сонин mn
                Токиогийн олимпоос төрсөн бодол
 
Нэг. Бяцхан түүх сөхсү. Монголчууд бид тамирчдаа анх Токиогийн олимпод үдэн мордуулж байсан тэртээ 1964 оноос хойш 57 жил өнгөрчээ. 1946 оноос эхлэн тэр үеийн нам төрийн удирдагчид маань 15 жил уйгагүй хөөцөлдсөний ачаар 1961 онд НҮБ-д элсэн тусгаар тогтнолоо баталгаажуулж авсны үр дүнд ОУОХ манай ҮОХ-г хүлээн зөвшөөрсөн юм. Ингэж Монголын тамирчид Олимпын үйл ажиллагаанд бүрэн эрхтэйгээр оролцох эрхээ олж авсны дүнд 1968 оны Мехикогийн олимпоос дөрвөн медаль шууд шүүрсэн нь тухайн үед дэлхий нийтийг гайхшруулж байлаа. Чингис хаанаараа л алдаршдаг байсан Монгол гэж тэр үед сая хүрэхгүй хүн амтай жижиг улс чухам яалт ч үгүй хүч тэнхээтнүүдийн нутаг  юм байна гэдгийг том гүрнүүдэд мэдрүүлж, тамирчдынх зүрхэнд нь шар ус хуруулж эхэлсэн нь маргашгүй үнэн.
 
Хоёр. Бидний бахархал. Аварга Ж.Мөнхбат, Ч.Дамдиншарав, Т.Артаг, Д.Сэрээтэр нарын анхны олимпын медальтнуудыг Монголын буурал түүх яахин мартах билээ. Удаалан 1972 онд Мюнхены олимпоос мөнгө хүртсэн Х.Баянмөнх аварга, Монреалын олимпын мөнгөн медальт З.Ойдов, Москвагийн тэнгэрт эх орныгоо далбааг мандуулсан Ж.Дамдин, Р.Даваадалай, Ж.Даваажав, Д.Оюунболд нар бидний үеийнхний бахархал байсан юм. 
 
  Удаалаад боксчин Нэргүйн Энхбат /Сеүл 1988/, Намжилын Баярсайхан, мэргэн бууч Доржсүрэнгийн Мөнхбаяр /Барселон 1992/, жүдоч Доржпаламын Нармандах /Атланта 1996/, Хашбаатарын Цагаанбаатар /Афин 2004/ зэрэг тамирчид олимпын аваргатай болно гэсэн бидний итгэлийн үзүүрт зул асааж байлаа. Дашрамд дурьдахад жүдо бөхийн дэлхийн аварга, самбо бөхийн дэлхийн хошой аварга Х.Цагаанбаатар маань олимпын эх орон Афинаас 20-хан насандаа жүдогоор  хүрэл медаль авснаар уламжлалт чөлөөт бөхөөр биш энэ төрлөөр Монголчууд шинэ зуунд амжилт олж болох найдварыг анх тамирчдад төрүүлж өгсөн гавьяатай хүн. 
 
   Бээжин-2008-ыг бид мартахын аргагүй. Монголчуудын олон арван жилийн мөрөөдөл олимпын аваргууд /Түвшинбаяр, Бадар-Ууган, Д.Баатаржав/ төрж, Гүндэгмаа маань жаахан азгүйтэн мөнгө медаль хүртсэн бол мэргэжил нэгт олимпын хос медальтан ч /Д.Мөнхбаяр/ бий болсон нь спортод хайртай, тэр тусмаа бөхчүүддээ нугасгүй бидэнд цаашдаа барьцаа лавшруулах сайхан боломж байгааг харуулсан. 
  2012 оны Лондоны олимпоос Н.Түвшинбаяр, Н.Төгсцогт, С.Ням-очир, С.Батцэцэг, У.Мөнх-Эрдэнэ нарын тамирчид олимпын тавын таван  медаль эх орондоо авчирч, манийгаа магнай хагартал баярлуулсан. Залгаад Рио-2016-д жиндээ зэрэглэлээрээ дэлхийд тэргүүлж байсан Д.Сумьяа аварга мөнгө, боксчин Д.Отгондалай хүрэл медаль хүртэж, муугүй амжилт гаргасан.
 
