Түүх, түүхэн үйл явдлууд, ер олон зуу, мянган жилийн өмнө болоод өнгөрсөн бүхэнд өнөөдөр амьд сэрүүн байгаа хэн нэгэн хүн, аль нэгэн үндэстэн, төр засаг ер шууд холбогдолгүй юм. Түүх дэхь муу, сөрөг баримтнаас болж хожуу хойно нь хэн ч зэмлэгдэх ёсгүй, мөн сайн, эерэг баримтнаас болж бас хэн ч шагнагдах учиргүй. Монголчуудын өнгөрсөн түүх бол монгол хүн надад ч, өөр хэн нэгэн, жишээ нь нэгэн африк хүнд ч адилхан л түүх, өнгөрсний талаарх мэдээлэл, бидний хэн нь ч гэсэн сонирхон унших зүйл, сургамж авах зүйл билээ. Баримтуудыг судалж, нягтлаад болоод өнгөрсөн түүхийг үнэнээр нь мэдээлж л байгаа бол монголчуудын түүхийг хэн ч бичиж болно. Монгол судлаач бүр заавал зөв бичихгүй. Харь орны түүхч бүр заавал гуйвуулж бичихгүй. Эх түүхээ бичихдээ “хэтэрхий элгэмсэж”, худлаа магтаж, хөөрөгдөж, ганцхүү хувийн шинжтэй явцуу бахархал болгож бичих нь ёс зүйгүй хэрэг юм.
Та бахархаж, омгорхолд автаж байхад цаана чь гунигт автаж, өширхөх хүмүүс нөгөө талд чинь гарч ирж болох билээ. Ингэхлээр манай гаригийн хүмүүс өнгөрсөн түүхээ уншиж судлахдаа, эргэж дурсахдаа, мөн шүүн хэлэлцэж, үнэлж дүгнэхдээ “манай тал ба дайсны тал” болж хуваагдаж (өнгөрсөн үеийнхэнтэйгээ адилаар) хүлээж авах, дайсагнаж тусгаж авах, өнгөрсний мөрөөр өнөөдөр сөргөлдөх ёсгүй байна. Монголын түүх бичиж буй монгол судлаач ч гэсэн, түүний бичсэнийг уншиж үзэх орос, хятад иргэд ч гэсэн энэнийг сайтар ойлгож, өнгөрсөн түүхээс үүдэлтэй “хүйтэн дайн”-ны байдалд зохиомлоор орж ер болохгүйг ухамсартайгаар хичээж, сахиж, өөртөө мөрдлөг болгож, өрөөлийг энэ талаар сэнхрүүлж гэгээрүүлж байх учиртай болно. Нэг ард түмний түүх бичлэгээр нөгөө ард түмнийг гомдоож болохгүй билээ. Өнгөрсөн түүхэнд эзэн гүрэн байсан улс орны өнөөдрийн иргэдэд колони, хараат нь байсан орны өнөөдрийн иргэд дайсагнаж, үзэн ядаж хандаж болохгүй юм. Өнгөрсөн түүхийн гэрэл ба сүүдэр өнөөдрийн биднийг элдвээр “жихүүцүүлэх юмуу халууцуулах” учиргүй. Соёлт ертөнц, оюунлаг хүмүүс энэнийг мэддэг, сахидаг хэдий ч энэ талаар алдаж, эндэж явдаг хүмүүс ер цөөн биш болно. Түүхээрээ бахархахад бас хэм хэмжээ, тооцох зүйл, тохирох, эс тохирох цаг үе, тохироо, зохироо гэж байнаа? Энэнийг тооцож, сахиж явах нь уг хүний ухааны нэгэн хэмжүүр болно.
XIII зууны эхэн хүртэл дэлхийн улс орнууд хоорондоо элдвээр холбогдож, “нэг нь нийтээсээ, нийт нь нэгээсээ” ихэд шалтгаалах болчихоогүй, өөрөөр хэлбэл, “дэлхий дахин” хэмээх хүмүүсийн том нийтлэг хараахан бүрэлдчихээгүй байлаа. Европ ба Азийн баруун хэсэг өөр өөрийн шашин сурталдаа л ихэд хүлэгдэж өрөөсгөл, хэтэрхий туйлширсан байдалтай болж, харилцан дайсагналцаж, хүн ардыг шашин суртлын үндсэн дээр дайтах хядалцах байдалд хөтлөн оруулчих шахаад байв. Загалмайтнууд нийлж нэгдээд лалын ертөнцийг устгах, эзлэн дагуулах, эсвээс лалын ертөнц тэдний эсрэг ариун дайн хийж бүхнийг лалын шашинд хүчээр тууж оруулах “их хэрэг” яг гараан дээрээ ирчихсэн байжээ. Чухам энэ цаг үетэй давхцан нэгдэж хүчирхэгжсэн монголчуудыг (улс төр, цэрэг дайны гуравдахь хүч) мөнөөх хоёр ертөнц ер тоож ч үзсэнгүй, тайвнаар зэрэгцэн оршиж худалдаа, солилцоо хийх гэсэн санал, хүсэлтийг нь ч хүлээж авсангүй, дэмжсэнгүй. Дөрвөн зүг, найман зовхист илгээсэн Чингис хааны элч, зардсын ихэнх нь эргэж ирсэнгүй. Монголын элч нарыг тамлаж, эрүүдэж, доромжлон гутааж, цаазлан хорооцгоожээ. Том, хүчирхэг гэгдэж асан улс орны хаад хүртэл ийм жигшүүрт хэрэг үйлдэж элч нарын цусаар нэр төрөө будаж хөөджээ. Энэ байдал нь тэр цаг үедээ бол тэвчишгүй доромжлол, басамжлал, хариуг нь эс бариваас Монголчуудыг хэдэн үеэр нь шившиглэж чадах “том хэрэг, дуулиан” мөн байв. Монголчууд сул дорой, тархай сарниу байсан үеийн их өс хонзонгууд дээр хоорондоо нэгдэж томроод “цээжинд нь хүч, бяр амтагдах” болсон үеийн шинэхэн өс хонзон ийнхүү нэмэгдэж “гал дээр тос хийх биш” бүр асгажээ. Чингэж дайн самуун эхэлж, дайны үеийн хатуу, хэрцгий логик, зарчим хэргээ хийж эхэлсэн байна.
