сонин mn
Хүн төрөлхтний түүх бүтэх, оршихын үндсэн шалтгаан нь хүмүүсийн оюун ухаан юм.Оюун ухааныхаа хэр чадамжинд дүйцсэн түүхийг л хүмүүс бүтээх боломжтой байжээ.Өнөөгийн хүмүүсээс оюун ухааныг нь авчих, хасчих юм бол тэдний маргаашийн түүх бичигдэхгүй.Бусад амьд амьтны оршил хувьслын нэгэн адилаар л хүмүүсийн маргаашийг байгалийн шалгарал тодорхойлох болно.Оюун ухаангүй болчихсон хүмүүсийн хувьд эх орон, хил, соёл, шашин, түүх, уламжлал гэж үгүй. Талцаж өрсөлдөх, зэвсэглэх, дайтах, хонзогнох, улс төрийн бодлого явуулах, төрийн эрх булаацалдах, намчирхах гэж бас байхгүй болно. Бүх зүйл урсгалаар явагдаж, тохиолдлоор шийдэгдэж, шалгарлаар хувьсна.
Хүмүүс оюун ухааны ачаар байгалийн бүх бэрхшээлийг даван туулж, түүхээ мөн оюун ухааныхаа хэр хэмжээгээр туурвисаар олон арван мянган жилийг элээж, амьдрах, амьд үлдэн байх хамгийн дээд чадамж бүхий тус тус популяцууд болж шөвгөрчээ.Биологийн амьтны бусад зүйлийн адилаар мөхөж, устаж болох аюул хүмүүсийн хувьд багассаар, хумигдсаар иржээ.Гариг дэлхий маань мөнх байх аваас хүмүүс ч мөнх байж мэдэхээр болжээ. Амьдрах орчин нь гэнэтийн их аюул, гамшигт өртөж бүрэн сүйрэлд автчихгүй л бол хүмүүс яаж ийгээд л өөрийгөө авч үлдээд байж чадахаар болсон юм.Гэвч хүн төрөлхтний өмнө олон олон чухал асуудал чухамхүү оюун ухааны нь ачаар гарч ирж шийдлээ олохгүй “зовоосоор” наад зах нь хэдэн мянган жил болжээ.
 
Аль болохоор урт наслах, аль болохоор удаан жаргах, бүх зүйл нь элбэг дэлбэг улс оронд амьдрах гэсэн түгээмэл нэгэн хүслэнд хаан, харцгүй автагдсаар л байв. Эхэндээ мөнхүү хүсэл, мөрөөдөл ардын аман зохиолд (үлгэр, туульс, ерөөл, магтаал) тусгалаа олж ард түмэн, үндэстэн нэг бүрийн хувьд “газар дээрх диваажин”-гийн олон сайхан дүрслэл, мөрөөдлийн түүхийг буй болгожээ. Монгол угсаатны хувьд ч гэсэн мөн л тийм сайхан дүрслэлүүд, “урьдач түүх” бүтээгдэж хүмүүсийн оюун санаанд субъектив бодит байдлаар оршин байх болжээ. “Үхэл үгүй мөнх байдаг, үргэлж хорин таван настай байдаг... ариун бумбын орон, дээрээ эзэн байдаггүй, дэргэдээ албат байдаггүй... чөлөөт нийгэм” гэхчилэн дурьдвал олон жишээ бий. Улс үндэстэн нэг бүр өөр өөрсдийн зохиосон “Мөрөөдлийн түүхээ” хэрэг дээр нь бүтээх, бодит байдал болгох гэж янз янзаар л зүтгэж эхэлжээ. Төдхөн нийгмийг, улс орныг сайн сайхан болгоход чиглэсэн бэлэн жорын байдалтай сайтар боловсрогдсон гэх үзэл, онолууд ч гарч ирсэн байна.
Хаад, ноёдын адил элбэг хангалуун, жаргалтай, дураар амьдрах боломжийг бүх нийтэд буй болгон өгч чадах хэмжээнд хүргэж улс орныг хөгжүүлж болох уу? Төр засгийг ард иргэдээ адил тэгш халамжилж, тэтгэж, бүх нийгмийн жаргалант ирээдүйг бүтээж чадах хэмжээнд хүргэж боловсронгуй болгож болох уу?
Бүх нийтийн жаргалант байдлыг өөрийн эрхгүй, аяндаа төрүүлж байхуйцаар нийгмийг удирдаж, зохион байгуулж болох уу? Эдгээр асуултын хариуг, ийм мөрөөдлийн шийдлийг олох эрэлд сайн санаатай ухаантан бүхэн, шашин бүхэн, хүний оюун ухааны хүчинд итгэгч судлаач бүхэн мордоцгоожээ.
Хүний оюун ухаан шавхагдашгүй их хүчтэй. Түүнийг сайтар дайчлан ашиглах аваас нийгмийн хөгжлийг түргэтгэх, материал баялгийг халгитал, цалгитал үйлдвэрлэх боломж олдох л ёстой.Байгальд байдаг шиг хууль, зүй тогтол нийгэмд бас бий байх. Тэдгээрийг нээж олоод ашиглах юм бол бүх нийтийн сайн сайханд хүрэх ирээдүйг ухамсартайгаар, төлөвлөгөөтэйгээр нэгэн санаа зорилготойгоор бүтээж, буй болгож чадах л ёстой гэхчилэн сэтгэгчид тив болгонд шахуу гарч ирсээр л байжээ.
 
