сонин mn
“Би амьдралдаа олон удаа уйлсан. Хэсэг зуур ядарсан ижийд минь хань болсон хүнд зодуулаад зугтан гарсан долоохон настай хүү өвлийн ид хүйтэнд үеийнхнийхээ нүдэн дээр гудамжинд уйлаад зогсож л байлаа. Оюутан болчихоод, ээжийгээ алдчихаад хамаатан садныхаар ээлжлэн амьдарч явахдаа амьдралын хатууд гомдон орон дотроо чимээгүйхэн уйлж байсан удаа бий. Хүний газар сурахын хажуугаар аяга таваг угаан талхны мөнгө олох гэж цаггүй зүтгэн шөнийг хугаслаад гэр рүүгээ алхаж явахдаа нулимс дуслуулж л явсан” хэмээн нас зуугийн талд хүрч буй эр үзэж туулсан амьдралаа хүүрнэнэ.
 
Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат Монхооны Нансалмаа хэмээх хэзээ мөдгүй төрөх тулгар биетэй эх балчир охиноо дагуулан 1971 оны намар шинэ амьдралын эрэлд гарч Улаанбаатарыг зорьжээ. Хүрээ газрыг зорьж яваад Тамирын хөндийд тулгаа тулсан “Тунгалаг Тамир”-ын Эрдэнэтэй төстэй хувь заяа түүнд тохиов. Сэлэнгэ аймгийн Хонгор сумын Цайдамын хөндийд явж байтал гэнэт өвдөж, нуган үр төрүүлж, тэндээсээ Дарханы эмнэлэгт хүргүүлжээ. Мэргэжил боловсролгүй, хөдөөний малчин М.Нансалмаа хүүгээ торнитол Дарханы нэхий эдлэлийн үйлдвэрт ажилчин болж, давстай хүйтэн усан дотор зогсон, норж хүндрээд чулуу мэт болсон нэхийг ангилж ялган ийш тийш нь шидэлж овоолдог баргийн эр хүн ч шантрах ажилд хэдэн жил зүтгэснээс үе мөчний өвчтэй болж, арай хөнгөн дөнгүүр ажил олох найдвар тээн Улаанбаатарт орж иржээ. Улаанбаатарт ирээд уурын зуухны галч, албан газрын үйлчлэгч зэрэг хар бор ажил олдсоныг нь хийж, өөрийн гэсэн хашаагүй учраас ахан дүүс, таних мэдэх улсыг бараадан ийш тийш нүүж, тэр болгондоо хүү нь сургуулиа сольж, суурин газрын нүүдэлчин амьдралаар олон жил болов. М.Нансалмаа оршихуйн төлөө шантралгүй зүтгэсэн, үнэн шударгад ойр, худал хулгайгаас хол, халаас нимгэн ч сэтгэл баян сайхан монгол ээж байв. Үүнийх нь хариуд Бурхан түүнд эрдэнэ мэт үрс заяажээ. Охин нь амьдралын захад залгаж, хүү нь тэр цагийн хэллэгээр “улаан онц сурдаг гавал” болжээ. Хоёр гартаа ийнхүү наран саран атгасан ижий “ахуй нь ядмаг ч сэтгэл нь далай” байсан болохоор муу амьдарсан гэвэл алдас болно. Гэхдээ азгүй, бас азтай амьдарсан нь үнэн юм. Тэрээр мухар олгойн хагалгааны хүндрэлийн улмаас 1991 онд хүүгээ Анагаахын сургуульд дөнгөж орсны дараахан нас баржээ. Эмч нар нэгэнт найдваргүй болсон түүнтэй хүүг нь сүүлчийн удаа уулзуулахад “Миний муу бага хүү сайн хүн болно” гэж хэлээд л өнгөрчээ. Хүүгийнхээ сайн сайхан явахыг харж жаргаж чадаагүйдээ азгүй, гэхдээ хүү нь сайн хүн болно гэдгийг мэдрээд сэтгэл амгалан одсондоо азтай хүн.
 
