сонин mn
1993 оны 12 дугаар сар. Улаанбаатарт өвлийн хүйтэн ид тачигнаж байлаа. Арслантай гүүрийн жавар арай л “түрэмгий”. Самбуу ах хар цүнхээ барьчихсан догь гэгч нь алхаж явна. Улаан хүрэн өнгийн үстэй дээл өмсчихсөн, өчүүхэн төдий ч даарсан шинжгүй... 
“Мөн байна” гэж би амандаа шивнээд хэсэг харж зогсов. 1988 онд “ДЭГЛЭГЧДЭД ДЭГ ХЭРЭГТЭЙ” хэмээх эрэн сурвалжилсан хурц, дайчин нийтлэлээрээ хаалттай нийгмийг доргиож, Ардын армид бугшсан аймшигт асуудлыг хөдлөшгүй баримтаар ил гаргаж тавьсан нэрт сэтгүүлч Аюурзанын Даваасамбуу шүү дээ. Самбуу ах алхсаар шатаар уруудаж оюутны байр руу чиглэлээ. Би ч араас нь гүйчихлээ. Байрны хаалган дээр “барьж авав”. 
 
-Сайн байна уу, та?
Самбуу ах гайхсан янзтай хараад “Чи чинь хэний хүүхэд билээ?” гээд инээвхийлэв. Харцанд нь төвөгшөөсөн шинж огт алга. /Угаасаа хэнийг ч ялгаж харьцдаггүй, их зан, биеэ тоох гэдгийг огт мэддэггүй шударга, хүнлэг, гайхалтай нийтэч, энгийн хүн гэдгийг сүүлд мэдсэн/
-Би танай хүү Хашаагийн найз нь /жүжигчин Хашчулуун/ байгаа юмаа. Бид хоёр долдугаар ангидаа пионерын зуслан дээр танилцаж байсан. Би хотод оюутан оюутан болоод ирсэн. Хашаа маань кинонд тоглосон байна лээ. Одоо уулзах гэсэн юм. Танайх хаана вэ? Намайг ингэж нэг амьсгаараар урсгавал Самбуу ах ихэд олзуурхаж гэрийнхээ хаяг, утасны дугаарыг өгөөд “Манайд заавал очоорой” гэсэн юм. Би ч эргээд гүйчихлээ. Юундаа ч тэгж сандарсан юм, бүү мэд. Нэг учир байсан л байх. 
1997 оны өвөл. Ялалтын талбайд яруу найрагч О.Дашбалбарын зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаал болж байлаа. Хүн ч их цуглаж. О.Дашбалбар Монгол хүний амь үнэгүйдэж, үнэлэмж нь буурлаа, харийнхан Монголд эзэн суулаа гэсэн утгатай үг хэлсний дараа нэгэн хүн индэр дээр гарч ирээд олон таван үггүй “40 мянгатын хүүхдүүд хөөрхий” гэдэг шүлгийг гал дүрэлзэж байгаа аятай ширүүнээс ширүүн уншлаа. Тэр бол Самбуу ах байлаа. Гайхлаа. “Өнөө эелдэг найрсаг ах маань мөн үү” гэж. Үнэндээ хэрэгтэй цагт асаж, тэмцэж, сөрж чадах тийм л хүн гэдгийг нь тухайн үед ойлгосон. Зөвд зөөлөн, бурууд хатуу гэсэн үг. Самбуу ах тэмцэгч сэтгүүлч байсан...
 
2009 оны долдугаар сард шиг санагдаж байна. Нэг өглөө утас дуугарлаа. Самбуу ах ярьж байна. “Нөгөө ном маань гарсан шүү. Өнөөдөр ахтайгаа уулзаарай” гэлээ. “Монгол адууны тамганы ойллого” хэмээх томоохон бүтээлээ хэвлэлтээс гардаж авчээ. “Бидний 10 гаруй жилийн хөдөлмөр шүү дээ” гэж догдлон байж хэлээд амьсгаагаа дарав. Самбуу ах маань “Уулын Зориг буюу эр бор харцага”, “Хүн уулын нөмөр”, “Зам алсад хөтөлнө”, “Эр хүн” зэрэг хөрөг нийтлэл, намтар, тэмдэглэлийн 10 гаруй ном, төвийн сонинууд болоод МҮОНРТ-ээр 1800 гаруй нийтлэл, ярилцлага, тэмдэглэл, нэвтрүүлэг бэлтгэсэн гэдэг. Мөн “Маршал Юмжаагийн Цэдэнбал” телевизийн таван ангит баримтат киноны тайлбарыг бичсэн дэндүү хөдөлмөрч хүн байв. “Монгол адууны тамганы ойллого” (доктор, профессор Бадрахын Чимид гуайн тодорхойлсноор тамга судлалын томоохон туурвил, нөгөө талаас Монгол адууны тамганы нэвтэрхий толь) номоо хэвлүүлж аваад үнэхээр их догдолсон. Ямар их цаг, хүч, хөдөлмөр шингэсэн бүтээл болох нь сөхөөд харахад л мэдрэгддэг тийм л агуу бүтээл. Улсын аварга адуучны хүү болохоор Монгол адуугаа мөн ч их магтан дуулсан даа. “Адуутай шүлэг”, “Азарга адуу”, “Зүүдэнд янцгаасан хүлэг, “Хүлгийн алдар” зэрэг зөвхөн адууны тухай 30 гаруй шүлэг, найраг туурвисан байдаг. 
 