Тархай, бутархай, амь амиа ихэд хичээсэн, дор бүрэндээ “томорч, омойтсон”, зоргоор загнаж хүмүүн ёсны зүй зохисыг уландаа гишгэлсэн ванлиг, ханлиг, аймаг мэтийн нийтлэгүүдийн бурангуй, хөнөөлт зан авир, үйлдэл, алхмыг нь сайтар таньсан, монгол угсааны ноёд, язгууртнуудын жишээн дээр бүр биеэрээ үзэж, туулж өнгөрөөсөн Чингис хаанд бүгдийг нэгэн жолоон дор оруулахын зохистойг харь орны хаад, ноёд дахин мэдрүүлж, уг зорилтыг дэлхийн хэмжээнд дэвшүүлэхэд тийнхүү хүчлэн, түлхэн хүргэжээ.
Иймээс Монголын өндөрлөгөөс нүүдэлчдийн хийж эхэлсэн энэхүү дайн, түрэмгийлэл нь бүр анхнаасаа л булаан эзлэх дээрмийн дайнаас огт өөр шинж ба зорилго бүхий дайн байлаа. Ойрхи Дорнод, Бага Ази, Зүүн Европын чиглэлд эхлэлээ авч өрнөсөн дайн, довтолгооны шалтгаан нь мөн л Монголын элч нарыг зэрлэгээр хөнөөсөн жигшүүрт үйлдлүүд байв. Мөн Монголчуудад ялагдаад зугтан дайжиж одсон гэмт этгээдүүдийг найрсгаар хүлээн авч орогнуулсан, барьж өгөх шаардлагыг эс хэрэгссэн, гэмт этгээдүүдтэй эвсэл, холбоо тогтоож хүчээ нэгтгэсэн, дараа дараачийн элч нарыг мөн л тамлаж хороосон, даажигнасан, басамжилсан хариу ирүүлсэн гэх мэтийн акт, баримтуудаар хэрэг явдал улам бүр даамжирч, засралыг олох найдлагагүй болсоор байжээ.
Монголчуудын аян дайны амжилтыг нөхцөлдүүлсэн нэгэн гадаад хүчин зүйл бол тэр үеийн Евро-Ази (улс орнууд) нь Их Монгол улс, хожуу Монголын эзэнт гүрэн хэмээгдсэн энэхүү субъектын хүч, боломж, чадавхийг таньж ч чадаагүй, тооцож ч завдаагүй бодит үнэн юм. Ялангуяа Оросын вангууд, жанжид, Зүүн Европын улсуудын хаад, ван нарт нүүдэлчдийн талаар тэр дундаас Их Монгол улсын хаан, цэрэг, зэвсэг, байлдах ур чадварын талаар үнэн мэдээлэл байсангүй. Нүүдэлчдийн жижиг овог, аймаг, бүдүүлэг хүмүүс, нум сумаар зэвсэглэсэн цөөн хэдэн морьтон зэрлэгүүдийн зэрэг, зиндаанд л Орос ба Европ Монголчуудыг үзэж, үнэлж байжээ. Ийм ойлголттой байсан Оросын вангууд Азийн зэрлэгүүдийн эсрэг нийлж нэгдэж, сүр дуулиан болохыг анхнаасаа ер бодсонгүй бололтой. Зэр зэвсэг муутай, бүдүүлэг, зэрлэг нүүдэлчдийн эсрэг дайтах гэж бусдаас тусламж гуйх нь бараг ичгүүртэй зүйлд тооцогдож байв. Иймээс ч тэдэнд болгоомжлох, хянуур, нямбай хандах сэтгэл дутаж ихэмсэг, дээрэнгүй зан авир гаргаж бүгд л Монголын элч нарыг доорд үзэж, тамлаж, цаазлан хороож, даапаалж, заримдаа ихэд егөөдсөн, доромжилсон хариу ч ирүүлж байжээ. Ийм ааш авирыг үзэн яддаг тэвчиж чаддаггүй, шударга, зоримог Монголчууд алдсан ч, оносон ч хариуг нь барих, барих барихдаа “шүдийг шүдээр, нүдийг нүдээр, цусыг цусаар” тооцох нь ч тодорхой билээ.
Хятадууд бүх нүүдэлчдийг Ху нар гэж, Европ, Орос болохоор варварууд, татарууд гэж хочилж эртнээс гадуурхаж, басамжилж, тэднийг ангилж, ялгаж, тус бүрийг нь оноосон нэрээр нь нэрлэхээс хүртэл тээршааж, төвөгшөөж, үл ойшоож байсны гор нь “онц томоор” хожуу гарчээ гэж хэлж ч бас болох юм.
