sonin.mn


УКТЭ-ийн Цус, дотоод шүүрэл, булчирхай судлалын клиникийн их эмч анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Д.Цэцгээ.    

-Чихрийн шижин өвчнөөс сэргийлэхийн тулд нэн түрүүнд юу анхаарах вэ?

-Чихрийн шижин нь холоодны ард байрлах нойр булчирхайн ядгаруулдаг инсулин гэдэг бодисын ялгаралт, зохицолгоо алдагдсанаас үүсдэг бодисын солилцооны өвчин юм. Сүүлийн үед энэ өвчин нэмэгдэж байгаагийн шалтгаан нь нийгмийн байдал, хоол хүнсний зохисгүй хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, таргалалт их байгаатай холбоотой. Энэ өвчин зөвхөн манайд ч биш дэлхий даяар эрс нэмэгдэж "чимээгүй тахал" хэмээн нэрлэгдэж байна.

-Нилээд хөдөлгөөнтэй, илүүдэл жингүй хүн энэ өвчнөөс айхгүй явж болох уу?

-Болно. Энэ өвчнөөр өвчлөх дөрвөн хэлбэр байна. Нэгдүгээрт эцэг, эх нь чихрийн шижингээр өвдөж байсан бол үр хүүхэд нь өвдөх магадлалтай.
Хоёрдугаарт үүсмэл буюу хөдөлгөөний дутагдал, зохисгүй хооллолтоос шалтгаалан өвчлөх, гуравдугаарт жирэмсний үед үүссэн чихрийн шижин, дөрөвдүгээрт хоёрдогч замаар энэ өвчнөөр өвчлөх гэсэн хэлбэр байна. Чихрийн шижингээр өвчилж байгаа хүмүүсийн 80 хувийг хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин эзэлж байна. Үүнд буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол зэргээс шалтгаалсан өвчлөлөөс гадна архи, тамхи зэрэг хорт зуршилтай, даралт нь ихэсдэг хүмүүс, дөрвөн кг-аас дээш жинтэй хүүхэд төрүүлдэг эмэгтэйчүүд өвдөх магадлалтай. Тэгэхээр хоол хүнсээ зохицуулаад, биеийн жингээ зохистой хэмжээнд барьж байгаа хүн энэ өвчнөөс айх хэрэггүй.

-Хоол хүнсээ зохицуулна гэдэгт юу орох вэ?

-Бидний идэж байгаа зүйд бие махбодид ороод нүүрс усны, өөх тос, уургийн гэсэн гурван төрлийн солилцоо явуулдаг. Ингэхээр чихрийн шижингээр өвдөхгүйн тулд нүүрс усны солилцоог эрчимжүүлэх хүнсийг зохистой хэрэглэхэд анхаарах хэрэгтэй. Гурилан бүтээгдэхүүн, жимс, төрөл бүрийн ногоо, сүү цагаан идээ зэрэг таван төрлийн хүнс хүний биед орохоороо нүүрс усны солилиоо явуулдаг байна. Чирхийн шижин өвчин голлон нүүрс усны солилцоо алдагдснаас үүсдэг. Тэгэхээр эдгээр зүйлийг ямар хэмжээтэй, хэрхэн хэрэглэх вэ гэдгийг зүй зохистой хэрэглээ гэж байгаа юм.

-Дээд зэргийн гурилаар хийсэн бялуу, амтлаг нарийн боов онцгүй гэж хүмүүс мэддэг байх. Харин цагаан идээ, ногоо, будааг зохистой хэрэглэнэ гэхээр яах вэ?

- Цaгaaн идээнээс айраг, өрөм, хайлмаг зэрэг тослог, хурц зүйлүүдийг бага хэрэглэх хэрэгтэй. Ногооноос төмс хамгийн их цардуул агуулсан байдаг. Манайхны хамгийн их хэрэглэдэг цагаан будаа нь нүүрс усны солилцоонд хамгийн их оролидог бүтээгдэхүүн юм. Түүнээс гадна гахайн утсан мах, утсан хиам, төрөл бүрийн амтлагчаар амталж хагас боловсруулсан бүтээгдэхүүн их хэрэглэх нь нүүрс усны солилцоонд өөрчлөлт оруулдаг.

