сонин mn
 
 
Дайн ба энхийн асуудал бол дэлхий дахины хувьд, хүн төрөлхтний хувьд онцгой чухал цөөн асуудлын нэг юм.
Дайны аюулыг мэдэхгүй улс орон, ард түмэн гэж үгүй. Мөн энх амьдралын ач холбогдлыг мэдэхгүй, ойлгодоггүй улс орон, ард түмэн гэж бас үгүй. Гэхдээ л хаа сайгүй шахам дайн гарсаар цус, нулимс урссаар байжээ. Дайн, энхийн асуудлыг ямагт зөв шийдвэрлэж байсан улс орон үгүй. 
Аль нэгэн шалтгаанаар улс орнууд зөрчилдөж, асуудлаа тайван замаар, зөвшилцлөөр шийдвэрлэж чадахаа байхлаараа л зэвсэг барин тулалдаж иржээ. Гэвч дайн мөргөлдөөн бол асуудлыг шийддэг хэрэгсэл биш юм. Дайн нь удаах дайнд хүргэж, оролцсон талууд бүгд хохирч үлдэх нь олон байв. Энэ сургамжийг ч тооцдоггүй. 
Томоохон угсаатан бүр төр улс болон хүчирхэгжиж, цэрэг, зэвсэгтэй болж ашиг, сонирхлоо хамгаалах, бусдад тулган хүчирхийлэх болсон сүүлийн 5 мянга гаруй жилийн хугацаанд нийтдээ 15.000 орчим дайн гарчээ. Жилд дундчаар 2-3 удаа зэвсэглэн тулалдаж байжээ гэсэн үг. Эдгээр дайнд амь үрэгдсэн хүний тоо ойролцоогоор 3.5 тэрбум гэх тооцоо бас бий. Учруулсан эд материалын хохирол нь дүрсэлж хэлэх аваас дэлхий дахиныг диваажин болгож өөрчлөхөд элбэг хүрэлцэхээр ажээ. Гэвч улстөрчид, хаадууд дайн, мөргөлдөөний энэ том, энэ их сөрөг үр дагаврыг, дайнаас үлдсэн сургамжийг нэг их удалгүй мартаж, дайнд хүргэж болзошгүй зөрчлүүдэд хайхрамжгүй хандах нь элбэг байжээ. Том дайн, бүр олон арван жил үргэлжилсэн дайнууд шашин суртлын үндсэн дээр дэгдэж байсан тохиолдол ч олон байлаа. 
 
Суртал, ёс зүйн үүднээс нь үзэх аваас дэлхийн том шашин бүр бүгд л дайны эсрэг идэвхтэй тэмцэх ёстой билээ. Дайн бол шашин нэгбүрийн нүгэл болон буяны суртал, ёс суртахуунтай гүн уялдаа бүхий нэгэн гол асуудал юм. Иймээс нэр нүүрээ боддог, өөрийгөө хүндлэн үздэг, ёс зүйтэй шашин нэгбүр дайны хөнөөлөөс сэрэмжилж, бусдыг сэрэмжлүүлж байх үүрэгтэй, энэ талаар ямагт энх тайванч бодлогод захирагдаж байх учиртай ажээ. Гэвч төрийн муу нөлөө, зуршилд автаж холбоотон нь болох шахсан сүм хийдүүд, хамба нар шашин суртлын журамт үүргээ огоорч ганцаар эзэрхэх, бусад шашныг үл хүндлэх, бүр үзэн ядах нь тив бүрд тохиолдсоор байв. Энэ бол шашин бүр өөрөө өөртөө үнэнч бишийн нотолгоо юм. 
 
Шашин суртал нь эрт үүсэж өргөн тархсан, ард олны оюун санааны амьдралыг дангаараа тодорхойлж байсан тэр бүс нутгуудад дайн, мөргөлдөөн хамгийн олон дэгдсэн нь хачирхалтай. Жишээ нь дэлхий дахинд гарсан бүх дайны бараг л 50 хувь нь Европ тивд гарчээ. Олон улс орон татагдан орсон мөнхүү дайнуудын явцад XIII зуунд 3 сая гаруй хүн, XVIII зуунд 5 сая орчим, XIX зуунд 6 сая шахам хүн амь үрэгджээ.
 
Христос шашны урсгалууд хооронд гарсан зөрчлийн улмаас дэгдсэн дайн, мөргөлдөөн 30 жил үргэлжилсэн харамсмаар баримт ч бас бий...
10 гаруй том гүрэн улс дэлхийг хуваан өмчилж дуусаад улмаар хоорондоо өрсөлдөх болсноор дэгдсэн том дайнуудын хор хөнөөл урд өмнөхтэй зүйрлэмгүй их болсон хэдий ч дайн, мөргөлдөөн ер тасраагүй билээ. ХХ зууны эхээр болон дундуур дэгдсэн дайн дэлхий дахиныг бүхлээр нь шахам хамарчээ. Европ, Ази, Африкийн орнуудыг хамран дэгдсэн Дэлхийн нэгдүгээр дайнд нийт хүн амын 60 гаруй хувь нь аль нэг байдлаар оролцжээ. 1917 оны эхний байдлаар дайтаж буй хоёр эвслийн цэрэг, офицерын тоо 40 шахам саяд хүрсэн байв. Энэ дайнд 10 орчим сая цэрэг, офицер алагдаж, 20 гаруй сая хүн шархдаж, 10 сая орчим хүн өлсгөлөн болон өвчнөөр нас баржээ. Энэ дайнд хүйтэн, халуун зэвсэг, мөн химийн зэвсэг хэрэглэгджээ. Энэ дайны логик үргэлжлэл, төгсгөл болж дэгдсэн дэлхийн 2-р дайнд бүх тивийн 60 гаруй улс орон оролцож 40 гаруй орны газар нутаг дайны хөлд талхлагджээ. Тулалдааны талбарт амь үрэгдсэн цэрэг эрсийн тоо 30 сая орчим, шархдаж тахир дутуу болсон хүний тоо 29 сая давжээ. Амь үрэгдсэн жирийн иргэдийн тоо мөн хэдэн арван саяд хүрсэн байна. Дайны улмаас учирсан эд материалын хохирол I ба II дайны дүнгээр бараг л 5.000 млрд доллар болжээ. 
 
Дэлхийн I дайны үед өдөр бүр 6500 хүн амь үрэгдэж байсан бол Дэлхийн II дайны үед өдөр бүр 25.200 хүн амь үрэгдэж байжээ. Энэ 25.200 хүний ихэнх нь цэргийн насны идэр залуус байсан гээд бодоход үнэхээр харамсмаар, халаглахаар ажээ. Хүмүүс, тэр тусмаа ХХ зууны эхэн үеийн соёлтой, иргэншсэн хүмүүс цэл залуу хөвгүүдээ ингэж хөнөөж байсан нь, хөнөөж чадсан нь гайхал төрүүлэхээр бусармаг үзэгдэл юм. Өдөрт 25.200 хүн амь үрэгдэнэ гэдэг бол нэг цагт 1000 гаруй цэрэг эрс амиа алдаж байжээ. II дайны үед цэрэгт дайчлагдсан залуусын тоо 120 орчим сая байсан гэх тооцоо бий...
 
Өнгөрснийг орхиод өнөөдрийн (2021 оны 12-р сарын 16) жишээ татъя. Афганистан өлсгөлөнд нэрвэгдэж нялх нярай хүүхдүүд (ээж нар нь хоолгүйгээс болж сүү нь татраад) турж эцээд муужран хэвтэж буйг Ийгл ТВ харууллаа. Нүд хальтраад, зүрх шимшрээд, харах ба сонсоход хэцүү байв. Афганистаны ард түмэн яагаад ингэтлээ алагдаж, өлсөж, сүйрч байгаа юм бэ? Энэний буруутан нь хэн бэ? Тэд өөрсдөө юү?, гадны хүч үү? Олон жил үргэлжилсэн дайнаар юугаа шийдвэрлэсэн юм бэ? XXI зууны эхэн үеийн хүн төрөлхтний байж байгаа царай нь энэ гэж үү?... Хүн төрөлхтөн хүмүүнлэг хүмүүс болох яагаа ч үгүй байгаа нь энэ гэж үү?
 
Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд усан цахилгаан станц барих, барихгүйн төлөө зөрчил иргэний дайнд хүргэнэ гэж ярих хүн гарлаа. Монголчууд бид ингэтлээ хэгжүүн, хүйтэн, тэнэг хүмүүс болчихлоо гэж үү? Байлдаж нэг нэгнээ хөнөөхгүйгээр ийм жижиг асуудлыг ч шийдэж чадахгүй, зөвшилцөн ойлголцож, эх орноо, алс ирээдүйгээ бодсон ухаалаг шийдэлд хүрчихэж чадахгүй болчихсон гэж үү.
 
Ардчилал бол зөвшилцөл, ойлголцол, нийтийн ашиг, сонирхлыг тооцож аливаад ханддаг нийгэм шүү дээ. Анархизм, хүчирхийлэл, дур зоргоор авирлахыг ардчилсан бие хүмүүс, иргэд жигшиж, цээрлэж байх учиртай. Бид ашиг, сонирхол нэгтэй, нэгдмэл түүхийн ухамсартай, уламжлал ба ирээдүй нэгтэй монголчууд мөн биз дээ? Юуны нь иргэний дайн! Ямар хүн ийм үгийг хэлж чаддаг байнаа? Усан цахилгаан станц барих нь зөв гэсэн ахтайгаа, авга, нагац нартайгаа барих нь буруу гэж үздэг дүү нь, ач, зээ нар нь алалцах хэрэг үү? Иргэний дайн гэдэг чинь нэг нутгийнхан, ах дүү төрөл төрөгсөд хоорондоо байлдана гэсэн үг шүү дээ! Дайн, аллагын нэр томъёо хэрэглэхгүйгээр санаагаа бусдад ойлгуулж болноо доо? Хэрэв ийм хэмжээний мэдлэг, чадвар байхгүй бол “онгирч ярих биш, төлөв төвшин байж сонсож сурах хэрэгтэй.”
 
х               х               х
 
Европыг бараг бүхэлд нь эзлээд, Японтой холбоотон болоод Оросод довтолсон Германы фашистуудын эсрэг монголчууд харин оносон, зоримог шийдвэр гаргаж ЗХУ-ын талд орсон юм. Фашистууд ЗХУ-ыг эзлээд бидний “хойд хөрш” болсон бол Монгол бүрэн балрах байв. Монголчууд толгой дараалан боол болох байсан нь гарцаагүй юм. 
 
Европын олон орны зэвсэг, техник, нөөцийг хаман нэгтгээд Орос руу довтолсон фашизмын эсрэг ЗХУ-тай холбоотон болж тэмцэх болно гэдгээ дэлхийд анх зарласан Монголыг “амиа хорлох замд орлоо” гэж олон орон өрөвдөж байжээ. АНУ, Англи хоёр айгаад чимээгүй харж байсан цаг шүү дээ. Япончууд харин Гитлерийн ялалтанд итгэж хамсаатан нь болжээ. Монголчууд цөөхөн ч гэсэн том үндэстэн гэдгээ харуулж зөв талд нь орж түүхэн том нэр төрөө авч гарчээ. Фашистууд ялсан бол энэ шийдвэр Монголыг бүхлээр нь цаазын тавцанд гаргах байлаа. 
 
Дайн, энхийн асуудал бол маш том, нэн эгзэгтэй, тун нарийн асуудал юм. “Төвийг сахинаа” гэснээр аюулыг зайлуулчихдаггүй юм гэдгийг ч бас тун сайн бодох, тооцох ёстой. Манай хөөргөн, хөвсгөр, хэр чадлаа ер мэддэггүй улстөрчид дайн, энхийн асуудалд мөн ч жолдож, жижигдэж, болчимгүй үг, санал хэлж байх болов. Зарим заримын нь ааш авир, үгийг сонсоод, хараад ичих ч юм, эмээх ч юм. 
Улстөрчид маань хэзээ нэг хөрвөжнөө, ухаажнаа, уламжлалт нэр хүнд, түүхэн байр сууриндаа дүйцэх өндөрт хэзээ нэг гарнаа!
 
х               х               х
 
Монголчууд бол нэн эртнээс угшилтай хүмүүс, угсаатан, ард түмэн. Монголчуудын түүх хүн төрөлхтний түүхтэй нас чацуу, ижилхэн урт. Хүн төрөлхтний түүхэнд удаа дараа хүчтэй нөлөөлж байсан, төр ёсны үлгэр дууриал үзүүлж ирсэн цөөн ард түмний нэг нь монголчууд. Нүүдэлчдийн соёл-иргэншлийн анхны суурийг тавьж, хөгжүүлж, XXI зууныг хүртэл уламжлуулан авч ирсэн ард түмэн бол бас л монголчууд. Хүн төрөлхтний соёл, оюун санааны амьдралд биет болон биет бус олон гайхамшгийг бүтээж, дэлгэрүүлж ирсэн онцгой сонихон, сондгой өвөрмөц ард түмэн бол бас л монголчууд. Монголчуудын цэрэг-зэвсэг-дайн тулааны урлаг, монгол хэв шинжийн энх тайванч бодлогын онол болон практикийг дэлхий даяараа мэднэ. Иймд өнгөрсөн түүхээ судалж, сургамж авч, дайн ба энхийн үйлсэд алдаа, төөрөгдөл үгүй явах нь эцэг өвгөдийнхөө өмнө бид бүхний хүлээх ёстой журамт үүрэг мөн болно. 
 
“Бидэнд цэрэг хэрэггүй, Батлан хамгаалах яамыг татан буулгая” гэсэн санал ч гарсан. Цэрэг, армигүй улс хил орчмоор дэгдэж болзошгүй самууны цөөн хүчинд эзлэгдэж ч болно. Ийм тохиолдол түүхэнд гарсан билээ. Бид дайнд бэлдэх биш өөрийгөө хамгаалахад бэлдэх, дайн гарах нөхцөлийг үгүйсгэх, бүх улс оронд ойлгомжтой байхыг чухалчлах ёстой. Хэн ч биднийг дайснаа гэж үнэлэх шалтаг, шалтгаангүйгээр оршин тогтнох учиртай. 
 
Дайн, энхийн асуудлын хувьд энхийн нь талд ямагт хатуу зогсож, энэ талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, том жижиг аль ч улс гүрнийг энхийн төлөө тэмцэлд хошуучилч байх ёстой. Энэ талаар дэлхий нийт бидний тухай ав адилхан ойлголттой болог!
Дайн, энхийн асуудлаар, шашин суртлын асуудлаар төв, зөв үзэл, хандлагатай ард түмэн гэдгийг маань НҮБ мэддэг, үнэлдэг, шаардлагатай үед монголчуудад тулдаг, түшдэг байг!
 
Судлаач, профессор Д.Чулуунжав