1983 онд би цэрэгт татагдсан тухайгаа ярьсан. Хэдхэн сар болоод халагдаж ажилдаа эргэж орсон тэр хугацаанд туулсан цэргийн амьдралд юм юм л тохиолджээ. Заримаас нь энд дурдахыг хүслээ.
Нэг удаа би хоногийн чөлөө авч хот орох болов. Үдээс хойш яваад маргааш үдээс хойш нь тэр цагтаа эргэж ирэх ёстой. Хоёр цэрэг зүү залгичихсан тул карантины эмч яаралтай хот хүргэж цэргийн эмнэлэгт үзүүлж рентгенд харуулах, зүүг нь яаж авахыг шийдэх ёстой болсон хэрэг.
Харин би тэднийг эмнэлэгт хүргэхээр эмчийн хамт явж байгаа минь тэр. Эмч тэгж хот явахдаа хөгшин цэргүүдээс хань татна. Карантинд очоод хэд хоносны дараачаас шинэ цэргүүд “санамсаргүйгээр” зүү залгичихдаг болжээ. Яасан гэхлээр, кителийнхээ захыг хадаж байгаад зүүгээ амандаа зуучихсан байтал хэн нэг нь араас нь ёворчихсон чинь зүүгээ цааш нь залгичихсан гэнэ.
Тэгээд хот явах болно. Зүү залгисан цэргийг харахад ямарч нүүрний хувирал байхгүй, хар цагаан дуугүй, гүлдийчихсэн харагдана. Өөр ч яах юм билээ дээ. Эхэндээ тэднийг өрөвддөг байлаа. “Яана аа? Үхчих вий дээ. Эх орноо хамгаалах эр цэрэг болох гэж ирээд ингэчих гэж. Хайран сайхан хүү...” гэж элдвийг бодно.
Гэтэл сүүлдээ цувралдаад л зүү залгиад, хот яваад, хоёр хоноод зүв зүгээр эргэж ирээд байхаар нь эргэлзэж эхэлнэ. Зүгээр л, тэгээд хэлчихэд л болчихдог юм биш үү. Тэр хөдөө уулын мухарт үнэн худлыг нь мэдэхгүй юм чинь. Хот орж л таараа. Ухаандаа, шинэ цэрэг цэргийн албанаас няцаж, шантарч байгаа нь тэр бололтой.
Дэг гэдэг юм багасч, бараг байхгүй болсонтой ялгаагүй, зүгээр л цэргийн албаны журам дэглэмээр л чангалдаг болсон тэр цагт жаахан хатуу хүтүүг үзэхээрээ, жаахан өлсөж цангахаараа, нар, бороонд зогсохоороо, зүүд нойроо харамлахаараа, ерөөсөө цагийн дэглэмд ороод ирэхээрээ хүн ингэдэг ажээ. Ерөөсөө хүн гэдэг амьтан эрх чөлөөтэй, дур зоргоороо, задгай тааваараа байх дуртай юмсанжээ...
Баянчандманиас хот руу хэдэн цаг яваад хот орж, цэргийн төв эмнэлэгт нөгөөдүүлээ хүлээлгэж өгөөд гэртээ ирэв. Тэр үед манайх гуравдугаар хороололд “Өргөө” кино театрын баруун талд байсан юм. Энгийн хувцас өмсч гараад, найз нартайгаа уулзан жаал сууцгаав. Тэгээд харьж, орой болтол гэрийнхэнтэйгээ ярьж хөөрч, сайхан унтаж амраад, өглөө нь аажуухан бослоо.
Үдээс өмнө хэдэн ажил амжуулаад үдээс хойш эртхэн гараад явчихна даа. Карантин руу буцна гэхээс сэтгэл хоргодоно. Гээд яахав, явж л таараа. Харин амжиж нөхдийн дайлгасан хоёр захиаг гэрт нь хүргэж өгөх ёстой. Тийм учраас захиануудыг аваад гарлаа. Эхнийх нь захиаг өгөх айл хаа гэж ойрхон, ердөө замын урдтайх есөн давхарт аж. Захиан дээрх хаягаар нь орц руу нь орж цахилгаан шатаар өгсөн найман давхарт гарч хаалганых нь хонхыг дарав.