Нийтийн тооллын өмнөхөн болон хойно их нүүдэл хийж. Ромын эзэнт гүрэн, Европын улс орнуудыг түгшээж байсан өмнөх үеийн нүүдэлчдээс Монголчуудын энэ удаагийн аян дайн нь шалтгаанаараа ч, зорилгоороо ч, хурд ба хүчээрээ ч, шинж байдлаараа ч огт өөр байсныг Орос ба Европ дахин ойлгоогүй байна. Яг хэрэг дээрээ бол Монголчууд дураар, зоргоороо авирлагчдыг нэгэн жолоон дор оруулж, гэмтнийг шийтгэж, номхон доройг өмгөөлж, дуртай шашинаа шүтэж энх тайван амьдрах нөхцлийг хэн бүхэнд, бүх нийтэд авч ирэх гэж өөрсдийгөө золиослон аян дайнд мордсон нь үнэн болно. Тэр цаг үедээ бол энэ нь их хэрэг, том зорилт, дэвшилттэй үзэл санаа мөн байлаа. Тайван амьдрал, чөлөөтэй худалдаа, солилцоо, улс орнуудын дэлхийн хэмжээний хамтын ажиллагааны төлөө тэмцэж эхэлсэн нүүдэлчдийн энэ их санаачлагыг харин хөрш орнууд нь өөр өөрсдийнхээ (эвдэрснийхээ хэрээр, атгаг муу санааныхаа үүднээс) доошлуулж, гутааж, “зэрлэгүүдийн булаан эзлэх, дээрмийн дайн” хэмээн үнэлж, нэрлэсэн юм. Элч зардсыг нь эелдгээр хүлээн авсан, дайтах тулалдахыг урьдал болгоогүй, сэхүүн дээрэнгүй ааш авир гаргаагүй, Монголчуудтай хэл амаа ололцох, ойлголцохыг хичээсэн, урьтаж санаачилсан хот, цайзуудыг тэд ер хөндөөгүй билээ. Тийм хотын зарим нь жинхэнэ тонуулчдын хувьд бол ёстой л арааны шүлс асгарам баян, тансаг байсан болно. Эзлэх, дээрэмдэх, алах хядахыг зорилгоо болгосон зэрлэгүүд бол ингэж хандана гэж үү?
Дэлхий дахиныг хамжиргаатай, чих зөөлөн, хүний ёсыг сахьдаг, зүй зохисыг эрхэмлэдэг болгож нэгэн жолооны дор оруулахыг туйлын зорилго болгосон, Их Монгол улс дотооддоо тогтоосонтой чанар нэг Монголжуу энх тайвныг тогтоох гэсэн хүмүүс л ингэж хандах нь тодорхой юм.
Тэгээд ч Монголчууд эзэлсэн улс орондоо үлдэж, цаашдын нь амьдралыг залж, чиглүүлж, шашны үндсэн дээрх зөрчлүүдийг арилгаж, татвар гувчуурыг байж болох доод хэмжээнд тогтоож, нэгэн угсааны хүн ардыг холбож, ойртуулж, нэгтгэж хувь заяа, ирээдүй хойчийг нь мэдрүүлж, түүхийн ухамсрыг нь сэргээж, ижилхэн хөг аялгуутай болгож өгсөн билээ. Ийм байдалд хүчлэн оруулсан нь тэр цаг үедээ, хожуу хойно, мөн одоо ч гэсэн олон олон ард түмэнд таашаагдаж, эерэгээр үнэлэгдэж байдаг.
Монгол цустай гэгдсэн олон ноёд, жанжид, оюунлаг, хүмүүс тухай тухайн ард түмэн дотроо цаг, цагтаа нэртэй зартай явж, гавъяа байгуулж байсан нь ч олон юм. Монголчууд аль ямар ч ард түмэн, угсаатныг Америк тив дэх европчууд шиг, Африк дахь европчууд шиг, Австрали дахь европчууд шиг, Гитлер шиг... ялгаварлан үзэж, хоморголон хөнөөж, төрөлх заяагдмал эрхүүдийг нь хөсөр хаяж гишгэчээгүй билээ. Булаах, дээрэмдэх, тонох, мөлжих аргад гаршсан “шинэхэн түүхийн баатрууд” тив, гүрнээрээ хөлжиж тэрбумтнууд болон хувирсан бол XIII зууны Монголчууд сор болсон хүмүүсээ эзэлсэн орнуудад томилон ажиллуулж, цэрэг дайчдаараа Торгоны замын сүлжээг мануулж, агт морьдынхоо ихэнхийг Евро-азийн уудамд өртөө улааны сүлжээнд хэрэглэж, өнөө цагийн НҮБ-ийнхтэй төсөөтэй үүргийг гүйцэтгэсээр эцэс хойно нь өөрсдөө сульдаж, доройтож, түүхэн том нэр, зартай ч тун ядруухан орон болж үлдсэн юм. Ингэхлээр XIII зууны үеийн Их Монгол улсын үүдэж, хэрэгжүүлсэн “Булаан эзлэх дээрмийн дайныг” түүнээс өмнөх үеүдийн хийгээд бүүр хожуу үеийн булаан эзлэх дээрмийн дайнуудтай жишиж үзэхүл нэг нь нөгөөгөө танихааргүй их ялгаатай дайнууд болох нь тодорхой ажээ. XIII зуунд Монголчуудад эзлэгдсэн ард түмнүүд бүгд л сэргэж, дэгжсэн юм. Ихэнх нь бүр цэцэглэн хөгжиж цаг цагтаа бүс нутгийнхаа “сор” нь, “сарнай” нь болж байлаа. Оросын олон вант улсууд Монголчуудын “хатуу гарын” хүчээр нэгтгэгдэж улмаар оросын ард түмний үндэсний үзэл, түүхийн ухамсар нэгэн чиг, адил эрмэлзэлтэй болж цаашид улам хүчирхэгжих, их гүрний шинж, зиндааг олохын суурь, үндэс ч баттай тавигджээ. 1241 он гэхэд Оросод байсан 300 шахам том, жижиг хотын 40 гаруй нь дайны хөлд эвдэрч сүйрсний ихэнхийг дахин сэргээхэд Монгол хаадууд анхаарч ард олон ч төрөлх хотуудаа дахин сэргээж, бүтээн босгожээ. Цөөн хэдийг нь харин дахин сэргээж чадаагүй ба тэдгээрийн туурь ором нь Оросын цэрэг, дайчид, хотын оршин суугчдын барилга байшин, цайз хамгаалалтаас ч илүү хатуужил, тэсвэрийн, бөх батын гэрч болон үлджээ. Ёстой л “цээлийн ус ширгэж, цэгээн чулуу хагарч” байхад тэд хагаралгүй, нугаралгүй тулалдсаар “уулыг тал болтол, талыг там болтол” баатарлагаар зууралдан байлдаж эсрэг этгээдээ бахархал ба хорсолд эн тэнцүү автагдахад хүчлэн хүргэж байсны гэрч, нотолгоо нь хожуу үеийн бидэнд мөнхүү туурь, ором болж байна. Оросын цэрэг, дайчид, хотыг хамгаалан тулалдсан эр, эм иргэд, хүүхдүүдийн гавъяаг өнөөдөр Оросын түүхчид ч, бас Монголын түүхчид ч бахархан дурсаж, толгой гудайлган хүндэтгэж байдаг билээ.
Оросын цэрэг дайчид, хотын оршин суугчид бараг гудамж нэг бүр, байшин нэг бүрийг улайран хамгаалж, хаалт босгон бэхлэж зууралдан тулалдаж байсан нь хотуудын эвдрэл, гэмтэл, тэдгээрийн балгас болон үлдэхэд хүргэсээр байлаа. Тулалдааны явцад салхины чигийг ашиглан Монголын морьт цэргийн эсрэг тавьсан гал, түймрийн дөл замдаа тааралдсан бүхнийг үнс, нурам болгож унтраах боломжгүй их түймрийг ч мөн дэгдээж байв. Зарим хотын оршин суугчид дайсны морьт цэргийг зогсоохын тулд өндөр байшингуудыг нурааж гудамж, талбайг хааж байсан нь эвдрэл, сүйрлийн хэмжээг нэн ихээр нэмэгдүүлжээ. Газар тас хөлдүү дүн өвлийн хүйтнээр бүслэгдэж аргагүйдсэн хотын оршин суугчид байшин барилгаа л нурааж хаалт босгоход ашиглахаас өөр арга зам байсангүй...
Түүхэн тэр цаг үед нэгдэж нийлсэн Орос улс байгаагүй, оросууд үндэстэн-улс болж төвлөрч чадаагүйн балгаар энэ ард түмэн өөрийн хүчин чадал, нөөц боломжийн дөнгөж 20 хувиар, 30 хувиар, зарим хотын дэргэд бүр 10-15 хувиар л эсэргүүцэл үзүүлж байлаа. Зүүн Европод ч байдал мөн тийм байв.
Яг л XII зууны сүүл хавийн Монгол аймгууд шиг тархай бутархай байдал ноёрхсон энэ дүр зураг нь тэднийг довтлон эзэлж нэгэн жолоо, нэгэн хууль эрхэмж, төв төрийн хатуу нөлөөнд хүчлэн оруулахын зөв зохистойд Монголчуудыг итгүүлж, ингэх цаг нь болсон мэт сэтгэгдэл төрүүлж байжээ. “Дэлхий дахин” гэх нэгэн том тогтолцоо, түүний мэдээлэл, харилцааны сүлжээ үгүй байгаагийн улмаас Монголын цэрэг-армийн талаарх зөв ойлголт ч Оросын болон Европын хаад, ван нар, жанжидад үгүй байгааг монголчууд олж харжээ. Энэ бүхэн нь дэлхий дахиныг нэгтгэх, чингиснээр нэгдмэл нэгэн дэлхийн түүхийн эхлэлийг тавихын чухлыг ч тэр цагийн оюунлаг хүмүүст мэдрүүлсэн байна. Газар нутаг, хүн ард, хэл соёлоо хамгаалах амин чухал эрх ашгийг тойрон нэгдэж чадахгүй байсан Оросын вангууд өөр юуг ч тойрон нэгдэх билээ, бас хэзээ ч нэгдлээ билээ, ер нь хэзээ ч нэгдэж чадахгүй мэтээр төсөөлөгдөж, нэгдэхийн ач холбогдол ба давуу талыг сайтар ойлгосон Монголын хан хөвүүд, жанждын дургүйг хүргэж тэдэнд хүндэтгэлгүй хандахад ч түлхэц өгсөөр байжээ. Монголчууд хэзээнээсээ нааш эв найргүй байдал, шил шилээ харсан ааш, бусдын араар орж нуугддаг хулчгар, атгаг зан зэргийг ер тэвчдэггүй хүмүүс билээ. “Шуудайнд хийсэн эвэр шиг”, “Аймхай хүн арав үхэх, зоригтой хүн нэг үхэх”, “Эвт шаазгай буга барьдаг”, “Цувж яваа бараас цуглаж суусан шаазгай хүчтэй” гэх мэтээр шүүмжлэн хэлэлцдэг Монголчууд оросуудын ялагдлын шалтгааныг ч мөн тодорхой ойлгож байжээ. Оросын дайчид муудаа биш, сул доройдоо биш, зориг зүрхгүйдээ биш ганцхүү тэд их аюултай нүүр тулгаран хүчин мөхөсдөж буй ах дүү нартаа туслахгүй, бусдынхаа аюумшиг, зовлонг хуваалцахгүй, “хүний гараар могой бариулах” гэж атгаг санаа гарган хувь хувиа бодож байсантай нь холбоотойгоор ээлж дараалан ялагдал хүлээж байгааг нь ч Монголын хан хөвүүд, жанжид ойлгож, хүний мөс чанараар мууд нь Оросын вангуудад дур гутаж, жигшиж байв. Монгол дайчид, жанжид бол өөр төрөлхтөн, дээд заяатан биш, тэднийг ид шид болон бурхад дэмждэг биш, харин тэд цэрэг, армийн хувьд чанар, чансаагаараа XIII зуунд бусдаас илүү их өндөрт байснаараа ялалтнаас ялалтанд хүрсэн гэдгээ ч хүнээр хэлүүлэлтгүй мэдэж, улам ч хичээж, сул талаа арилгаж, сайн талаа бэхжүүлсээр, алдаа ба ялалтын аль алинаас нь суралцаж улам бүр чамбайрсаар байжээ.
1237-1240 оны дайнд Монголын арми хэдийгээр эх орноосоо хол, зөөврийн дайн хийсэн ч гэсэн анхныхаа хүч, чадавхийг хадгалсаар, хохирлоо элдвээр нөхөж улам бүр хүчирхэгжсээр байв. Өгөдэй хаан нас барж нэн ээдрээтэй нөхцөл үүсээгүйсэн бол Бат хааны удирдсан их цэрэг Герман, Францыг чиглэн давшихад бэлэн байсан юм. Чингис хааны амьд ахуйд, мөн түүний дараах зуун жилийн ихэнхэд нь Монголын арми дэлхийд тэргүүлсээр, цэрэг дайны хэрэгт нөлөө, оролцоо нь тодорхойлох, шийдвэрлэх шинж, байдалтай хэвээрээ байсан билээ. Тиймдээ ч Евро-Азийг нэгэн хил дотор оруулж, нэгэн завин дээр суулгажээ. Дэлхийг нэгдмэл нэгэн нийтлэг-“Дэлхий дахин” болж хувирахад саад тотгор болж байсан бүхнийг Монголын эзэнт улс устгаж, дэлхийн түүх иж бүрдлээр бичигдэж эхлэх бололцоог анхлан буй болгожээ. Дэлхий нэгэн завь болж бүх оршин суугчид (зорчигчид) нь холбоо, харилцаанд орж, намтар, түүх нь харилцан нягт уялдах болсноор дэлхийн түүх ч мөн элдэв хувилбараар бичигдэж эхэлсэн байна. Хүн төрөлхтөн Америк тив, Австрали тивийг мэддэггүй, тэнд хүмүүс амьдардгийг мэддэггүй, гадаад их далайнууд дунд том арлууд байдаг, зарим дээр нь хүмүүс ая төрдгийг ч мэддэггүй байв. Мөн Европын улсууд Азийн улсуудын сураг занги төдийхөн мэддэг, Азийн хүмүүс Европчуудтай холбоо, харилцаагүй, Африк тивд хар арьстан хүмүүс байдаг гэхээс цаашгүй шахам байсан үед манай гаригийн хэмжээнд байгаль ба нийгмийн асуудлуудыг авч үзэх, судлах, байгалийн хувьслын түүх, нийгмийн хувьслын түүхийг ч дэлхийн хэмжээнд бичих боломж байгаагүй билээ. Дэлхийн газарзүйн зураг, улстөрийн зураг, угсаатны зураг, ургамал ба амьтны зураг ч нэг мөр болж боловсрогдоогүй, тийм боломж ч алга байв. Европод бичигдэж байсан түүхүүдэд Азийн улсууд орхигдсон, Азид бичигдэж байсан түүхүүдэд Европын улсууд орхигдсон, бичмэл түүхүүд ч гэсэн домгуудад ихэд тулгуурласан, түүх гэгдэхээсээ илүү уран сайхны бүтээл гэгдэхээр тийм шинж, байдал XIII зууныг хүртэл ноёрхсоор иржээ.
Монгол жанждын удирдан явуулсан их аян дайны шинж, зорилгын тухай Хятад дахь байлдан дагуулалтай холбож цөөн зүйл хэлье. Эрт өмнийн их хонзон,тооцоо бүхий Алтан улсын төрийг мөхөөхийн төлөө явуулсан аян дайны үеэс эхлэн Хойд Хятадын талаарх Монголчуудын цэрэг, улстөрийн бодлого нь үндсэндээ хятад иргэдийн аюулгүй байдлыг хангах, Алтан улсын төрийн нөлөө оролцоог таслан зогсоох, Алтан улсын төрийн эсрэг хятад иргэдийн зүгээс гаргах болсон эсэргүүцэл, тэмцлийг дэмжих, удирдагчдыг нь өөртөө татах, өөрсдийгөө хамгаалах зорилгоор нэгдэж зохион байгуулагдсан хятад иргэдийг удирдах эрхийг тэдэнд зөвшөөрөх, тэдгээрийг ивээлдээ авах зэргээр тун ч овжин, ухаалаг байж Алтан улсыг ганцаардуулан цохиход л голлон анхаарч байсан юм. Хядан гүрний задралын үеийн дайн, самуун, Алтан улсын түрэмгий үйлдлүүд зэрэгт угсран, үргэлжлэн өртсөөр туйлдаж цөхөрсөн Хойд хятадын иргэд нөлөө бүхий хүмүүс ч гэсэн Их Монгол улсын цэрэг, армитай сөргөлдөн тэмцэж хохирсноос тэдэнтэй эвсэж, нөмөр нөөлөгт нь орж тайван амьдрахыг илүүтэйд үзэж байжээ. Хятад иргэдийн энэхүү аялдан дагах бодлого нь нэн ялангуяа Мөнх хааны зарлигаар Хубилайг говийн өмнөд нутаг ба хятад орны ерөнхий захирагчаар томилсон 1251 оноос улам ч их өргөн, хүчтэй болжээ. Монголчуудын оролцоо, захиргааг хүлээн авч тэдэнд үйлчлэх, туслахаа сайн дураар илэрхийлсэн нөлөө бүхий хүмүүс бараг муж болгоноос олдсоор байлаа. Шандун, Хэбэй, Саныпи мужуудаас хорь шахам нөлөө бүхий удирдагч дагаж орж өөрсдийн аюулгүй байдлаа баталгаажуулж байсан баримт үлджээ. Хожуу үеийн (1260-аад он) ноёд, жанждын дотроос хятад дахь хэрэг явдал, хятад иргэд, нөлөө бүхий удирдагчдын нь санаа бодол, эрмэлзлийг хамгийн сайн ойлгож байсан хүний хувьд Хубилай хятадуудын мөнхүү аялдан дагалдах, амь амиа тээх, эзэд дээдэс нь хэн байхыг төдийлөн их анхаардаггүй онцлогийг сайтар ашиглаж чаджээ. Улстөрийн иймэрхүү оновчтой, ухаалаг бодлогын ачаар Хойд хятад болон Өмнөд монголчуудын оршин байсан арвин их газарт Хубилай нөлөөгөө тогтоож муж муждаа нэр хүнд бүхий язгууртан, цэрэг захирагчдыг нь өөртөө элсүүлж дөнгөжээ.
Хожуухан нь Тулуйн удмынханд Мөнх хаан Хятадын Шандун, Хэнан, Вэй хүй, Хуай мэн, Жан дэ зэрэг мужид ихээхэн газар нутаг, иргэдийг өмчлүүлэн өгсөн нь Хубилайн Хятадад бэхжихэд тун их тус болжээ. Ингэ ингэсээр Хубилайн нэр, хүнд ихээхэн өндөржиж түүнд Хятадын шадрууд нь “Күнзийн сургаалтны их багш” гэсэн цол олгож Хятадын төр, ёсны уламжлалд үнэнч, дундадын соёлыг ивээгч, хамгаалагч болгон өргөмжлөх болсон байна. Чингэж Хубилайг хятадуудад ивээлтэй Монгол хаан болгож хувиргах процесс Хятадын улстөрийн бодлоготонгуудад зуршмал байдаг олон өнгө, хөг аястай ялдам, найртай аргуудад түшиглэн цааш цаашдаа шатлан өрнөжээ. Тиймээс ч Мөнх хаан болон түүний дүү Хубилайн удирдлагаар хэрэгжсэн цэрэг-дайны үйл ажиллагааг тухайн тэр цаг үедээ ч, бас хожуу хойно нь ч “булаан эзлэх дээрмийн дайн, зэрлэгүүдийн балмад түрэмгийлэл" хэмээн харааж зүхэх нь бараг байсангүй...
Чингис хаан, түүний хөвгүүд, ач нарын цэрэг-дайны үйл ажиллагаа, тэдгээрийн хаанчлалын үр дагавар, нөлөөг дан ганц хар бараан өнгөөр, гагцхүү хонзогносон байр сууринаас, түмэн янзын хэтрүүлэгтэйгээр бичиж ирсэн ялагдсан орнуудын “түүхчид”-ийн бүтээлүүд XX зууны сүүлчээс эхлэн түүхийн үнэнд гүйцэгдэж эхэллээ. Ялагдсан орнуудын хаад, жанждын биесээ ихэд өргөмжилж, дээрэнгүй зан авир гаргаж, хэр чадлаа буруу үнэлж, Монгол улсын элч, зардас, худалдаачид, цэргийн олзлогдогсдыг тамалж, доромжилж, цаазлан хороож байсны бурууг, хүнд ял, уршиг тарьж байсны зохисгүйг судлаачид үнэнээр нь өгүүлэх, тэмдэглэн хэлэх болов. Монгол хаадын удирдахуйн ухааны эерэг нөлөө, цааш цаашдын сайн үр дагавар, Монголчуудын байлдан дагууллаас үүдэл, эхлэл бүхий эерэг үзэгдлүүд зэргийн талаар эргэж нухацтай үзэж, судалж, шинэ сонирхолтой бүтээл туурвих болсон судлаачдын тоо хурдан өслөө. Чингэж, хэрэг дээрээ дэлхий дахины түүх бичлэгт чанарын ахиц гарч, дэвшил буй болсоор байна.
Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан Алтан Ордон улс, Юань улсын төр засаглал, хууль эрхэмж, гааль, татварын бодлого, цэрэг-дайны ололт, туршлага, худалдаа-солилцооны зам, сүлжээ зэрэг нь цааш цаашдаа нэгдэж хүчирхэгжсэн Орос орон болон мөн нэгдэж хүчирхэгжсэн Хятад орны амьдралд уламжлагдан үлдэж, удаан хугацаанд ашиглагдаж, ач тусаа өгсөөр байлаа. Урьд өмнө бодьтой оршин байсан нэгдсэн хүчирхэг төрийн уламжлал XIII зуунаас өмнө Оросуудад ч, мөн Хятадуудад ч байгаагүй болохоор Монгол хаадын бүтээж, төлөвшүүлсэн бүхнийг үргэлжлүүлэн ашиглахаас өөр аргагүй байв. Чингэж ихэд монголчлогдсон төрийн тогтолцоо, хууль эрхэмж, татвар гувчуур, улстөрийн нэр, томъёо, монгол хэлний үгс, бүр хаадын нь цусан дахь монгол хольц, ген... хоёр хөршид маань үлдэж хоцроод эдүгээ цагт ч мөн байсаар буй нь үнэн болно. Монголын хаадын удирдахуйн ухаан, шашин суртлын талаар баримталж байсан либераль зарчим, нээлттэй нийгмийн бодлого, арьс өнгө, яс угсаа, хэл соёлоор үл ялгаварлах, хүмүүнлэг шинж, хандлага зэрэг нь эдүгээ цагийн даяарчлалын эрин үед шинэ, дээд шатнаа гарч дахин давтагдан ашиглагдахаас ч өөр аргагүй юм. Орчин үеийн дэлхий ертөнцийн суурь, фундаментыг тавьж анхдагч нүүр царайг нь биечлэн удирдаж бүтээсэн Монголчуудын “их санаа, чармайлт” энэ XXI зуунд л олон талаар ойлгомжтой болж ирж байна. НҮБ-ын зэрэг, зиндааны удирдах ажилтан, улс төрийн бодлоготонгуудын хувьд Чингис хааны зорилго, эрмэлзэл бүүр ч их ойлгомжтой, хол явах нөлөө, ач холбогдолтой болж ухаарагдах нигууртай юм.
Улстөрийн бодлоготон, төрийн тэргүүн, 40 гаруй улс орныг нэгтгэн захирсан их эзний хувьд Чингис хаан XIII зуундаа л бүх улстөрчид, бүх хаадаас “тохой илүү” өндөр түвшний ухаалаг хүн байжээ.
Том, жижиг олон хан, ван, жанжидаар удирдуулсан монгол, түрэг, хамниган угсааны овог, аймаг улсуудыг нэгтгэн хурааж чадсан олон жилийн практикийн явцад тэрээр “амьдралын их сургууль” төгсөж улстөрийн холч мэргэн бодлоготон, оюунлаг удирдагч болон төлөвшжээ. Ард түмнүүдийн хувьд шашин суртлын гүйцэтгэдэг үүрэг, ролийг ч нэвтэрхий сайн таньжээ. Үл ялагдах жанжин болох явцдаа тэрээр чингэж үл алдах, үл осолдох улстөрч болж хувирчээ. Их цэргийн ахуй, хангамж, зэвсэг, бас зөөвриин дайны үеийн бэрхшээл, хүндрэлийг урьдаас олж харж, зөв төлөвлөж, даван туулж чадаж байсныг бодоход тэрээр мөн том эдиин засагч, төлөвлөгч байжээ. Монгол хүн, нүүдэлчин болохынхаа хувьд тэрээр байгаль, цаг уурын талын мэдлэгээр ч мөн бусдаас “толгой илүү, тохой өндөр” нэгэн байлаа. Том, жижиг аян дайн нэг бүр нь урьдчилсан тандалт, тохирох бэлтгэл,тактикийн зөв сонголтгүйгээр эхэлдэггүй, товлогддоггүй байв. Төв Ази, монголын өндөрлөгт хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь бараг бүх тал хэсгээрээ Зүүн Европ ба Ойрх Дорнотод оролцоогоор таарч, тохирч байжээ. Мөн л цэрэг-улстөрийн олон толгой, олон шашин, биеэ тоосон олон хаан, ван нар, хувь хувиа хичээсэн олон ашиг сонирхол, цэрэг зэвсгийнхээ хүчийг тарамдсан олон салангид хамгаалалт, андуу зөрүү үнэлгээ, хомс мэдээлэл, “бусдын гараар могой бариулах” гэсэн мөчидхөн бодол, санаархал, ил, далд урвалт, хэр чадлаа хэтрүүлж үнэлсэн давлиун ааш, авир... бүгд л мэддэг таньдаг шинж байдал байв. Харин эсрэг этгээдүүдийн нь хувьд Монголчуудын бүх зүйл шинэ, оньсого, таавар байсан бололтой. Басамжлах, гайхах сэтгэгдэл төрөхөөр гэнэн, сонин болчимгүй ааш авир гаргах нь зүүн болон төв Европын хаад, ван нар жанждаас элбэг үзэгдэж байжээ.
Шашин суртлын үндсэн дээр талцаж, эвдрэлцэж, бүр дайн хийж олон хүний амь нас бүрэлгэж, хот тосгодоо эвдэлж, шатааж, газартаа тэгшилж хэл, соёл, эх орон нэгтэй ах дүүсээ хүртэл хядаж, устгаж байдаг нь ч Монголчуудад ихийг ухааруулжээ. Шүтдэг шашинаар нь дамжуулан олон хэрэг, зорилгыг гүйцэлдүүлж болохыг Чингис хаан сайтар ойлгож мөн тэр дор нь ашиглаж эхэлжээ. Хорезмын шахын цэрэгтэй тулалдаж явах үедээ самбаачлан Хятад дахь нэр, нөлөө бүхий шашны тэргүүнийг урьж аваачин уулзаж өөртөө татаад, Хятадуудын шашин суртлыг хүндэлдэг, ойлгож дэмждэг хаан гэдгээ Чанчунь бомбоор (1148-1227) дамжуулан Хойд Хятад даяар сурталчлуулж чадсан нь Чингис хааны суу ухаан, холч мэргэн бодлого, алсын зорилгоо урьдаас товлон тогтоож, түүнд эртнээс бэлдэж ордгийн нь жишээ мөн юм.
Хятадын дэвшилттэй үзэлтэй мэргэд ард түмнийхээ оюун санааны амьдрал дахь ялгаа, зөрчлийг зөөллөх, шашин суртлын хувьд нэгдэлтэй болгохыг эрмэлзэхдээ гол гурван шашин суртлаа адилхан хэмжээнд дээдлэн үзсэн “Гурван богдын сургаал”-ыг сайшаах, түгээхийг хичээдэг болсон байв. Буддын шашин (Будда), Күнзын суртал (Күнз), Бомбын шашин (Лаоз) бол нэг нь нөгөөгөө өөр талаас нь үргэлжлүүлдэг, нөхдөг, улам ч хүчтэй болгодог мэтээр сурталчлах нь их болоод байжээ. Улстөрийн ашиг, сонирхлын үүднээс, мөн танин мэдэхүйн ашиг, сонирхлын үүднээс шашны асуудалд либеральдуу хандахын ач холбогдлыг Хятадад ч бас үнэлэх болсон нь тэр ажээ.
