sonin.mn
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г. У-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд, эрүүгийн хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаажээ. Хэргийг прокурорт буцаах нь хүний эрхийн зөрчил болно гэдгийг өмнөх өгүүлэлдээ тодорхой өгүүлсэн болохоор энд давтан нуршихаас түтгэлзэв. Сонирхсон хүмүүс тус сонины цахим хуудаснаас олж үзэж болох юм. Шүүхийн шинэтгэлийн талаар бичиж байгаа цувралын гурав дахь хэсэг болох энэ өгүүлэлдээ би шүүгчийн эрх мэдлийг хуулиар хязгаарлах шаардлагатай тухай нэг гол гогцоо асуудлыг хөндөж ярихыг хүссэн юм. Давах шүүхийн шүүгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулт-д (ЭХХШТХ) заасан “хэргийг бүхэлд нь хянах”- эрх мэдлийг хязгаарлах нь түүний хараат бус байдлыг хангахад эерэг нөлөө үзүүлэх ашиг тустай байх юм.
Харин хараат бус шүүгч нь бусдаас хамааралгүй байж, шударга шийдвэр гаргаж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах боломж, чадвартай байх болно. Түүний тулд хуулийг өөрчлөх шаардлагатай гэдгийг хичээнгүйлэн танилцуулж, тайлбарлахыг оролдов.
 
ХУУЛИЙН ЗААЛТ
 
Үндсэн хуулийн тавин хоёрдугаар зүйлийн 1-д “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж шүүхийн үүргийг тодорхойлсон байна. Энэ заалтыг салбар хууль болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн (ЭХХШТХ) 1.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж нарийвчлан тодорхойлж заасан байна. 
Энэ хуулийн заалтыг үндэслэн, мэтгэлцээний талуудаас маргаан гаргаагүй тохиолдолд, шүүх өөрөө санаачлага гарган ямар нэг шинэ асуудлыг дураараа гаргаж ирж хэлэлцүүлэх эрхгүй гэдэг логик дүгнэлт хийж болох юм.Иймээс, ЭХХШТХ-ийн 39.1 дүгээр зүйлийн 1-д “Давж заалдах шатны шүүх ... тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана” гэж, мөн зүйлийн 3-т “Шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй ба бусад ял шийтгүүлсэн, цагаатгагдсан этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзнэ” гэж тус тус заасан нь дээр дурдсан хуулийн заалтуудтай зөрчилдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
 