Чингээд дуу аялсан шигээ санаандгүй зогсч байтал хаалга ч онгойлоо. Тэгтэл нэг орос хүүхэн хаалгаа тайлах нь тэр. Би гэнэ сэрэггүй байсандаа хэдэн агшин гацаж орхив. Айл андуурав уу? Магадгүй. Мөн бол мань хүн надад хэлчихгүй дээ гэсэн бодол төрж байна. Тэгээд ам нээлээ:
-Хм... Драсьте...
-Добрый день.
-Энэ Нямсүрэнгийнх мөн үү?
-Мөн мөн.
-Би карантинаас чөлөөгөөр ирсэн юм аа.
-Өө, тийм үү? Манай нөхөр бас тэнд байгаа.
-Харин тийм. Би нөхрөөс чинь захиа авчирлаа...
-Баярлалаа. Та орооч.
Би хулгасхийн орох үед цаад өрөөнөөс нэг шар толгойтой жаал гүйж ирлээ.
-Ээж ээ, энэ хэн бэ?
-Аавынх нь найз байна аа. Аавтай нь хамт цэрэгт байгаа ах нь. Ааваас чинь захиа авчирсан гэнэ. Хоёулаа уншья.
-Та нээрээ манай аавын найз нь юм уу? Аав тэгээд яагаад ирээгүй юм бэ?
-Аав нь удахгүй ирнэ ээ гэж би хэлээд захиаг гаргаж ээжид нь өгөв. Ээж хүү хоёул захиаг их л амтархан уншицгаав. Тэр зуур би аягалж өгсөн цайг нь оочлон тэднийг, бас гэрийг нь ажиглан суулаа. Цэвэрхэн сайхан суудаг айл ажээ.
Манай салаанд хөгшин цэргүүд нэлээн байсан юм. Цэрэгт арван найм, естэй залуус татагдаж явах нь их агаад хорин хэдтэй ч байна л даа. Тэднийг л хөгшин цэрэг гэж байгаа юм шүү дээ. Хөгшин цэргүүдийн ихэнх нь гадаад, дотоодод их, дээд сургуульд суралцсан, тэгээд л нас нь явчихсан нь тэр л дээ. Манай карантинд Орост, Болгарт, Германд, бас дотооддоо их сургууль төгссөн мань мэтийн олон залуус байсан юм.
Захиа дайлгасан нөхөр маань хойно Зөвлөлтөд сурч байхдаа орос бүсгүйтэй танилцаж эхнэр болгож авчирсан нь энэ байжээ.
Тэр үед монгол эрчүүл орос эхнэр авчрах нь түгээмэл байсан даа. Орос авгай авбал төгсч ирээд хотод үлдэнэ, гайгүй ажилд очно, байртай болно. Амьдрал тэгширнэ гэсэн үг. Өөр юу хэрэгтэй юм?
Эднийх тэр л жишгээр залуухан гэр бүл гэхэд ийм аятайхан байртай болсон байж таарна. Гурав, дөрөвдүгээр хороолол тэр үед баригдаад удаагүй, шинэхэн хорооллын шил цонх нь гялалзаад, Улаанбаатарын хамгийн тохилог сайхан газар байсан билээ.
Ээж хүү хоёр, захиагаа уншиж дуусаад надтай дахин хэдэн үг солилоо. Тэр хоёр давгүй сайхан, бүр жаргалтай амьдарч байгаа бололтой. Карантинд ямар байгаа тухай, хоол унд ямар байгаа тухай, нөхөр нь өөр юу хэлүүлсэн гээд асуусан асуултад нь би ойр зуур хариулаад явахаар бослоо.
Гарч явахдаа нөгөө захианы хаягийг хараад автобусанд суув. Хойшоо хоёр буудалд ажээ. Их сургуулийн дэргэд бууж дахин унаанд суун хойшоо явсаар хоёр буудлын орчимд бууж өнөөх айлыг хайн гудамж дундуур алхлаа. Нэлээн явсаар өнөөх хаягийг олж очин мөн бишийг нь дахин нягтлав. Хаалга нь онгорхой байсан ч би орсонгүй, хаалгыг нь цохиход удалгүй нэг залуухан хүүхэн гарч ирлээ.