XIX зууны жишээ, баримт гэхэд л К.Маркс, Ф.Энгельс нар “Бүх нийтийг тэгш, жигд жаргуулах жор, бүх нийгмийг социализмаар дамжуулан коммунизмд хүргэх арга, замыг оллоо” хэмээн тунхагласнаар хүн төрөлхтний хагасаас илүү нь мөнхүү онолын дагуух туршилтын хүрээнд татагдан, түлхэгдэн орцгоожээ. Энэ үзэл онол нэг хэсэгтээ л түүхийг бүтээж байв.
 
* * *
“Шинжлэх ухааны үндэслэлтэй нэг л үзэл, онолыг бүх нийтээрээ сүсэглэн дагаж мөрдөх аваас улс төр-үзэл санааны хямрал гарахгүй.Нийгмийн эдийн засгийн амьдралыг төвлөрсөн, нэгдсэн төлөвлөгөөнд захируулан хөтлөх аваас аж ахуйн амьдрал хэлбэрэлтгүй дээшилнэ. Үйлдвэрлэлийн хэрэгслийг нийт нийгмээрээ өмчлөх аваас аливаа мөлжлөг устна. Нийгэмд анги, бүлгүүдийн ялгаа арилж бүрэлдэхүүн, бүтцийн хувьд нийгэм нэг төрөл, нэг янз болно.Тухайн улс орны хамгийн тэргүүний хүмүүсийг эгнээндээ нэгтгэсэн, хатуу сахилга баттай коммунист намын удирдлагаар “иргэн бүр чадлынхаа хэрээр хөдөлмөрлөж, хэрэгцээний хэрээр хэрэглэж чадах” элбэг хангалуун байдлыг түүхэн ахар богино хугацаанд бодит зүйл болгож хувиргана. Улс орон нэг бүр хөгжлийн ийм арга, замд шилжин орох ёстой. Капитализм мөдхөн мухардалд орж мөхөх болно. Нийгмийн хувьсал, хөгжлийн бодит жам ёс объектив хууль, зүй тогтол шинжлэх ухааны үндсэн дээр ийнхүү нээгдлээ. Нийгмийн философийг марксизм жинхэнэ шинжлэх ухаан, ор ганц үнэн болгож чадлаа” хэмээсэн суртал нэвтрүүлэг Европ ба Азиар түгэн дэлгэрч олон түмний ухамсрыг эзэмдэж пролетариуд зэвсэг хөдөлгөн уламжлалт нийгмүүдийг нурааж эхэлсэн билээ.
Байгалийг үзэх, ойлгох материалист онол, сургаалыг нийгэмд шилжүүлэн хүчлэн тулган хэрэглэж тэнд мөн хүмүүсээс үл хамаарах хуулиуд үйлчилж зайлшгүй үр дагаврыг төрүүлэн гаргаж байдаг мэтээр үзсэн мөнхүү шалгагдаагүй онол, сургаал олон олон улс орныг түйвээж, олон сая хүнийг хэлмэгдүүлж, наанадаж л Европ ба Ази тивийг бүтэн зууны туршид хямралд автуулжээ.
 
