сонин mn
1900–1921 оны хоорондох Монголыг тойрсон, Монголтой холбогдох зүсэн зүйлийн үйл явдал, цэрэг-дайны ажиллагаа, улстөрийн элдэв ашиг сонирхол, аллага хядлага, харгислал, дарангуйлал нь монголчуудын нүдийг дээр дооргүй, хот хөдөөгүй, лам харгүй нээж өгчээ.
 
Орос, Японы дайнд хүчирхэг Орос орон ялагдлаа. Оросууд хүчээр Японоос хол давуу байсан мөртлөө ялагджээ. Манж угсааны хаадын төр Хятадад мөхжээ. Хятадын генералууд, улстөрчид хэд хэдэн бүлэглэлд хуваагдаад засгийн эрхийн төлөө тэмцэлдэж, их Хятад орон хямарчээ. Хятадын үндсэрхэх үзэлтнүүд Манжийн төрийн эрхшээл, нөлөөнд байсан бүх үндэстнийг Хятадын шинэ төр өвлөн захирах ёстой мэтээр мугуйдлан зүтгэцгээх болов. Тэд Ар, Өвөр Монгол, Төвд, Хотон, Шинжаан, Цахар, Барга бүгдээрээ Их Хятад гүрний салшгүй хэсэг, дотоод мужууд мөн гэж зарлав. 
 
Бурханы шашны нэр, нөлөөнд дулдуйдан садаарч үндэсний батлан хамгаалах хүч гэхээр юмгүй болчихсон Төвдийн нийслэлийг Английн цэргийн багаахан хүч хялбархан эзэлж амьд бурхан хэмээгдсэн XIII Далай лам эх орноосоо дүрвэн гарч бусад улсаас аврал, хамгаалал эрэлхийлэн оргож босож явахыг монголчууд мөн үзжээ...
 
Орос–Япон, Орос–Германы дайнд сүйдсэн Орос орон бүх талаар самуурч Иргэний дайны хөлд талхлагдан элэг нэгтнээ алж хядсан гамшгийг дэлхий нийтээр харж түүний хөнөөлт нөлөөг монголчууд арьс махан дээрээ мэдэрч эхэлжээ.
 
Японы дайнчид Хятад, Монголын газар нутаг руу шунахайран халдаж, Оростой нууц хэлэлцээ хийж, Алс Дорнодод бэхжиж, нөлөө хамаарлаа улам бүр өргөжүүлэхийг оролдох болов. 
 
Монгол, Төвд мэтийн цөөн хүнтэй үндэстэн Хятадын дотоод муж болох аваас удаж төдөлгүй мөхөх, уусах нь тодорхой гэдгийг энэ хоёр орны оюунлаг хүмүүс, сэхээтнүүд ойлгож тэмцэж эхэлжээ. XIII Далай лам Ар Монголд хоёр жил орчим орогнож байхдаа энэ талаарх санаа, бодол, төлөвлөгөөгөө Монголын хан, ван, лам нартай ний нуугүй хуваалцжээ. 
 
Манжийн төрийн дарангуйлал, харгислалын үлдээсэн шарх, өшөө, хорсол Монголын язгууртан дээдэс, хутагт хувилгаад, том лам нарын цээжинд 200 гаруй жилийн дотор бугшин зангиран байсан нь ил гарч зөвхөн Ар Монголоор зогсохгүй Баруун Монгол, Урианхайн хязгаар, Буриад, Барга, Цахар, Шинжаан уйгарын хязгаарт хүртэл эсэргүүцэл, тэмцлийн голомтуудыг буй болгожээ. Хамжлага, шавь, суман ардууд, үгээгүй ядуучууд ч мөнхүү тэмцэлд татагдан оржээ. Гэвч хөөрсөн олон түмний өмнө чухам хэнийг дагаж, хэнийг дэмжиж, хэнтэй тэмцэх вэ? гэсэн олон олон үл мэдэгчтэй хүнд асуудал гарч оносноосоо илүү их будилсан жишээ, баримт хаана л бол хаана тохиолдох болжээ. Хэн ч болов төөрөлдөж, будилж, хэрхэхээ мэдэхгүй болчихоор нөхцөл, тохироо бүрдсэн нь ч түүхэн үнэн билээ. Хятадад гэхэд л манжийн хааны төлөө, ер хаант засаглалын төлөө, Бүгд найрамдах төрийн төлөө, мөн социалист үзэл санаанд автагсад, Японы нөлөө, оролцоог өөгшүүлэгчид гэх мэтийн олон зүсмийн улстөрчид буй болжээ. Орос дахь иргэний дайн, самуурал, цөхрөлийн бүтээгдэхүүн болсон элдэв хөдөлгөөн, зэвсэглэсэн дээрэмчид ялангуяа өмнөд хилийн нь бүс нутгуудаар олширчээ. Улаантан, цагаантны зэрэгцээ орон нутгийн шинжтэй эзэрхэн дарангуйлагчид идэвхтэй үйл ажиллагаа явуулж ард олныг төөрөлдүүлэх, алж хядах, тонож дээрэмдэх болов. Хэн нь хэн бэ? гэдгийг ялгах, салгахад бэрх байлаа...
 