-Сайн байна уу?
-Сайн, сайн байна уу?
-Би Баянчандманийн карантинаас ирсэн юм аа. Энэ захиа авчирлаа.
-Өө тийм үү? Ор ор! гэж тэр хүүхэн хэлээд цааш эргэлээ.
Би ормооргүй байсан ч, хүн “Ор!” гэж байхад яаж оролгүй явчихав... гэж бодоод араас нь даган дотогш оров. Жижигхэн хашаан дотор бас л жижигхэн навтгар шавар тагз байна. Хүүхэн түрүүлж ороход нь араас дагаж оров. Намхан таазтай, гэгээ багатай өрөөнд орсон хойноо би дахиад зогтусч орхих нь тэр.
Ёстой л нүдэндээ итгэж ядахдаа нүд аниад толгойгоо сэгсэрч унтаа, сэрүүн алин болохыг үзмээр санагдав. Гэвч мэдээж, сэрүүн л явж байгаа нь энэ шүү дээ.
Хөх ямаан сахалтай, туранхай хятад өвгөн цөмцийгөөд сууж байна. Мэнд мэдсэн чинь дуугарсангүй. Монголоор ярьдаггүй бололтой.
Хүүхэн надад цай аягалж, жижиг тавагтай боов дөхүүлж өгөхөд нь би аягатай цайг авангаа захиаг өөрт нь өгөв. Хүүхэн ч захиаг дор нь задлан уншиж гарлаа. Хэдийгээр зуны дунд сар, гадаа нарлаг дулаахан ч, энэ гэрт хүйт хургаад жихүүн сэрүүхэн ажээ.
Тэр үед Монгол-Хятадын харилцаа ямар байлаа, монголчууд, хятадууд бие биендээ яаж ханддаг байлаа даа. Би аягатай цайнд ам хүрсэн болоод ширээн дээр тавьж, бушуухан гарахын түүс болон суулаа. Эр хүний гар хүрээгүй удсан шинжтэй, хаалга, цонхны будаг шунх халцарч, жайжийсан, цаанаа л нэг гундуухан харагдана.
Хүүхэн захиаг уншиж дуусаад эвхэж халаасандаа хийгээд над руу харж:
-Тэгээд манай хүн дажгүй юу? Ямаршуухан байгаа юм бол доо? Манай хүн ч гэж дээ, халагдахаар нь бид хоёр суух гэж байгаа юм аа.
-Дажгүй ээ, бүр сайн. Одоо хуучирсан шүү дээ. Тэгээд манай Жа болсон. Салаа захираад л явж байгаа.
-Ашгүй дээ. Санаа зовох л юм. Мөд ирэхгүй л байх даа?
-Намар карантин буухаар л ирнэ дээ. Наана нь амжихгүй байх аа...
Хүүхэн монголоор бидэн шиг л, ямарч аялгагүй, цэвэрхэн ярих ажээ. Бодвол монгол ээжтэй, хятад аавтай биз. Тэгээд бас монгол сургуульд сурч төгссөн биз. Тэр үед 3, 5, 17 гээд энэ хавийн сургуулиудад эрлийз хүүхдүүд их сурдаг байсан гэдэг.
Хүүхэн эгц харахгүй, үргэлж доош шагайх агаад нэг нааш харахад нь нүдэнд нь тэр гэхийн тэмдэггүй жигтэй хачин гуниг хургасныг би олж харлаа. Ер нь л гундуухан, дуу муутай нь илт. “Яасын бол доо? Элдэв юм тохиолдоогүй л юм шиг...” гэж би бодонгоо явахаар босов.
Хүүхэн намайг хашааны хаалга хүртэл үдэж өгөөд үлдэв. Унаа ирж авах дөхөж байгаа тул би харихаар яаравчиллаа. Харьж явахдаа өнөөдөр нөхдийн захиасыг биелүүлсэндээ сэтгэл хангалуун байж чадахгүй байгаадаа өөрийгөө гайхав. Хэрэг дээрээ өөрийгөө гайхаж байгаа ч юм биш, харин өнөөдөр орсон хоёр айл намайг гайхашруулж байгааг сая анзаарав.
