сонин mn
5 ангийн хүүд нэгэн домгийг зориуд ялимгүй өөрчлөн ярьж өгөв. 
“Нэг том даргынд дөрвөн хүн албан тушаал, бас шагнал авахаар очжээ. Том дарга тэднийг орж ирмэгц ширээ тойруулан суулгаад, олсон хэлхээтэй шүрэн эрих нэг нэгийг бариулжээ. Тэгсэн нэг дэх нь хүзүүндээ углаж, дараах нь чихэндээ өлгөж, гурав дахь нь бугуйндаа зүүжээ. Харин дөрөв дэх хүн ....”
За, манайхан бараг мэдэх учир товчилъё. Цааш энэ мэт гурван сорил тавив. Хамгийн сүүлд тэдний өмнүүр эмээл хазаартай тоглоомон морь давхиулдаг. Нэг нь “Яасан сайхан морь вэ?” гэж, хоёр дахь нь эмээлийг нь ойчих вий гэж түшээд, гурав дахь нь засаад, дөрөв дэх нь... гэх мэт... Төгсгөлийн хэсгийг бас жаахан өөрчлөв. 
 
Тэгээд хүүгээс “Энэ ямар хүмүүсийн тухай үлгэр вэ?” гэсэнд жаахан гайхаж сууснаа, “Пялдага хүмүүсийн тухай үлгэр” гэв. “Яагаад?” гэвэл, “Тэр том дарга энэ дөрвөн хүнийг доромжлоод байхад суугаад л байдаг нь пялдага мөн байгаа биз дээ. Гараад явчихаж болно” гэж байна. Бидний яриа цааш “Пялдага” гэж ямар зан чанар болох тухай өрнөсөн. Хүүхдүүд энэ үгийг түгээмэл хэрэглэдэг ажээ. 
 
Энэ үлгэрээ дахиад 6 дугаар ангийн хүүхдүүдэд ярьж өгөөд саналыг нь асуулаа. Нэг хүү “Сонирхолгүй юм” гэв. “Яагаад?” гэвэл “Тэнэг хүмүүсийн тухай учраас...” гэж байна. 
 
“Энэ домог чинь бидний Монголын дээдэс том ноёд, хануудын тухай домог шүү дээ?” гэвэл нүд нь сэргэж “Тэр том дарга нь Монголын ноён байсан юм уу?” гэв. “Үгүй ээ, харин нөгөөх дөрөв нь” гэвэл бүгдээрээ “Өө, өө...ө, өө, арай тэнэг юм аа” гэлцэнэ. 
Энэ ямар домог гээч... Монголын Ерөнхий боловсролын сургуулийн 7-р ангийн сурах бичгийн 27-р хуудсан албан ёсоор орсон, “Халхын дөрвөн хан цол авсан нь” хэмээх домог. 
 
Би хувьд багачуудын “Пялдага, тэнэг хүмүүсийн тухай домог” гэсэнтэй санал нэг байна. Уг домгийн санаа нь,
1. Монголын ханууд хэргэм цол авах гэж Манжийн хааныд очиж. Манжийн харьяат албат гэсэн утга санаа тодорхой гарна. 
2. Манжийн хаан хэд хэдэн сорилоор тэдний оюуны чадамжийг сорьж. Гэхдээ чихэндээ зүүх, засах, түших гэх мэт нэлээн тэнэгдүү үйлдэл хийж буйг өгүүлжээ. 
3. Манай ханууд доромжлол, доор шаасан хандлагыг нь мэдрэхгүй, ёстой хүүхдүүдийн хэлдгээр пялдага, тэнэг царайлан сууцгаана. 
Дүгнэлт ойлгомжтой биз ээ. Манжийн эрхэнд байсан нь гашуун ч үнэн. Гэхдээ тэр тухай заахдаа арай ийм агуулгаар заахгүй ээ. Бусад улс орнууд харийн дарлалд байсан тухай домогтоо өөрсдийн баатарлаг тэмцэл, тэсвэр тэвчээрийн тухай өгүүлдэг, ийм домгоо үздэг. Харин бид эсрэгээр нь. Хэрвээ энэ домгийг заах гэж буй бол домгийн өгүүлэмжийн уг утгаар нь буюу “Бид ийм тэнэг байсан учраас л Манжийн эрхшээлд орсон юм” гэдгийг шулуухан ойлгуулах шаардлагатай болно. Харамсалтай нь сурах бичиг дээр ямар нэгэн үнэ цэнийн тухай нэг ч үг өгүүлбэр байхгүй. Харин огт өөр, тухайлбал “Халхын дөрвөн хан Манжийн хааны явуулсан тоглоомон модон моринд ямар үйлдэл үзүүлснийг бичээрэй” гэх мэт дасгалуудтай. 7-р ангийн бүү хэл гуравдугаар ангийн хүүхэд ч хялбархан бичиж чадна. Гэвч зарим дасгалуудыг нь би бодоод бодоод оломгүй, ойлгомгүй ч юм байна. Уг нь өдий насны хүүхдүүд хүний үйлдлийг үнэлж цэгнэх чадвартай болсон, болсон нь ч эхэнд жишээлсэн ярианаас харагдана. 
 
Нөгөө талаар энэ домог түүхэн үнэнтэй тэс зөрнө. Манж монголын эрхшээлдээ аваагүй байхад буюу 1596 оны Халхын ноёдын чуулганаар Субадайд Засагт хан цол өргөсөн.
 