Эрх чөлөө, тусгаар тогтнолын асуудлаар Хаант Оросын тусламж, дэмжлэгт найдаж, суурилж байсан монголчуудын хувьд цаашид хэрхэх нь жинхнээсээ оньсого болчихжээ. Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолын талаарх Зөвлөлт Оросын бодлого эхэндээ монголчуудыг дэмжсэн шинжтэй байснаа төдхөн л олон салаа утгатай, ил хэсэгтэй мөн далд хэсэгтэй болж хувирчээ. Хувьсгал, иргэний дайн, интервенцийн хүнд бэрх нөхцөлд шороон түмэн хятадуудтай, дээр нь бас Японы дайнчидтай зөрчилдөхөөс улаантнууд эмээх бэргэх нь ч аргагүй байсан биз ээ.
 
1919, 1920 оны зааг үед бүх зүйл бүрхэг, бүүдгэр болж монголчуудын горьдлого, найдвар тасарч, бараг дайралдсан бүх хүн, хүчнээс тусламж гуйх, хүсэхэд хүрээд байлаа. Монголд хүч түрэн орж ирээд гол чухал газруудыг эзлэн сууж зоргоор авирлах, алж хядаж дээрэмдэх болсон гамин цэргүүдээс чөлөөлж өгье гэвээс ёстой л чөтгөр, шуламтай ч болов түр холбоо тогтоох, хамтран ажиллахаас сийхгүй байхуйц тохироо, нөхцөл бүрдээд байлаа. Чухам ийм цаг үе тохиосны учраас л монголын эх орончид Азийн (“золбирсон”) Морьт дивизийг ухаалгаар, овсгоотой ашиглаж хэргээ бүтээжээ. Мөнхүү дивизийн тугийн дор Монголын ноёд, лам нар, бүх ястны эрчүүд, монгол цустай азийнхан, монгол морьд, монгол цэрэг, дарга нар нэгдээд Хятадын байнгын армийн 13 мянга гаруй цэрэг, 3 мянга гаруй зэвсэглэсэн хятад иргэдтэй тулалдаж ялжээ. Хүрээг чөлөөлөх эцсийн, гурав дахь том тулалдаанд оролцсон хүн хүчний 60 гаруй хувь нь монголчууд байлаа. Шийдвэрлэх том тулалдаануудад оролцсон цэргүүдийн дунд 910 монгол хүн, 250 орчим европ хүн, 200 гаруй татар, башкир, 70 орчим япон, мөн төдий тооны төвд хүн байжээ. Хүнс, хоол, хувцас хэрэглэл, цэргийн агт, тэмээ, зөв мэдээлэл, санаатай цуурхал, үнэт зөвлөгөө, Богдын лүндэн, ард олны дэмжлэг, туслалцаа зэргийг тооцож үнэлэх аваас ялалтыг авч ирсэн обьектив, субьектив хүчин зүйлүүдийн дийлэнх ихэнх нь Монголын талынх болох ажээ.
 
