сонин mn
Оросын умард нийслэл хэмээх Санкт-Петербург хотноо очоод ирэв. I Петр хааны зарлигаар 1703 онд байгуулагдаж, 100 жил Оросын нийслэл байсан энэ хотыг ардын ярианд Питер гэж нэрлэдэг. Оросын соёл, шинжлэх ухаан, эдийн засгийн чухал төв болсон энэ хотын хүн амын тоо 4 сая гаруй. Орос, Монголын харилцаа, хамтын ажиллагааны нэгэн чухал гүүр болсон тус хотын албан ёсны мэдээлэл болоод ардын дундах яриа хөөрөөнд  Монгол, Рерих, “Морин хуур” чуулга гэсэн үгс бидний байсан хэд хоногт чухал байр суурьтай байлаа. Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан шинжлэх ухаан, урлаг, соёлын хэд хэдэн арга хэмжээ тус хотод шил даран зохиогдов.  
 
1. Санкт-Петербург, Монголын харилцааны тухай цөөн үг
 
Санкт-Петербург хот Монголын түүхэнд холбогдох нэгэн чухал үйл явдал бол 1913 оны аравдугаар сард Богд хаант Монгол улсын 28 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгч айлчилсан явдал байв. Айлчлалын үеэр хоёрдугаар Николай хаан, Ерөнхий сайд В.Н.Коковцев нарын олон хүнтэй Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн тэргүүлсэн төлөөлөгчид уулзаж, Хаант Орос улсын аж үйлдвэр, соёл, шинжлэх ухааны салбарын ололттой танилцаж, улс төрийн яриа хэлцэл өрнүүлсэн гэдэг. Мөн XIII Далай лам, буриадын лам Агваан Доржиев тэргүүтнүүдийн санаачилгаар 1909-1915 оны хооронд барьсан буддын шашны “Гүнзэйчойнэй” хийдэд VIII Богд хөрөнгө санхүүгээр тусалж байсан түүх бий. Дэлхийн хоёрдугаар дайны хүнд үед монголчууд чадах бүхнээрээ тусалснаас гадна Ленинградын хамгаалалтад цөөн боловч монгол хүн гар бие оролцож байв. Монголын түүх соёлын ховор үнэт олдворууд Эрмитажид хадгалагдаж байгаа тулдаа л сүйтгэгдэж, тоногдолгүй өнөөдрийг хүрсэн гавъяаг бас дурдах ёстой. Монголын мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх үйлсэд социализмын он жилүүдээс өнөөг хүртэл Санкт-Петербургийн оруулсан, оруулж буй хувь нэмэр үлэмж их. Энэ мэтээр дурдаад байвал хоёр орны хамтын ажиллагааны түүх нэн арвин, бас олон талтай. 
 
 
2. Зохион байгуулагчдын тухай цөөн үг 
 
Энэ удаагийн Санкт-Петербургийн шинжлэх ухаан, соёлын арга хэмжээнүүдийг Санкт-Петербург хотын Соёлын хороо, Оросын музейнүүдийн холбоо, Санкт-Петербург дахь Рерихийн гэр бүлийн музей-хүрээлэн, Улаанбаатар хот дахь Рерихийн гэр музейн хамт олон   Монгол Улсын Гадаад харилцааны яам, Соёлын яам, ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа. Монголын талаас Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ, мөн Дуурь, бүжгийн эрдмийн театр, Үндэсний их театрын уран бүтээлчид, Улаанбаатар хот дахь Рерихийн “Шамбала” музейн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, МҮОНРТ-ийн баримтат киноны баг, нийтдээ 48 хүний бүрэлдэхүүнтэй оролцов. Цар тахлын нөхцөлд ийм өргөн бүрэлдэхүүнтэй баг очно гэдэг санаанд багтамгүй үыл явдал байв. 
Хоёр тал болоод олон улсын арга хэмжээ нь урт хугацаанд тасралтгүй өрнөсөн яриа хэлцэл, зөвшилцлийн үр дүн байдаг. Арга хэмжээ ямар болов гэдгийг л бид анхаардаг болохоос ачааны хүндийг хэн үүрэв гэдэгт ач холбогдол өгдөггүй. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, Морин хуурын чуулгыг Марийнскийн театр, академик театр Капелла-д  тоглуулах санаачлагыг Санкт-Петербург, Улаанбаатар хот дахь Рерихийн музей анх хамтран гаргаж, дуусан дуустал хүчин зүтгэсэнд талархаж байна. Рерихийн Санкт-Петербург дахь музейн захирал А.А.Бондаренко, Улаанбаатар дахь “Шамбала” музейн захирал Б.Янжмаа нар хоёр орны төрийн олон байгууллагад асуудлын мөн чанар, ач холбогдлыг ойлгуулах талаар ихээхэн сэтгэл зүтгэл гаргасан нь анзаарагдаж байлаа.  Гэхдээ Санкт-Петербургийн Соёлын хороо тоглолтын танхим түрээслэх, Монголын төлөөлөгчдийн ирэх буцах, байрлах, унаа тээвэр зэрэг бүх зардлыг зуун хувь даагаагүй бол энэ удаагийн арга хэмжээ болохгүй ч байсан байж мэднэ. Тус хороо нь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хотынхоо соёл урлагийн байгууллагуудыг олон улсын төсөл хөтөлбөрт хамруулах, Санкт-Петербург хотыг дэлхийн хэмжээний соёл, урлагийн төвийн нэг болохынх нь хувьд сурталчлах талаар маш идэвхтэй ажилладаг аж.
“Дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан хамгийн том соёлын арга хэмжээ боллоо” гэсэн монгол дипломатчийн үг тус арга хэмжээг товч тодорхойлсон оновчтой дүгнэлт байлаа.
 