Гурав. Өнөөдөр Токио 2020-оос Монголын баг нэг мөнгө, гурван хүрэл авч, 205 opнooc 69-д бичигдлээ.  Монгол улсын Алтан соёмбот төрийн далбаа Олимпын тэнгэрт дөрвөн удаа өргөгдөн мандлаа. Алдарт тамирчин М. Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа, Эзэн Чингис хааны үр садын үндэслэн байгуулсан эртний Ил хаант улсаас үрчилж авсан хүү С.Моллай нар дөрвөн медаль өвөртөлж ирлээ, чамлахааргүй амжилт.   
  Гэвч бөх сонирхогчийн нүдээр олимпын дэвжээн дээр хүч үзэж байгаа Монгол тамирчдаа хараад шүүмжилж, хэлмээр бас бичмээр зүйл багагүй байна аа. Тамирчдыг шүүмжилдэг хэн юм чи, хөгшин талхи энээ тэрээ гээд над руу дайрсугай, би эмээхгүй, залууст хэлэх ёстой зүйлээ илэн далангүй бичиж орхиё. Яаж хүлээж авахаа өөрсдөө мэдтүгэй. 
 
   Тамирчдын алдаанд дасгалжуулагчдын буруутай үйл ажиллагаа багагүй байгаа ч, гол нь өнөөгийн залуусын өөртэй итгэлгүй, унхиагүй, сэтгэлийн хүч тэнхээгүй байдал хэний ч нүдэнд туссан байх гэж бодно. Бидний итгэж найдаж явсан залуус дэлхийн дэвжээн дээр гарангуут үе тэнгийнхэндээ чононд бариулж байгаа хонь мэт базуулж байгааг харахад хэнд таатай байхав.
 
Тэгээд ч тэднийг маань бидний цөөхөн Монголчууд биш бүх дэлхий харж байгаа энэ өдрүүдэд бие бялдрынх нь хөгжил гэж эр эмгүй гаднынхантай харьцуулахад баян айлын эрх охидынх шиг булчин шөрмөс нь ямар булбарай байгааг харахад ичмээр бүр өрөвдмөөр. Гадныхныг магтахаа больё, ядаж манай Ц.Содномдорж арслан шиг, Т.Баасанхүү харцага шиг бие бялдар, булчин шөрмөсөө хөгжүүлж чадсан хүн манай бөхчүүдийн дотор харамсалтай нь нэг ч харагдсангүй.
   Манай тамирчдад гол дутагдаж байгаа бас нэг зүйл нь бие бялдрын хөгжлөөс гадна сэтгэлийн хат тэнхээ, өөртөө итгэх итгэл тун дорой байгаа нь нүүрэн дээр нь бичээстэй байх юм. Япончуудаас дутахааргүй өөртэй итгэлтэй, хурц дайчин уран барилдааныг дэлхийн найман тэрбум хүнд харуулж чадсан Урнаа аварга мөн Болортуяа охиныг эс тооцвол ийм залуучууд харамсалтай нь үзээд өгье гэсэн ч алга. Олимпын дэвжээн дээр ялъя гэсэн хатуу зорилготой биш, ялагдчих вий гэсэн айдастай хүмүүс л гарч байгаа нь нүдэнд тусаад байх юм.
 
  Нэгэн зүйлийн талаар дурьдахгүй өнгөрөхийн аргагүй. Өнөөдөр дэлхийн хүн амын талаас илүү хувийг эзлэх ислам шашинтай орнуудын тамирчид өөртэй ямар их итгэлтэй байдгийг бөх сонирхогчид бүгд мэднэ. Бөхийн дэвжээн дээр амжилт гаргаж байгаа аль ч орны тамирчдын дор хаяж 80% нь ийм шашинтай, манай өргөмөл хүү Моллай ч  адил, тэдний тэнгэрдэх Аллах бурхандаа итгэлтэй үзэл бодлоос нь урвуулах хүч энэ дэлхийд хаа ч үгүй. Мөн дэвжээн дээр гарахаасаа өмнө залбирч байгаа христийн шашинтай тамирчдыг ч бид саяын хэдэн өдөр зөндөө харлаа. 
 
 Тэгвэл тийм шашингүй Япончууд яагаад хүчтэй байдаг юм? гэсэн асуулт гарч ирнээ дээ. Тэд өөрийнхөө нэр хүнд, Япон эх орныхоо төлөө юу ч хийхээс буцахгүй үзлээр хар багаасаа хүмүүжээд төлөвшчихсөн хүмүүс юм.
 
Манай тамирчид бол их олимпыг зорихоосоо өмнө хувь заяагаа хэн нэгэн ламд даатган баахан ном уншуулж, засал хийлгэж аваад явсан нь  ойлгомжтой. 
   "Эх орон гэж чиний бодлоор юу вэ?" гэсэн асуултанд “Эх орон гэж зүрх сэтгэлд орших тэр нандин зүйлийг хэлэх байх даа” гэсэн Токио-2020  олимпын хүрэл медальт Б.Болортуяа охины хариултаар нийтлэлээ өндөрлөе дөө. 
                                         
 
                                            
Доктор Ш.Пүрэвсүрэн
 
2021-8-8
 
Зуун модны зуслан