sonin.mn
Улс, эх орны хөгжлөөс чангааж, утаатай Улаанбаатар болоход өөрийн хувь нэмрээ харамгүй хайрласан Н.Хүрэлсүх эрүүгийн хуулиар гэсгээгдэх үү, гэдгийг холбогдох хууль хяналтын газраас асуумаар байна.
 
Учир нь түүнд холбогдох, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, "Цэвэр агаар сан"-гаас их хэмжээний мөнгө буюу таван тэрбум төгрөгийг хувьдаа завшсан, үгсэн хуйвалдаж бусдад авлига өгсөн байж болзошгүй хэргийн сэжүүрийг Авлигатай тэмцэх газар (АТГ) атгасан ч өдгөө алдрах аюулд хүрээд байна.
 
Тодруулбал, "Цэвэр агаар сан"-гийн захирал Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан бодогч М.Хулан, туслах нягтлан Х.Болдмаа, төслийн мэргэжилтэн Б.Чимэд-Эрдэнэ нарт АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн өнгөрсөн долдугаар сард цагдан хорьсон.
 
Дээрх хугацаанд тэдэнд холбогдох хэргийг шалгасны үндсэн дээр АТГ нь "Н.Хүрэлсүх нарын этгээдүүд нь таван тэрбум төгрөг хувьдаа завшсан нь тогтоогдсон" хэмээн хариуцлагатай мэдэгдэл хийж байсныг эргэн сануулъя.
 
Харин өнөөдрийн байдлаар тэдэнд үүсгэсэн хэргийн дагуу мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, тун удахгүй прокурорын байгууллагад шилжүүлэхээр зэхжээ. Гэвч эндээс асуудал эхэлнэ. Ойлгомжтойгоор хэлбэл, нэг саван дахь усыг нөгөө рүү юүлэхэд тодорхой хэмжээний хорогдол үүсдэг.
 
Яг үүн шиг АТГ, Прокурор, Шүүх гэсэн дамжлагаар "юүлэгдэж" байгаа дээрх хэрэгт хорогдол үүсэх магадлал өндөр болж байгаа юм. Харин их хэмжээгээр хорогдох уу, бага хэмжээгээр хорогдох уу, гэдэг нь "Цэвэр агаар сан"-гийн захирал Н.Хүрэлсүхийн танил тал, бэл бэнчингийн чадлаас бүрэн хамаарч байна.
 
 
Алтангадас фракц дахь увсын бүлэглэл
 
Тухайлбал, Хамтарсан Засгийн газрын үед Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдын ажлыг хашиж байсан "Нялх Сэнгүм"-үүдийн нэг Д.Ариунсан "Цэвэр агаар сан"-гийн захирал Н.Хүрэлсүхтэй найзын холбоотой гэгддэг.
 
Харин Д.Ариунсан нь 2012 онд ТЕГ-ын дэд даргын албан тушаалд томилогдсон ч Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр энэ суудалд "тэнцэхгүй" гэх тодорхойлолтоор "шагнуулж" байв. Гэвч танилтай хүн талын чинээ гэдэгчлэн Ерөнхий сайд Н.Алтанхуягтай "Алтангадас"-аар холбогдсон Д.Ариунсан нь "суга" дэвшиж, тэнцээгүй байгууллагынхаа даргаар томилогдох нь тэр.
 
Дэд даргын ажилд тэнцээгүй атлаа дээшилж бүр дарга болсонд нь олон хүн балмагдсан ч "дов жалга"-ны үзлээр нүүрээ тахалсан Д.Ариунсанг хэн ч энэ суудлаас ховхолж чадсангүй. Харин энэ үеэр хожоотой ажилласан эр бол эрүүгийн хуулиар зүйлчлэгдээд байгаа Н.Хүрэлсүх юм.
 
Тэрбээр Д.Ариунсантай найз, нөхдийн холбоогоо батжуулж, хэтэвч нэгтэй хэмээн хойно, урд нь гүйж байгаад өөрийн дүү Н.Алтансүхийг ТЕГ-т шургуулж амжсан билээ. Мөн түүний бага дүү Н.Мөнгөнсүх нь Дархан-Уул аймгийн прокурорт, дүү н.Отгонбаяр нь Нийслэлийн прокурорт хэлтсийн даргаар, Н.Алтантүлхүүр нь Сонгинохайрхан дүүргийн прокурорт ажиллаж байна.
 
