сонин mn
Аливаа улс орон газар нутгаа хэрхэн ашиглаж  байгааг ажигла. Тэгвэл та тухайн ард түмний талаар тун нарийн дүгнэлтэд хүрч чадна хэмээн нэгэн суут ухаантан хэлсэн байдаг. Энэ үгийг сонсоод танд юу бодогдож байна вэ? Таны ирээдүй гэрэл гэгээтэй харагдаж байна уу? Монголчуудын аж амьдрал, хөгжлийн суурь нь үеийн үед хөдөө аж ахуй байсаар ирсэн.
1960 онд Үндсэн хууль баталж, анх удаа Монгол улсыг хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болох зорилтыг тавьсан үе саяхан мэт санагдаж байна. Энэ үеэс эхлэн маш олон үйлдвэрүүд ашиглалтад орж, Монгол улс богино хугацаанд үйлдвэрлэгч орон болж чадсаныг бид сайн мэднэ. Харамсалтай нь 1990 онд зах зээлийн эдийн засгийн системд шилжсэний дараа улсын үйлдвэрүүдийг хувьд шилжүүлснээр Монгол улс үйлдвэрийн салбараа бүхэлд нь унагаасан гэж хэлж болох юм. Тэр цагаас эхлэн Монголын үйлдвэрлэлийн гол салбар нь уул уурхай болсон. Монгол Улсын уул уурхайн бодлого бүр социалист системийн үеэс л авахуулаад алдаатай явагдаж ирсэн. Гол алдаа нь гэвэл хайгуулын ажлыг хамтарч хийдэг байснаас болж хамтарч ашиглахаас аргагүй нөхцөл үүсдэг байсан. Тухайн үед геологи хайгуулын ажлыг Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнуудтай хамтарсан геологийн экспедицийг байгуулах замаар хийдэг байсан билээ. Энэ ажлын хүрээнд Монгол Чехийн хамтарсан геологийн экспедиц Эрдэнэтийн овооны зэс молибдены ордыг нээсэн юм.
 
1968 онд Чех Улсад “Прагийн хавар” хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн Зөвлөлтийг эсэргүүцсэн эсэргүүцэл, тэмцлийн улмаас энэхүү геологи хайгуулын ажил зогсож, Эрдэнэтийн овоог ашиглах үйл ажиллагаа нь Зөвлөлт Холбоот Улсын мэдэлд шилжсэнээр Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан түүхтэй. Зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш сүүлийн гучин жил уул уурхайн бодлого бүрэн дампуурсан гэж хэлэхэд болно. Хувь хүн, хувийн компаниуд уул уурхай, эрдэс баялгийг ашиглах, хайх үйл ажиллагаанд оролцох хууль эрх зүйн орчныг давхар нээсэн нь энэ салбар богино хугацаанд ёроолдоо хүртэл унах гол шалтгаан болсон. Ашигт малтмалын хуульдаа хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй гээд заагаад өгчихсөн байна. Энэ нь олсон л бол авна гэдэг дураараа дургих нөхцөлийг шулуутгаад өгсөн хэрэг юм аа. Уг нь хэвлийн баялаг гэдэг бол огт өөр агуулгатай баялаг юм. Айлаар зүйрлэвэл, газрын хэвлийн баялаг бол авдар доторх баялагтай адилхан. Айл өрх болгон ховор, нандин бүхнээ авдартаа хадгалдаг билээ.
 
 
 
Авдрын түлхүүр гэрийн эзэнд байх ёстой. Гэрийн эзэн авдрын мухарт буй ховор нандин эрдэнэ, мөнгө төгрөгөө хайж олох нь нэг хэрэг. Харин олсноо өнөөдөр ашиглаад дуусах уу, эсвэл үр хүүхдүүддээ хадгалж үлдээх үү гэдэг нь огт өөр хэрэг юм.
 
 
 