х            х            х
 
Хятадад шинээр буй болсон улстөрийн нам, хүчнүүд бүгд л Монголын автономыг хүчээр ч болов устгах сонирхолтой байв. Зөвлөлт Оросын засгийн газар Хятадад төрийн эрхэнд гарсан бүгд найрамдахчуудтай (хувьсгалчидтай) дотносож эхэлсэн нь тэдний шийдвэрээр Өргөөд орж ирсэн гамин цэрэгтэй тэмцэх хэрэгт монголчуудад туслахгүй нь тодорхой болжээ. Монголд үүрлээд байсан цагаантны хүчийг бут цохихын тулд Зөвлөлт Орос гоминданы засгийн газартай хамтрахад бэлэн байлаа. Хүрээг эзлэн авахын тулд эрчимтэй бэлтгэж эхэлсэн Унгерны хүчийг дийлэхгүйгээ мэдсэн Хятадын генерал, амбан сайд нар Алс Дорнодын БНУ-д хандаж “Цагаантны цэргийг хамтран дарахын тулд АДБНУ-ын болон Зөвлөлт Оросын цэргийг Монгол руу аль хэрэгтэй газраар оруулж тусламж үзүүлэхийг” 1920 оны 10-р сарын эцсээс эхлэн хүсэх болов. Хятадуудын хүсэлтийн дагуу Ерөнхий командлагч Каменев “Барон Унгерны цагаан гвардийн цэрэг Өргөөг довтолж байгаа бөгөөд Хятадын цэрэг энэ түрэмгийллийг эсэргүүцэх чадваргүй болсны улмаас Хятадын хил орчмын захиргаа цагаантныг хамтран дарахад туслахыг биднээс хүссэн юм. Гадаад явдлын яамны зөвшөөрсний дагуу Монголын нутагт ороод Хятадад бүх талаар туслан барон Унгерны цэргийг бут цохин бүрэн устгахыг Танд тушааж байна” гэсэн цахилгааныг Сибирийн Ерөнхий командлагчийн туслах нөхөр Шооронд ирүүлж байжээ.
 
Улаантнууд болон Хятадын бүгд найрамдахчууд нэгдэж цагаантныг бутцохисон тохиолдолд Хүрээ Хятадын эрхэнд үлдэж Монголын автономи ч устах байв. Харин Унгерн гамин цэргийг ялж Хүрээнд Монголын төр сэргэх аваас Орос, Монголын улаантнууд нэгдэж Унгерныг хөөж гаргаад Хүрээ тусгаар тогтнолоо сэргээж болох байлаа. Гамингууд Унгерны дивизийг бутцохиод Хүрээнд улам бэхжих аваас улаан цэрэг Монголд орсон цагаантнуудыг хэрхэх талаар л Хятадтай хэлэлцээ хийж эхлэх байсан биз ээ. Энэчлэн үйл явдал хэд хэдэн хувилбараар өрнөж болох байжээ. Цааш цаашдаа хүчний харьцаа хэрхэн өөрчлөгдөхөөс шалтгаалан Тува ба Буриад Оросын эзэмшилд, Ар ба Өвөр Монгол, Шинжаан Хятадын эзэмшилд, харин Цахар, Барга, Японы эзэмшилд орж ч болох байв.
 
Зөвлөлт Оросын Засгийн газраас “Монголын хувьсгалт засгийн газар байгуулагдсан нөхцөлд ч Монголыг харьяалах Хятадын бүрэн эрхийг хөндөж үл болно” гэж өөрийнхөндөө анхааруулж байжээ. 
 
Өмнө дурдсан аюултай хувилбаруудаас зайлсхийж чадсан, цагаантны золбирсон дивизийн хүн хүч, зэвсгийг ашиглан монголчууд цэрэглэн хөдөлж Нийслэл Хүрээ, Чойр–Замын үүд, Хүрээ–хойд хилийн чиглэлд, мөн Хиагт–Улаан хад, Хар бухын голын чиглэлд гамин цэргийн морьт болон явган цэргийн ангиуд, зэвсэглэсэн хятад иргэдийн том том хүчийг бутцохиж эх орноо Хятадын түрэмгийлэгчдээс чөлөөлж чадсан нь юуны өмнө чухамхүү монголчуудын өөрийн нь гавъяа байлаа. Эзэн хичээвээс заяа хичээдгийн том жишээ, баримт энэ болно. “Харамсалтай нь одоо би эзэнгүй болоод байна. Семёнов намайг хаясан, гэхдээ надад мөнгө, зэвсэг бий. Хаанахын ч байлаа гэсэн хувьсгалчдыг үзэн яддагийг минь Та мэднэ” хэмээж байсан Барон Унгернд Ар Монголын эх орончид түр “эзэн” болсон түүхийн хошигнол ийм ажгуу.
х            х            х
Унгерн төрөлхийн сониуч, түүх, философийн холбогдолтой ном их уншдаг, сонин содон улс үндэстний түүхийг ихэд шохоорхон үздэг хүн байв. Тэрээр орос, герман, англи, франц хэл мэддэг, хятад, монгол, буриад хэлээр ойлгодог, монгол хэлээр муугүй ярьчихдаг байжээ. 
 
Хүн төрөлхтний түүхэнд нүүдэлчдийн, тэр дундаас монголчуудын гүйцэтгэсэн үүрэг, нөлөөг Унгерн онцлон сонирхож, морин цэргийн байлдах урлагт суралцаж, морь унахдаа монголчуудас дутах юмгүй болсон байв. Морьт цэрэг удирдаж дайнд оролцох нь түүний мөрөөдөл байжээ. Тиймээс Унгерн Дагуурт сайн дурын цэргийн жижиг отрядуудаас алсын зорилготойгоор Морьт дивизийг эмхлэн байгуулжээ. Тэр тусмаа дивиздээ орос, татар, буриад, монгол, хятад, япон, цахар, барга цэргүүдийг элсүүлж, офицерууддаа монгол хэл заалгаж, монгол хэл сурахыг цэргүүддээ уриалж, монгол хэл сурсан офицер, цэргүүдэд нэмэгдэл цалин олгох болжээ. Алсаа хараалж, мөрөөдөж, төлөвлөж заншсан Унгерн монгол, буриад офицер бэлтгэхийн тулд Цэргийн дунд сургууль байгуулжээ. Эхний төгсөгчид нь 57 монгол, буриад цэрэг байсан ба энэ сургуулийн эрхлэгч нь монгол хэл сайн мэддэг ахмад Баев хэмээгч байв. Овсгоотой, шантарч үзээгүй, элдвийг түргэн санаачилдаг Унгерн богинохон хугацаанд Монголын баруун тал, төвийн нутаг, зүүн хэсгээр аялаад амжчихсан, мөн Хятадын хотуудаар яваад үзчихсэн байлаа. Орос орон, Сибирийг Унгерн туулчихсан хүн гэж хэлж болох юм. Орос, Японы дайны үеэс эхлээд л Унгерн өөрийгөө “ирээдүйдээ зориулан бэлджээ”. Цаг маань ирлээ гэдгийг Унгерн ойлгоод “Монголчуудын үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэлд оролцож гавъяа байгуулахын тулд Оросын армиас бэлтгэл офицероор халагджээ”. Энэ зорилгоо тэрээр хэнээс ч нуугаагүй нь сонин агаад хүндлэн үзвээс зохих үйлдэл, баримт мөн болно. 
 
Хятадын үндсэрхэх үзэлтнүүд, бүгд найрамдахчууд Ар Монголыг өөртөө хүчээр нэгтгэсэн үйлдлийг монголчууд үзэн ядаж, эсэргүүцэж байсан боловч тэдэнд Хятадын байнгын армийн цэргүүдийн эсрэг тэмцэхэд хэрэгтэй зэвсэг байсангүй, сургуулилсан цэрэг, шаардлагатай тооны офицерууд байсангүй. Хүрээг сүр бадруулан эзлээд бусад чухал газруудаар тархан байршсан хятад цэргүүд сайн зэвсэгтэй, их буу, пулемётоор хангагдсан, генерал, хурандаа, хошуучийн зэрэг зиндааны хал үзсэн хашир дарга нартай байлаа. 1920 оны дунд хэр гэхэд хятад цэрэг, офицерын тоо 12–14 мянгад хүрчээ. Хүрээг эзлэх, Монголыг гамин цэргээс бүрэн чөлөөлөх Унгерны санаархлыг тагнаж мэдсэн хятад дарга нар Монголд ажиллаж, амьдарч байсан хятад иргэдийг цэрэгт татаж зэвсэглэж эхэлснээр цэргийн тоо 2–4 мянган хүнээр нэмэгджээ. Хятадын шинэ ерөнхийлөгч Сюй Шичаны дүү генерал Сюй Шужэний ахаараа түрий барин ихэрхэх, дураар загнах байдал ч Хүрээнд хэрээс хэтэрчээ. Хүрээний оршин суугчид дээр дооргүй, ноёд албадгүй, хар шаргүй бүгд арчаагүй, аргагүй байдалд орж урд өмнө нь ер тохиолдож байгаагүй гутамшигт нөхцөл тэднийг нөмрөн авчээ. 
 
Бухимдал, үзэн ядалт, өс хонзонгоор буцалсан Хүрээнийхэнд Барон Унгерн хил даван орж ирсэн талаарх мэдээ “авралын од” мэтээр төсөөлөгджээ. Барон Унгерны талаарх, морьт дивизийн талаарх мэдээ, сураг дорхноо сайны жишээ, сайхан домог болон тархаж идэвхтэй, зоригтой олон эрс Дивизийг угтан авах, туслах, дэмжихэд бэлтгэж өмнөөс нь угтуул, туршуул ч илгээжээ. 
 
