…Ятгын аялгуутай дуунд нь согтмоор
Янжинлхам бурхан шиг Хонгорзул минь дээ
Хонгорзул минь дээ…
Дуу, дуучин хоёр нь ёстой л нэг зохицсон доо. Эзэн нь Н.Энхбат. Түүнийг “Хонгорзул”-ын Энхбат гэлцэх нь ийм учиртай.
Н. Энхбат дуучин багадаа сургуулийнхаа урлаг, спортын бүхий л арга хэмжээнд оролцсон адтай сэргэлэн хүү байжээ. Нийгмийн идэвхтэй гэж жигтэйхэн. Хаана л уралдаан тэмцээн, тоглолт болно тэнд мань эр л харайж явах…
Чухамдаа л найранд гурван дуутай, наадамд гурван даваатай эр болох далдхан хүсэл мөрөөдөл байсан учир 14 насныхаа ангилалд сумандаа барилдаад түрүүлж аймгийн аваргын төлөө өрсөлдсөн гэж байгаа. Ер нь л аливаад авьяастай, юм болгоныг амжуулах гэсэн төрөлхийн дайчин чанар нь түүнийг эрт биеэ даахад нөлөөлсөн байна. Дөнгөж гуравдугаар ангид байхдаа хашааныхаа айлын хөлд ч ороогүй шахам жаахан хүүхдийг зуны гурван сар тов хийтэл хардаг байж, бүр хоёр жил дараалан шүү. Аав, ээж нь улсын ажил гээд зав чөлөө бага учир үеийнхээ хүүхдүүдийг бодвол харьцангуй хэрсүү Энхбатад “хүүхэд асрагчийн” ажил оноосон хэрэг. Сургууль ороход хүүгийн аав, ээж нь талархсанаа илэрхийлж хичээлийнх нь бүх хэрэглэлийг бүрэн авч өгсөн нь арваадхан настай жаахан хүүгийн хөлс хүч, сэтгэлийг үнэлснийх биз ээ.
Ер нь их ажилсаг, цовоо сэргэлэн хүү байв. Дөрөв, тавдугаар ангид байхдаа малын эмч аавыгаа дагаж малын цус авах, тарилга, туулгалт, мал угаах ажилд оролцож 75 төгрөг авч аав ээждээ нэмэр болж байсан бол зуныхаа амралтаар ээжтэйгээ хамт барилга дээр ажиллаад 130 төгрөгийн цалин хүртэж байжээ. Тэр үеийн ханшаар бол чамлахааргүй их мөнгө. Бас цалингаа ахиулах зорилгоор 8, 9 дүгээр анги төгссөн зунаа аймгийнхаа нэгдэл дундын үйлдвэрийн барилгачидтай хамт ажиллаж цалингаараа тэр үед зөвхөн дарга нарын л өмсдөг байсан “сээгий” малгайг Орос найзаасаа худалдан авч гангарч байсан сэргэлэн толгой.
Хар багаасаа ажил хөдөлмөрийн амтыг мэдэрсэн болохоор амар хялбар аргаар мөнгө олох гэсэн залхуу хүнд яс махнаасаа дургүй. Хөлс хүчээ дуслуулж олсон ариун цагаан хөдөлмөрийнхөө үр шимээр л амьдрах ёстой гэж жигтэйхэн нухацтай хэлж сургах нь элбэг.
Н.Энхбат дуучин сурагч байхдаа сургуулийнхаа болоод сум, аймгийн хэмжээний урлаг, соёлын том, жижиг бүхий л ажиллагаанд оролцдог байсан ч яг дуучин больё гэж бодож байсангүй. Дургүйдээ биш Oрос хэл, түүх, нийгэм гэсэн хичээлүүдэд илүү сайн байсан болохоор тэр чиглэлээр, ялангуяа сэтгүүлч мэргэжил эзэмшье гэж бодсон хэрэг. Энэ хүсэлдээ хөтлөгдөж ангийнхаа ах, дүү хоёр илгээлтийн эзэн малчны тухай мэдээ бичээд аймгийнхаа төв хэвлэл “Алтайн хөгжил” сонинд өгтөл тэр дор нь нийтэлчихэж.