Хүүг Н.Эрдэнэхүү гэдэг. Ээжийгээ даган Толгойтын 42-р сургуулийн сурагч болж хамгийн сүүлд нийслэлийн 28-р сургуульд аравдугаар анги төгссөн. Онц сурахаас гадна түүнд нэг сайн чанар байсан нь шударга зан. Бага ангид байхдаа багш нь түр эзгүй орхисон хойгуур хэн хэрхэн үймүүлсэн, хэн хичээлээ хийгээгүйг ангийнхныхаа нүдэн дээр гар өргөн босож ирээд хэлж орхино. Хичээл тараад нөгөөдүүлдээ зодуулна. Маргааш нь дахиад л гар өргөн босож ирээд өчигдөр намайг тэр тэр зодсон гэж хэлнэ. Дараа нь энэ үйл явдал дахиад л давтагдана. Хэчнээн удаа зодуулсан ч шударга зан нь хэвээрээ. Ямартаа аравдугаар анги төгссөн баяраа тэмдэглэх гээд ангийнх нь хөвгүүд “Эрдэнэхүүд хэлэлгүй хоёр шил архи авчихъя. Архигүй нийлнэ гэвэл сонин шүү дээ” гэж ярилцахыг санамсаргүй сонсчихоод “Та нар архитайгаа нийл, би та нартай нийлэхгүй” гээд явчихаж байхав дээ. Нөгөөдүүл араас нь очин гуйж, баяраа архигүй тэмдэглэж, дараа нь охидууд нь гоморхож байсан тухайн үеийн хөгтэй явдал өнөөдөр хөгжилтэй дурсамж болон хувирчээ.
 
 
 
Н.Эрдэнэхүү амар хялбар мэт боловч эцсийн үр дагавар нь буруу байх замыг амьдралынхаа эгзэгтэй мөчүүдэд сонгоогүй, үнэнч шударга, хичээл зүтгэлтэй, өөрийнхөөрөө байсныхаа үр шимийг өнөөдөр хүртэж байгаа хүн.
 
 
 
Төөрөг тавилан гэдэг зарим хүний ойлгодог шиг өөрчилж үл болох зурсан зураг, хөдөлшгүй хөтөлбөрчлөгдсөн эд биш. Тиймээс ч “Эзэн хичээвэл заяа хичээнэ” хэмээн сургажээ. “Би ийм л тавилантай” гэж уруу доройгоор бодож, амьдралын буулганд номхон хүлцэнгүй баригдсан хүн хөгжиж дэвжихгүй, амжилт олохгүй. Харин “Би өөрийнхөө хувь заяаны эзэн. Бүх юм надаас хамаарна” гэдгийг ойлгож тэмцсэн хүн хувь тавилангаа өөрчилж чаддаг. Тийм хүмүүсийн нэг бол Н.Эрдэнэхүү мөн.
Хавдар судлалын үндэсний төвийн даргаар Н.Эрдэнэхүүг томилсон томилгоотой холбоотой хэвлэл, сошиалын мэдээллээр “Бас нэг тавиул хүрч ирээд баллаж өгөх нь дээ” гэсэн сэтгэгдэл нэг хэсэгтээ хөндлөнгийн надад хүртэл төрж байв. Гэхдээ нэг хүн рүү ам нийлэн дайраад эхлэхийн цаана зохион байгуулалттай гүтгэлэг, нэр хүндийг нь унагах гэсэн захиалгат ажиллагаа байдгийг яс махаараа мэдэрсэн хүний хувьд Үнэн аль талд нь ч байж болно хэмээн нэлээд хүлээзнэсний эцэст түүнтэй уулзан ажил, амьдралынх нь тухай яриа өрнүүллээ.
Манайхны ярьдгаар “Шар хадны сэтгэцийн эмнэлэг”-т асрагчаар ажлын гараагаа эхэлж байсан Н.Эрдэнэхүү гэмтэл согогийн эмч, ЭМШИУС-ийн багш, албаны дарга, АНУ-ын Нью-Йорк мужийн төв эмнэлэгт техникч, Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн, АНУ-ын Холбооны засгийн газрын эрүүл мэндийн агентлаг -CDC-д судлаач, мэргэжилтнээр ажиллаж, Монгол-Японы Сургалтын эмнэлгийг цаасан дээр төсөөлөл байхаас ашиглаптад ортол нь удирдаж байсан хүн. БНСУ, Австри, Япон, АНУ-д суралцаж мэргэжил дээшлүүлсэн Анагаах ухааны доктор, мэргэжлийн 8 ном сурах бичиг бичиж, зөвхөн олон улсын түвшинд хэвлүүлсэн өгүүлэл 14, илтгэл 30 гэх мэдээллээс түүний хэр чансаатай эрдэмтэн, судлаач болох нь мэдэгдэнэ.
 
 
 
Анагаах ухааны “Innovation” сэтгүүлийн Ерөнхий Эрхлэгч, “Дэлхийн эрүүл мэндийн төлөөх түншлэл” ТББ-ын тэргүүн зэрэг олон үүрэг давхар хүлээж, 2007 оноос хойш олон улсын хэмжээний нэлээд олон төсөл, хөтөлбөрт ажлын хэсгийн гишүүн, зөвлөхөөр ажиллаж ирсэн эрүүл мэндийн салбарын туршлагатай, мэдлэгтэй, бэлтгэгдсэн боловсон гэдэгтэй хэн ч маргахын аргагүй аж.
 
 
 
Тэрээр Хавдар судлалын үндэсний төвийн захирлын үүрэгт ажлыг хүлээж авснаас хойш олон ажил амжуулжээ. “Би Монголынхоо эмнэлгүүдэд ажиллах явцдаа өвчтөнтэй харилцах арга зүй, эмнэлгийн ажилтнуудын зовлон жаргалыг сайтар ойлгосон. Анагаахын сургуульд багшлах явцдаа манай сургалтын арга зүйн сул болоод давуу талыг олж харсан. Гадаадын хэд хэдэн оронд мэргэжлийнхээ дагуу сурах явцдаа тэдний ажлын зохион байгуулалт, арга зүйг анхааран судалсан. Эрүүл мэндийн яаманд ажиллахдаа эрүүл мэндийн салбарынхаа асуудпыг үндэсний хэмжээнд харж ойлгосон. АНУ-ын Засгийн газрын агентлагт ажиллаж, олон улсын төсөл хөтөлбөрүүдэд гар бие оролцохдоо эрүүл мэндийн салбарын дэлхийн чиг хандлага, шинэлэг болоод шилдэг шийдлүүдтэй танилцсан. Тийм болохоор Хавдар судлалын үндэсний төвийг орчин үеийн шилдэг менежмэнттэй байгууллага болгохын төлөө өөрийн чадах бүхнээ хийж байна” хэмээн тэрээр яриагаа эхлэв.
 
Аливаа байгууллагад шинээр томилогдон ирж байгаа хүнд тэр байгууллагын сайн, муу нь их тод мэдрэгддэг. Тэр тусмаа эмнэлгийн менежмэнт, удирдлага зохион байгуулалтын асуудлаар барууны оронд мэргэшээд ирсэн хүний хувьд хийх ажил их харагдсан нь мэдээж. Байр савныхаа ашиглалтыг сайжруулж, үйлчлүүлэгчдэд ч, ажиллагсдад ч ая тухтай орчин бүрдүүлэхийг хичээн ихээхэн өөрчлөлт хийсэн нь үүд, өлгүүрээсээ эхлээд харагдаж байна. Ажиллагсад нь өөр өөрийнхөө ажлын байраа тохижуулж, сэтгэл санаа тун өндөр байна лээ. Эмнэлгийн хашаа ганцхан орц гарцтай байсныг дөрөв болгосон байна. Сонсоход амархан мэт боловч газар, өмчлөлтэй холбоотой олон асуудлыг шийдэж, нэлээд тэмцэж байж хэрэгжсэн ажил гэнэ. Сургалт, судалгааны баазаа өргөжүүлэх, эмнэлэгтээ аль болох олон улсын стандартад дөхүү орчин нөхцөл бий болгох талаар олон ажил хийж байгаа юм байна. Эднийд бүртгэлтэй л бол гадаадад явж байхдаа ч өөрийнхөө өвчний түүхийг харж болох PACS системийг нэврүүлснээр өвчний түүх, CD гээд олон бичиг цаас чирч явах хүндрэл байхгүй болж, эмч нар иргэдийн регистрийн дугаараар өвчний бүх мэдээллийг хардаг, оношилдог болжээ. Химийн эмчилгээнд орох гэж сар даван хүлээдэг хүндрэл алга болсон байна.Өдрийн мэс ажилбарын өрөө бий болгосноор өдрийн эмчилгээнд явагсдын нэг том хүндрэлийг шийдэж өгчээ. Гадаадын эмнэлгүүдэд байдаг шиг мэс заслын бүрэн вакумжсан зургаан өрөөг ашиглалтад оруулж, одоогийн энгийн нөхцөлд хагалгаа хийдэг практикийг халах ажил нь тун удахгүй хэрэгжиж, ирэх долдугаар сард шинэ, орчин үеийн хагалгааны хэсэгтэй болох гэж байгаагаа танилцууллаа. Өнгөрсөн хугацаанд эмнэлгийн удирдпагын завгүй ажлын хажуугаар УИХ-ын гишүүн асан нэгэн эрхэмтэй үүссэн маргаан нь ийм мэс заслын өрөөг гишүүн асны  түрээслүүлэх гээд байгаа байранд байлгах, салхивч, ариутгалын өрөө, гал тогоо нь стандартын дагуу байхыг шаардсан шаардлагаас үүдэлтэй. Үүнээс болж ихээхэн дарамт шахалтад орсон Н.Эрдэнэхүү “Би тав хоног эмнэлгийн дарга хийгээд таван жилийн ял авах хууль бус үйлдэл хийхгүй” хэмээн шулуухан эсэргүүцэж, тухайн үеийн салбарын сайд нь “Та зөв зүйл хийж байгаа юм байна. Өөрөө шийд" гэснээр асуудал нэг талдаа гарч байжээ. Тухайн үед УИХ-ын гишүүн байсан хүн нь өөрийн эрх мэдлээ далайлган “ХСҮТ- ийн удирдлагын менежмэнтийг хийж чадах туршлагатай боловсон хүчинд гэрээ хийх эрхийг олгох талаар... шийдэл гаргахыг хүсье” гэсэн албан бичгийг Эрүүл мэндийн сайдад илгээж байсан нь өөрийнх нь хүссэнээр гэрээ хийж өгөхгүй байгаа Н.Эрдэнэхүү захирлыг халах санаагаа гүйцэлдүүлэх боломж олгохыг шуудхан шаардсан хэрэг юм.
 