Хүрээнд ойртон ирэх үед Унгерны дивизид 90 орчим офицер, 1000 хүрэхгүй морьт цэрэг, 300 орчим явган цэрэг, 8 их буу, 13 пулемёт байжээ. Монголчууд олноороо нэгдэж тулалдахгүйгээр, хоол, хувцас, агт морьд, хөсөг тэмээгээр дэмжихгүйгээр, монголчууд өргөнөөр, идэвхтэй оролцож Дивизийг урамшуулж, зоригжуулахгүйгээр Хүрээг чөлөөлөх боломжгүй байв. Хүчний хийгээд тооны харьцаа хэтэрхий зөрөөтэй байлаа. Хүрээг дайрсан эхний хоёр довтолгоо дивизийг бүүр ч хүнд байдалд оруулжээ. Эхний довтолгоо амжилтгүй болж олон офицер шархдаж, 5 офицер, 50 морьт цэрэг алагдаж, 90 морьт цэрэг шархдаж, 3 их буугаа алджээ. 
 
Хоёр дахь дайралт ч ялагдлаар дуусчээ. 100 илүү цэрэг алагдаж, 200 орчим цэрэг шархдаж, офицеруудын 40 хувь нь алагджээ. Дивиз хүн хүч, нөөц, бэлтгэлээ монголчуудын идэвхтэй оролцоогоор сэлбэж, нөхөж, зоригжиж, итгэл найдвараар нь цэнэглэгдэж байгаагүй бол Хүрээг орхин явахаас өөр аргагүй байсан нь үнэн юм. 
 
Морьт дивиз Монгол руу хөдлөнгүүт л явах замд нь саад хийхгүй байхыг Монголын хилийн харуул занги нарт зохих шугамаар анхааруулсан байв. Явах зам дагууд нь ухуулга, сурталчилгаа хийгдсэн болох тул ямар ч садаа учраагүй байна. Зогссон, хоноглосон үед монгол ноёд, лам, түшмэдүүд ирж уулзаж, мэдээ дамжуулж, зам зааж байжээ. Барон тэднийг баяртайгаар угтаж, найрсгаар ярилцаж, тэдэнд мөнгө, бэлэг сэлт ч өгсөөр явжээ.
 
Хүрээг довтлох үед Хятадын цэрэгт дайчлагдсан монголчууд зай сиймхий олоод Унгерны талд ирж нэгдсээр байв. 11–р сарын дундуур Найдан гүнгийн 170 цахар ирж нийлжээ. Цэрэг байсан буюу цэргийн дарга байсан хүмүүс Баронтой ирж уулзсаар байв. Жишээ нь Цэцэн ханы Дугаржав мээрэн, Дархан чин вангийн хошууны Цэвээн тэргүүн, Сэцэн хан Наваанцэрэн, баатар бэйл Жамъян, гүн Дугарсүрэн, гүн Бавуудорж, бэйс Мишигдорж, тайж Цэрэндорж, лам Ринчинсамбуу, Дэрин чойжин мэтийн олон хүн Баронтой хамтран ажиллах болжээ. 
 
Хятадууд хориглосныг үл хайхран монголчууд дивизийг хоол хүнс, хувцас, сууцаар хангасаар байв. Дивизийн аж ахуйн хэсгийг буриад Жамбалон толгойлж цэргүүдийг нэхий дээл, үстэй бойтог, дулаан малгай, агт морьдыг өвс тэжээлээр хангах болжээ. “Хятадтай байлдах цэрэг эмхлэн байгуулах ажлыг адислан, байлдахад хэрэгтэй зүйлсээр Баронд тусал” хэмээсэн Богдын лүндэнг нууцаар бүх хошуунд тараажээ. Наваанцэрэн залуу эрсийг цэрэгт элсүүлж отряд байгуулан Лувсанцэвээнийг даргаар тавьжээ. Хэрлэн орчмын нутгийн захиргаа 1500 агт морь нийлүүлжээ. Дивиз эцэж турсан морьдоо тарган омголон хүлгүүдээр сольжээ. 
 
Дугаржав мээрэн нутгийн ардуудаас цэрэг элсүүлж отряд зохион байгуулжээ. 1–р сарын эцсээр 80 төвд цэрэг ирж нийлжээ... Товчилж хэлэх аваас Хятадын түрэмгийлэгчидтэй нэгийгээ үзэхээр хатуу шийдсэн ноёд, лам, хар монголчуудаар дивиз нэлээд цэнэглэгдэж цөөн хүчээр олныг ялах удвисыг олжээ. “Зөв хэргийн төлөө зөв хүмүүс зориглон хөдөлвөөс өмнөх саад нь өөрөө нуран унадаг” гэхийн үнэнийг үзүүлж Хүрээн дэх хятадын командлал хоорондоо муудалцаж нэмэлт сайхан боломж ч бас гарчээ. Тэгэвч Хүрээг чөлөөлсөн тулалдаан 5 дахин илүү их хүн хүчтэй хахир өвлийн хүйтнээр хийсэн хүнд бэрх дайн байлаа. Энэ дайнд ялж чадсан цэргүүд үргэлжлүүлэн дайтсаар Чойр орчимд, хойт хил хүртэл, мөн Туул голын баруун урдуурх районд, бас Замын–Үүд хүртэлх замд гамин цэргийн отрядуудыг мөрдөн хөөж, угтан тулгарч тулалдсаар, ялсаар Ар Монголыг гамин цэргээс бүрэн чөлөөлжээ.
 
XIX зууны эхэнд Наполеоны арми Москва орчмын өвлийн хүйтэн, цас, мөсний бэрхийг туулж, тэсвэрлэж чадалгүй Франц руугаа дайжин зугтсан байтал ХХ зууны эхээр Азийн морьт дивиз нийслэл Хүрээ орчмын өвлийн тэсгим хүйтнийг монголчуудын тусламж, дэмжлэг, шууд оролцоотойгоор даван туулж чадаад гамин цэргийн том хүчийг бутцохин хөөсөн нь гайхамшигтай түүх, том ялалт мөн байв. Дурдсан хоёр өвлийн хамгийн хахир хатуу нь Хүрээ орчмынх байжээ. Энэ хатуу бэрхийг давж гарсан цэрэг ба агт морьдын дийлэнх олонх нь монгол цустай хүмүүс, монгол морьд байсан нь бахархмаар баримт мөн болно.
 
х            х            х
 
Хятад цэргийн удирдлага хоорондоо эв түнжингүйн дээр цэргүүд нь мөн өөр өөр намд хуваагдаж талцсан, сөргөлдсөн, улстөр–үзэл санааны хагаралтай байжээ. Унгерн бүх хүчээрээ Хүрээ рүү хоёр удаа довтлоод ялагдан ухарч байхад түүний хүч сулхан, хүн цөөн гэдэг нь мэдрэгдэж байсан хэдий ч хятад генералууд сөрөг довтолгоонд орж чадаагүй нь хачирхалтай байв. Морьт цэргээрээ довтолж их буу, пулемётуудаар дэмжүүлэн явган цэрэг нь давшсансан бол Унгерны дивиз тэсэлгүй бутарч зугтаад ачаа хөсөг, нөөцөө олзлуулах, бүх их буугаа ч алдах байсан нь эргэлзээгүй юм. Харин сүүл тийшээ бол Унгерны дивиз бэхжиж, өргөжиж, хангамж нь сайжирч, эцэж турсан морьдоо нутгийн тарган омголон агтаар сольж, монголчууд олноороо зэвсэглэн дивизэд нэгдэж, буриадууд, төвдүүд, энд тэндээс дайжин ирсэн цагаантнууд Бароны захиргаан дор орсон үед, Унгерн, Резухин нар нутаг оронтой сайтар танилцчихсан үед сөрөг довтолгоо амжилт олохгүй байсан биз ээ.
 
Хүрээ рүү довтолсон хоёр дахь тулалдааны дараа л Унгерны дивиз хамгийн эмзэг, аяншиж ядарсан, ялагдаж цөхөрсөн, офицеруудын хагас нь алагдаж, шархадсан, цэргүүд нь чих, хацраа хөлдөөсөн, дулаан хувцасгүй, морьд нь турж эцсэн, Хүрээ орчмын газар нутагтай ч танилцаж завдаагүй байсан билээ.
 
х            х            х
 
“Хувьсгал” гэдэг нийгмийн үзэгдэл соёлтой, бүдүүлэг аль ч оронд удирдах хүч нь хэн байснаас үл хамааран аллага, хядлагыг их, бага аль нэгэн хэмжээгээр дагуулж иржээ. Үйл явдал нэн хурцаар өрнөж “шинэ” ба “хуучин” байр сууриа ямар ч үнээр хамаагүй хамгаалж, иргэний дайн дэгдэх аваас ер бусын номхон хүлцэнгүй, нигүүлсэнгүй хүмүүс болох лам хуврагууд хүртэл зэвсэг барин бүр өөр хоорондоо тулалдаж байжээ. Бурханы шашны урсгал хооронд Төвдөд үүссэн зөрчил, тэмцэл, Христос шашны урсгал хоорондын тэмцлээс үүдсэн 30 гаруй жилийн дайн, хувьсгалыг тайван замаар явуулахыг зорилгоо болгож байсан Ленин иргэний дайны үеэс эхлэн улаан хядлагыг зөвтгөх болсон түүх, XVIII зууны Францын хувьсгалын эмгэнэлт жишээ гэрч болон үлджээ.
 
