sonin.mn
Ерөнхийлөгч Х.Баттулгын Шадар туслах Лүндэнбазарын Түвшинжаргалыг нийслэлийн Захиргааны шүүхийн шүүгчээр томилуулах баримтыг  УИХ-ын гишүүн Б.Энхбаяр твитертээ дэлгэсэн нь бас нэгэн дуулиан тариад байна. ШЕЗ-өөс   2020 оны тавдугаар сарын 20-нд Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн мэдүүлсэн  "Анхан болон давж заалдах шатны шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай” 61 дүгээр тогтоолд Л.Түвшинжаргалыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах санал гаргажээ.  Өмгөөлөгч Б.Баасанцогтоор дамжуулан шүүгчдийн шинэ хонгил үүсгэсэн нь бичлэг болон шүүгчдэд олон удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлсэн нь  баримтаар ил болоод байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга болон ҮАБЗ-ийн нарийн бичгийн дараг А.Гансүхтэй холбоотой хэргийг хууль хяналтынхан шалгаж эхэлсэн хэмээн мэдээлсэн. Гэвч түр намжаад байсан шүүгчдийн хонгилын асуудал дахин шинэ шүүгчээр нэмэгдсэн нь олны анхаарлыг дахин татаж эхэллээ. 
 
Шүүгч Түвшинжаргал ба Сайншандын цогцолборын хэргээр саатуулагдсан Түвшинжаргалын хэн нь хэн бэ?
 
Ерөнхийлөгч Х.Баттулга нь Түвшинжаргал нэртэй  хоёр шадар туслахтай. Шүүгчээр томилогдсон Лүндэнбазарын Түвшинжаргал нь 2017 оноос Ерөнхиилөгчийн шадар туслахаар ажиллаж буй МУИС-ийг төгссөн хуульч, эрх зүйч мэргэжилтэй юм байна. Тэрбээр УИХ-ын гишүүний туслахаар ажиллаж байсан. 2012 оны УИХ-ын сонгуулиар  АН-аас Баянхонгор аймагт нэр дэвшихээр яригдаж байсан. Тэрбээр Х.Баттулгын үүсгэн байгуулсан гэгдэх “Баялгийн хувь” компаниин хувьцаа эзэмшигч хэмээн Хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ мэдүүлжээ. 
Түүнийг ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр 2020 оны тавдугаар сард Захиргааны  хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилохыг санал болгож Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барьснаар ёсоор болгож байжээ.  
 
 
Харин нөгөө шадар туслахыг нь Готовын Түвшинжаргал гэдэг бөгөөд 2010 оноос хойш Х.Баттулгын туслахаар ажиллаж буй хамгийн ойрын итгэлтэй хүн нь юм байна. 
 
 
2016 оны хавар  Баянгол зочид буудал дахь УИХ-ын гишүүн Х.Баттулгыг өрөөнд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нэгжлэг хийж, компаниудтай нь холбоотой бичиг баримтуудыг нь хураан авах тусгай ажиллагаа явуулсан. Түүнтэй холбоотой шинэ төмөр зам төсөл”, “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой”-той холбоотой хэргийг шалгах явцад “Баялгийн хувь", “Түмэн хишигтэн” компанийн санхүүгийн бичиг баримтад шалгалт хийх шаардлага гарсан хэмээн цагдаагийнхан тайлбарлаж байсан. Энэ хэрэгтэй холбогдуулан хэд хэдэн хүнийг баривчлан саатуулж байсан. Тэдний нэг нь одоогийн Ерөнхийлөгчийн шадар туслах Готовын Түвшинжаргал гэх эмэгтэй байсан юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 148-4 болон 166-аар зүйлчилэн баривчлан саатуулж, дээрх хэргүүдэд хавсаргасан хууль бус гэгдэх баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн хэмээн шалгасан. Гэвч тухайн үед дуулиан шуугиан болон явагдсан энэхүү баривчилгаа, нэгжлэгийн дараа Х.Баттулга болон түүний нөхдийн холбогдсон хэргүүд хэрхсэн нь тодорхойгүй дарагдсан.
 
Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор сураг алдарсан САЙНШАНДЫН ЦОГЦОЛБОРЫН хэргийг дахин сануулах нь
 
"Сайншанд цогцолбор"-ын санхүүжилтээс онц их хэмжээний мөнгө завшсан гэх хэргийг цагдаагийн байгууллагаас 2012 оны гуравдугаар сараас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байдаг.  2013  онд шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн байна.
Тодруулбал, 2012 оны аравдугаар сард “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-нийг байгуулан, ТУЗ-ын даргаар тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны сайдын зөвлөхөөр ажиллаж байсан “Либерти Партнерс” ХХК-ний захирал Ч.Ганбатыг томилсон байдаг. Харин 2013 онд аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, суурьшлийн бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээнд 14 тэрбум 170 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Ингээд ажлын үүрэг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороог байгуулж, даргаар Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Баянмөнх, нарийн бичгийн даргаар Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Г.Түвшинжаргалыг /одоо Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах/ томилжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар онц их хэмжээний хөрөнгө залилан мэхэлсэн, 166.1-т зааснаар мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр бас шалгасан. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийх ажлын даалгаварт заагдсан газрын хэмжээг 32000 га орчим байсаныг 3516,7 га талбай болгон бууруулахдаа үнийг хэвээр үлдээж, талбайн хэмжээг багасгах аргаар болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх ажлын хамт гүйцэтгэсэн гэх хуурамч гүйцэтгэлийн материал бүрдүүлэн залилан мэхэлж улсад онц их хэмжээний хохирол учруулан, мөнгө угаасан байж болзошгүй гэж үзэн цагдаагийн байгууллагаас  эдгээр нөхдийг шалгаж дуусаад уг хэргийг прокурорт шилжүүлжээ. Гэвч 2012 оноос эхлэн шалгаж, 2013 онд прокурорт шилжиж, 2016 онд тусгай ажиллагаа хүртэл хийж сүр дуулиан болсон энэ хэрэг  2017 онд Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор  замхарсан. 
 
С.Эрдэнийн хэргийг 3 цагийн дотор “хаалгасан”  туслах  нь хэн нь вэ?
 
