sonin.mn

Д.Нацагдоржийн шагналт хүүхдийн зохиолч, доктор, дэд профессор Долгорын Батжаргалтай ярилцлаа. Тэрбээр Монголын радиод сурвалжлагч, “Би би би" сонины эрхлэгч, Хэвлэлийн хүрээлэнд багшаар ажиллаж байсан. Эдүгээ МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуульд сэтгүүлзүйн хичээл зааж байна. Хүүхдийн 30 орчим ном бичиж хэвлүүлснээс гадна тууж, өгүүлэл олныг бичсэн. “Дархад бодол” ном нь он оны уран зохиолын оны дээд соёрхол болох “Алтан өд” шагнал хүртсэн.

 


-Сайхан өвөлжиж байна уу. Та бол нэг талаас сэтгүүлч, нөгөө талаас зохиолч хүн. Уран бүтээлчийхээ хувьд өвөл цагийн талаарх бодлоо уншигчидтайгаа хуваалцана уу?

-Цаг цаашилж, хүйтний ам наашлах үед би дуртай байсан. Байгаль дэлхийн үзэсгэлэн мөнгөн өвөлд ч байдаг шүү дээ. Ойд очиход цасаар хучигдсан модод, хамар сэтлэх шахсан цэвэр агаар.. Модны үзүүр салхинд найгахад цасан ширхэг толгой дээр аргадах мэт буугаад л...Хээр талд ч гэсэн алсын уулс аварга цасан хунгар адил дүнхийх нь сүртэй.

 

Малчин айлын гадаа очиход цан хүүрэг татуулсан нохой бөг бөг хуцан тосох мөртөө, эрхлэн сүүлээ шарвагнуулан дөрөө шүргэхэд биеэс нь халуун төөнөх мэт. Гэрийн яндангаар суунаглах утааны үнэр цаанаа л сэтгэл сэргээж, аагтай шаргал цай, цартай халуун мах хамар цоргих шиг сайхан. Би Хөвсгөл аймагт төрж өссөн хүн.

 

1968 онд Баянзүрх сумын бага сургуульд ороод, 1976 онд төгсгөж, 1978 онд Мөрөнд нэгдүгээр сургуулийг тус тус дүүргэсэн хүн шүү дээ. Монгол хүн болгоны мэдэх нэгэн сайхан нутаг оронд төрж өссөн болохоор бүх улирлынх нь гоо үзэсгэлэнг мэдэрч өссөн. Монгол хүний бахархал юм даа.



-Өвөлд дуртай байсан гэж хэлэх чинь надад их содон туслаа. Яагаад ингэж хэлэх болов?

-Би нийслэлд олон жил амьдарч байна. Гэхдээ сүүлийн 10 жилд өвөл болно гэхээс яс хавтайдаг болсон. Хэдийгээр паалантай сууцанд амьдарч байгаа ч 10 дугаар cap гараад ирэх алдад жигтэйхэн их гунигладаг болчихсон юм. Яагаад вэ? Чи бараг гадарлаж байгаа байх. Өнөөх л утаатай амьдрах өдөр хоногууд ирж байгаа болохоор тэр.

 

Өвлийн үзэсгэлэн, гайхамшигт шинж энэ Улаанбаатарт л лав алга. Цонх нээх ч боломжгүй байдал дор хаяж 4 cap үргэлжилнэ гээд бод доо. Амьсгаа авахад цээж уужирч, толгой сэргэмээр тийм аятай таатай уур амьсгал хэдийнэ үгүй болчихож. Гудамжаар нялх хүүхдийнхээ хамар амыг таг битүүлсэн эхчүүд бухимдах мэт бүдчин алхах нь өрөмдмөөр.

 

Уг нь бяцхан хүүхдүүдэд цэвэр агаар чухал шүү дээ. Гэтэл амьсгалах агаар маань аллагын дайтай хор хөнөөлтэй болчихсон болохоор эх нь ам хамрыг нь боохгүй гээд ч яах билээ. Зарим сургуулийн багачууд амны хаалт зүүх нь битгий хэл, хүзүүний ороолт ч үгүй хээв нэг давхина. Би хүүхдийн зохиолч хүн. Монголын ирээдүй болсон цэлмэг тэнгэр шиг бодолтой энэ л бяцхан үрс үнэхээр хэцүү орчинд өсч өндийж байгааг харах болгонд цээж давчдах юм.