Энэ нь "Алтангадас" фракцын Увсын бүлэглэлийн өчүүхэн жишээ бөгөөд өнөөх яриад байгаа хэргийн хорогдолд хүчтэй нөлөө үзүүлж болох талтай. Үгүй байлаа ч, төрийн албыг төрлийн алба болгож, нутаг нугаараа хэрхэн нийлж, хоршин ажиллаж байгааг харж болно.
 
Түүнчлэн "Цэвэр агаар сан" төсөл нь Улаанбаатар хотыг утаагүй болгох Шинэчлэлийн засгийн газрын томоохон ажлуудын нэг. Тэрбум, тэрбумаар нь яригдах хэмжээний төсвөөс гадна иргэдийн итгэлийг олж болох хамгийн бодит арга байв.
 
Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүний ардах "Алтангадас" фракцын эрх ашиг шингэсэн энэ ажил өөрөө утаа болж, итгэл даах учиртай гарын хүмүүс нь эрүүгийн хуулийн "элемент" болов. Гэвч үүгээр Н.Хүрэлсүх нарт холбогдох хэргийн хүрээ дуусахгүй. Тиймээс түүний хуруу гар, хошуу амаа дүрсэн "Цэвэр агаар сан" төслийн гэмт үйлдлийг сийрүүлэн хүргэе.
 
 
Хуурамч компанийн нэрээр хүйлж эхэлсэн нь
 
"Цэвэр агаар сан"-гийн ажлын хүрээнд 2011, 2012 онд түлшний санхүүжилтийн мөнгөнөөс гурав орчим тэрбум төгрөг гарсан байдаг. Энэ мөнгө нь "Шар Голын Энерго Болд" гэх хуурамч компанийн нэрээр гарсан ба хэд, хэдэн хүний нэр холбогдож байна.
 
Үүнд, хуучнаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яам (БОНХЯ)-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Цэцэгээ, "Цэвэр агаар сан"-гийн нягтлан бодогч М.Хулан, түүний найз хийгээд туслах нягтлан бодогч, "Шар голын Энерго Болд" гэх хуурамч компанийг үүсгэн байгуулагч Х.Болдмаа нар дурдагдаж байна.
 
Харин ерөнхий нягтлан М.Хулан нь хуурамч компанийн нэр дээр мөнгө гаргахын тулд БОНХЯ-ны Д.Цэцэгээтэй гаргах мөнгөний тодорхой хувиар тохиролцож ажилласан байна. Энэ ажилд хамгийн их үүрэг оролцоотой байсан хүн нь мэдээж төслийн дарга Н.Хүрэлсүх. Тэрбээр хуурамч аж, ахуйн нэгжийн нэр дээр тулгуурлан, материал бүрдүүлсэн төслийг баталж, мөнгө угаах урсгалыг нээсэн байна.
 
 
Ажилтандаа луйвардуулсан дарга
 
"Цэвэр агаар сан"-гийн захирал Н.Хүрэлсүх өөрийгеө нэг хэсэгтээ хохирогч хэмээн мэлзээд авсан. Учир нь тэр ажилтандаа луйвардуулсан хэмээн хэлчихсэн учраас мэлзэхээс өөр сонголтгүй болсон юм. Тодруулбал, өөрийнх нь гар, хөлийн үсэгтэй мөнгө захиран зарцуулах, шилжүүлэх, хуурамч компанитай хамтран ажиллах баримтууд хэд хэдээр олдсоор байхад мэдэхгүй, надаар гарын үсэг яаж, хийгээд зуруулчихсан байх ухааны зүйл яриад явсан юм.
 
Үүн дээрээ жишээ авч дурдвал, "Шар голын дулаан" компанийн нэрээр түлш нийлүүлэх гэрээ хийж 2011 онд 300 орчим сая төгрөгийг авч ашигласан байдаг. Харин Н.Хүрэлсүх дээрх хэмжээний санхүүжилт олгох төлбөрийн хүснэгтэд гарын үсгээ зурсан нь давхар баталгааждаг.
 