Н.Эрдэнэхүүгийн “Байгууллага дотор хорт хавдар байх ёсгүй” гэсэн үг анхаарал татав. Энэ нь “toxic work place” буюу хортой ажлын байр гэсэн бодит болоод хийсвэр ойлголттой ухагдахуун. Хорт хавдар зөвхөн өөрийгөө тэжээх эсийг тэтгэдэг шиг байгууллага дотор хувийн эрх ашиг, хэсэг бүлэг этгээдийн эрх ашигт үйлчилдэг тогтолцоо бий болвол тэр байгууллагын үйл ажиллагаа доголдож, улмаар сүйрнэ. Тийм болохоор Хавдар судлалын үндэсний төвийг өөрийн гэсэн мэргэжлийн стандарт, ёс зүйн зарчим, дүрэм журам, соёлтой байгууллага болгох нь түүний хамгийн гол зорилт гэнэ. Үүнийг хамт олон, удирдлагын багтайгаа харилцан ярилцаж, олонхоороо хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хэрэгжүүлэхээр ажиллаж эхлээд байна, заримыг нь богино хугацаанд шийдэж болно, зарим нь урт удаан хугацааны ажил л даа хэмээн тэрээр учирлаж байна. Энэ бүхэнд түүний менежмэнтийн мэдлэг хэрэг болж байгаа нь мэдээж.
Тэрээр “Улсын эмнэлэг санхүүжилтээ өөрөө босгоод эмч, эмнэлгийн ажиллагсдын цалинг 2-3 дахин нэмж болдог юм гэдгийг харуулахыг зорьж байна. Үүнийг маань хувьчлал хийх гэж байгаа мэтээр мушгин шуугиулж байгаа нь харамсалтай. Манай салбарын ажиллагсад үнэ цэнээ мэддэг байх ёстой. Бас хандлагаа өөрчлөх ёстой. Эрүүл мэндийн салбар өөрийн концепцгүй байна. Зарим хөгжингүй орнууд үйлчлүүлэгч төвтэй салбар байх ёстой гэдгээ заагаад өгчихсөн байдаг. Манайд болохоор эмнэлэг төвтэй, эмч төвтэй байгаа нь хэнд ч тодорхой. Үйлчлүүлэгч өөрийн бодол саналаа илэрхийлэх боломжгүй, эмчийг аргарсан айсан байдалтай хандахад хүргээд байхаар яаж болохов дээ. Манай салбар өөрчлөгдөх ёстой” хэмээн эрсхэн өгүүлсэн. Бас “Зөнгөөрөө цэгцэрч байгаа юманд хөндлөнгөөс оролцон самраад хаячих тохиолдол Монголд их ажиглагдаж байна. Түр зуурын эрх мэдэл, хэдэн төгрөгийн төлөө нийтлэг эрх ашгийг ингэж самууруулж хорлож болохгүй. Хариуцсан ажлаа чин сэтгэлээсээ хийж, байгууллага, хамт олныхоо эрх ашгийг эн тэргүүнд тавих л миний гол зарчим. Үнэнийг нуулгүй хэлдэг, шударга юмны төлөө тэмцдэг нь миний төрөлхийн өгөгдөл” хэмээн Н.Эрдэнэхүү сэтгэлээ нээсэн.
 