Нийгмийн хувьсах, хөгжих объектив хууль, зүй тогтлуудыг нээсэн гэгдсэн нийгмийн марксист философи нь бараг тив болгонд туршигдаж нийгмийн практикаар няцаагдлаа.Нээгдсэн хэмээгдсэн “хуулиуд” нь түгээмэл зүй тогтол ч биш, объектив шинж чанар ч биш, хар аяндаа, сулдаа нийгмийг эрүүлжүүлж, нийтэд жаргалтай байдлыг нарны гэрэл ба илч шигээр хэрэгцээнийх нь хэрээр бэлэглэж байдаг объектив хүч, хамаарал ч биш болох нь нотлогдлоо.
Ид шид, далдын хүчинд тулгуурлан бүх нийтийг жаргаах гэсэн гэнэн мөрөөдөл том том шашны хэрэг болсоор 3000 шахам жил болсон хэдий ч мөн л биелээгүй, хэрэгжээгүй хэвээрээ л байна. Хүний өөрийн нь оюун ухаан, мэдлэг, чадварт түшиглэн бүх нийтийг жаргаах гэсэн мөрөөдөл нийгмийн шинжлэх ухаануудын хэрэг болсон хэдий ч өнөөдрийг хүртэл төгс шийдэл, практикаар шалгагдаж баталгаажсан гарцгүй янзаараа л байна.
 
Шашны томчууд өөр өөрийн хувилбараараа диваажинг амласаар, харин шинжлэх ухааны зүтгэлтнүүд “бодит хөрсөн дээрээ бууж” нэг мөсөн олох, хүрэх бүх нийтийн жаргалант байдлыг эрсэн дорхноо “одоо, өнөөдөр хүн төрөлхтөнд хор хүргэж байгаа тэр бүх дутагдал, согог, өвчин эмгэгээс салах, ангижрахыг урьтал болгон идэвхтэй, оновчтой практик үйл ажиллагаа өрнүүлж байхын зохистойг” зөвлөдөг болоод байна. “Байхгүй юмыг эрэх нь утгагүй, үр дүнгүй” гэдгийг шинжлэх ухааны судлаачид эрт хүлээн зөвшөөрч, харин шашны томчууд эцсээ хүртэл үл зөвшөөрөн гүрийсээр үлдэж ч мэдэх юм. 
 