3.  “Орос, Монгол дахь Рерихийн гэр бүлийн өв” сэдэвт хурлын тухай цөөн үг
 
Арваннэгдүгээр сарын 13-нд “Орос, Монгол дахь Рерихийн гэр бүлийн өв” сэдэвт дугуй ширээний ярилцлага Санкт-Петербург дахь Рерихийн музейд танхим, онлайн хослуулан болов. Хуралд ОХУ дахь Монгол Улсын ЭСЯ, консулын газруудын төлөөлөл онлайнаар, Санкт-Петербург хотод суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй оролцсонд зохион байгуулагчид талархалтай байв. 
Дугуй ширээний ярилцлага гэсэн даруухан нэртэй энэхүү эрдэм шинжилгээний хуралд ОХУ-ын А.А.Бондаренко, Ю.Ю.Будникова, Т.С.Матехина, М.Н.Чирятьев, Монголын Б.Янжмаа, О.Батсайхан, Б.Галаарид, Энэтхэгийн Сунил Гупта нарын эрдэмтэд илтгэл тавьж хэлэлцүүллээ. 
Николай Рерих, түүний гэр бүл 1926-1927 онд Монголд ажиллаж амьдрахдаа Монгол, Оросын ард түмний өвөрмөц нэгэн соёлын гүүрийг бүтээж, насан туршдаа монгол соёл, монголчуудын ертөнцийг үзэх үзлийг гүнээ хүндэтгэж, монгол бол хоцрогдсон буурай орон гэдэг тухайн цаг үеийн  нийтлэг хандлагаас огт өөрөөр асуудалд хандаж, монголчуудын оюун санааны дотоод мөн чанарыг олж харсан гавьяаг илтгэгчид дор бүрнээ тэмдэглэж, хэдийгээр өөр өөр сэдвээр илтгэсэн ч харилцан бие биенээ нөхөж, нэгдмэл байр суурийг бий болгож чадсанд энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын ач холбогдол оршиж байна. Ю.К.Рерихийн шавь, рерих судлалыг Монголд бий болгосон академич Ш.Бирагийн эхлүүлсэн үйлсийг монголчууд үргэлжлүүлж, алдарт зураач, энх тайвны зүтгэлтэн, гүн ухаантан Н.К.Рерихийн өвийг судлах, хамгаалах үйлсэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж,  ОХУ - Монгол, Улаанбаатар - Санкт-Петербургийг холбосон соёлын харилцааг хөгжүүлэхэд идэвхтэй оролцож байгааг тус арга хэмжээ тодоор харуулсан гэж хэлж болно. 
 
 
4. Морин хуурын чуулгын тоглолтын тухай цөөн үг
 
Ирэх онд 30 нас хүрэх Морин хуурын чуулга Мариинскийн театрт арваннэгдүгээр сарын 13-нд анх удаа, алдарт Капелла академик театрт арваннэгдүгээр сарын 11-нд хоёр дахь удаагаа уран бүтээлээ толилуулав. Капелла бол Догшин Иван хааны үед байгуулагдсан, тайзан дээр нь хатуухан шалгуур шүүлтүүр давсан уран бүтээлчид тоглодог театр. Мариинскийн театрыг бол манайхан бүр сайн  мэднэ. Зөвхөн сонгодогууд тоглодог энэ тайзан дээр ардын хөгжмийн ансамбль гаргахдаа удирдлагууд нь айдастай байсан тухай Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа дурдсан байна билээ. Гэвч Морин хуурынхан тэрхүү айдас болгоомжлолыг арилгаж чадсан. Ардын болоод сонгодог уран бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд тоглох чадвартай, дэлхийн ямар ч тайзыг эзэгнэж чадах хамт олон гэдгээ тэд харуулсан. Аль ч тоглолт нь үзэгчдийг байлдан дагуулж, халуун алга ташилтаар шагнуулж, зарим үзэгч нулимс дуслуулж  байгааг харах сайхан юм билээ. 
Танхимд жинхэнэ мэргэжлийн үзэгчид ирсэн нь тэдний тоглолтыг хэрхэн гүн төвлөрөн сонсож байгаагаас харагдсан. Мариинскийн театрт болсон тоглолтод Оросын 18 театрын уран сайхны удирдаач, хөгжмийн мэргэжилтнүүд ирж “Морин хуур”-ыхны тоглолтыг сонжсоныг  бид тоглолтын дараа л мэдсэн. Манайхны ур чадвар, ялангуяа удирдаач Д.Түвшинсайханы авьяасыг тэд өндрөөр үнэлсэн. 
 