Гэтэл өнөөдөр бид зарж, шилжүүлж болдог. Хайгуулын лиценз нэртэй цаасаар дамжуулан авдрынхаа түлхүүрийг дотоод, гадаадын доншуурчдад нэгэнт алдсан байна. Авдрын түлхүүрийг маань гартаа хийж чадсан тэд авдрын мухарт буй алт эрдэнэсийг маань хайж олсон учраас бас ашиглах ёстой гэж улайрч байна шүү дээ. Өөрсдийн хүсэл шуналаа гүйцэлдүүлэхийн тулд тэд энэ бүх луйврын зохицуулалтаа Монгол Улсын Ашигт малтмалын хуульд суулгаж чаджээ. Ашигт малтмалын хуулийн дөчин есийн нэгд дурдсанаар бол  хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нэгдэх, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан тохиолдолд шинээр бий болсон эрх хүлээн авагчид, түүнчлэн хараат охин компани нь толгой компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлж болно гээд заачихсан ажээ. Тэгвэл дөчин есийн хоёрт дурдахдаа хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл хайгуулын талаарх анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно гээд заачихжээ. Дөчин есийн гуравт дурдсанаар бол ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж, зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно гэж заасан ажээ. Эдгээр заалтууд нь хайгуул, ашиглалтын лицензийг наймаалцаж болдог арилжааны хэрэгсэл болгосон маш ноцтой аюултай бодлого юм. Өөрөөр хэлбэл эхлээд улс төрчид болон тэднийг дагасан бүлэглэлүүд өөрсдийн байгуулсан хуурамч компаниудаар дамжуулан лицензээ аваад бусдад шилжүүлэх нэрээр худалддаг лицензийн наймааны бүхэл бүтэн сүлжээг бий болгох боломжийг өгчээ. Өнөөдөр Монголын ард түмний баялаг цөөн тооны гадаад дотоодын доншуучид луйварчдын мэдэлд бүрэн шилжсэн ажээ. Үнэндээ бол лиценз зарна гэдэг нь газрын доорх баялгийг үнэлэн зарж байгаа хэрэг юм . Хувь хүн, улс төрийн бүлэглэлүүд өөрийн гараар бүтээгээгүй байгалийн баялгаас ашиг олж чадаж байгаа нь хөдөлмөрийн эрхийг зөрчиж байгаа хэрэг юм. Үүнийг манай төр хуульчилж баталж байгаа нь хуульчилсан хулгайг үүсгэсэнтэй адилхан үг.
 
Монгол Улсын хойд хөрш Оросын Холбооны Улсад хайгуул, ашиглалтын лицензийг төр засаг нь хувийн эзэмшилд олгох тохиолдолд дуудлага худалдаа явуулах замаар өгдөг ажээ. Тухайн лицензийг худалдах, бэлэглэх, бусдад шилжүүлэхийг хатуу хориглоно гэсэн заалттай хуультай байдаг. Тэнд ямар ч гэсэн лицензийн наймаа хийх нөхцөлийг бүрэн хаасан хууль эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан ажээ. Харин манай урд хөрш болох Хятад улсад уул уурхайн бодлогыг зуун хувь төр засаг нь мэдэлдээ авсан ажээ. Хятад Улсын Үндсэн хуулийн газрын тухай хэсгийн есийн хоёрт дурдахдаа, төр байгалийн баялгийн зүй зохистой ашиглалтын баталгааг хангах ба ургамал, амьтны үнэт төрөл зүйлийг хамгаалалтдаа авна. Дурын байгууллага, хувь хүнд байгалийн баялгийг ямар нэгэн байдлаар хувьдаа эзэмших, эсвэл өгч сүйтгүүлэхийг хориглоно гэж заасан байдаг. Монгол Улсад 2014 онд Зандаахүүгийн Энхболдыг Улсын Их Хурлын дарга байх үед Оюутолгойгоос санхүүждэг Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци гэдэг төрийн бус байгууллага Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж, улмаар Улсын Их Хурлаар батлуулсан байдаг. Тус баримт бичигт дурдахдаа Монгол улсад хувийн хэвшилд түшиглэсэн уул уурхайн бодлогыг хөгжүүлнэ гэж заасан байна. Энэ заалтыг сайтар анзаараарай. Энд төрийн гэсэн үг огт байхгүй шүү. Энэ бодлогын дагуу уул уурхайн төрийн өмчит компаниудыг шат дараалан хувьчлах ажлыг эхлүүлэх зорилготой байжээ.
 
 
 
Тэдний хийсэн анхны дайралт нь 2016 онд Эрдэнэтийн Оросын Холбооны Улсын эзэмшилд байсан  49 хувийг шилжүүлэх луйвар байсан юм. Одоо ч энэ асуудал маргаан дагуулсан хэвээр байгаа билээ.
 
 
 