Оросод өрнөсөн иргэний дайны үеийн зарим үйл явдал, мөн Орос ба Монголын хил орчмоорх олон талтай, ойлгоход бэрх тэмцэл, тулалдаануудын хувьд аллага, хядлага нь асуудлыг шийдвэрлэх гол арга, хэрэгсэл шахуу болчихсон байсныг баримтууд гэрчилдэг. Иймээс мөнхүү эмгэнэлт үеийн үйл явдлууд, бие хүмүүсийн үйл ажиллагааны зөв, бурууг ялгах, үнэлэхэд үнэнхүү хүнд, бэрх юм. Муу зүйлтэй ер холбогдоогүй сайн үр дагавар гэж үгүй, бага ч болов сайн үр дагаваргүй өнгөрсөн муу зүйл гэж бас үгүй шахам ороо бусгай цаг үе байжээ. Муу бүхнийг нь түүгээд муу талаас нь ярьвал аль ч талыг буруутгаж болох, мөн сайн бүхнийг нь дурдаад сайн талаас нь ярьвал аль ч талыг нь харьцангуйгаар зөвтгөж бас болохоор ээдрээтэж орхисон үнэнхүү самуун, садар, холион бантан болсон нөхцөл, орчин бүгдийг нөмрөн авсан байв.
 
Барон Унгерны үзэл бодол, үйл ажиллагааг нийтэд нь хийгээд эхэн, дунд, эцэс сүүлч хэмээн ангилж үзэх ахул эерэг гэхээр зүйл ч ихтэй, мөн сөрөг, гэм нүгэлтэй гэхээр зүйл ч ихтэй юм. Түүний үйлдэл, шийдвэр нэг бүрийг хууль дүрэм, ёс зүйн үүднээс үзэх, үнэлэх аваас зөв гэхээр зүйл ч их, бас буруу зүйл ч их байна. Тухайн түүхэн нөхцөлд нь, самуурч зэрлэгшсэн бусармаг орчинд нь, амь өрссөн тэмцэл, тулааны шахаа, дарамтанд нь авч үзэх аваас энд тайван цагийн шалгуур, үнэлгээг хэрэглэж боломгүй нь тодорхой билээ. Ойлгож болох, өршөөж хэлтрүүлж болох тэр хэмжээ хязгаараас давж гарсан харгис хэрцгий үйлдэл, алхмууд ч цөөн биш байна. Гэхдээ өөр өөр, бүр харилцан дайсагнасан үзэл санаа, итгэл, үнэмшилд хөтлөгдөөд хэн хэн рүүгээ буу шагайсан хоёр хүний өрсөж гох дарсныг алуурчин гээд нөгөөхийг нь огт буруугүй, зуун хувь хэлмэгдсэн гэж үзэх нь зөв үү? Иймэрхүү байр сууринаас хандахаас өөр аргагүй шахам тохиолдлууд ч Бароны амьдралд цөөнгүй учирчээ...
 
Өнөөгийн бид өнгөрсөн түүхийг зохиомжлох биш, шүүж яллах биш ганцхүү үнэн мөнөөр нь сэргээн өгүүлж, сайн ч талаас нь бас муу ч талаас нь эргэцүүлэн үзэж, түүхэн цаг үеийн нь шинж, жишигт тохируулан үнэлж, үлдээх сургамжийг нь зөвөөр таньж нийтэд мэдээлэх ёстой билээ. Дэмий улс төржүүлж, өрөөсгөлөөр хандаж, эрх мэдэл бүхий хүн ба хүчний захиалгаар ярьж, бичиж эхлэвэл тэр нь түүх биш, шинжлэх ухааны бүтээл биш болдог.
 