2013 оны зун. “Даваасамбуу ах чинь Хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгааллаа” гэж Долгорын Батжаргал утсаар мэдэгдэв. Тэр даруй залгалаа. Утсаа шуудхан авч байна. “Ах нь дөнгөж сая сэдвээ хамгаалаад гараад ирлээ. Чи хаана байна?” гэж асуусан. Тийм л энгийнээс энгийн хүн... “Нарт хорвоод тоотойхон наслахын хооронд их зан, элдэв шунал хэнд ч хэрэггүй. Үдлээд буцах амьдралд атаа хорон санаа, цэвдэг сэтгэлээр яах юм бэ” гэж ярьдаг байв.   
 
2016 оны хавар Соёлын төв өргөөний хойно Самбуу ахтай таарлаа. “Хөдөөний найз маань нэгж явуулаач гэсэн. 10.000 нэгж хийчихлээ. Муу найздаа дандаа нэгж явуулж байнаа” гэж сэтгэл ханамжтай өгүүлж билээ. Тэр бидний сүүлчийн уулзалт байв. 
 
Самбуу ах одоо эсэн мэнд байсан бол олон зүйлд ундууцаж, олон ч нийтлэл бичиж, олон ч үг хэлэх байсан даа. Ялангуяа сэтгүүлзүйг сошиалаас ялгарах юмгүй болгож байгаа “сэтгүүлчдэд” хатуу үгийг хайр найргүй дайх байсан нь л дэндүү үнэн. Тэр зөвхөн баримтанд шүтдэг сэтгүүлч-уран бүтээлч байсан. Угаасаа баримт бол сэтгүүлзүйн хамгийн чухал амин сүнс шүү дээ. Увайгүй улстөрчдийн гар хөл болж сэтгүүлзүйн үнэт чанарыг уландаа гишгэж байгаа тэр эрээгүй нөхдүүдтэй нэгийгээ үзэх байсан биз ээ. Нийгмийн сэтгэлзүй улам бүр хямарч, өдрөөс өдөрт ядуурч байна. Үүнд сошиал медиа буюу нийгмийн сүлжээний сөрөг нөлөө асар их. Юм болгоныг харлуулдаг, гутаадаг, доромжилдог, гүтгэдэг олдмол өвчин сошиалыг дагаад үүссэн нь гашуун үнэн. Нэгнийгээ хүн ёсоор биш адгуус малаас ч дор хардаг цөвүүн цаг ирсэн байна. Монголчууд бүгдээрээ ухаан мадаггүй фейсбүүкдэж, учир утгагүй хараал зүхэл урсгаж суудаг болсон нь эмгэнэлтэй хувь заяа. Эв нэгдэл, хүн чанарын талаарх ойлголт өдрөөс өдөрт бүдгэрч байна. Харин сэтгүүлч бол нийгмийн оюун санааны түүчээ. Энэ утгаараа ард түмний ухамсрыг зөв тийш нь залах, нийгмийн сэтгэлзүйг эмчлэх нь сэтгүүлчдийн хамгийн гол үүрэг. Ийм алтан зарчим өнөөдөр алдагдсантай Самбуу ах эвлэрч чадахгүй байсан нь гарцаагүй. 
2017 онд Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэн, Ж.Саруулбуян, ахмад сэтгүүлч Д.Дорждулам, А.Даваасамбуу агсны гэр бүл, үр хүүхдүүдээс санаачлан түүний бүтээлүүдийг эмхэтгэн том хэмжээний ном хэвлүүлсэн нь сэтгүүлзүйд үнэлэхийн аргагүй их хувь нэмэр оруулсан билээ.
 
Д.Лхагвадорж