ХУУЛЬ ЗӨРЧИЛДСӨН БАЙДАЛ
 
ЭХХШТХ-ийн дээр дурдсан 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг нь, энэ хуульд заасан хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны суурь зарчмыг зарим байдлаар ноцтой зөрчсөн байна. Нэгдүгээрт, Хуульд заасан энэ журмын дагуу шүүгч “тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах” үүрэгтэй бас эрхтэй болж байна. Энд шүүгчийг буруутгах аргагүй. Хуулиар нэгэнт ингэж “хоёр үзүүртэй зүү” мэт зүйл хуульчлан тогтоож өгсөн болохоор шүүгч тэрхүү “зүү”-ний нэг үзүүрийг үүргээ биелүүлэх зорилгоор, нөгөө нэг үзүүрийг эрх мэдлээ эдлэх зорилгоор хэрэглэх боломжтой байх юм. Давах шүүхийн шүүгч нь, анхан шатны шүүхийн шүүгчийн үйл ажиллагаанаас гадна, мөрдөгч, прокурорын урьдчилсан мөрдөн шалгах үе шатанд явуулсан үйл ажиллагаа, шийдвэр хуульд нийцсэн эсэхийг хянах үүрэгтэй байна. Нөгөө талаар, тэрээр хуульд заасан энэ эрхээ эдэлж, өөрийн үзэмж санаачлагаар, дураараа хэрэг буцаах, анхан шатны шүүхийн тогтоолыг өөрчлөх хүчингүй болгох эрх мэдэлтэй байх болно. Хоёрдугаарт, Хуулинд заасан “давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй... хэргийг бүхэлд нь хянах” үүргийн дагуу, шүүгч өөрийн үзэмжээр, дур зоргоороо мөрдөгч, прокурор, шүүгчийн хийсэн ажиллагааг хянаж, дүгнэлт хийх юм.
Тэрээр энэ хуулийн дагуу ямар ч асуудлыг хөндөж, гаргаж тавих хязгааргүй эрх мэдэлтэй болсон байна. Яагаад гэвэл тэр “хэргийг бүхэлд нь хянах” эрхтэй байна. Түүнээс гадна, энэ хуульд байгаа бичвэр, томьёоллын алдааг ч энд бас хэлэх зайлшгүй шаардлагатай байна. Хуульд “бусад ял шийтгүүлсэн, цагаатгагдсан этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзнэ” гэж дурдсан байна. Энэ заалтын нэр томьёо, найруулга, өгүүлбэр зүйн асуудлыг нягтлан авч үзсэний дараа энэ хуулийг хэрхэн ойлгож хэрэглэх тухай тайлбарласны дараа, хуулийн энэ заалтын талаар эрх зүйн дүн шинжилгээ хийх боломжтой болох юм. Хуульд “... бичигдсэн...” гэж дурдсан нь Монгол хэлний үг, найруулга, өгүүлбэр зүйн дүрэмд нийцээгүй учир энэ хууль ойлгомжгүй болсон байна. Хууль тогтоогч нь, “бусад ял шийтгүүлсэн, цагаатгагдсан этгээд”-ийн талаар хэлэхийг хүсэж байгаа бол “бичигдсэн” гэдэг үгийг энд нэгдүгээр бие дээр хэрэглэж, “бичсэн” гэж хэлэх нь зөв санагдана. Хэрэв “... бичигдсэн...” гэсэн үг, нэр томьёог хэрэглэх бол “бусад ял шийтгүүлсэн, цагаатгагдсан этгээдийн хувьд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг...” гэж хөндлөнгийн этгээд гомдол, эсэргүүцлийг бичсэн байдлаар томьёолон бичих нь зүйтэй санагдана. Нөгөө талаар, хуулийн энэ заалтад “гомдол, эсэргүүцэл” гэж дурдсан байгаад хуульчид анхаарал хандуулах ёстой юм. ЭХХШТХ-д зааснаар зөвхөн прокурор эсэргүүцэл бичих эрхтэй байдаг.
Харин тийм эрх олгогдоогүй, ял шийтгүүлсэн, цагаатгагдсан этгээд эсэргүүцэл бичих талаар дурдсан хуулийн энэ заалт нь өөрөө ЭХХШТХтай зөрчилдөж байна. Миний бодлоор, “бусад ял шийтгүүлсэн, цагаатгагдсан этгээдийн хувьд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг...” гэж хуульчлан томьёолвол, энэ нь зөв хууль байж болно гэж ойлгогдож байна. 
 
Энд, эсэргүүцлийн тухай дурдсан атлаа, тэрхүү эсэргүүцлийг бичих эрх бүхий этгээд болох прокурорыг орхигдуулснаар, “ял шийтгүүлсэн, цагаатгагдсан этгээд” эсэргүүцэл бичих эрхтэй мэт болж, хуулийн энэ заалт ойлгомжгүй болжээ. Иймд, эсэргүүцэл бичих тухай ярьж байгаа бол энд “прокурор” гэсэн нэмэлт заалт оруулах шаардлагатай санагдав. Би өөрөө Монгол хэл бичгийн мэргэжилтэн биш тул хуулийн энэ ойлгомжгүй, хоёрдмол утгатай заалтыг агуулгаар нь авч үзээд, тийм байх ёстой болов уу гэж ойлгож, тааж, хэлж байна. Ингэж тааж байгаагийнхаа үндсэн дээр, хууль тогтоогч нь “ял шийтгүүлсэн болон цагаатгагдсан хүмүүс гомдол гаргасан, прокурор тэдгээр хүмүүстэй холбогдуулан эсэргүүцэл бичсэн эсэх нь энд хамааралгүй” гэж хэлэхийг хүсжээ гэсэн таавар дүгнэлт хийж байгаа болно. Хуулийн энэ заалтын томьёолол өөрөө ийм ойлгомжгүй болохоор бусад хуульч хүмүүс ч мөн л тэгж тааж хэрэглэж ирсэн гэж ойлгогдож байна.
Учир нь хуулийн энэ томьёоллын талаар Дээд шүүх ямар нэг тайлбар гаргаагүй бөгөөд энэ хуулийг давах шүүхүүд 2017 оноос хойш өнөөг хүртэл хэрэглэсээр байгаа билээ. Харин, олон улсын жишгээр эрүүгийн хууль тогтоомжийг тааварлах, төсөөтэй хэрэглэхийг хориглодог билээ. Гуравдугаарт, хуулийн энэ заалтыг хэрхэн ойлгож байгаагаа би хэлж тайлбарласан, тэр ойлголтын хүрээнд хуулийн энэ заалтад дүн шинжилгээ хийх гэж оролдьё. Миний бодлоор, ял шийтгүүлсэн болон цагаатгагдсан хүмүүс гомдол гаргасан, эсхүл прокурор эсэргүүцэл бичсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг давах шүүхийн шүүгч бүхэлд нь хянах үүрэгтэй гэж энэ хуульд заасан гэж ойлгогдож байна. Иймээс, мэтгэлцэгч талуудын гомдол, эсэргүүцлийг хянахдаа, давах шүүх нь гомдолд дурдаагүй асуудлыг өөрөө санаачлагаараа гаргаж тавих, бусад ял шийтгүүлсэн болон цагаатгагдсан хүмүүсийн хэрэг, тогтоол шийдвэрийг давах шүүхийн шүүгч нар өөрийн санаачлагаар хянаж, тухайн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдаа зөрчил гарсан гэж үзвэл хуульд заасан дагуу тогтоолыг хүчингүй болгох, хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргах боломжтой байх юм.
 
ДАВАХ ШҮҮХ ХЭРЭГ ШИЙДВЭРЛЭСЭН ЖИШЭЭ
 
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Г. У-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд, 2021 оны 7 дугаар сарын 29 өдрийн 2021/ДШМ/711 дугаартай магадлалаар эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ (Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)). Шүүхийн энэ магадлал шийдвэрээс харахад өмгөөлөгч “Иргэн Г. У-ийн шийтгэх тогтоолд хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар солих” хүсэлт гаргасан, харин прокурор шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх санал тавьсан байна. 
Шүүх магадлал шийдвэртээ “Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.Г. У хууль бус үйлдлийн улмаас хохирогчид хэдэн төгрөгийн хохирол учруулсан талаар прокурор дүгнээгүй гэж үзнэ.
 
 
 
Анхан шатны шүүх ... хэрэгт цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг өөрийн санаачлагаар тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуулийн заалтыг чанд сахих” тухай хууль ёсны зарчим зөрчигдөхөд хүргэсэн байна.
 
 
 
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.У-д холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв” гэж дурджээ. Энэ шүүх хуралдаанд мэтгэлзэх талууд хэргийг прокурорт буцаах санал тавиагүй, хохирогч болон прокурор маргаагүй байхад давах шүүх өөрийн санаачлагаар хулгайн хэргийн хохирлын хэмжээг тогтоолгох гэсэн үндэслэлээр хэргийг буцаахаар шийдвэрлэж, хуулиар тогтоосон мэтгэлцэх журмыг зөрчсөн байна.
 
Түүгээр ч зогсохгүй, давах шүүх “Гэрч М.Ж олсон гар цүнхтэй мөнгө нь энэ хэрэгт ямар хамааралтай эсэх нь тодорхой биш, түүнчлэн түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үүрэг бүхий прокурорын байгууллага шаардлагагүй гэж үзсэн энэ асуудлыг шалгахыг шаардаж, хуулиар тогтоосон прокурорын эрх мэдэлд хөндлөнгөөс оролцжээ. Энэ нь шүүх яллах талыг баримталж, М. Ж гэдэг иргэнийг яллах сонирхолтой байна гэх ойлголт бий болгож, энэ хуралд оролцсон шүүгчдийн хараат бус байдалд эргэлзэх сэтгэлгээ төрөхөд хүргэж байгаа нь хамгийн сөрөг үр дагавар болох юм.
Түүнээс гадна, шүүхийн төсвийг татвар төлөгчдийн мөнгөөр бүрдүүлж байгаа гэдгийг мартах ёсгүй. Үзэгний үзүүрээр шийдвэрлэж, буцааж байгаа энэ хэргийг дахин шалгаж, шүүгдэгч, хохирогчийн хэлснээр нэгэнт тодорхой байгаа 885 мянган төгрөгийн хулгайн хэргийн хэмжээг дахин шалган батлагаажуулахын тулд мөрдөгч, прокурор олон төрлийн ажиллагаа хийж, шүүгдэгч, хохирогч, бусад хүмүүсийг чирэгдүүлэн дахин дахин байцааж, хохироож, анхан шатны шүүх дахин хуралдаан хийснээр, энэхүү хулгайн хэргийн 885 мянган төгрөгийн хэмжээнээс олон дахин илүү их зардал гарах болно гэдгийг давах шүүхийн шүүгчид тэр үед ухаарч бодсон болов уу? ЭХХШТХийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж шүүхийн үйл ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоож өгсөн байна. Анхан шатны шүүхийн үйл ажиллагааг хянаж байгаа, давах шүүхийн үйл ажиллагаа логик агуулгаараа мөн л энэ хуулийн хүрээгээр хязгаарлагдах бөгөөд анхан шатны шүүхийн хянан хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын хүрээнээс хальж болохгүй юм. 
Анхан шатны шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн хүний үйлдлийг эрүүгийн хэргийн шинжтэй гэж үзэж, түүнийг шалгуулахаар хэргийг прокурорт буцааж байгаа давах шүүхийн ажиллагаа нь хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-ийн заалтыг зөрчихөд хүргэх юм. Нийслэлийн шүүхийн энэ магадлал бол Монгол Улсын давах шүүхүүдээс өдөр тутам гаргаж байгаа олон арван шийдвэрийн зөвхөн нэг л жишээ юм.
 
ХУУЛИЙН СӨРӨГ ҮР ДАГАВАР
 
Мэтгэлцэгч талууд болох шүүгдэгч, түүний өмгөөлөгч, прокурор гомдол, эсэргүүцэл гаргаагүй байхад, давах шүүхийн шүүгч “хэргийг бүхэлд нь хянах” ажиллагааг ийнхүү хэрэгжүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан эрүүгийн хэргийг шүүх хянан шийдвэрлэх талаарх суурь зарчмыг ноцтой зөрчиж байна. Энэ хуульд зааснаар, мэтгэлцэгч талууд гомдол эсэргүүцэл гаргаагүй тохиолдолд, хуулиар тогтоосон энэ журмын дагуу шүүгч өөрөө сайн дураараа ямар нэг асуудлыг гарган тавьж, өөрийн үзэмжээр шийдвэрлэх эрхгүй байх юм.
 
 
 
Шүүгч ийнхүү өөрийн санаачлагаар дур зоргоороо асуудалд хандах нь түүнийг хувийн сонирхолтой мэт харагдуулж, хэргийг шийдвэрлэхдээ шударга, хараат бус байдлаар хандах зарчмын агууллагыг алдагдуулж байна. Шүүгч өөрөө мэтгэлцэх үйл ажиллагаанд ийнхүү хутгалдан оролцож байгаа нь шүүгчийг мэтгэлцээний тал мэт харагдуулах юм.
 
 
 
Энэ байдлаараа, зөвхөн талууд мэтгэлцэх тухай ЭХХШТХ-ийн хуулиар тогтоосон журмыг шүүгч өөрөө ноцтой зөрчиж байна. Шүүгч хүн тийм байдал гаргаж, тийм сэтгэгдэл төрүүлэхээр үйл ажиллагаа явуулахыг Шүүгчийн эрх зүйн байдлыг тухай хуулиар хориглосон байна. Энэ асуудлаар, “давах шүүх алдаа, зөрчлийг арилгах үүргээ хэрэгжүүлж байгаа, хэргийг шүүгч бүхэлд нь хянах нь зөв” гэх тайлбарыг олонтаа сонссон. Энд би зүгээр л энгийн тайлбар хэлнэ. Нэгдүгээрт, хэргийн талуудын мэтгэлцээнд үндэслэн шүүх хуралдааныг явуулахаар хуульд нэгэнт заасан тул шүүгч тэр хуулийг л биелүүлж, мэтгэлцээнд оролцохгүй байх үүрэгтэй байна. Энэ нь шүүгчийн хараат бус байдлыг хангах тулгуур нөхцөл юм. Хоёрдугаарт, алдаа зөрчил гарсан бол түүнийг шүүгдэгч, өмгөөлөгч, прокурор гомдол эсэргүүцэл гаргах замаар шийдвэрлэж залруулахаар хуулиар зохицуулсан байна. Тэд гомдол, эсэргүүцэл гаргаагүй нь шүүгчийн алдаа биш бөгөөд аливаа алдаа дутагдлыг хайж, олж, илэрүүлж залруулах нь шүүгчийн үүрэг биш юм.
 
Үндсэн хуульд зааснаар шүүх хэргийг зөвхөн хянан шийдвэрлэх үүрэгтэй байдаг гэдгийг өмнө хэлсэн. Иймээс, “хэргийг бүхэлд нь хянаж,” бусдын алдаа зөрчлийг илрүүлж түүнийг зөвтгөж, залруулах үүргийг шүүгчид хүлээлгэсэн ЭХХШТХийн энэ заалт нь давах шүүхийн шүүгчийн үйл ажиллагааны концептэд, бодлогод нийцэхгүй байна. Хуулийн гол утга санаа бол талуудаас шүүхийн хууль хэрэглэх асуудлаар гаргаж байгаа гомдлыг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулах зорилготой юм. Тухайн асуудлыг хуулиар зохицуулахдаа, энэ зорилгоос хальж, “хэргийг бүхэлд нь хянана” гэж Улсын Их Хурал хуульчлан тогтоосон нь давах шүүхийн үйл ажиллагааны бодлогыг алдагдуулсан буруу хууль болжээ.
 
ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ, ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ
 
Хуулийн энэ заалтыг хүчингүй болгож өөрчлөх нь шүүгч нарын хараат бус байдалд ашигтай нөхцөл байдлыг бий болгох болно. Энэ нь хэрэг буцааж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэмэлт зардал гаргаж, татвар төлөгчдийн мөнгийг үргүй зардаг ажиллагааг зогсооно. Нөгөө талаар, шүүгч нарын хэргийг ачааллыг бууруулах чухал ач холбогдолтой байх юм. Давах шатны шүүхийн шүүгчид зөвхөн гомдол эсэргүүцлийн хүрээнд асуудлыг авч үзэж зөвхөн тухайн гомдолд дурдсан асуудлыг шүүх хуралдаанаар шийдвэрлэх болно. 
Энэ тохиолдолд, шүүгч нар олон хавтас хэргийг нэг бүрчлэн унших, түүвэр хийх, илтгэн танилцуулах шаардлагагүй болох юм. Иймээс, нэг шүүгчид ноогдох ажлын ачаалал буурч, шүүгчид илүү цаг, чөлөөтэй болж, богино хугацаанд олон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжтой болох юм. Түүнчлэн, энэ өөрчлөлтийг хийснээр, анхан шатны шүүхийн шүүгчийг дээд шатны шүүхийн шүүгчдээс өөрсдөөс нь хараат бус болгох өөр нэг чухал бодлогын асуудлыг шийдвэрлэх чухал ач холбогдолтой байх юм.
 
 ГАРЦ, ШИЙДЭЛ БОДРОЛ
 
Энэ асуудлыг шийдвэрлэх олон боломж хэлбэр байж болох юм. Миний бодлоор, мэтгэлцээний зарчмыг ноцтой зөрчиж, шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулах гол нөхцөл болж байгаа хуулийн энэ заалтыг Улсын Их Хурал даруй өөрчлөн зөвтгөх шаардлагатай болов уу. Энэ хуульд заасан шүүгчийн эрх мэдлийг ийнхүү хязгаарлаж өөрчлөх нь шүүгчийн хараат бус байдалд тустай санагдана. Энэ маань зөвхөн иргэн миний санал болохоор авах гээхийг Улсын Их хурлын гишүүд мэргэн ухаанаараа шийдвэрлэх буй заа.
 
 
Хяналтын шатны шүүхийн ажиллагаанд хамааралтай ийм ижил төстэй заалтууд ч ЭХХШТХ-д байгааг сануулах хэрэгтэй юм.
 
 
Хууль тогтоогч тэдгээр заалтыг мөн авч үзэж, өөрчлөх эсэх асуудлыг шийдвэрлэх нь зохистой байх болов уу. Төгсгөлд нь, энд би ямар нэг дүгнэлт хэлэхээс түтгэлзэж, энэ өгүүллийн эхэнд дурдсанчлан, энэ хуулийг дахин хянан үзэж, зохих өөрчлөлтийг оруулж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах ажиллагаанд тус нэмэр болох хуулийн өөрчлөлтийг Улсын Их Хурал хийгээсэй гэсэн бодол сэтгэлээ илэрхийлсэн минь энэ ажгуу.Өмнөх өгүүлэлдээ, би “Шүүгчийн хараат бус байдал, мэтгэлцээний зарчмыг анхлан танилцуулсан бүр 1990 оны үеийн шүүхийн шинэтгэлийн үндсэн концептийг өнөөг хүртэл дүүрэн хэрэгжүүлж чадахгүй байгаагийн гол учир шалтгаан нь шүүгч нарт биш, харин 1960 оны хуулиудад байсан социализмын үеийн үзэл баримтлалтай олон заалтуудыг халж, шинэ мэтгэлцэх зарчимд нийцүүлэн өөрчилсөн хууль гаргаж чадахгүй байгаа хууль тогтоогчийн үйл ажиллагаатай хамааралтай гэж дүгнэх үндэслэлтэй юм” гэж хэлсэн маань энд шууд хамааралтай юм. 1960 оны үеийн “хэргийг бүхэлд нь хянах” хуулийн заалт 1990 оны үед танилцуулсан мэтгэлцэх зарчимтай зөрчилдөж байна гэдгийг дахин давтан хэлэх буюу...
 
 
Хуульч Г.Ганзориг