Хүүхэд байхаасаа шударга үнэний төлөө тэмцэж, их сургуульд ороод сургуулийнхаа оюутны хөдөлгөөний удирдагчдын нэг байж, өнөө ч салбарынхаа болохгүй байгааг ил хэлж, засаж залруулахын төлөө тэмцсээр яваа нь түүний мөн чанар. Тэр өөрөө зүтгэхээс гадна баг хамт олноо хатуу чанд сахилга баттайгаар удирдаж чаддаг онцлогтой хүн юм. Ямартаа л ЭМШУИС-д түүний удирдлаган дор ажиллаж байсан залуусын өөр хоорондоо хэлдэг уриа нь “Амьд үлдэнэ шүү” байх билээ. Тэгж шахуулж шаардуулж, бүтээлч ажиллаж сурсныхаа төлөө хожим нь тэдгээр залуус Н.Эрдэнэхүүд тусгайлан талархал илэрхийлжээ.Н.Эрдэнэхүү Хавдар судлалын үндэсний төвийн захирал болоод ажлын өрөөндөө гурван хэсэгтэй самбар хийлгээд эхний хэсэгт нь хийж хэрэгжүүлэх 27 гол ажил тус бүрийг жижигхэн цаасан дээр бичин тогтоожээ. Өнөөдөр нэгэнт хэрэгжээд эхэлчихсэн ажлуудаа харуулах ёстой хоёр дахь самбар руу тэдгээрийн ихэнх нь шилжиж, хийж дууссан ажлын самбарт нэлээд хэд нь зоолттой харагдана. Н.Эрдэнэхүү ХСҮТ-ийн захирлаар өнгөрөгч 18 сарын хугацаанд хэр ажилласныг эндээс харж болно. Америкт эмнэлгийн менежмэнт, зохион байгуулалт мэргэжлээр сурахаар очоод эдийн засгийн хичээл ороход нь “Капиталистууд дандаа мөнгө ярих юм. Эхлээд хүнээ бодох ёстой биз дээ” хэмээж байсан тэрээр Хүнээ сайхан амьдруулахын тулд эдийн засгийн сууриа зөв тавьж, чанартай тоног төхөөрөмж, шинэ технологи, чадвартай боловсон хүчинтэй болж байж эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжирдгийг ойлгосон учраас өнөөдөр төрөөс бэлэнчлэн гуйх биш, дэлхий даяар байгаа боломжуудыг ашиглах ёстой хэмээн сэтгэж, зүтгэж байна. Мөн төрийн бодлого дэмжлэг зөв, оновчтой байхгүй бол хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлсэн гутамшигт “рекорд”-оос амар салахгүйг эрх баригчдад ойлгуулж, “Хавдрын эсрэг үндэсний хөтөлбөр”-тэй болж, урт хугацааны бодлого хэрэгжүүлэхийн төлөө нөлөөллийн ажлууд хийж байна. Н.Эрдэнэхүүд олон боломж байсан. Нью-Йорк мужийн төв эмнэлэгт зүрхний төвд, сүүлд АНУ-ын Засгийн газрын агентлагт 84 мянган долларын цалинтай ажилд орчихсон, албан тушаал дэвших санал сонсчихсон, ирээдүйн зам нь нээлттэй байхад удирдлагаа уурлуулж бухимдуулан Монголдоо ажиллана хэмээн зүтгэсэн. Үүнийх нь цаана энэ олон жил гадаад дотоодод ажиллаж амьдрахдаа сурсан мэдсэнээ, олж харснаа Монголдоо зориулж, үлдээж, өвлүүлэх ёстой гэсэн эх оронч сэтгэл байсныг тэрээр өөрөө олж хараагүй, зүгээр л нутаг сэтгэл хэмээн нэрлэж байна. Тэрээр бага залуудаа хатуухан амьдрал туулахдаа шантарч мохоогүй, зөв замаас хальтарч хазайгаагүй. Өөрийнхөө төлөө ийнхүү тэмцэж боссон мэт боловч эцсийн эцэст энэ нь хүний төлөө, эх орныхоо төлөө үйл байсан гэдэгт итгэж явдгаа ч нуусангүй. “Надад одоо идэвхтэй амьдралын 3000 хоног бий. Амьдралын сайхныг зөндөө мэдэрч, их зүйл сурлаа.
 
 
 
Амьдралын боломж муу надад үнэ төлбөргүй сурч боловсрох боломж олгож өдий зэрэгт хүрэх замыг нээж өгсөн социализмын үеийн боловсролын тогтолцоонд баярладаг. Надад итгэн ажил даалгаж, амьдрал хэмээх их сургуульд шат шатаар дээшлэх боломж олгосон хүмүүст бүгдэд нь баярлаж явдаг. Өнөөдөр миний амьдралд дутуу юм байхгүй.
 
 
 
Хань маань олон улсын байгууллагад нэр төртэй ажиллаж байна. Том хүү минь АНУ-ын Software компанид дэд захирлаар ажиллаж байна. Бага хүү маань сургуульд сурч байна. Энэ бүхний төлөө талархах ёстой. Түүнийгээ бусдын төлөө, хүний төлөө амьдарснаар л илэрхийлж чадна” хэмээн тэрээр дотоод сэтгэлээ нээн өгүүлж байна. Түүний энэ үгнээс амин хувийн эрх ашиг, ахуйн чанартай асуудлаас ангижирч, биеэ хийгээд гэрээ засаж чадсан, одоо гагцхүү түмнийхээ төлөө зүтгэхээр шулуудсан хүний чин сэтгэл мэдрэгдэнэ.
Амьдралын философио “Хүн зорьсондоо хүрье гэвэл хийх гэснээ эргэлзэлгүй хийх ёстой. Тэгж гэмээнэ үр дүнд хүрнэ. Үр дүнд хүрснээрээ бусдын зүрх сэтгэлийг эзэмдэнэ” хэмээн томьёолсон Н.Эрдэнэхүүгийн дотоод сэтгэл, хүсэл мөрөөдөл, хийж бүтээж буй ажлыг нь тоймлон өгүүлэхэд ийм аж. “Жаран жилийн түүхтэй манай хамт олон тухай тухайн цаг үедээ шинэ, шилдэг гэсэн бүхнийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хавдрын эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд ямагт явж ирсэн бахархалт түүхтэй. Үүнийх нь төлөө ахмад үеийн бүх ажилтан, ажиллагсдадаа баярладаг. Тэднийхээ бүтээж өвлүүлж үлдээсэн сайн сайхан бүхнийг уламжлахын зэрэгцээ хүн төвтэй тусламж үйлчилгээ бий болгох бодлогыг дэмжиж, байгууллагаа хамтдаа өөрчлөн сайжруулж, намайг дэмжиж байгаа хамт олондоо үнэхээр их талархдаг. Бид хамтдаа ихийг хийх болно” хэмээн тэрээр өгүүлж байна.
Энэхүү бичвэртээ “Шазуур зуувал ялж, шантарч мохвол ялагддаг тавилан” хэмээн гарчиг талбисан минь түүний бэрх хэцүүд үл сөгдөн тэмцэж ялж явсан, тэр чанар нь эргээд Монголын минь хөгжилд нэмэр болж буйг хэлэх гэснийх билээ. Н.Эрдэнэхүү Монголын чихийг Дэлхийд халууцуулж байгаа хорт хавдар хэмээх аюулт өвчний эсрэг тэмцэгч тэргүүн фронтын дайчдыг зөв удирдаж, амжилтад хүрнэ, бусдын төлөө амьдрах зорилгодоо эзэн болж, зорьсон бүхнээ хэрэгжүүлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.
 
 
Урианхан Б.ГАЛААРИД