sonin.mn
Монгол Улсад хүүхдийн эрхийг хэн хамгаалах ёстой вэ. Хууль батлан хэрэгжүүлэгч төр, засаг уу, хүний орчлонд төрүүлж өсгөсөн аав, ээж үү. Эсвэл багш, цагдаа, эмч нар хүүхдийг өмгөөлж хамгаалах ёстой юу. Үүнийг уншсан хүн ийм мэдээжийн асуулт тавьсныг гайхах биз ээ. Гэвч өнөөдөр монгол хүүхдэд хамгаалуулах эрх үлдэв үү гэдгийг та өөрөөсөө ч асуугаарай.
Аав, ээжийнхээ амин эрдэнэ болсон 13-хан настай охиныг үзэшгүй муухайгаар зэрэмдэглэн бузарлаад, эцэст нь хөнөөсөн хэргийн шийдвэр өнөөг хүртэл гарсангүй. Алуурчин этгээдүүд, хөдөлшгүй баримтууд нь ил байсаар атал хууль, хяналтын байгууллагын бусармаг үйл ажиллагааны дүйвээнд энэ хэрэг замхрах вий гэсэн болгоомжлол нэгэнт бий болжээ.
Мөн Дорноговийн Замын-Үүд суманд өнгөрсөн оны намар хичээлдээ явахаар гэрээсээ гарсан найман настай охин ууршсан мэт л ор мөргүй алга болчихлоо. Төрсөн үрийнхээ амьд, үхсэнийг ч мэдэж чадахгүй тарчилж байгаа ээж нь аргагүйдэн ард түмнээсээ тусламж хүссэн. Тэглээ гээд тусыг олсонгүй.
Энэ мэт аймшигт мэдээлэл өдөр алгасахгүй шахам нийгэмд тархах болов. Хохирогчид нь дандаа хүүхдүүд.
Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгэн зочид буудалд ой наймхан сартай бяцхан хүүг аавынх нь найз гэгдэх адгууснаас дор этгээд хүчирхийлсэн аймшигтай хэрэг гарлаа. Хохирогч хүүгийн аав Ч нь хэрэг гардаг шөнө найз Ц-гийн зочид буудалд хамт архи уужээ. Ч тэр өдөр өөрийн төрсөн хүү болох Х-г буудал руу авч яван архидан согтуурах үедээ дэргэдээ байлгасан аж. Гэтэл хамт архи уусан Ц эцгийг нь согтсон хойно нь ой найман сартай хүүг нь хүчирхийлжээ. Гол нь энэхүү хүн итгэмгүй жигшүүрт хэргийг хүүгийн төрсөн эцэг нуун дарагдуулж байсан тухай эх сурвалж мэдээлж байна.
Энэ хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь цагдаагийн газрын мөрдөн байцаагч хүүхдийн асран хамгаалагч болох эхэд нь мэдэгдээгүйн улмаас бяцхан хүүгийн бие улам их мууджээ. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаагч бяцхан хүүг эхээр нь овоглож байгааг мэдсэн хэр нь яаралтай арга хэмжээ авалгүй хүүг эцэгт нь өгсөн байна. Ингээд хүүгийн эцэг ар гэрийнхнээсээ хэргийг нуун далдалж хүүд бүтэн зургаан хоногийн турш эмчилгээ хийлгэсэн ч бие нь сайжраагүй аж.
Харин энэ хэргийг хүүгийн ээж мэдмэгцээ Улаанбаатар руу авч ирсэн байна. Ингээд хүүгийн авга эгч, ээж хоёр энэ сарын 20-ны өглөө хүүг ГССҮТ-д үзүүлж, хэвтэн эмчлүүлж эхэлсэн байна. Хүүгийн авга эгчтэй утсаар холбогдоход “энэ талаар ярих боломжгүй байна” гэх хариулт өгсөн юм. Хүүгийн гэр бүлийн зүгээс хэргийг шүүх эмнэлгийн мэргэжилтнүүдээр шалгуулах асуудал яригдаж байгаа аж. Учир нь хүүгийн эцэг эх хоёр салсан бөгөөд хүү албан ёсны дагуу ээжээрээ овоглодог байсан гэнэ.
Гэхдээ хүүгийн нагац эгчийн бичсэн өргөдлөөс харахад, энэ хэрэг тун ээдрээтэй болж байгаа нь илэрхий. Тодруулбал, нялх хүүхэд ингэж аймшигтайгаар зэрэмдэглэгдчихсэн байхад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн үзлэг хийгээгүй гэнэ. Учир нь ийм хэргийн хохирогчийг үзэхийн тулд эхлээд хавтаст хэрэг, мөрдөгчийн тогтоолтой танилцах учиртай гэнэ.
Харин хэргийн мөрдөгч Т.Ариунзул гуравдугаар сарын 26-нд Улаанбаатарт ирэхдээ хавтаст хэргийг авчирна гэжээ. Тэрнээс өмнө хавтаст хэргийг Улаанбаатарт авчрах боломжгүй гэсэн байна. Тэгэхээр энэ хугацаанд хөөрхий нялх хүү сэтгэцийн эмнэлгийн тусламжийг авч чадахгүй хугацаа алдах нь ойлгомжтой болж байна. Харин хүчирхийлэгч, гаж донтныг чухам хэрхэн тусгаарласан нь одоогоор тодорхойгүй байгаа.
Ингээд харахад монгол хүүхдэд хамгаалуулах эрх үлдсэнгүй ажээ. Эхийн сүүний үнэр нь ч арилаагүй, хөл дээрээ бат зогсож сураагүй нялх сэвлэгтэй хүүхдийг хүчирхийлэх адын бузар бодол тээсэн тэр этгээдийг ямар хууль хүлээж байгаа бол. Дээр дурдсан 13 настай охин амиа алдсан хэргээр жишээлэхэд л хэрэгтнүүд өнөөг хүртэл ял шийтгэл аваагүй байгаа. Бүх нотлох баримт хэрэгтнүүдийн эсрэг байхад шүүх хурал нь хүртэл хойшилсон.
Шалтгаан нь тун хачирхалтай. Тодруулбал, “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2018.01.11-ний өдөр хэлэлцээд хуульд зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ" гэсэн мэдээ бий. Тэгэхээр алуурчнууд ял зэм авалгүй өнгөрөх, эсвэл авлаа ч хөнгөн яллуулаад үлдэхгүй гэх баталгаа хаа байна вэ.
Нөгөөтээгүүр Монгол Улс цаазын ялгүй болсон учраас ой наймхан сартай хүүхдийг хүчирхийлж, хүмүүн бусаар гаж хүслээ хангасан этгээд хэзээ нэгэн цагт суллагдаж, нийгэм рүү дахин хөл тавина. Тэр цагт энэ этгээдийн гарт өөр хүүхдүүд өртөхгүй гэдгийг Монголын төр баталж чадах уу. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдүүдэд хэзээ ч уучлал үзүүлэхгүй хэмээн хэлж байсныг эргэн сануулъя.
Тэрбээр “Олны санаа сэтгэлийг зовоосон, нийгмээр нь донсолгосон эдгээр хэрэг нь зөвхөн өнөөдөр үйлдэгдэж байгаа юм биш. Өнгөрсөн 27 жилийн үйл явц. Зах зээл хэмээх сайхан нийгэм рүү шилжиж байна. Зах зээл нь өөрөө өөрийгөө зохицуулдаг нийгэм гэсээр байгаад төр өөрөө оролцох ёстой асуудлуудаа орхигдуулсан байна. Бага насны хүүхдийг хөнөөсөн, хүчирхийлсэн, тарчлаан зовоосон, балмад хэрцгийгээр харьцсан этгээдэд цаазын ял оногдуулдаг ёстой. Ийм төрлийн гэмт хэрэг хийсэн этгээдэд Ерөнхийлөгч миний зүгээс бүрэн эрхийнхээ хугацаанд уучлал үзүүлэхгүй" хэмээсэн хэлж байсан удаатай.
Тиймээс Ерөнхийлөгч өө, бага насны хүүхдийг хүчирхийлдэг гэмт этгээдүүдийг тайган болгоё.
 
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"