Нээрээ, би ямар айлуудаар орчихов доо? Өөр хүмүүс ч бидний дунд ингээд жаргал, зовлон ээлжлэн баяртай, гунигтай амьдарч байдаг ажээ. Нэг нь орос хүн болж төрснийхөө хэргийг гарган сайхан амьдарч байхад нөгөөх нь хятад хүн болж төрснөөрөө илүү үзэгдэн, гундуухан явдаг юм биш үү? гэж бодсоор явж билээ.
Цаг өөр байсан үе дээ. Түүнээ дагаад цагийн өнгө ч өөр, хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байж дээ.
Орос хүүхэн, сөөсгөр шар баньд хоёр ирээдүй цагийн илэрхийлэл мэт санагдаж байсан бол өвгөн хятад, эрлийз хүүхэн хоёр өнгөрсөн үеийн төлөөлөл мэт сэтгэгдэл төрүүлж байж билээ. Гэвч тэр мэдрэмж оновчтой байгаагүй нь өнөөдрийн өндөрлөгөөс ойлгомжтой байна аа...
За, ингээд өндөрлөе. Энэ бол миний дурсамж романы нэг хэсэг юм аа. Бага насныхаа тухай “Сансарын хүүхдүүд”, залуу, идэр насны он жилүүдийнхээ тухай “Гүүр” хэмээх хоёр роман бичсэн. Гэхдээ хэвлүүлээгүй байгаа. Хэрэв уншигч танд сонирхолтой бол өөр олон зүйлийн тухай дараа дахин хүүрнэсү.
Дурсамж хөтөлсөн Я.Ганбаатар
Сэтгэгдэл(19)
Сонирхолтой дурсамж байна баярлалаа
шал худлаа зохиож бичээд л...
уг нь роман гэдэг чинь тэс өөр үргэлжилсэн үгийн зохиолыг хэлдэг юм шт. зузаан ном болохоор нь роман гээд ойлгоод байгаа юм уу, зохиогч? дурсамж өгүллэгүүд гэвэл зохилтой. ихэнхдээ тааруухан нийтлэл гэмээр санагдсан: филатова хүүхдийн аминд хүрсэн, монголчууд барууны дуу сонсох эрхгүй байсан нтр... маш ядмаг, ташаа дүгнэлт хийж байгаа чинь cheap санагдсан шүү, уучлаарай. социйг муулдаг хүмүүс хүн төрөлхтний хөгжил, диалектикийн тухай наад захын ойлголтгүй байдаг нь харамсалтай
тэр роман гэгч нь хэнд хэрэггүй юм
УБ- ын амьдрал л байна шүү дээ. Би Завсрын буудалд ( 5 буудлын дараах) амьдарч байхдаа УИХ ын сонгуулийн хорооны штабт ажилласан юм. Манай штабт таван буудалд байдаг нэг авгай ажилладаг байв. Сурталчилгааны ажлаар айлуудаар орж явтал нөгөө таван буудлын авгай манайхаар ороод гарах уу? гэхээр нь “Тэгье , тэгье”гээд тэднийд орохоор боллоо. Жижигхэн зайтай хашаанд нэгэн намхан тагз байв. Гэрийн хаалга нь( тагзын) онгорхой байсан тул бид ар араасаа цуван орлоо. Би гэрт нь оронгуутаа л мэл гайхчихлаа. Намхан тагзын доторх нааран дээр нэгэн хятад өвгөн сууж байх юм. Манайхан бүгдээрээ мэндлэхэд, толгойгоо дохихоос өөр үг дуугарсангүй. Тэр айлаас гарцгаасны дараа би нэг танил хүнээс” Тэр хятад хүн манай энэ эмэгтэйн аав нь юм уу?” гэж асуувал” Үгүй дээ, нөхөр нь байхгүй юу! “ гэв. Би ч мөн, тэр өдөр сэтгэл нэг л тавгүй өнжиж билээ. Яагаад ч байгаа юм мэдэхгүй. Сэт
Сэтгэл нэг л хоосорчихсон ч юм шиг! Хүн хэнтэйгээ амьдрах чамд ямар хамаатай юм бэ? гэж өөртөө хатуухан хэлж байж л нэг юм тайвширсан шүү! Би хүнийг гадуурхан ялгах гэсэн юм биш! Яагаад ч юм бэ, мэдэхгүй! Өөрөө ч ойлгодоггүй юм.
