сонин mn
Говь-Алтайнхан маань Хантайшир уулын аймгийн 100 жилийн ойг энэ онд тэмдэглэхээр зэхэж байх шиг байна. Энэ асуудлын үүсэл сэдлийг 2014 онд тавилцсан ч дараа нь сэтгэлдээ эргэлзээ гэмшил тээх болсон хүний хувьд үгээ хэлэхгүй бол болохгүй нь ээ. 
1923 оны намар тус аймгийн их хурал хуралдаж аймгийн чуулганы даргаа томилж, аймгийн яамыг Цагаан эрэгт үүрд суурьшуулах шийдвэр гаргаад Засгийн газраас түүнийгээ албажуулах зөвшөөрөл хүссэн байдаг.   Гэтэл Засгийн газар 1923 оны арваннэгдүгээр сарын 22-нд Засагт хан аймагт суугаа төлөөний түшмэлдээ бичиг илгээж, тус аймгийн хошуудад нутгийн захиргааг дүрэм журмын дагуу байгуулаагүй тул аймгийн их хурал, улмаар нутгийн захиргааг хүчин төгөлдөр гэж үзэхгүй гэдгээ мэдэгдсэн. Үүний дараа тус аймагт нутгийн захиргааг дахин байгуулах ажлын бэлтгэл хангуулах, зохион байгуулах үүрэгтэй 14 хүний бүрэлдэхүүнтэй томоохон комиссыг Засгийн газраас албан ёсоор байгуулж, тус аймагт томилон ажиллуулсан. Тэд хүн ам, мал хөрөнгийн тооллого бүртгэлийг аймгийн хэмжээнд дахин явуулж, 1924 оны зун, намар хошуудын хурлыг зохион байгуулж,  21 хошуу, 3 шавиас тус бүр 1-3 хүнийг аймгийн их хурлын төлөөлөгчөөр сонгосныг Засгийн газар баталсан. 
 
Ингээд Хантайшир уулын аймгийн анхдугаар их хурал 1924 оны есдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд 26 төлөөлөгчтэйгээр (Дайчин засаг, Бишрэлт засгийн хошууны төлөөлөгчид ирж оролцоогүй) хуралдсан.  Хантайшир уулын аймгийн энэхүү анхдугаар их хурлыг МАН-ын Төв хорооны дэд дарга Н.Жадамба Засгийн газрыг төлөөлөн очиж удирдсан. Ийнхүү Хантайшир уулын аймгийг байгуулах хууль ёсны хүчин төгөлдөр их хурал нь 1924 оны есдүгээр сард болсон болохоор 100 жилийн ойг нь ирэх онд тэмдэглэх нь зүйд нийцнэ. 
 
Хошуудын хуучин нэрийг Хантайшир уулын аймгийн тухайд 1924 онд анх халж,  түүний дараа л засаг захиргааны өөрчлөлт, шинэчилсэн хуваарилалт хийгдсэн учраас Хантайшир уулын аймгийн уул усны нэрээр нэрлэгдсэн хошуудын түүх мөн л 1924 оноос эхлэн тоологдох нь бодит үнэнд нийцэх тул уул усны нэртэй хошуудын 100 жилийн ой 2023 онд бас л нэг ч тохиох учиргүй.      
2014 оны тавдугаар сарын 31-нд “Бидний Алтайн түүх” эрдэм шинжилгээний хурлыг Говь-Алтай аймагт зохион байгуулахад миний бие идэвхтэй оролцсоноороо буян, нүглийн аль алийг үйлдсэн гэдгээ ялдамд өгүүлсү. Энэ хурлаар өнөөгийн Говь-Алтай аймаг бол Засагт хан аймаг, Хантайшир уулын аймгийн голомт нутаг мөн, Засагт хан аймаг нь өнөөгийн Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэр дэх “Аймаг” хэмээн нэрлэгдсэн засаг захиргааны анхны нэгж мөн, одоогийн Говь-Алтай аймаг түүхэн утгаараа Хантайшир уулын аймгийг залгамжлагч мөн гэдгийг албажуулсан гавьяа хурал зохион байгуулагчдад оногдох ёстой. Гэхдээ 1923 оны аравдугаар сарын шинэдээр Засгийн газар Хантайшир уулын аймаг гэж уул усны нэрээр нэрлэхээр шийдсэн ч аймгийн анхдугаар их хурлын шийдвэрийг зөвшөөрч баталгаажуулаагүй түүхэн үнэнийг үл хайхран аймгийн түүхийг 1923 оноос эхлэн тооцох саналыг ИТХ-д оруулж батлуулсан нүгэлтэй. Энэхүү хуумгай дүгнэлт хуурамбуудыг будлиулсанд харамсавч барахгүй байна.
 
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар 2022 оны арваннэгдүгээр сарын 30-нд Улаанбаатар хотноо түүхийн мэргэжлийн судлаачдын хүрээнд зохион байгуулагдсан “Хан Тайшир – 100” эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдэд Хан Тайшир уулын аймгийн жинхэнэ их хурал 1924 онд хуралдсан, 1923 оны сүүлээр болсон хурлыг Засгийн газраас албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй учраас 14 хүний бүрэлдэхүүнтэй томоохон комисс томилон газар дээр нь ажиллуулж байж 1924 онд Хантайшир уулын аймгийг албан ёсоор байгуулсан гэдгийг олон баримтаар нотолжээ. 
 
Тийм болохоор Хантайшир уулын аймгийн 100 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргавал монголчууд XXI зууныг 2001 онд биш, харин өмнөх зууны сүүлчийн он болох 2000 онд бүх нийтээрээ тэмдэглэж онигоонд орсон шиг юм болох байх. Гэхдээ манай энэ удаагийн засаг баригчдын аливаа тоонд, ялангуяа 100 жил гэсэн тоонд хандах хандлага нэг л этгээд сонин байгаад байгаа болохоор энэ жил тэмдэглэж чадах л улс.  Тухайн үеийн Засгийн газар, эрх баригч МАН-ын 1924 онд буюу 99 жилийн өмнө гаргасан шийдвэрийг өнөөдрийн залгамжлагчид нь арай ч засч баллуурдахгүй байлгүй дээ.
 
Урианхан Б.ГАЛААРИД