sonin.mn
Дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахлын үед төр засгийн гаргасан бодлого шийдвэр, үүрэг даалгаврыг цаг алдалгүй түргэн шуурхай хэрэгжүүлэн ажиллаж байгаа Эрүүл мэндийн салбарынхан маань хүнд нөхцөлд шат шатандаа ажил үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэж байна.
 
Гэтэл хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилладаг эмч, сувилагч, ажилтнууд тахлын битүү хувцастай, олон цагаар шинжилгээ авч, вакцин хийж, гадаа 24 цагаар пост дээр гэх мэт хөдөлмөрийн онцгой хүнд нөхцөлд ажиллаж байгаа ч цалин хөлсийг энгийн үеийнхтэй адил өгч байгаа нь хууль бус хөдөлмөрийн мөлжлөг явагдаж байна гэж үзэхийн зэрэгцээ зарим тохиолдлуудад илүү цагийн нэмэгдэл хөлсийг ялгавартай олгож байна.
 
Мөн цар тахлын энэ хүнд цаг үед эмнэлгүүдэд 2021.01.01-ний өдрөөс эхлэн ЭМД-ын сангаас дүүргийн Эрүүл мэндийн төвүүд санхүүжих болсон нь тус эмнэлгүүд санхүүжилтээ гүйцэд авах боломжгүй байгаагаас ажилчдын цалин хөлс, урамшуулал хүрсэн түвшингээс буурах хандлага бий болж байна. Энэ нь эмнэлгүүдэд Ковид-19 цар тахлын үед халдвартай иргэдийг эмчлэх ор бэлэн байлгах үүднээс ердийн өвчлөлтэй иргэдээ хэвтүүлэн эмчлүүлэх боломжгүйгээс орны эргэлт буурсан нь санхүүжилтэнд шууд нөлөөлж байна гэж үзэж болох юм.
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд Ковид-19 халдварт өвчинтэй тэмцэн жил гаруй хугацаанд сэтгэл зүй, эрүүл мэндийн хувьд таатай биш хүнд нөхцөлд ажиллаж борви бохисхийлгүй хөдөлмөрлөж байгаа хирнээ нэг сард их эмчийн дундаж цалин 750.0-850.0 төгрөг, сувилагч дунд мэргэжилтэн 670.0-720.0 төгрөг, эрүүл мэндийн ажилтан 470.0-500.0 төгрөгийн цалин авч байгаа нь амьдралынх нь наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаагийн зэрэгцээ салбарын нийт ажилтнуудын 90 орчим хувь нь цалингийн зээлтэй байна. Цар тахлын үед голомтонд эмч, ажилтнууд нүүр тулан ажиллаж олон сар гэр бүл үр хүүхдээсээ хол тусгаарлагдан ажиллаж байгаагийн зэрэгцээ ажиллах явцдаа халдвар авч КОВИД-оор өвдөх тохиолдлууд ч нэмэгдсээр байна.
 
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед дэлхийн олон улс оронд ЭМС-ын ажилтнуудаа онцгой анхаарч тэдний цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлсэн жишээ олон байна. ОХУ гэхэд Ковид-19 цар тахалтай тэмцэн ажиллаж буй эмч, сувилагч нарт үлдсэн цалинг 2 дахин нэмэгдүүлснээс гадна жилд нэг удаа 60-80 мянган рубль, асрагч, нийгмийн ажилтнуудад 15-25 мянган рубль олгож байгаа, Тайвань улс эмч нарт 10 мянган юань, сувилагч болон багийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа хүмүүстээ 10 мянган юанийг олгож байгаа жишээтэй.
 
Иймд Монгол улсын Засгийн газарт хандан:
1. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 2 дахин нэмэгдүүлэх.
2. Зарим эмч ажилтнуудад олгогдоогүй байгаа илүү цагийн хөлсийг олгох зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг хүсч МЭДЭГДЭЛ хүргүүлж байна.
 
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо