sonin.mn
Прокурорын байгууллага 2021 оны 3 дугаар улирлын байдлаар гэмт хэргийн талаарх 50651 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласнаас 48.4 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 31.1 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, 11.2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шалгасан байна. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4671-р буюу 8.4 хувиар буурчээ. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 42249 хэрэгт хяналт тавьснаас 7814 буюу 18.5 хувийг нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 10934 буюу 25.9 хувийг нь хааж шийдвэрлэсэн байна. Хэрэг бүртгэлт явуулсан хэрэг өмнөх оны мөн үеэс 34.3 хувиар буурсан боловч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэг 0.6 хувиар өссөн байна.
 
 
Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 15662 хэрэгт хяналт тавьснаас 56.3 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 8.4 хувийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Хэрэгсэхгүй болгосон 1309 хэргийн 1051 буюу 80.2 хувийг Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан, коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Өршөөл үзүүлэх тухай хуулиар 1051 хэргийн 1212 яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд өсвөр насны буюу 14-17 насны 87, 18-30 насны 454, 31-44 насны 524, 45–аас дээш насны 198 яллагдагч тус тус хамрагджээ. Хүйсийн хувьд эрэгтэй 1010, эмэгтэй 202 хүн байна.