Баримтат огууллэг гэвэл сонин бн
Роман уншиж суудаг цаг өнгөрсөн.
Монголчууд нэг нэгнийгээ хятадын эрлийз хурлийзаар нь дуудалцахад миний инээд хүрдэг юм. Саяхан л УБ -р дүүрэн хятад шавар байшин, хятад гудамжнууд зөндөө л бсан, ах нарыг дагаад загас авах гээд явахад хятад тосгонд очсон юмшиг санагддаг айдаг байсан. Одоо хүүхдүүд нь эрлийз ч бай , хурлийз ч бай цэвэр монголоор яриад бидний дунд хүний амьдарлаар амьдраад , жаргаад зовоод адилхан л бгаа. Харин ч зарим улсад бдаг шиг цөөнх үндэстэн үүсгэж, манай танай болоогүй монголд уусаад, хэнд ч гай болохгүй чимээгүй хувь заяатайгаа эвлэрээд монгол улсын иргэний үүргээ биелүүлээд л бидэнтэй адил амьдарч бгаа. Ер нь хүнийг тэр нутгийнх, тэр цусных гээд бдаг хүмүүс өөрсдөө жаахан цус ойртсон шинжтэй харагдаад бдаг юм хахахаха
Сонирхолтой байлаа
Нямсүрэн гэж 23 - р сургууль Воронеж хотод хуулийн сургууль төгссөн нөхөр мөн үү
oros avgai avbal hotod uldene bair savtai bolno gedeg ni arai iluu bishuu Ganbaatar aa. tegeed ch 83 ond mongold irdeg oros huuhen gej haana ch ibsan jum. yahav gants neg buriad uzbek irsen bsaan.
1921 онд навтархай хар гэрээс өөр сууцгүй, задгай тулганаас өөр зуухгүй, өөхөн дэнлүүнээс өөр гэрэлгүй, дан өмд цамцнаас өөр дотуур хувцасгүй, дээлнээс өөр хөнжилгүй, хэзээ ч усанд ордоггүй, оо савангийн талаар ямар ч ойлголтгүй, морин өртөөнөөс өөр тээврийн хэрэгсэлгүй, ламаас өөр эмчгүй, бичиг үсэг мэддэггүй, насанд хүрсэн хүмүүсийн ихэнх хувь нь яр тэмбүүнд баригдсан, сүм хийдийн барилгаас өөр барилгагүй, хот суурингүй, мал маллахаас өөр ажил хөдөлмөрийг огт мэддэггүй, ердөө 500 мянга орчим хүн амьтай, Хятад улсад харъяалагдсан, төв Азийн хамгийн хоцрогдсон Ар Монголыг АНУ, Англи, Герман, Хятад, Японы түрэмгийлэлээс хамгаалж, 19921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлж, 3 сая гаруй хүн амьтай, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, орчин үеийн одоогийн туурга тусгаар Монгол улсыг байгуулж өгсөн мөнхийн хойд хөрш агуу их Орос орныг үл хүндэтгэх, муулах нь үүх түүхээ огт мэддэггүй, хүн чанараа гээсэн, орчин үеийн барууны тархи угаалтад бүрэн хэмжээгээр мансуурсан хамгийн адгийн хүн-сүргийн шинж юм.
1921 онд Орос орны байдал ямар байсан вэ?
Good!
би ч бас хөгшин цэрэг явсан. 1982 он.гэхдээ хилд.23 настай.3жилийн цэрэг. МУИС төгссөн байлаа.чамд сонин юм ярьж номонд чинь нэмэр болж болох юмшүү
100 айл, 2 буудал, Хайлааст, 7 буудал, Амгалан чайна таун -ууд байлаа.
Худал шаагаад сурцан гаруу даа
Уран зохиолоор үзсэнээс түүхээрээ үзэхгүй юу даа! Амжилт хүсье!