Гэхдээ өөрийнхөө урлагийн авьяасыг мэдэрдэг байсан болохоор тайзан дээр гарахаас цааргалж байсан нь ховор. Бигэр сумын 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар анги төгсөх хаврын нэг өдөр санамсаргүй ч гэмээр баярламаар ч гэмээр явдал тохиов. Улаанбаатараас ирсэн Хөгжим бүжгийн дунд сургуулийн элсэлтийн комиссынхон сургуулийн сурагчдын “БУУДАЙН ЦУУРАЙ” хамтлагын тоглолтыг үзэж сонирхсоны маргааш өглөө нь захирлын өрөөнд Н.Энхбатыг дуудав. Яваад ортол нөгөө элсэлтийн хүмүүс сууж байв. Комиссын дарга нь дуучин хүүд баяр хүргээд асуув.
-Дуучин болох уу? Чамд дуулах авьяас байна. Тийм учир бид хавар УБДС-ийн дуулаачийн ангийн урилга явуулья…
Мань эр дотроо хөөрч баярласан ч тэр дариу тэгье гэсэнгүй. Ангийн багш, бас ээж, аавтайгаа ярилцаад маргааш нь зөвшөөрсөн хариу хэлэв. Өдөр, сар хоромхон зуур өнгөрч төгсөх боллоо. Харамсалтай нь нөгөө амласан урилга нь ирсэнгүй. Одооны хар ярианы хэллэгээр бол муриулчихсан байгаа юм.
Н. Энхбат дуучин 1984 онд Улаанбаатарт Хилийн ба дотоодын цэргийн ангид алба хааж байхдаа урлаг, соёлын арга хэмжээн дээр ангийнхаа нүүрийг тахладаг ганц цэрэг нь байв. 1986 онд болсон Бүх ард түмний урлагийн их наадамд уран сайханч-байлдагч маань “Дуулж явна би” хэмээх дуугаар оролцон Алтан медаль хүртэж Арвай генералаас орон нутгийн 10 хоногийн чөлөөгөөр шагнуулав. Тэр дуу нь олон түмэнд үнэлэгдэж Монголын радиогийн “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгээр байнга шахам захиалга авдаг болов.
Бүх ард түмний урлагийн их наадмын шагналтнуудын нэгдсэн тоглолт дээр ч үзэгчид дуучин цэргийг 4-5 удаа дахиулна. Өхөөрдөнө. Бас баясаж уйлна. Энэ үеэс л тэрбээр дуучин болохоор шийджээ. Цэргээс халагдах үедээ Хязгаарын цэргийн ансамбльд дуучнаар үлдэх битүүхэн сонирхолтой байтал Говь-Алтай аймгийн уран сайханчдыг ахалж ирсэн аймгийн эвлэлийн байгууллагын дарга “Чи ерөөсөө нутагтаа оч. “Алтай” чуулгад дуучнаар ор. Хоёр жилийн дараа би чамайг Зөвлөлт улс рүү Комсомолын дээд сургуульд явуулж өгье” гэж ятгах, тулгахын хооронд санал тавьжээ. Удалгүй Н.Энхбат халагдлаа. Гэхдээ шуудхан “Алтай” чуулгад орсонгүй. Сумандаа Эвлэлийн ажилтан хийдэг юм билүү гэсэн ухааны юм бодож, хэсэг гудамж метрлэж байтал аймгийн Намын хорооноос дуудаад ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад дуучны орон тоон дээр ажиллах тушаал гаргачихав. Ингээд л 1988 онд эргэлт буцалтгүй урлагтай толгой холбож, хөдөө орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагад 15 жил ажиллажээ.
“Гэхдээ би цагаа бүртгүүлж, цалин авсан дуучин байгаагүй юм шүү” гэж хааяахан онгирно. Үнэндээ ч “Алтай” чуулгад байхдаа олон ажил санаачилсан. Түүний нэг нь Монголын үндэсний радиогийн Алтан фондонд “Алтай” чуулгын уран бүтээлчдийн урын санг шинэчилж оруулах саналыг чуулгын удирдлагууддаа тавьж, хэрэгжүүлсэн юм.