Өөрөөр хэлбэл, дараа онд нь "Цэвэр агаар сан"-д Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт орж, хэд хэдэн зөрчлийн акт илгээсэн байна. Үүн дотор нь "Шар голын дулаан" комланид орсон 300 сая төгрөгийн санхүүгийн зөрчил дурдагдсан аж. Гэвч Н.Хүрэлсүх энэ талаар бас л мэдэхгүй хэмээн мэл гайхаж байв.
 
Гэсэн ч түүний удирдлагад ажилладаг ажилчид нь түүнд мөнгийг нь машинаар зөөн хүргэж өгсөн талаар өгүүлсэн байх юм. Үүгээр ч зогсохгүй мөнгө хүргэж өгөх үед нь өөрөөс нь илүү эрх мэдэлтэй шахуу "нууц амраг" гэх эмэгтэй мөнгийг нь авч, Н.Хүрэлсүхэд дамжуулж өгдөг гэдгийг ч ярьсан байна.
 
Улаанбаатарыг утаанаас салгах нийтийн мөрөөдлийг нэгхэн хүн эзэмшиж, иргэдэд очих учиртай мөнгөөр улс дамнан зугаалж байсан эрүүл уушигтай ч бохир тархитай түүний үйлдэл ингээд ч дуусчихгүй.
 
 
Дахин, дахин идсээр л байна
 
Түүний шунал төгсөхгүй гэдгийн удаах баталгаа дахиад л өөртөө мөнгө хаягладаг жишгээр үргэлжилсэн байна. Энэ удаад тэрбээр "Цэвэр агаар сан"-гийн нягтлан бодогч М.Хулан гэгчийн дүү М.Амгалангийн нэр дээр бүртгэлтэй "Хорчихуй булаг" компанийн дансаар дамжуулан 200 орчим сая төгрөгийг 6-7 удаагийн үйлдлээр гаргасан байна.
 
Бас л мөнгө шилжүүлэх төлбөрийн хүсэлтийг өөрийн "мутраар" тамгалсан аж. Гэвч тэр ханаж, цадсангүй. Хэзээ ч хангагдахгүй хэрэгцээг хангах хүсэлдээ тушуулсан, Н.Хүрэлсүх өөрийн нэрээр луйвраа үргэлжлүүлжээ. Тухайлбал, өөрийнхөө үүсгэн байгуулсан "Экологи Анализ Инженеринг" компанид "Цэвэр агаар сан"-гаас 100 сая орчим төгрөгийг "Агаарын бохирдол буруулах ажилд зарцуулахаар" хэмээн төсөвлөн илгээжээ.
 
 
Шунал ихэдвэл шулам болно
 
Тэр ийм л хүн байж. Тэр үр хүүхдэдээ, хожмын Монголд ийм л "бэлэг" барьсан хүн. Тэгсэн атлаа увиагүй, ичих нүүргүйгээр утаагүй зуух гэдэг үгийг дахин, дахин хэлж, "Цэвэр агаар сан"-г тэнгэрт тултал нь магтаж, хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч явсан.
 
Авлига, хээл хахуульд автаж, ард иргэдийн төсвийн мөнгөөр туйлж ирсэн тэр шангаа хүртэнэ гэдэгт найдаж байна. Харин хэн нэгнийг эрх ашгийнхаа төлөө хахуульдаж, хуулийг гууль болгох вий гэдгээс эмээж байна. Ийм хүмүүс төр засагт хэдэн арваараа байгаа учраас, төр түмнийхээ төлөө гэдэг атлаа төрөл садангаа л торддог систем үйлчилж байгаа учраас эмзэглэж байна.
 
Түүний багтдаг "Алтангадас" фракц, төрөл садангийн Прокурор гээд түүнд хүч бий. Гэхдээ үнэн бас амьдралд оршино. Бүгд луйварчин, бүгд шимэгч биш учраас ард нь байдаг "Алтангадас", ард түмнийг хамгаалах гээд байгаа Д.Ариунсан, ах дүүд нь дээрэлхүүлсэн Прокурорын байгууллага хэргийг замхруулж хэзээ ч чадахгүй биз ээ. Шунал ихэдвэл шулам болно.
 
 
Б.Ширнэн
 
Эх сурвалж: