sonin.mn
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газар болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Байна уу? Байна” аяныг зохион байгуулж эхэллээ.
 
 
 
Аян энэ сарын 23-ны өдрөөс эхлэн ирэх сарын 23-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд халаасны хулгайн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор харуулах, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгч этгээдүүдийн гэмт үйлдлийг таслан зогсоох, иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд аяны зорилго оршиж байгаа юм.
 
 
 
Нийслэлийн хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар цагдаагийн байгууллагад халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 12 388 гомдол мэдээлэл бүртгэгдэн шалгагдсаны 7592 буюу 67.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 3642 буюу 32.4 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдэж шалгалтын ажиллагааг явуулсан. Эдгээр халаасны хулгайн гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлийн 80 гаруй хувь нь гар утас байна.
Иймд дээрх “Байна уу? Байна” аяны хүрээнд иргэдийн хамгийн их хохирол амсаж буй гар утасны хулгайн гэмт хэрэг, түүний нөхцөл байдал, халаасны хулгайн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд цагдаагийн байгууллагад хэрхэн хандах, гар утсан дээрх дата мэдээллийг хэрхэн хамгаалах, цаашлаад иргэдийн сонор сэрэмж, хариуцлага, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд хамтрагч байгууллагууд нэгдэн урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд чиглэсэн ажлуудыг хийхээр зорьж байгаа юм.