Мөн Говь-Алтай аймагт зохиогдсон урлаг, соёлын олон арга хэмжээг хөтөлж, “Дуучин багш” уралдааныг “Авьяаслаг багш” болгон өөрчлөн зохион байгуулж чадсан. Бас болоогүй ээ, баруун бүсийн “Алтайн сайхан бүсгүй” улсын уралдааныг хоёр жил дараалан хөтөлсөн, аймгийн баяр наадмын диктороор 8 жил ажилласан гээд тухайн үедээ яах аргагүй эрэлттэй уран бүтээлч байжээ.
Н.Энхбат дуучин хүний хувьд шударга шулуун зантай. Бусдын алдаа дутагдлыг нөхөр журмаар нүүрэн дээр нь шууд хэлдэг. Дарга гэж долигнож, цэрэг гэж дээрлэхэж явсангүй. Худал инээд, хуурамч занд яснаасаа дургүй. Дарга удирдлагуудаа хатуухан үгээр гөвшиж явсан түүх ч түүнд олон бий. “Эр нь эмэгчин шиг. Эм нь шивэгчин шиг хүмүүс олширч байна” гэж харамсангуй өгүүлж ундууцах…
Тэрбээр хүн өөрийгөө байнга хөгжүүлж, өөрт байгаа ур чадвар авьяас билэг, нөөц боломжоо үргэлж өнгөлж тордож байх ёстой гэдэг үзэл бодол дээрээ хатуу байдаг. СУИС-ийг Соёл урлагийн менежер мэргэжлээр төгсөөд зогсохгүй багынхаа хүсэл мөрөөдлөө гүйцэлдүүлэхийн тулд Хэвлэлийн хүрээлэнгийн дээд курс суралцаж сэтгүүлчийн мэргэжил давхар эзэмшжээ. Дараахан нь Удирдлагын академид удирдахуйн ухааны магистрын зэрэг хамгаалсан дуулдсан. Энэ бол дарга болох гэсэн амбиц огт биш. Ерөөсөө нийгмийн хөгжилтэй хөл нийлэн алхах гэсэн хөдөлмөрч хүний санаа зорилго, өөдрөг тэмүүлэл бөлгөө.
Хүн чанар, хүнлэг сэтгэлийг эрхэм болгодог эгэл дуучин маань ядарч зүдэрсэн шаналж зовсон нэгэнд дэндүү элгэмсүү.
Бас юм юманд торгон мэдрэмжтэй ханддаг сайн зохион байгуулагч, сайн менежер гэж ойр дотных нь хүмүүс үнэлэх нь бий. Сайшаал магтаалын үг хэлэхдээ яарч байгаагүй Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Л. Түдэв гуай “Элдэв авьяастан Энхбатдаа” гэсэн урмын үгтэй номоо бэлэглэсэн удаатай.