Марксизмын нөлөөнд автаж туршилтын туулай болсон улс орнууд өнөөдөр хохирлоо бүртгэж, шархаа эмчилж, төөрөгдлөөсөө холдохыг эрмэлзэцгээж байна. Шалгагдаж нотлогдоогүй онол, сургаалд түргэн, түүхий автагдаж хийрхэн туршиж эхлэх нь хөнөөлт тахлаас ч илүү их аюулыг жирийн иргэдэд авч ирдэг ажээ.
Социализм, коммунизм байгуулах гэсэн туршилт зөвхөн Монголчуудын хувьд гэхэд л дараах хохирлуудыг үүджээ.
-Бүхнийг ялагч сургаал, ганц үнэн гэгдсэн үзэл, онолд даган орж уламжлалт мэдлэг, ухаанаа огоорон орхив, 
-Дэмжлэг, тусламж, чин шудрага харилцаа, хандлагад нь найдаж ЗХУ-ын коммунист нам, Зөвлөлт төрд ирээдүйгээ даатгаж хараат орон болов,
-80 гаруй жил Орос, Зөвлөлтийн дохио зангаагаар явж дэлхий нийтэд нэр хүндээ алдав,
-Төр, нийгэм, цэрэг, урлаг, соёлын зүтгэлтэн ахмад үеэ идэвхтэй сэхээтнүүдээ хоморголон хэлмэгдүүлж устгав,
-Хувь хүн, иргэдийн эрх чөлөө, тэгш байдлыг хязгаарлан боомилж Монголыг нийгмийг хаалттай болгов, 
-Монголчуудын оюун санааны амьдралын материаллаг орчин, нөхцөл (сүм хийд, жас) ба түүний субъектив ахуй оршил болсон мэдлэгийн бүх салбарын ололт, амжилтыг үгүйсгэж баллав,
-Өмчийн бүх хэлбэрийг нийгэмчилж иргэдийн аж ахуйн үүсгэл, санаачилга, чөлөөт байдлыг үгүй хийв,
-Нийгмийн амьдралын бүх талд төржсөн намын цагдан захиргаадалт ноёрхох болж иргэний нийгмийн оролцоо, санаачилга алга болов,
- Өөрөөр сэтгэгчдийг хавчин гадуурхаж, хилсээр яллаж, цөлж, гэр бүл, үр хүүхдүүдийг нь доромжлон хэлмэгдүүлж байх болов,
-Төрийн монополь эрх гаарч, мөлжлөг ширүүсч нэмүү өртгийн норм Монголд 130 орчим хувьд хүрэв,
-Эцэс сүүлд нь Монгол орон ЗСБНХУ-ын колони, түүхий эдийн бааз, хоцрогдсон хязгаар нутаг болж хувирав,
 
-Худал хуурмагт хөтлөгдөж, түүгээр онол, аргазүй хийсэн Монголын сэхээтнүүдийн олонхи нь зуйгар, бялдууч, авилгач, нэр цол албан тушаал горилхийлсон хулхи хүмүүс болж нийгэмд тэргүүлэх, үлгэр жишээ байх үнэт чанараа алдав,
 
-Чингэснээр Монголын төр, засгийн өндөрлөгт “түрийний бөөснүүд” гарч нийгмийн удирдлага, төрийн амьдрал ялзралд автжээ. Монгол орон, Монголын нийгэм шинжлэх ухааны үндэстэй удирдлагын хомсдолд орж төрийн чухал чухал алба нэг луйварчны гараас нөгөө луйварчны гарт орж наймаалагдаж байдаг болжээ. МАХН, Монголын төрийн удирдах дээд бүлэглэл ялзралын улмаас доройтож, Монголын төр, засаг үндэсний уураг тархи болохынхоо хувьд мөхөж эхэлсэн билээ.
Нийгмийн философи дахь алдаа, дутагдал, худал хуурмаг бүхэн цаг цагтаа ард түмэнд их аюул, гамшиг тарьж сая сая хүний амь, амьдралаар тоглож, дэлхий нийтийн хэмжээнд соёл, боловсрол, хөгжлийг ухрааж, хохироож ирсэн нь үнэн юм. Чингэж түүхийг зөв сайнаар, бас муу буруугаар бүтээж ирсэн эзэн, хүч бол хүмүүсийн оюун ухаан, тус тус үзэл, онол мөн байна. Өөрөөр хэлбэл хүмүүсийн оюун ухаан, нийгмийн ухамсар, төрийн бодлого, зорилтын дагуу л хүн төрөлхтний түүх хэсэгчлэн хийгээд бүтнээрээ бүтэж, бичигдэж иржээ.
 