АН-ын  дарга С.Эрдэнэ Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой ноцтой мэдэгдлийг өнгөрсөн сарын 25-нд хийсэн. С.Эрдэнэ болон түүний охин Э.Содгэрэлийг "Дархан гурил тэжээл" компанийн элеваторыг шинэчлэн засах тендерт шаардлага хангахгүй хуучин элеватор шахсан хэргээр 2019 оны сүүлчээр шалгаж эхэлсэн. Хоёр жил орчим дуулиантайгаар үргэлжилж буй энэ хэргээр нь Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ыг наймаалцах гэж оролдсон хэмээн С.Эрдэнэ олон нийтэд зарласан юм. Тэрбээр “Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нар надад удаа дараа эрүүгийн хэрэг үүсгэж, эрүүгийн хэргээр намайг дарамтлах гэж оролдсон. Үнэнийг хэлэхэд би эрүүдэн шүүлтийн бай болж байна. Миний эргэн тойронд байгаа хүмүүсийг барьж хорьж, удаа дараа заналхийлж байна. Энэ мэт хэргээр Ерөнхийлөгч намайг удаа дараа дуудаж, намын даргын ажлаа өг, тамгаа өг гэж шантаажилж ирсэн” гэсэн юм. Х.Ерөнхийлөгч Х.Баттулга АН-аас өрсөлдөгчгүйгээр нэр дэвших эрх авахын тулд намын  дүрэмд нь хууль бусаар өөрчлөлт оруулсныг нь Дээд шүүх бүртгэж авахаас татгалзсан. Ингэснээр АН хоёр тамгатай, хоёр даргатай болон хуваагдаж, одоо хаяанд тулчихаад байгаа Ерөнхийлөгчийн сонгуульд яаж оролцох, Ерөнхийлөгчид хэнийг яаж нэр дэвшүүлэхээ шийдэх гарцгүй болчихоод байгаа. Ийм үед Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн шадар туслахаараа дамжуулан С.Эрдэнэтэй хэрэг наймаалцан, 2 жил шалгаж буй улсад 12 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх дуулиант элеваторын хэргийг гуравхан цагийн дотор хаасныг мэдэгдсэн нь шударга иргэд болон хуульчдын анхаарлыг маш их татаж байгаа. Ялангуяа Ерөнхийлөгч  Х.Баттулга болон өмгөөлөгч Б.Баасанцогт ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх нартай холбоотой шүүхийн шинэ хонгилын шүүгч, прокуроруудтай холбоотой баримт бичлэгүүд ил болсон ийм үед. Гэвч С.Эрдэнийн энэ ноцтой мэдэгдлийн дагуу хууль хяналтынхан шалгаж байгаа эсэх, энэ мэдэгдэл үнэн худал, баримттай эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. С.Эрдэнэ сэтгүүлчдэд олон хуудас цаас харуулан  мэдэгдлийг хийсэн. Тэр “цаас”-ыг баримт хэмээн сэтгүүлчид ойлгож, итгэж, ил болохыг нь өнөөдрийг хүртэл хүлээсээр байна. Үүнтэй зэрэгцээд Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах Л.Түвшинжаргал гэх эмэгтэйг Захиргааны хэргийн анхан шатны шүүгчээр томилсон гэх баримтыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр задалсан. Тиймээс С.Эрдэнийн хэргийг хаасан гэх прокурорын тогтоолыг хэдхэн цагийн дараа гарган авч С.Эрдэнэд хүргэн өгсөн Ерөнхийлөгчийн туслах аль нь байсан бэ? Шүүгчээр томилогдоод байгаа Л.Түвшинжаргал мөн үү гэдгийг олон хүн сонирхож байна.
 
Ерөнхийлөгч Х.Баттулгын хэрэг наймаалцахын оролдсон гэх баримтуудаа ил гаргана уу С.Эрдэнэ ээ?
 
С.Эрдэнэ “Орой 19.30 цаг болж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар  туслах Түвшинжаргал гэдэг бүсгүй “Эрдэнээ дарга аа танд нэг бичиг өгөх гэсэн юм, Наадам центр дээр явж байна” гэж ярьсан. Би Батбаярыг явуулсан. 19.30 цагт Батбаяр очоод авсан.
 
 
 
Авчраад задлаад үзсэн, Нийслэлийн прокурор Ц.Насанбатын гарын үсэгтэй надад үүсгэсэн эрүүгийн хоёр хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг надад ирүүлсэн. Яахаараа нийслэлийн прокурорын тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн шадар туслах надад өгдөг юм бэ, түүгээрээ надад юу ойлгуулах гээд байгаа юм. Хэргийг чинь хэрэгсэхгүй болголоо шүү , одоо чи аятайхан байгаарай гэж ойлгуулах гээд байгаа юм уу” хэмээн ярьсан.
 
 
 
Тэгэхээр хэрэв энэ туслах Түвшинжаргал гэх бүсгүй шүүгч Түвшинжаргал байв уу эсвэл “Сайншандын” хэргээр нь баривчлагдан саатуулагдаж байсан Түвшинжаргал байв уу?  Энэ бол шүүгчид  прокуроруудтай хэрэг наймаалцдаг, Ерөнхийлөгч өнөөдрийг хүртэл өөрт байгаа шүүхийн  эрх мэдлийг ашиглан улс  төрд ашиглан нөлөөлж буй ноцтой баримт. Тиймээс С.Эрдэнийн энэ ноцтой мэдээлэл үнэн бол баримтуудаа ил гаргаж, Ерөнхийлөгчийн Шадар туслах Түвшинжаргал гэгч нь шүүгч Лүндэнбазарын Түвшинжаргал,  “сайншандын“ гэх хэргийн Готовын Түвшинжаргалын хэн нь байсанд хариулт өгнө үү?
 
 
 
Ч.Явуу