Н.Энхбат дуучин аав, ээжээ бурхан мэт дээдэлж, хэлж ярьж, байсан үг сургааль бүхнийг нь дандаа бодож эргэцүүлж, амьд байгаль хүн хоёрын хүйн холбоог шүтэж явдаг Монгол эр хүн. Жил бүрийн гуравдугаар сарын 27 буюу Олон улсын театрын өдөр бол түүний нарт хорвоод мэндэлсэн өдөр. Гэхдээ “Миний төрсөн өдөр” гэж баярлаж хөөрөхөөс илүү ээжийгээ дурсч өнгөрүүлэхийг илүүд үздэг. “Хүүтэй боллоо гэж хөөрхий ээж минь ямар их баярла сан бол” гэж нулимстай нүдээр хоолой нь зангирч өгүүлэх… “Ээжээ хүү нь дуулж л явна” эссэ бичсэнээ ижийдээ барьсан хүүгийнх нь өчүүхэн бэлэг гэж баярлах…
Н.Энхбат дуучин “Намайгаа дурсаарай”, “Сутай зүгийн нутаг”, “Гүнж тогоруу”, “Бүсгүй”, “Ээждээ яарсан сэтгэл”, “Ээждээ үнсүүлэхсэн”, “Хүлээгээрэй ээжээ” гээд дуулсан дуучнаас нь өөр хэн ч давтаж дуулaхааргүй, чанартай цөөхөн дууны эзэн. Ялангуяа бараг л ардын дуу шиг олонд түгсэн “Хонгорзул” хэмээх дуугаар нь хот, хөдөөгүй танина. Сонсоно. Найман настай балчираас 80 настай буурай хүртэл амандаа аялах, яруу уянгалаг дууны үгийг 1999 онд Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Лхагвасүрэн, аяыг нь хөгжмийн зохиолч Б.Цэрэндондов нар Н.Энхбатад зориулж зохиосон юм. Н. Энхбат “Хонгорзулыг” амьдруулсан шиг амьдруулж чадсаны хамгийн том нотолгоо нь “Хонгорзулын Энхбат” гэдэг ард түмнээс хайрласан нэр алдар билээ. Энэ бол магадгүй төрөөс хайрладаг “Гавьяат жүжигчин” гэдэг эрхэм дээд цолноос ч үнэтэй хүндлэл байж мэднэ. Н. Энхбат дуулж л явна…
Дажсүрэнгийн Лхагвадорж
Сэтгэгдэл(18)
амжилт
за яахав яахав дуртай бол дуулж л яваг
Одоо дуучид хошин говийнхон болноо хэтэрлээ
хүн гэдэг амьтан соёл, урлагаар л хүн төрхөө олдог юм ш дээ, фейсбүүкчин оркоо!
Энхбат даа нутгийн ахын хувьд баяр хүргэе. Бид зэрэгцээ шахуу хашаанд амьдарч байсан. Аав нь манай сумын тэмээний хамууг арилгаж өгсөн, ачтан эмч байсан. Үүнийг үнэлээд төр засаг аавд нь одон хайрлаж байсан юм. Аав, ээж нь сайхан хүмүүс байсан. Энхбат сайн явах учиртай юм.
Хонгорзул гэгээлэг гоё дуу, Энхбат дуучин ч сайхан дуулсан. Амжилт хүсье
Алдартай уртын дуу дуулаач юм бх гэсэн чинь энэ одоо юү вэ новш гэж.
комментийн алуурчин минь юу хуцаад байнаа. шар хад руу яв
дуу хуур мандтугай
юм болгоныг муулж, гутааж, гүтгэж байж санаа нь амардаг гаж донтнууд үйлээ үзнээ
Ган хоолой Ганзориг байсан чинь хонгорзул болгоод доош нь хийгээд байна уу даа
харааж үзэн ядаад бгаа хүмүүст их л муу юм хийсэн хүн юм бхдаа хөөрхий
Уг нь гайгүй залуу байсан . Гансэлэмийг дарга байхад тун их улс төр хийрхэл 2н манан дунд байсан шүү. Болиорой. Уран бүтээлээ сайхан хийгээрэй Баавгай амжилт хүсье.
yu goridon im ym bichuulj bdag ym de
Сайхан дуулж, ард олноо баясгахын хажуугаар судалгаа шинжилгээ их хийдэг, түүнийгээ сайн ярьж таниулдаг нь бас мундаг санагдсан. Танд амжилт хүсье!
Хүний тухай зүгээр л нэг аятайхан биччихгүй юун хэрэгтэй хэрэггүй нус наасан, нялцгасан маягаар бичдэг юм бэ. Наад хүнээ бүр нэг бичүүлэх гэж арга ядсан юм шиг болгоод хаячихжээ. юмны давс хужир нь таарсан байвал зүгээр л дээ. Говь-Алтайн болгоныг Комсомолын сургуульд явуулдаг байсан Л.Түдэв гуайг энд дурьдаад яах гэсэн юм бэ.
мэдрэл орк чи юугаа мэдэхэв дээ
Сайхан дуучин, нүдэнд дулаахан сайхан ч хүн.