 
1984-1986 онд Монгол улсын филармонийн симфони найрал хөгжмийн ерөнхий удирдаачаар ажиллаж байсан, В.В.Андреевын нэрэмжит найрал хөгжмийг 30 жил удирдаж буй ОХУ-ын Ардын жүжигчин Д.Д.Хохлов мариинскийн тоглолтын дараа Морин хуурын чуулгынхныг зорин ирж тусгайлан баяр хүргэхдээ “Танай удирдаач төрөлхийн авъяастай самородок байна” хэмээн Д.Түвшинсайханыг үнэлж, ийм удирдаач ховорхон төрдөг гэж байн байн дуу алдаж байв. 
 
 
 
Морин хуурын чуулгынхны бас нэг таалагдсан зүйл нь гадаадад явж сурсан, сахилга зохион байгуулалттай, цаг ягштал баримталдаг, гадныхныг гайхшруулах алдаа дутагдал гаргадаггүй явдал. Миний хувьд олон хүнтэй цуг явахад учирдаг хүндрэлүүдээс айж байснаа нуух юун. Харин энэ удаагийн багт тийм хүн нэг ч байгаагүй нь сайхан байлаа.  
 
Морин хуурын чуулгын тоглолтыг зохион байгуулахтай холбоотойгоор  ар араасаа хөвөрсөн олон асуудлыг шийдэж нэг мөрт оруулах ажилд тус чуулгын менежер, морин хуурч Ж.Уугантуяагийн хичээл зүтгэл маш чухал байсныг зохион байгуулагчид онцлон тэмдэглэж байсныг энд заавал дурдах ёстой. Цагийн зөрүүгээс болоод шөнийн хэдэн цагт ч холбогдсон түвэгшээлгүй ажиллаж, шаардсан мэдээллийг цаг алдалгүй илгээдэг, үнэхээр хариуцлагатай сайн менежер хэмээн Ж.Уугантуяаг тэд тодорхойлсон. Ажлаа гэх сэтгэл, хариуцлага дийлэнх олонхид илтэд үгүйлэгддэг болсон өнөө цагт юутай сайн хэрэг вэ, Морин хуурынхан ч азтай юм аа гэх бодол тэр агшинд төрж байсан. Морин хуурын чуулгыг уран бүтээл талаас нь Д.Түвшинсайхан, зохион байгуулалт талаас нь Ж.Уугантуяа хариуцаж яваарай гэж тус чуулгыг үүсгэн байгуулагч, Ардын жүжигчин  Ц.Батчулуун агсан захиж үлдээснийг хожим мэдээд аргагүй л сайн шавь нар юм даа хэмээн бахархах сэтгэл төрж билээ. 
 
5. Түүх, соёлдоо хайртай хотын тухай цөөн үг 
 
Санкт-Петербург түүх, соёлын дурсгалаа чин сэтгэлээсээ хайрлан бахархдаг хот юм. Олон зууны түүхтэй байшин барилгуудаа байнга сэргээн засварлаж, үүх түүхийг нь сурталчилна. Хөшөө дурсгал, үзэх сонирхох зүйл ч олонтой. Гудамж талбайн нэрийг манайхан шиг ойр ойрхон сольдоггүй, хуучин барилгаа нурааж оронд нь өөрийг барьдаггүй учраас хотын түүхэн ой санамж нэн сэргэг. Аль байшинд хэн хэзээ амьдарч байсан, хэн гэдэг архитекторчийн бүтээл, ямар үйл явдалтай холбоотой гээд бүх мэдээллийг цаасан болон цахим хэлбэрээр хаанаас л бол хаанаас олж мэдэж болно. Түүхээ гүнзгийрүүлэн судлах, нягтлах ажил байнга хийнэ. Түүнийгээ сурталчлах, хотын өв уламжлалаа хадгалах талдаа ихээхэн бодлоготой, алсын хараатай хандах юм. Оросын эдийн засаг, шинжлэх ухаан, худалдааны томоохон төв, зам харилцааны ижилгүй чухал зангилаа хотын хувьд тэнгэр баганадсан шилэн барилгууд босгох шиг амархан юм тэдэнд үгүй. Гэвч питерчүүд бетонон ширэнгэ босгохоос татгалзаж, өв соёлоо хамгаалж, түүх уламжлалтайгаа хамтдаа амьдрахыг эрхэм чухалд тооцжээ. Тэгснээр Оросын соёлын нийслэл төдийгүй дэлхийн соёлын том төв болж чадсан байна.  Өнгөрсөн түүх, соёлоо хайрлана гэдэг өнөөдрийг, бас ирээдүйгээ хайрлаж буй хэрэг билээ. 
 
 
 
 
 
УРИАНХАН Б.ГАЛААРИД