Улс орон зөв хөгжье гэвэл хийх ёстой хамгийн эхний бөгөөд чухал ажил бол хувьчилж болох, хувьчилж болохгүй зүйлээ тодорхой болгохоос эхлэх ёстой. Хувьчилж болдог зүйл бий. Бас огт болдоггүй зүйл гэж бий. Хувьчилж огт болдоггүй зүйлийн эн тэргүүнд хүний гараар бүтээгдээгүй байгалийн баялаг орох ёстой. Энэ агуулгаар нь авч үзвэл газрын хэвлийн баялгийг хайх, ашиглах үйл ажиллагааг төр засаг 100 хувь мэдэлдээ авах ёстой. Өнөөдөр манайд хувь хүн дураараа алт ухаж байна. Тэгвэл нинжа нарыг зогсоох ганцхан арга бий. Хувийн компаниудын алт олборлох үйл ажиллагааг давхар цуцлах ёстой. Эцсийн дүндээ хувь хүн, хувийн компанийн хооронд зарчмын ялгаа байхгүй шүү дээ. Хувь хүн улаан гараараа алт ухах гэж улайрч байхад хувийн компани арван ажилчныг ажиллуулж байгаа ч гэсэн үнэндээ хувь хүн шүү дээ. Тиймээс газрын хэвлийн баялаг бол улсын, өөрөөр хэлбэл, бүх ард түмний өмч хөрөнгө мөн л юм бол хувь хүн, хувийн компанийн баяжих хөлжих хэрэгсэл байж хэрхэвч болохгүй ээ. Энэ бол ойлгоход маш энгийн логик юм. Манай өвөг дээдэс үеийн үед маш хатуу газрын бодлогыг хэрэгжүүлж ирсэн түүхтэй. Модун Шаньюгын үед алд дэлэм газар гэдэг бол ахуй төрийн маань үндэс. Алдаж хэрхэн болох вэ гэдэг алдарт зарчмыг баримталж байсан. Манай өвөг дээдэс алд дэлэм газрыг ингэж аминчлан чухалчилж, түүний төлөө тэмцэж ирсэн байхад өнөөдрийн төр лиценз нэртэй цаасаар дамжуулан гадна дотны хулгайч луйварчдад бүхэл бүтэн баг сумаар нь олгож байгаа нь харамсалтай. Монголчууд алт амьтай, алт газрын гагнаас гэх зэргээр алтыг олборлохыг цээрлэж ирсэн билээ. Тиймээс ч ахуйдаа зохицож ажиллаж амьдрах арга ухааныг хүүхэд багачууддаа багаас нь зааж сургадаг байсан. Газрын баялгийг байгаль эхийн нэг эд эс гэж үзэн ашиглахаас аль болохоор цээрлэж ирсэн байдаг. Гэтэл сүүлийн гучин жил газар нутгаа зүй зохистой ашиглаж ирсэн энэхүү уламжлалт бодлогыг бүхэлд нь устгаж амжлаа. Хэн дуртай нь юу хүссэнээ хийдэг боллоо. Газар, газрын баялгийг зарж арилжаалдаг болсноор захын хүний амнаас А, Б лиценз зарна гэх мэтийн яриа чих дэлсэх боллоо. Мэдээж зарж болж байгаа учраас бид гаднынханд газар нутаг, эрдэс баялгаа алдаад байгаа гэсэн хэрэг юм.
 
Хувь хүн, хувийн компани лиценз зардаггүй байсан бол бид гадна дотны доншуурчдыг ингэж давраахгүй байх боломжтой байсан юм. Одоо үүнийг өөрчлөх цаг нь болсон. Хар гэртээ хаан, бор гэртээ богд гэж нэг үг байдаг. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг ч гэж бас ярьдаг. Монголын ард түмэн, Монголын төр өрх гэрийнхээ эзэн нь мөн юм бол авдрынхаа түлхүүрийг буцааж авах ёстой. Хайгуул ашиглалтын лицензийг хүчингүй болгох заалтыг яаралтай хуульчлах нь зүйд нийцнэ. Үүний тулд нэгдүгээрт, үндэсний хайгуулын алба нэртэй төрийн геологи хайгуулын албыг байгуулж, хайгуулын ажлыг зөвхөн улсын төсвөөр хийдэг болгох ёстой. Хоёрдугаарт улсын төсөв мөнгөгүй бол хайгуулын ажлыг ирээдүй хойч үедээ шилжүүлэх хэрэгтэй. Тэд бидэнтэй бидэнгүй үүнийг хийж чадах байх. Гуравт одоо нэгэнт хайж илрүүлсэн эрдэс баялгийн ордуудаа ирээдүй хойч үеийнхний эрх ашгийг бодоод дэнслэн хадгалах уу, эсвэл одоо ашиглах уу гэдгээ шийдвэрлэх ёстой.  Дөрөвдүгээрт ашиглавал зөвхөн нийтийн хэрэгцээг үндэслэн тооцоотой, төлөвлөгөөтэй ашиглах хэрэгтэй. Тавдугаарт ашиглах тохиолдолд зөвхөн төрийн өмчит компанийг зохион байгуулах замаар ашиглах хэрэгтэй. Зургаадугаарт олборлолт хийхэд зайлшгүй гадны хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзвэл зөвхөн гадны төрийн өмчит компанитай л хамтрах ёстой. Долоодугаарт, одоо олгогдоод байгаа ашиглагдаагүй бүх хайгуул, ашиглалтын лицензийг төрд буцаан төвлөрүүлэх ёстой. Наймдугаарт, одоо ажиллаж байгаа хувийн уул уурхайн компаниудыг төрийн өмчит компани болгож өөрчлөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх ёстой. Есдүгээрт, энэ бүх агуулгыг багтаасан эрдэс баялгийн салбарын бодлогыг баталж хэрэгжүүлэх ажлыг яаралтай хийх хэрэгтэй. Энэ бүхнийг хийж байж л Монгол хүн эх орон, газар нутагтаа эзэн нь байх алдагдсан эрхээ буцаан авч чадна аа. Дахин хэлэхэд энэхүү дархан нийтлэг эрх ашгийнхаа төлөө Монголчууд, Монгол хүн бүр нэгдэх цаг нь болжээ. Монголын төр эзэн нь юм бол авдрын түлхүүрээ мэдэлдээ буцааж авах ёстой. Монгол улс мандан бадрах болтугай.
 
 
 
Улс төрийн тоймч Ш.Гантулга