 

Тийм болохоор л Улаанбаатарын өвлийг үзэн яддаг болчихоод байна. Би өөрөө таван хүүхэдтэй, хоёр бага маань ихэр. Тэр хоёроо цэвэр цэнгэг агаартай орчинд амьдруулж чадахгүй байгаа нь миний буруу юу, эсвэл төр засгийн буруу юу гэдгийг ойлгохоо байлаа.



-Та тэгээд уран бүтээлээ энэ хурц асуудал руу чиглүүлж байна уу? Ер нь дарга нарын чихэнд хэр зэрэг хонх уяж байна даа?

-Хүүхэд гэдэг чинь хамгийн гэгээлэг, ариун амьтан. Тэдэнд муу муухай зүйл бага үзүүлж байгаасай л гэж би чин сэтгэлээсээ боддог. Энэ үүднээсээ гэрэл гэгээтэй, ухаарал хайрласан, эргэцүүлэн бодох сэдвийг хөнддөг. Миний зохиол бүтээлдээ баримталдаг гол зарчим бол энэ л дээ. Харамсалтай нь манайд хүүхдийн зөв төлөвшил, хүмүүжлийн орчин үнэхээр алга.

 

Сурагчид хичээлээ тараад нэг бол PC тоглоомын газар уу, нэг бол нийлээд гудамж метрлэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн хүрээнд секц дугуйлангийн хөгжлийг дэмжих цаг хэдийнэ болжээ. Гэтэл өнөөдөр юм болгонд мөнгө. Боломжтой айлын цөөн тооны хүүхдүүд хичээлээс гадуурх элдэв төрлийн арга хэмжээнд хамрагдаж байна л даа.

 

Гэхдээ ядарсан нэгнийх нь хүүхэд болохоор хичээлдээ алдаг оног явдаг байдал огт өөрчлөгдсөнгүй. Үүнд Засгийн газар, салбарын яам бодлогын хэмжээнд анхаарах цаг болсон байна. Нэгэн нийтлэг жишээ татая. Аав, ээж нь байнгын завгүй хүүхэд хичээлээ тараад гэртээ орлоо гэж бодоё. Эзгүй гэрт зурагтаа л нээнэ. Түүгээр хүүхдийн нүд хорсч, чих нь алт болмоор зүйл гарна.

 

Нэг бол интернэтэд нэвтэрч үзэх үзэхгүй зүйлээр бодол санаагаа хордуулна. Ийм үзэгдэл нийтлэг байгааг хүн болгон мэддэг мөртөө огт санаа зовохгүй юм. Монголын эцэг эхчүүдийн холбоо байгуулж, нэгдсэн зохион байгуулалттайгаар ажилламаар л санагдах юм.

 


-Саяхан долоохон настай бяцхан хүү хойд эцэгтээ зодуулж хүнд гэмтсэнийг сэтгүүлчид нийгэмд мэдээлсэн...

-Юу асуух гэж байгааг чинь ойлголоо. Хүүхэд бол миний амьдралын салшгүй хэсэг. Би нийт хүүхэд багачуудын тухай бичиж ирсэн. Бичсээр ч байх болно. Хамгийн гол нь хүүхдийг хар бараан орчинд л бүү өсөөсэй гэж залбирдаг. Багаасаа зодуур нүдүүр, хараал зүхэл дунд өссөн хүүхэд ямар хүн болж төлөвших нь тодорхой. Нэг бол нийгэмд биеэ авч явж чадахгүй, өлбөгөр сул хүн болно. Нэг бол аймшигтай хэрцгий хүн болно. Үр дагаврыг нь эцэг эх нь, ах дүүс нь, цаашилбал нийгэм олон нийт л амсана. Харамсалтай байна.



-Таныг орон гэргүй тэнэмэл хоёр хүүхдийг гэртээ оруулж ирээд хооллож байсан удаатай гэж эхнэр чинь ярьсан. Хэр олон хүүхдэд буян болов доо?

-/инээв/ Буян гэж бодвол их том юм уу даа. Зүгээр хүн ёсны л үйлдэл юм. Нэг хүнд таван цаас өгчихөөд, эсвэл ганц удаа хоолонд оруулснаа буян мэтээр ойлгоод өөрийгөө дөвийлгөөд явахыг би таашаадаггүй. Эхнэр маань намайг их үнэлсэн байна. /инээв/



-Тэгвэл буян гэж юу вэ, таныхаар?