Ер нь хүмүүсийн шууд мэдэлд эхлээд өөрийн гэсэн юу юу байсан юм бэ? Зөвхөн оюун ухаан л байжээ. Мөн санаа, зорилгыг нь хэрэгжүүлэхэд туслах бие цогцос бас байжээ. Тэгээд л хүн, хүмүүс хүссэнээ хийж бүтээсээр өнөөдрийг хүрчээ. Хүмүүс толгойндоо бодож олсон, дүрсэлж зурагласнаа гараараа хийж хэрэглэсээр байв. Ингэхлээр санаа зориг, оюун ухаан нийгмийн хувьд ихэд суурилаг ач холбогдолтой болж байна.
Хүний уураг тархи хөгжиж, томорсоор оюун ухааныг буй болгосны адилаар хүмүүсийн нийгэм хөгжих явцдаа төрийг бүтээж, тэр нь төрийн бодлого, төрийн эрх мэдлийг буй болгожээ. Хүн оюун ухааныхаа тусламжаар материаллаг хийгээд оюуны соёлыг бүтээж ирсэн бол хүний нийгэм төрийн бодлогын тусламжтайгаар нийгмийн ахуй, ухамсрыг бүтээж ирсэн юм. Нийгмийн үйлдвэрлэлийн хувьсал, дэвшил ч төрийн бодлогын дагуу явагддаг. Иймд төрийн бодлого, эрх мэдэл нийгмийн хувьд мөн ихэд суурилаг, тодорхойлох ач холбогдолтой юм. Хүний бодож олсон бүхэн, төр засгийн боловсруулж төлөвлөсөн бүхэн нийгэмд тасралтгүй хэрэгжих арга, замаар л бид оршин тогтнож, урагшилж байгаа билээ. Ингэхлээр амьгүй байгаль, амьд байгаль хоёр нийлж нэгдээд хүний оюун ухааныг буй болгодог, тодорхойлдог байлаа ч гэсэн, эсвээс хүний оюун ухаан л нийгмийн үйлдвэрлэл, ахуйг бүтээдэг, тэдгээрт анхдагч, тодорхойлогч тал нь болдог байлаа ч гэсэн ялгаагүй хүмүүс бид бүр анхнаасаа оюун ухааныхаа хүчээр л дэгжиж, дээшилж, хүчирхэгжиж, зэвсэглэж ирсэн байна. Ийм байр сууринаас үзэх аваас соёлын бүх хэсгийг, тэрчлэн иргэншлийн бүх хэлбэрийг хүний оюун ухаан л бүтээжээ. Хүний оюун ухаан бүтээсэн бүхнээ улам боловсронгуй болгож чадна, төгөлдөржүүлж, хөгжүүлж, цаг цагтаа тохирсон зохистой хэлбэр, хэмжээ, агуулга, шинжтэй болгож ч чадна.
Бусдадаа үлгэр болохуйц оюуны чадавхтай, хүмүүнлэг ёс суртахуунтай, иргэний хариуцлагаа ухамсарлаж сахидаг хүмүүсээс нийгэм маань бүтэж, бүрэлдэж байвал илүү юу хүсэхсэн билээ. Хүн шиг хүмүүс байгалиас заяасан насаа эдлээд нөхчсөөр, цаг цагийн оюун ухаант хүмүүсийн хичээл, зүтгэлээр нийгэм маань төгөлдөржсөөр ирээдүйрүү үргэлжлүүлэн замнасаар байхаас өөр яалтай нь ч билээ. Хүний нийгэм нээлггэй янзаараа, хувь хүн эрх чөлөө, тэгш байдал, шудрага ёсны субъект болсон хэвээрээ, хүн төрөлхтний оюун ухаан бүх нийтийн аюулгүй байдлыг үүдэж, баталгаажуулсан янзаараа байх аваас нийгмийн философчид ч гэсэн үлгэр, домгийн диваажинд хүргэх ооъектив хууль, дүрмийн эрэлд зуун бүхэнд сайн дураараа гарцгаасаар байхгүй бизээ...
 