Жимс, ногоо болгон нүүрс ус хэтэрхий ялгаруулахгүй л дээ. Лийр, алим, байцаа, улаан лооль, өргөст хэмх зэрэг эруүл мэндэд ашигтайг нь сонгож хэрэглэх хэрэгтэй. Шингэн зүйлээс, хийжүүлсэн, өнгөтэй ундаанууд, ялангуяа кока кола зэргийг хэрэглэхгүй байсан нь дээр. Түүний оронд буцалсан ус, оргил, жанчивлан рашаан гээд халгүй зүйлүүд байна шүү дээ. Мөн өглөө өлөн гараад өдөржин хоосон явах, тэгж байгаад нэг суурин дээр их идэх нь ходоод гэдэсний ажиллагааг хямрааж нүүрс усны солилцоог алдагдуулдаг.

-Ямар хүнсийг, хэдий хэмжээгээр хэрэглэвэл зохистой хэрэглээнд дөхөж очих бол?

-Хоол хүнсээр авч байгаа бодисын солилцоонд нүүрс ус 60 хувь, уураг 16 хувь, өөх тос 24 хувь байвад зохистой харьцаа гэж үздэг. Тэгэхээр нүүрс усны солидцоо идэвхтэй явуулдаг төмс, цагаан будаа зэрэг нь хоол хүнсний тань 60 орчим хувийг л эзэлж байх ёстой гэдгийг баримжаагаар дагаж байх хэрэгтэй.


-Хоёр дугаар зэргийн гурил, гурвалжин будаа, хөц будаа идэхийг зовлодог. Эдгээр хүнс чухам юугаараа эрүүл мэндэд хэрэгтэйг товч тайлбарлаач?

-Эдгээр хүнс бусадтайгаа адилхан нүүрс усны солилцоо явуулах боловч удаан шимэгддэг нүүрс усыг агуулсан байдаг. Энэ нь ислэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн гэсэн үг л дээ. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг.

-Ээж, аав нь чихрийн шижингээр өвдсөн хүмүүс эрсдэлтэй гэлээ. Тэд юy анхаарах вэ?

-Тэд таргалахгүй, аль болох хөдөлгөөнтэй байж, хоол хүнсэндээ дээр хэлсэн зүйлийг анхаарч чадвал өвчлөхгүй байж болно. Энэ ангилалд багтдаг хүмүүсийн нойр булчирхай нь инсулин ялгаруулахгүй байх тохиолдол ч байдаг.

-Тарган хүн жингээ хасахыг хичээхээс гадна юу анхаарах хэрэгтэй вэ?

-Таргалалт хоёр янз байна. Төвийн болон захын гэж. Түүнээс төвийн буюу гэдэс томтой, гэдсээрээ өөх ихтэй хүмүүс цусан дахь өөхний хэмжээгээ ойр ойрхон үзүүлж байх хэрэгтэй. Ийм төрлийн таргалалттай хүмүүс хожим нь чихрийн шижингээр өвдөх магадлалтай байдаг. Ер нь тарган гэлтгүй өөрийгөө эрүүл гэж бодож байгаа хүмүүс ч цусанд байгаа сахар, триглицерид, липидийн солилцоо хэвийн байгаа эсэхээ үзүүлж байх хэрэгтэй.

-Жирэмсэн үеийн шижин гэж юуг хэлж байна?

-Жирэмсэн эхэд гардаг янз бүрийн өөрчлөлтийн нэг нь ураг тээж байхад цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэх үзэгдэл юм. Эрүүл хүний цусан дахь сахар 3,5-5,5 мил/мол/ литр байх ёстой. Гэтэл жирэмсэн үед энэ хэмжээ ихэсдэг. Тэгээд төрснийхөө дараа үүнийг буулгах эмчилгээ хийлгэх юм уу, хөдөлгөөн нэмэх, хүнс хоолоо зохицуулаагүйгээс байдал нь хэвээр үлддэг. Үүнийг жирэмсний чихрийн шижин гэж байгаа юм. Иймд жирэмсэн эхчүүд төрсний дараа сахарын шинжилгээ заавал хийлгэж, хэвийн хэмжээнээс их байвал буулгах эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

-Чихрийн шижин болон хөдөлгөөний учир холбогдол нь юу вэ?

-Хүний биед үүссэн нүүрс ус буюу глюкозыг нойр булчирхайнаас ялгарах инсулин гэдэг гормон "тээвэрлэн" хэрэгтэй газар нь, захын эд эрхтэн, булчинд хүргэх ёстой. Гэтэл ингэж чадахгүйгээс булчин тэжээлээр дутагдан хүч тамиргүй бодж, захын эрхтнүүд гэмтэн, мэдээгүй болох зэрэг хүндрэл гарна. Хэрэгтэй газраа очиж чадаагүй сахар нь цусанд орж хүний биеэр эргэн захын хялгасан судсуудыг гэмтээж эхэлдэг. Үүнээс болоод хялгасан судсаар баялаг эрхтэн бөөр гэмтэх, нүдний хараа муудах зэрэг хүндрэл тохиолдож, хөл мэдээгүй болох зэрэг хүндрэл эхэддэг. Орчин үеийн автомажсан амьдрал нь хүний хөдөлгөөнийг хязгаарлахад хүрч байна. Хаашаа л гарна машинаар явж, гэрийнхээ хогийг тоос сорогчоор соруулаад, хувцасаа машинаар угаагаад байх нь хүссэн ч, хүсээгүй ч хөдөлгөөн хязгаарлагдаж байгаа хэрэг.
 
-Нойр булчирхайн үйл ажиллагаанд харш зүйлууд юу байна?

-Нойр булчирхайг хамгийн их цочроодог зүйл бол архи. Манайхан амарч байна гээд зунжин айраг ууж, хорхог идэж, бас архи хүртэж байгаад ирдэг. Энэ бүхэн нь нөгөө жаахан нойр булчирхайг цочроох байтугай бараг үхжилд хүргэсэн байх нь бий. Хурц хоол, архи хэрэглэхэд нойр булчирхай нь өвддөг хүнд чихрийн шижин үүсэх эрсдэл бас бий.

-Өвчний шинж тэмдэг хэрхэн илрэх вэ?

-Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижингийн гол шинж тэмдэг нь ам цангах. Харин хоёрдугаар хэлбэрийн шижин бол амархан ядардаг болох. Ялангуяа үдээс хойш ажлын чадвар ихээхэн буурах. Мөн биеэр идээтэй тууралт, хатиг гарах зэрэг шинжээр илэрнэ. Мөн хагалгааны шарх, гар хөл шалбарсан, зүссэн шарх нь эдгэхгүй удах, гар хөл бадайрах, ирвэгнэх нь чихрийн шижингийн нэлээд хүнд үеийн шинж тэмдэг. Эмэгтэйчүүдийн хувьд шээсээр сахар алдагдаж байгаатай холбоотой бэлэг эрхтэн загатнах явдал байна. Үүнийг мэдэхгүй хүн эмэгтэйчүүдийн болон арьс өнгөний эмнэлгээр явсаар онош тодрохгүй төөрөх явдал гардаг. Үүнээс гадна 50-60 насны хүн богино хугацаанд ойрын хараа муудах, тарган хүн богино хугацаанд 10-аас дээш кг жин хасагдах зэрэг нь өвчин хүндэрч байгаагийн шинж. Энэ өвчнийг даралт хэмжиж, дурандаад, эход хараад оношлохгүй, уг өвчин шууд өвдөөд, хавдаад эхэлдэггүй болохоор хүн ядарч байна, ажлын ачааллаас болоо биз, даралт ихсэж байна гэх зэргээр явсаар хүндрүүлдэг.

-Манай Монголчуудын дунд хэр газар авч байна?

-Манай тасагт жилдээ чихрийн шижин өвчнөөр 5000 орчим хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 4000 орчим нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингээр өвчилсөн хүн байдаг. Энэ бол хэвтэж эмчлүүлээд байх өвчин биш. Ийм өвчтэй хүнд хамгийн түрүүнд сургалт эмчилгээ хийдэг. Өвчний онилог, түүнийг хэрхэн даван туулах тухай сайн мэдлэгтэй байх хэрэгтэй. Хөдөлгөөн болон хоолоо зохицуулах, эмийн, инсулин гэсэн таван төрлийн эмчилгээ хийдэг. Тэгэхээр манай тасагт нэлээд хүндэрсэн хоёрдугаар хэлбэр болон инсулин хийлгэх шаардлагатай нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүс хэвтэж эмчлүүлдэг.

-Өвчтэй хүний хамгийн гол анхаарвал зохих зүйл юу вэ?

-Нэгэнт өвчилсөн бол удаан хугацаагаар архагшин өөрийг тань сүүдэр мэт дагаж явах учраас өөртөө их арчаатай байх хэрэгтэй. Хэрэв өвчнөө тоохгүй салан задгай байх юм бол нүд сохрох, хөл гараа тайруулах, бөөрний дутагдалд орох гээд хүндрэл учирна. Энэ өвчнөөр өвчилсөн ч өөртөө арчаатай, тэвчээртэй байх юм бол бурхнаас хэд наслахаар заяасан байна,  түүнийгээ наслах боломжтой.

Эх сурвалж: "Эрчүүд ба эрүүл мэнд" сонин