Субадайн эцэг Лайхур хан. Түүний эцэг Баяндарь хунтайж, түүний эцэг Ашихай дархан хунтайж нь Гэрсэнз жалайр хунтайжийн ахмад хөвүүн. Засагт хан Субадай нь Манжийн хаанаас цол авах биш харин ч Халх болон Халх ойрдын нэгдлийг хангах, нэгдмэл төрийг хуулиар тогтоох, манжийн түрэлтийг сөрөх талаар хүчин зүтгэл гаргаж, 1640 онд Тарвагатайд Монгол-Ойрдын их чуулганыг Ойрдын Эрдэнэбаатар хунтайжийн хамт манлайлан, Их цаазыг батлалцаж, бас Чин улстай хоёронтоо байлдаж явсан хүн юм. 
1610-аад онд Автай сайн ханы ач хүү Гомбодорж нь хан ширээнд сууж, Түшээт хан гэгдэх болсон. 
1624 онд Гэрсэнз жалайр хунтайжийн дунд хөвүүн Аминдуралын ахмад хүү Шолой Сэцэн хан цолтой болсон. 
Онохуй үйзэн ноёны хөвүүн Түмэнхэн Шарын шашныг хамгаалахад хүчин зүтгэсэн тул 1617 онд Далай ламаас “Сайн ноён” цол хүртсэн. Харин хожим 100-аад жилийн дараа буюу 1725 онд Түмэнхэн сайн ноёны удмын Дашдаваа ноёныг Манжид хүчин зүтгэсний учир Манжийн хаан Засагт ханы зүүн, Түшээт ханы дундаас газар таслан Сайн ноёны аймаг хэмээн байгуулж өгсөн. Тухайн үед Сайн ноён нь хан цолгүй байж. Түүнээс бүр хожим 1912 онд Богд хаан Сайн ноёныг хан цолоор өргөжээ. 
Харин Халх манжид дагаар орсон нь 1691 он. 
Тэгэхээр Халхын хануудад манжууд нэр “хайрласан” нь түүхэн үнэнд нийцэхгүй,  Манжаас өмнөх явдлууд болно. Гэтэл уг сурах бичгийн дасгал, тайлбарын хэсэгтээ  “Түүхэн домог, хууч яриа нь ямар нэгэн түүхэн үнэн, бодитой үйл явдлын учир шалтгааныг уран сэтгэмжээр хүүрнэн тайлбарласан байдаг” гэж бичжээ. Өөрөөр хэлбэл дээрх домог нь түүхэн үндэстэй юм гэж бататгаж өгчээ. Түүхийн хичээл дээрээ энэ домгоос өөр зүйл заачихсан байх вий дээ. Хичээлүүд нэг нэгнээ үгүйсгэсэн агуулгатай байж таарахгүй. 
 
Тэгвэл яагаад ийм Манжийн эрхшээлийг ил тод сурталчилсан, монголчуудын эзэн удирдагчдыг дорд шаасан домог төрөв? Энэ арай Манж нар өөрсдийн эрх мэдлийг бататгах тархи угаалт хийж байсны ул мөр биш байгаа. Монголчууд өөрсдөө ийм домог зохиож, үр хүүхдэдээ ярьж суух уу? 
 
Энэ домгийг эрдэмтэн судлаач Х.Сампилдэндэв гуай хээрийн судалгааны явцад олж, ШУАХЗХ-ийн цуврал болгон 1984 онд хэвлүүлжээ. Эрдэмтэн хүн ийм домог байна гэж сурвалжилж олох нэг хэрэг, харин үүнийг ЕБС-ийнхаа албан ёсны хичээлийн хөтөлбөрт оруулах огт өөр юм. 
Эрхэм сурах бичиг зохиогчид оо, түүнийг хянадаг шалгадаг Боловсролын яамны зохих хариуцлага хүлээсэн хүмүүс ээ, үе үеийн бодлого боловсруулагчид аа. Юу бодоцгоож байна вэ? (Энэ домог бүхий ЕБС-ийн 7–р ангийн сурах бичиг зохиосон зохиогч эрхмүүд, Г.Нандинбилэг, Д.Нямдорж, П.Одсүрэн, Д.Туяа, С.Хөвсгөл, Д.Цэвээндорж, шалгаж, зөвшөөрсөн Боловсрол, соёл, Шинжлэх ухаан, Спортын яам).
 
Чиний өвөг дээдэс чинь жаахан тиймэрхүү л нөхдүүд шүү гэсэн мэдрэмж далд ухамсарт суулгаж мэдэхээр ийм зохиол зааж суудаг нь болж байгаа юм уу? Зэт үеийнхэн хэр хүлээж авч байгаа бол? Монгол домоггүй болчихоо юу? 
Манай ЕБС-ийн Дунд, Ахлах ангийн Уран зохиолын хичээлийн сурах бичигт буй олон олон алдаа мадгийн зөвхөн нэг нь энэ. Цаашид үргэлжлүүлэн цувралаар нийтлэх болно. Энэ бол ЕБС-д суралцаж буй хагас сая илүү сурагчдын ч асуудал биш, бүр монголчуудын оюуны дархлаа, монгол орны ирээдүйтэй холбоотой. Тиймээс нэхэл хатуу, үг ч хатуу байхаас аргагүй байна, уучлаарай. Эцэг, эхчүүд маань үр хүүхдийнхээ ирээдүйн тулд энэ мэт шүүмжүүдийг аль болох түгээн дэлгэрүүлж, тус дэм болно уу.
 
Б.Номинчимэд