Олон зуун сая жилийн туршид амьд байгаль орчинтойгоо ндэвхтэй харилцсаар хүрээлэн буй орчныхоо талаар мэдээллийн арвин их сан хөмрөгтэй болжээ. Сэрлээр дамжин тусгагдаж хүртэгдэж буй мэдээллийг хадгалдаг эрхтэн-уураг тархи буй болж хөгжжээ. Ямар ч амьтан оршин амьдрахад нь зайлшгүй хэрэг болдог тодорхой хэмжээний мэдээллийн сантай байдаг. Мөнхүү санд хадгалагдсан байваас зохих мэдээллийн тоо хэмжээ, тэдгээрийг ашиглах байдлын шинж, онцлогоос голчлон шалтгаалж уураг тархины хэмжээ мөн том, жижиг янз бүр байх болжээ.
 
Амьгүй байгалийн тусгах чадвар нь мэдээллийг мөн хадгалах шинжтэй юм. Элс ба цасан дээр гарсан амьтны мөр хадгалагдаж уншигдаж байдгийн адилаар хазгай газарт өнхөрсөөр доор очиж тогтсон үхэр чулуу ч гэсэн газарт мөрөө үлдээж, өөр дээрээ замдаа тааралдсан биетүүдийн мөрийг мөн тусгасан байдаг. Тэгвэл амьд амьтанд харилцаж өнгөрсөн бүх юмс, үзэгдэл нь мөр, дурсамж үлдээж, тэдгээр нь уураг тархинд хадгалагдаж, мөнхүү харилцаанууд давтагдах үед мэдлэг байдлаар эргэж ашиглагдах болжээ.
Хүмүүс аажмаар өөрийг нь хүрээлэн, өөртэй нь зэрэгцэн оршиж буй бүх биетийн чухал шинжүүдийг таньж чаджээ. Хатуу биетүүд, зөөлөн биетүүд, шингэн биетүүд, хий, тэдгээрийн бүх физик шинжийг таньж, мэдлэг болгон хуримтлуулж, хэрэгцээнийхээ шаардлаганд тохируулан ашиглаж сурчээ.
Бодисуудын хувирахуйн шинжийг мөн таньжээ. Амьтан ба ургамлын биологи, физиологийн талаар ч мэдлэгтэй болжээ. Аажимдаа физик, хими, биологи, ботаник, газарзүй, физиологийн хууль, зүй тогтлууд мөн хүмүүст нууц биш болсон байна. Амьгүй байгалийн хууль, зүй тогтолд тулгуурлан хүмүүс юмс, үзэгдлийн ирээдүйн төлөв, байдлыг ч урьдчилан хэлж, төлөвлөсөн үр дагаврыг буй болгож сурчээ. Амьгүй болон амьд байгалийн өнгөрсөн төлөв байдал, өнөөгийн хандлагад үндэслэн тэдгээрийн ирээдүйн төлөв, байдлын талаар онол, зөн мэргэ бас дэвшүүлэх болжээ.
Хүмүүс амьгүй байгалийн шинжүүдийг танин мэдэж, зөв тайлбарлах болж, бас тэдгээрийг өөрчилж сурчээ. Мал ба ургамлын ашиг шимийг нэмэгдүүлж чаддаг болов. Гэтэл хүмүүсийн хувьд нийгэм гэж нэрлэдэг нэгэн ертөнц учир битүүлэг хэвээр үлджээ. Нийгмийг задалж таних, зөв тайлбарлах, чадвал өөрчилж хүн бүхний хувьд тааламжтай сайхан болгох хэрэгтэй байв. Ихэнх судлаач байгалийг танихад хэрэглэж байсан аргуудыг ашиглаж үзжээ. Шашин бүр өөр өөрийн бурхдын ном, сургаалын дагуу нийгмийг бас тайлбарлах болов. Нийгэм, түүний үзэгдлүүдийг ойлгох, тайлбарлах олон олон онол, зөгнөл, мэргэ төлөг буй болжээ. Тэдгээрийг ойлгох, мөрдөх, туршиж үзэх оролдлого хийгдсээр байлаа. Гэвч энэ нь зөв, энэ нь үнэн, энэ нь туршилтаар шалгагдаж нотлогдлоо гэх нэгдсэн нэг ойлголт, үнэлгээ гарч ирэхгүй л байжээ.
Амьгүй байгалийн хувьсал, амьд байгалийн хөгжил, оюун ухааны үүслийн хувьд хүчтэй зөв аргачлал болон ашиглагдаж ирсэн материалист детерминизмийг нийгмийн үзэгдлүүдийн хувьд шилжүүлэн хэрэглэж тэдгээрийн ирээдүйн төлөв байдлын талаар дэвшүүлсэн онол, мэрэг төлөг батлагдсангүй. Учир нь хүмүүсийн санаа зориг, оюун ухаан анхдагч нь болж байж бодит зүйл болон бүтээгдэж хуримтлагдсан соёлын ертөнц, иргэншлүүд, уламжлалт нийгмүүдэд материалист детерминизмээр тайлбарлагдах үүсэл, хөгжлийн хууль, зүй тогтол үгүй юм.Социологийн детерминизмд суурилсан онол, зөн мэрэг туршилтаар нотлогддоггүй нь Марксын нийгмийн философийн жишээгээр тодорхой болсон билээ.
 
Хүн төрөлхтний түүхэнд ямар нэгэн бодит хууль, зүй тогтол, утга учир үгүй болох тул дандаа нэгэн утгатайгаар орших, илрэх шалтгаан, үрийн холбоо, нэгэн үр дагаврыг үүдэх, эрхшээх детерминизм гэж үгүй байна. Ингэхлээр нийгмийн ирээдүйн тогтвортой төлөв, байдлыг урьдаас тааварлан хэлэх, шалгагдаж болох онол дэвшүүлэх боломж бас үгүй юм. Тодорхой хугацааны дараа, тодорхой үйл явцын эцэст нийгэмд гарцаагүй ирэх урьдаас танигдсан ирээдүй гэж үгүй болно.
 
Сүүлийн 4 мянган жилийн турш дахь хүн төрөлхтний түүхээс үзэхүл аль ч улс орны түүхэнд их багаас, удаан түргэнээс, хүчтэй доройгоос, олон цөөнөөс, туршлагатай гэнэхэнээс болсон гэхээр ердийн, хэнд ч ойлгомжтой тоон харьцааны зөрөөнөөс болж ижилхэн явагдсан, давтагдсан зүйлүүд л байхаас биш үнэхээр л түгээмэл гэхээр түүхийн ямар ч хууль ажиглагдахгүй байна. Энэ нь түүхийн ямар ч хууль, зүй тогтол байдаггүйн нэгэн нотолгоо болно. Гэтэл ер нь тийм түүхтэй юм гэнэлээ, тийм л болох ёстой юм...гэнэлээ гэхчилэн хүн төрөлхтний түүх урьдаас таньж мэдэгдсэн хуулийн дагуу аль нэгэн улс үндэстний хувь тавилан, ирээдүйг шийддэг, тодорхойлдог мэтээр үздэг онол, сургаал мэтэд итгэдэг зуршил аль ч тивд ихэд тархжээ.
Түүх гэдэг үгийн цаана өнгөрсөн түүх, одоо буй байдал, ирээдүйн хувь заяа нэгэн зэрэг агуулагдаж байгаа мэтээр ялангуяа түүхийн шашны философичид үзэх, өгүүлэх нь элбэг тохиолддог. Энэ нь түүх бүхэн ихээхэн учир утгатай, урдаас заагдсан зам мөртэй, түүнээс хазайх, зайлсхийх боломжгүй мэтээр үзэхэд хүргэж байжээ. Урьдаас оноогдсон, заагдсан түүхэн хувь заяа буй мэтээр үзсээр ирсэн нь том төөрөгдөл юм. Түүхэнд зайлшгүй нөмрөн ирэх ирээдүй, өөрөөс нь ургаж гарсан, өөрт нь зуршмал хууль, мөнхөд товлогдсон утга гэж үгүй юм.
Хаадыг бурханчилж, мөнх настай бурхдын хэрэг явдал, түүхийг урьдаас товлогдсон зам мөрийн дагуу явагдаж байдаг хуультай, тавилантай мэтээр үзэж ирсэн өнгөрсөн үеийн хоцрогдол, төөрөгдлөөс хүн төрөлхтөн чөлөөлөгдөх, оюун санааны амьдралын эл бэрхшээлийг даван туулах хэрэгтэй байна.Төр засгийг бурханчлах, шүтэх, төр, засгийн тэргүүнийг шүтэх нь урьд өмнийн их түүхэн айдсуудаас гарвалтай сэтгэлзүйн үзэгдэл юм. Хаад шүтүүлэх дуртай, тэр хүслээ хүчээр ч болов хангасаар ирсэн билээ. Чингэж нөгөө талд нь төр, засгийг шүтэгсэд бэлтгэгджээ.
 