Хувь хүмүүний амьдрал байгалиас, нийгмээс, мөн өөрийн нь дотоод ертөнцөөс шалтгаалдаг болох тул байгалийн жам дагуу биесээ авч явахын зохистойг онолдон сурталчилдаг даосизм лаоз, -(Мэө Ү зуунд амьдарч байсан философич, даосизмыг үндэслэгч, бомбын шашны их багш) болон мөн хүмүүн бүхэн нийгэмд нэгэнт тогтож хэвшсэн хэв ёс, хүндлэл дээдлэл, их бага, ихэс доодсын ёсыг сахиж амьдрахын зохистойг ухуулагч Күнз, тэрчлэн хүмүүн бүхэн дотоод сэтгэлээ таньж, цэвэршүүлж, нүгэл бүхнээс зайлсхийж, хоосон чанарыг ойлгож хүлээн авч аливаад шунах, тачаахаас бүрэн чөлөөлөгдөж чадахын зохистойд итгүүлэхийг эрхэмлэдэг буддизм (Будда) гурав нь нэгдэж нийлээд нэгэн супер онол, сургаал болохгүй ч гэсэн зэрэгцэн оршиж "хүний ертөнцөд “сайны ерөөл” болж байх нь түүхийн тэр үед их л дэвшилттэй үзэл санаа мөн байв.
Хэрвээ эл гурван сургаал, номлолыг хэтрүүлэг, туйлшрал, шашны гэгдэх бүхнээс нь чөлөөлөх аваас цаана нь хүмүүн хэмээх биологи-нийгмийн амьтны гадаад ертөнц (байгаль, нийгэм) ба дотоод ертөнцийн холбогдолтой асуудлууд л үлдэж хоцрох билээ. Тэдгээрийн цаг цагийн ойлголт, тайлбарын философийн асуудлууд нь байгаль ба нийгмийн шинжлэлийн ололтуудтай уялдан судлагдаж хүн төрөлхтний мэдлэгийн санг арвижуулж байх нигууртай болно. Эдгээр шашин суртлын аль алинд нь үнэт зүйлс их бий. Гүнзгий утгатай санаа, дүгнэлтүүд нь аргагүй л хүндэтгэл төрүүлж бодох, бясалгахад хүргэдэг юм. Бомбын шашны гол сургаал болох “Зам мөрийн судар”-т байгаль хүмүүнийг эзэн ба боол үгүйгээр заяасан болох учир зохицон амьдрах учиртай. Байгалийн жам, хууль л жам, хууль мөн. Байгалийн хувьсал л хүнд зам заадаг. Улирлын өнгө хийгээд цагийн аяст нийцэж явах нь дээд ухаан, зүй зохис мөн... гэх мэтийн үзэл, санааг өгүүлсэн байдаг ажээ. Күнз нийгмийн жамыг дээдлэн улираан сахихыг л номлодог бол Будда сэтгэлийн зохисыг олох, сахихыг эрхэмд үзэж байжээ.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(17)
Mundag bichjee
Мундага шаажээ. Монгол империйг сэргээн босгосон алтан ургийн хоёр их хүн бол Ленин Маоцэдун хоёр. Ленин Сэсээрийг байгуулж, Мао Китай-чинааг байгуулав. Одоо хоёр их гүрэн нэгдээд Евраази - Нармай-Монголиа гэсэн нэртэй импери болох юм.
Todorhoi heseg humuust taalagdah ni hamaagui
Kkk
tor iig har , henee bee ? niikhem iig har , henee bee ? science iin institutes ,university education institutes iig ni har , henee beee ? iim adgiin yum medekhgui ,bitgee virus tsatsarei -nuul shuu
Хэдэн зууны өмнөх хэргийг өнөөдөр 2+1-р зуунаар одоочилж бичих нь нэг ёсны тархи угаалт.Өөр өөрийн нутаг дээрээ үндэстэн ястныхаа зан заншилраа аж төрөх нь тэдний хэнтэй хуваалцагүй эрх, Нэг дээвэр багтаан барих гэх нь өөрөө ёс зүйгүй хүчирхийлэлийн нэг хэлбэр.
Яс махны тасархай туваа,халимаг,буриад, өвөрлөгчдөө бид юу гэдэг билээ?Өвөрлөгдийг хужаал гэдэг биздээ .Ийм байж дэлхийг нэгтгэх юм гэнээ. Мөн их хийрхэл ээ
toigtniig sцhruulj tolgoitniig bцhiilцgsцn augaa ih цvцg deedesdee sцgdцn mцrgii. delhiid odoo ch yls tцr uy ch ццrchlцgdццgui ee.
тойгтнийг сөхрүүлж толгойтнийг бөхийлөгсөн Аугай их өбөг дээдэсдээ сөгдөн мөргий. дэлхийд одоо ч улс төр өөрчлөгдөөгүй.
Odoogiinhoo nudeer harj tuuhiig guivuuljee
Сайхан нийтлэл байна. Баярлалаа
Fuck you
Жаахан хэтрүүлсэнийг эс тооцвол зөв сайн бичжээ. Фантази бичсэнээс дээр болжээ.
Sain bichjee iim tuuh unshihad saihan bna uneniig bichdeg uchraas sonirholtoi baidag yum bna
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Orosiin tuv Televizuudeer "Tobol'sk", "Sibir" geh met serialuud garch bn. Vladimir Putin Kazakhstanchuudad bid nar ta nariig Mongolchuudaas (Zuungarchuudaas) avarsan shuu! Gj bituu sanuulj bgaa arga hemjee gj oilgogdoj bn uu