээ тэр хээр гараан дээрээ миний хулыг баахан зовоож магадгүй. Энэ морин уралдааны газар үнэхээр цагаан юм аа. Хэрвээ бартаатай байгаад өгсүүр бол миний хулын өмнө гишгэх амьтан энд л лав алга.  Даанчиг гээд толгойгоо сэгсрэн тонгойсноо, - хул минь бас илэрхий өтөлсөн нь мэдрэгдээд байх болчихлоо. Гэхдээ л шөрмөс нь хаачихав гэв. 
- Нээрээ л цагаан газар юм аа?
Хаагаа Банзар хөгшний хар голтой хурдан хул бол үнэхээрийн зартай хүлэг билээ. Ойр хавийн хэдэн сум дамнан арван хэдэн түрүү авчээ. Хаагаа ч адуу мал гээд арвитай юмгүй, хэдэн богтой, холын хамаатныхаа хаяа бараадна.  Нутгийнхан түүнийг “Ганц морьт уралдаач, ганц дээлт барилдаач гэгчээр энэ Хаагаа хөгшин ганц муу хулыгаа хаа сайгүй хөтөлж очиж уралдуулж, хаагиж, хөөрсөөр байгаад бүр сүүлдээ морио харшаачихдаг, өнөөх нь гүйж чадахаа больчихдог юм” хэмээн шоололдоно. Харин энэ наадамд хурдан хулыгаа хөтлөөд ирэхийг үзэж харсан таньж мэдэх хүмүүсийн дийлэнх “Энэ Хаагаа одоо яахнав дээ, зөнөг залгаж байгаа морио чирээд ирэх юм аа. Одоо бараг 20 хүрчихсэн байх шүү, энэ хул нь. Хэзээний л юм билээ. Зам зууртаа бахардаж унаад наадам бузарлах вий дээ” хэмээн  дурүйцэнгүй байсныг хүү, өвгөн хоёр хэн нь ч үл сонсож, үл мэдсэн билээ.
 
***
Тэртээх сүүмэлзсэн хөх үзүүрээр морьдын түрүүч шоволзон гараад ирэнгүүт л Хаагаа Банзар дэндэлзэн гүйгээд ойрмогхон толгой дээр очиж, өврөөсөө гуулин амтай ганц нүдний орос дурангаа гарган суугаад авав. Намхай хүү өвгөний морийг хөтлөн бараадна. 
Төдөлгүй морьдын түрүүч цахилсаар барианд орж ирлээ. Түрүүн Хаагаа хөгшний ярьж байсан халиун морь тасарч орж ирэв. Тэгээд л араас нь морьд цувсаар, харин хөгшний хурдан хул нь байдаггүй. Тэгэж тэгэж сүүлчийн морьдтой хамт арай гэж нэг муухан цогиотой орж ирэв. Тэр болтол хэрвээ уншиж чаддаг хүнд сэн бол өвгөний сэтгэлийн гүн дэх үймсэн их шуурга салхи царай төрхөд нь хэрхэн тодрон байсныг өгүүлэх юун.
Хурдан хулаа таньсан өвгөн, “Ээ, эвий минь, эвий минь” гэж дуу халаг болсоор зурхай давж, хоёр гараа алдлан, гутлаа чирсээр пар пар тосон гүйв. Эзээ таньсан хул ч зурхай руу явсангүй, эзэнлүүгээ эргэн шогшин очиход, өвгөн дарвайтал уйлан бархирсаар мориныхоо хүзүүгээр тэврэн авлаа. Морь нь ч зээр гөрөөсийнх мэт тунгалаг сайхан нүднээсээ том том нулимс бөмбөрүүлэн дух, шанаагаараа эзнийхээ хэнхдэг цээжийг завсаргүй нүрнэ. 
Өвгөн үжирч гандсан бүснийхээ үзүүрийн зангилааг тайлж, үрчийж хорчийсон бор халзан зуут гарган морины хүүд өгч буй нь харагджээ. Тэгээд морио хөтлөн хүн хөл багатай сэлүүн газрыг эрэн алхахдаа эргэж харан, 
- Хүү минь, аан за, ашгүй ашгүй. Бид хоёрыг битгий л орхиорой гэжээ. 
Тэгээд цааш эргэн мориныхоо дух, шанаа, эрүү хоншоор гээд аль тааралдсан газрын илж, үнсэж үнэрлэнгээ, 
- Ээ, эвий минь гэж, ээ, эвий минь гэж. Бид хоёрын үе ингээд л дуусаж байгаа юм байна даа, ээ, эвий минь, эвий минь хэмээн нулимсаа асгаруулан, хоолойгоо зангируулан тасралтгүй үглэнэ. 
 
Өвгөний “Хүү минь” гэсэн үг нэг л эв хавгүй, дасал дадал болоогүй, магадгүй өвгөн амьдралдаа энэ үгийг хэдхэн удаа хэлсэн, бүр магадгүй анх удаагаа ч хэлж буй болоод тэр байх гэмээр Намхай хүүд санагджээ. Насан туршдаа тэр эрхэм нандин үгийг хэнд ч хэлэхгүй, түүнд шингэдэг, түүгээр илэрдэг хайр энэрлийг хурааж хуримтлуулж явсан сэтгэл, орь хүслээ бүгдийг нь нэг мөсөн гаргаж орхисон мэт нэн хүчтэй байгаад, идэрхэн балчир хүүгийн туршлагагүй гэнэн зүрхэнд бүр ёг хийтэл, хэзээ ч мартагдахааргүй сонсогдсон юм. Хэдий урд нь явсан атлаа “Бид хоёрыг битгий орхиорой” гэсэн үгийг нь харин Намхай тухайн үедээ анзаарсангүй, гэвч хожмоо тэр үгийг санах бүрдээ өр сэтгэл нь үймрэх билээ. Үнэхээр л өрөвдөм агшин байжээ. 
Тэгэхэд энэхэн ганц насаа түмэнд муу нэртэй, төрд луу данстай үдэж буй гон бие хөгшин, эзнийхээ суганд толгойгоо наагаад салганан гэлдэрч яваа хөгшин хул хоёрыг даган яваа Намхай хүүгийн нүдийг нулимс бүрхээд, тэр нулимсан дундуур гуниг гансралдаа бөхөлзөн хавчийгаад бүр жижигхэн болчихсон өвгөн, тамирдаж эцсэн морь хоёрын дүр төрх нэг бүрэлзэн баларч, бас нэгэнтээ огт өөрөөр тодрон тунгалагшин байв аа.
 
 
 
Б.Номинчимэд
 
2021.07.09
Найрамдал зуслан.