Дээд тэнгэрт байрладаг гэх бурхдыг шүтэх нь сүсэгтэн хүний хувьд байж болох зүйл. Мод, зэс, гууль, алт, мөнгөөр урласан бурхдын дүрийг ч бас шүтэж болох. Гэтэл бидэнтэйгээ л адилхан мах, цустай амьтан болох хаан, хатан, төр, засгийн тэргүүнийг шүтэж, тэдэнд мөргөж сөгдөх нь ичгүүртэй, жигшмээр, өрөвдмөөр сүсэг мөн болно.
 
Хүн төрөлхтний түүхийг бурхадтай холбож, бурхдын ирэх, буцах, хаанчлах нь дор бүрэндээ утгатай, өөр өөрийн гэсэн хугацаатай, бурхан бүр зорилгоо биелүүлээд, түүхээ туурвиад эргэж залардаг гэдэгт итгэх аваас хүмүүс бид шатарчин биш, харин шатрын хөлөг дээрх хүү, морь, тэмээ, тэрэг болж хувирна. Биднээр материал хийгээд бурхад хэдэн ч өрөг тоглож, хэд ч хожиж, хожигдож, бидний заримыг маань хэд дахин ч сул хаяж өгч, зарим хүүг бэрс гаргаж, зарим хүүг тэрэг, морь болгож баян тансаг төгсгөл (хожил) хийж тоглосоор байх болно. Энэ нь эцсийн дүндээ хүмүүсийн хувьд бас л ямар ч утга ба зорилгогүй юм. Бурхдын хүсэл, зоригт захирагдаж номхон, хүлцэнгүй байсаар эцэст нь бид хүлцэнгүй байсныхаа төлөө юунд хүрч, юу өвлөж авах, хэн болцгоох, хувь заяа маань хэний гарт үлдэх нь ч тодорхойгүй байна.
Гераклит, Платон, Аристотель, Гегель, Маркс, Лениний онол, сургаалд итгэж хэзээ ч юм ирэх сайн сайхан нийгмийг мөрөөдөгсөд хичээл, зүтгэлийнхээ үр шимийг өөрсдөө биш үр ач нартаа л өвлөн үлдээж, өөрөөр хэлбэл шагнал, урамшууллаа хойч үеэсээ л оройтож сонсох болж байна. Гэвч энэ нь ч бас практикаар нотлогдсонгүй.
Түүхэнд урьдаас товлогдсон зорилго, утга байхгүй хэдий ч хүн төрөлхтний үе бүхэн өөр өөрийн зорилгоо дэвшүүлэн тавьж түүнээ шатлан ахиулан хэрэгжүүлж амьдралаа зорилготой, бас утгатай болгон аж төрөхөөс өөр зам XXI зууны эхэн гэхэд өмнөх бүх түүхээс харагдахгүй байна.
 
Судлаач, профессор Д.Чулуунжав