х            х            х
 
Ар Монголын нийслэл хотыг, мөн Ар Монголыг бүхлээр нь Хятадын түрэмгийлэгчдээс чөлөөлсөн цэрэг дайны ажиллагаа, дүн өвлийн хүйтнээр хийсэн хүнд бэрх тулалдаанууд бол Колчак болон Семёновын даалгавраар биш, мөн Японы оролцоо, түлхээсээр биш, бас Зөвлөлт Оросын дам, нууц бодлогоор биш, ганцхүү Барон Унгерны хувийн санаачилга, монголчуудын өөрсдийн нь ухаалаг сүйхээчлэл, ил далд шууд оролцоо, өвөг дээдсээс уламжилсан хатан зориг, Монголоо гэсэн мохошгүй сэтгэлийн гал дөлөөр хэрэгжсэн гавъяат үйлс, ховор тохиолдох, аз түшсэн гайхамшиг, ялалт мөн байлаа.
 
Өөрийн гэсэн газар нутаг, хил, төр засагтай улс л зэвсэгт хүчинтэй байдаг. Тэгвэл Азийн морин дивиз бол Хаант Оросын зэвсэгт хүчин биш, мөн зэвсэгт дээрэмчдийн томоохон бүлэглэл ч бас биш билээ. Улаантны хөдөлгөөнд сөрөн гарч ирсэн “Цагаантны хөдөлгөөн”-д хамаарагдах өвөрмөц хүч, хувь хүний (Унгерны) идэвх санаачилга, зохион байгуулах гойд авъяас, эрэлхэг дайчны үлгэр дууриал, хатуу сахилга бат зэрэгт тулгуурласан, хэрэг дээрээ бол дээд эзэнгүй “золбирсон” гэж нэрлэж болохоор морьт дивиз хэмээн энэ хүчийг нэрлэж, ойлгож болох юм. Юмханаар юм хийж сурсан язгуурын монгол ухаан мөнхүү хүчийг ухаалгаар ашиглаж хэргээ бүтээсэн нь харин ХХ зууны нэгэн гайхамшиг мөн болно. 
 
Монгол Ардын Намын удирдлага ба Оросын улаан армийн тусламжтайгаар Ардын журамт цэрэг Хиагтад үүрлэсэн арван мянга гаруй гамин цэргийг бут ниргээд улмаар эх орноо Хятадын түрэмгийлэгчдээс бүрэн цэвэрлэсэн гэх үлгэрт итгэдэг хүмүүс түүхийн баримтуудад түшиглэн бодлоо өөрчлөх нь зүйтэй болов уу. 1921 оны 3-р сарын эхээр дөнгөж байгуулагдсан гэгдэгч Монгол Ардын Нам, цэрэгжлээр маруухан цөөхөн хүнтэй Ардын журамт цэрэг, хүнд бэрх том дайн, тулалдаанд их цэрэг ахлан оролцож гарамгай жанжин болохоо нотолж завдаагүй байсан дарга нарын үйл хэргийг үлгэрээр биш үнэнээр, баримтаар өгүүлэх нь түүхийн шинжлэх ухааны үүрэг, ёс жудаг мөн билээ. Түүх түүхийрэх нь яавч сайны шинж бишийн дээр түүхийрсэн түүхийн тарих балаг, муу үр дагавар ард түмний оюун санааны амьдралд гэтлэх, давахад нэн хүнд бэрхшээл учруулж ч болох юм.
 
Ашигласан ном, бүтээл
1. М.Г.Торновский. Монголчуудтайгаа бол би Лиссабон ч хүрнэ. Барон Унгерн. II хэвлэл, УБ., 2011.
2. Н.Н.Князев. Домогт Барон. УБ., 2010.
3. Л.А.Юзефович. Цөлийн эзэрхийлэгч. УБ., 2012.
4. Монгол улсыг дахин байгуулсан агуу их баатар, жанжин, Чин ван. УБ., 2008.
5. Ф.Оссендовский. Хүн, араатан, бурхад. УБ., 2009.
6. С.Л.Кузьмин. Барон Унгерны тухай баримт, дурдатгалууд. УБ., 2007.
7. С.Л.Кузьмин. Барон Унгерны түүх (үнэнийг дахин сэргээсэн туршилт). УБ., 2013.
8. В.Михаловски. Барон Унгерны алт эрдэнэс. УБ., 1995.
9. Л.А.Юзефович. Барон Унгерн гэж хэн бэ? УБ., 2008.
10. Д.Чулуунжав. Монголын түүхийн философи (нэмэж засварласан найм дахь хэвлэл). УБ., 2016.
11. Д.Чулуунжав. Дэлхийн түүхийн философи (нэмэж засварласан дөрөв дэх хэвлэл). УБ., 2014.
12. Б.Баяр, Ч.Болд. Зөвхөн намайг үхсэний дараа (Баримтат уран сайхны кино). 2011 он.
 
 
Судлаач, профессор Д.Чулуунжав