sonin.mn
Ч.Сайханбилэг саагиж, Б.Болд босон харайхын учир юунд вэ?
 
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг Рио Тинтогийн талд ашигтайгаар хийсэн асуудлаар хуулийн байгууллагад дуудагдсан даруйдаа  “Гүтгэлэг бүхэнд хариулт өгнө. Зугтаасан гэх зохиолтой жүжиг хэзээ дуусах вэ?, тун удахгүй Монголд очиж, албан ёсоор мэдээлэл хийнэ” хэмээн мэдэгдэж  байсан нь 2020 оны 11 дүгээр сард билээ. Гэвч тэр ирсэнгүй. Удалгүй Ч.Сайханбилэг “Ерөнхийлөгч Х.Баттулгыг албан тушаалаасаа буусны дараа л Монголд очно” гэж мэдэгдсэн. Тэрээр Америкийн Нэгдсэн Улсад хоргодож байгаа билээ.
 
Тэгвэл Ч.Сайханбилэг дараа долоо хоногт Монголд ирэхээр болжээ. Түүнтэй зэрэгцэн "Рио Тинто"-ийн Зэсийн группын захирал Б.Болд мөн Их Британиас Монголд яаран ирэхээ мэдэгдсэн байна. 
 
Монголын ард түмний эрх ашгийг ихээр хохироосон гэж буруутгагдаж байгаа энэ хоёр этгээд уралдан Монголд ирэхийн утга учир нь юунд вэ? Үнэхээр Х.Баттулга Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусантай холбоотой гэж үү? гэсэн асуултууд зүй ёсоор тавигдаж байгаа юм. 
 
Бодит байдлыг лавлавал асуудал огт өөр шалтгаантай аж. 
 
2020 оны арваннэгдүгээр сарын 30-нд далд уурхайн нэмэлт санхүүжилтийн талаар "Рио Тинто”,  "Туркойз Хилл Ресурс” компаниудын дунд үүсээд буй асуудлыг шалгах  ТУСГАЙ ХОРОО-г байгуулах шийдвэрийг УИХ гаргасан. Тусгай хорооноос Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 30 хувиар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшлогдсон шалтгаан, нөхцөл байдлыг судалж, дүгнэлт гаргуулахаар хөндлөнгийн шинжээчдийг томилсон байна. 
Шалгалтын явцад "Рио Тинто" болон "Оюу Толгой компаниуд хөндлөнгийн шинжээчдийн судлах шаардлагатай зарим мэдээлэл, тайланг цаг хугацаанд нь гаргаж өгөхгүй байгаагаас ажилд саад учирч, удааширч байгаа талаар мэдээлэл гарч байгаад сураг тасарсан билээ. ЭОТ ХК-ний зүгээс энэ хавар мэдэгдэл гаргасан. 
 
Үүнд: "Рио Тинто компани хөндлөнгийн шинжээчид томилох асуудлыг тухайн үед tjv эсэргүүцэж байсан бөгөөд тус компанийн төлөөлөл уг тогтоолын төслийг дэмжихээс татгалзсан. Гэсэн ч "Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхийн саналаар тогтоол батлагдсаны дагуу хөндлөнгийн хяналт, шалгалтын ажлыг явуулж байна. Гэсэн  ч хөндлөнгийн шинжээчдээс Тусгай хороогоор дамжуулан хүссэн, хяналт шалгалтын ажилд шаардлагатай, Оюутолгой төсөлтэй холбогдох техникийн тайлан болон төслийн менежменттэй холбоотой хэд хэдэн чухал баримт бичгийг "Рио Тинто” компани гаргаж өгөхөөс өнөөдрийг хүртэл татгалзсаар байна. …шаардсан мэдээлэл, баримт бичгийг гаргаж өгөхгүй байгаа нь шинжээчдийн ажилд хүндрэл учруулж, хяналт шалгалтын эцсийн тайлан гарах хугацааг хойшлуулж байна. … Хэрэв "Рио Тинто”, "Туркойз Хилл Ресурсес Лимитэд” компаниуд хөндлөнгийн хяналт шалгалтад үргэлжлүүлэн саад учруулж, мэдээлэл өгөхгүй байвал "Эрдэнэс Оюу Толгой” ХХК хувьцаа эзэмшигчийн хувьд мэдээлэл авах эрхээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх бүрэн боломжтойг үүгээр мэдэгдэж байна” гэж дурдсан байлаа. 
 
Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарсан, ингэхдээ Рио Тинтод ашигтай байдлаар гарсан учраас Ч.Сайханбилэг, Б.Болд нар зүрхлэн Монголд буухаар завдаж байна гэсэн таамаглалыг шинжээчид хийж байна. "Дүгнэлт нааштай гараагүй бол тэдэнд Монголд ирэх зориг дутна” гэж ойр дотны хүмүүс нь ярьжээ. 
 
Б.Болдын хувьд  нь 2015-2017 онуудад "Рио Тинто"-той хамаарал бүхий компаниудаас хувийн дансандаа 22 удаагийн үйлдлээр 1,4 сая доллар хүлээн авсан. Мөн Б.Болд болон "Рио Тинто"- гийн хамаарал бүхий компаниудын данснаас "Эрдэнэс Монгол"-ын гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, ЭОТ компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд тэргүүтэй Монголын төрд ажиллаж байсан 6 албан тушаалтны дансанд 26 удаагийн үйлдлээр 700 мянга орчим долларыг шилжүүлсэн баримтыг Монголын тал олж авсан байдаг. "Рио Тинто"-гийн Зэсийн группын захирал Б.Болдоос юун мөнгийг албан тушаалтнуудад шилжүүлсэн болохыг нь лавлахад "Хувийн нууц" гэсэн учир битүүлэг хариултаар аргацаан өнгөрөөхийг завджээ. Ашиг сонирхлын илэрхий зөрчилтэй цаг хугацаа, логик хамааралтай ийм мөнгөний асуудлыг “хувийн нууц” төдийгөөр өнгөрөөж хэрхэвч болохгүй нь тодорхой. 
 
Үүнээс гадна нэн даруй шалгаж нягтлах ёстой нэгэн мэдээлэл байгаа нь “Рио Тинто" компаний Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал өөрийн нөхөр Б-г УИХ-ын Тамгын газарт зориуд ажилд оруулсан. 
 
Түүгээр дамжуулан нөлөөллийн ажиллагаа явуулж 2019 оны 3-р сарын 22-ны өдөр УИХ-аас баталсан Татварын Ерөнхий хуулийг шинэчилсэн найруулгад хасалт, нэмэлт оруулах замаар "Оюутолгойд ашигтай байдал бий болгосон” гэдэг юм.
 
Сэтгүүлч Б.Отгон 2021 оны 8 дугаар 5-ны өдөр дараах мэдээллийг дэлгэжээ. 
1. 2008 оны Татварын Ерөнхий хуулийн 18-1-13 дахь заалтад байсан “Татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн материалыг татварын албанд гаргаж өгөх” заалтыг ХАСЧЭЭ.
2. Өмнөх хуулийн 29-р зүйл буюу Татварын улсын байцаагийн 13 бүрэн эрхээс зөвхөн 2- хон эрхийг л шинэ хуульд оруулжээ. Тухайлбал: 29-1-9-т байсан “Татварын улсын байцаагч нь төрийн албан хаагчийн болон Татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөж ажиллах” гэдэг заалтыг ХАСЧЭЭ.
3. 2008 онд батлагдсан Татварын хуулийн 17-р зүйл буюу Албан татварын хувь хэмжээнд “эрх борлуулсны орлого 30 хувиар, Гадаадын аж ахуйн нэгжийн ТӨЛӨӨНИЙ ГАЗАР өөрт оногдох ашгаасаа гадаадад шилжүүлбэл шилжүүлсэн ашгийн 20 хувиар тооцож татвар авах” заалтуудыг бүгдийг ХАСЧЭЭ.
Энэ хуулийн үр дүнд Оюутолгой компаний Монгол Улсын төсөвт оруулах татварын орлого эрс багассан. Оюутолгой "Эрдэнэт"-ээс давсан борлуулалт хийж байгаа хирнээ түүнээс бага татвар төлж буй. Иймээс Татварын хуульд оруулсан өөрчлөлтийг "Оюутолгой"-д эзэн суусан гадныханы захиалгаар хийсэн гэж хардах үндэслэлтэй.
 
Сэтгүүлч Б.Отгоны дээрх мэдээлэл бол хууль хяналтынхан заавал шалгаж, нягтлах учиртай ноцтой асуудал юм. ХЗДХ-ийн сайд, авилгалын эсрэг ажлын багийн ахлагч Х.Нямбаатар, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дэд дарга Б.Солонго нар хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг хүлээж авсан эсэх, дүгнэлтийн утга учир юу байсан зэргийг олон нийтэд мэдээлэх шаардлагатай болж байна. 
Ч.Сайханбилэг, Б.Болд нарын омогшил, бардамналын байдлаар бол Монгол Улс Оюутолгойн ордоо нэгмөсөн тавиад тууж байх шиг. 
 
Д.Дандар