-Ерөөсөө бусдыг үнэн сэтгэлээсээ энэрч хайрлах, хариу нэхэхгүй тус хүргэх сэтгэлийг л буян гэж ойлгодог.



-Таны зохиолоос би нэлээд хэдийг уншсан. “Ганц улаан гамбир” гэдэг өгүүллэг чинь их таалагдсан шүү. Өнөөгийн нийгмийн үнэн дүр төрх, амьжиргааны түвшний ялгаатай байдлыг сургуулийн сурагчдыг амьдралаас төлөөлүүлж харуулж чадсан гэж хэлэх гээд байна л даа.

-Зөв л ойлгосон байна. Тэр өгүүллэгээ болсон явдлаас сэдэвлэсэн юм. Нэгэн тааруу амьдралтай хүүхэд хичээл дээрээ идэхээр гамбир боогоод ирж. Ээж нь хайрч өгсөн байгаа юм. Гэтэл ангийнх нь дэггүй хүүхэд нөгөөхийг нь олоод самбарт өлгөчихөж Tэp ч бүү хэл балаар цоо хатгаж нүд ам хийж эхэлсэн байгаа юм.

 

Ангийнх нь хүүхдүүд хөөрхий хүүг шоолоод л. Харин гамбирын “эзэн” хүүд халуун галд нүүрээ минчийтэл хайрч өгсөн ээжийнх нь нүүрийг сийчих аятай санагдаж. Ичиж, гомдсон хүү тэр дороо хичээлээ хаяад гарсан гэдэг. Эргэж очсон эсэх нь бүү мэд. Ер нь хүүхдийн сэтгэл их эмзэг шүү дээ. Цэцгийн дэлбээ л гэсэн үг. Хайрлаж явахад тийм хэцүү гэж үү гэж зарим хүмүүсээс асуумаар санагддаг юм.



-“X хөлт” хэмээх өгүүллэг чинь хүүхдийн ертөнцөд бас л их танил болсон. Энэ зохиолоо бичих санааг хаанаас олсон бэ?

-Хорлоо гэдэг хөл муутай хүүхдийн тухай л дээ. Баримттай юм. Дани Монголын сургалтын төвийн баримтат киног “Яндагфилм” студийн захирал, миний уран бүтээлийн эрхэм анд Я.Болдбаатар бид хоёр хийж байтал яг ийм явдал гарсан юм. Тэндээс нэлээд олон cap бодож бичсэн өгүүллэг. Хүн ямар ч төрж болно. Хамгийн гол нь ямар ч хүнтэй хүн ёсоор адилхан харьцаж байгаасай л гэдэг үүднээс энэхүү зохиолыг бичсэн юм. Гол үзэл санаа нь тэр.



-Өнөөдөр ямар сэдэвтэй зохиол бүтээл үгүйлэгдэж байна гэж та бодож байна даа?

-Өсч өндийж байгаа балчир үрст алаан хядаан, нус нулимс болсон бүтээл уг нь хэрэггүй. Аль болох гэгээтэй, өөдрөг тэмүүлэлтэй тийм л ном зохиол, кино, жүжиг олноор гараасай гэж хүсч явдаг даа. Энэ чиглэлээр “Цэцгийн амь”, “Чулууны хэл", “Усны нулимс” цуврал ном бичиж байгаа. PC тоглоомын газруудыг цөөлж, сонгодог хөгжим, шатар даам, бүжиг, уран зураг, утга зохиол, биеийн тамир спортын дугуйланг хөгжүүлээсэй гэж чин сэтгэлээсэй хүсдэг.
 


-Таны эмзэглэл?

-Өвлийн хүйтэнд өөрөөсөө том усны сав түрээд байдгаараа зүтгэж яваа жаахан хөвгүүд, охидыг харахаар сэтгэл маш их зовдог. Ядаж орон гэрийнх нь уур амьсгал халуун дулаан байгаасай даа гэж залбирах юм даа. Ер нь бол агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал, араатанлаг үзэгдэл гээд сэтгэл зовоох асуудал маш их байна.


Д.Лхагва

Эх сурвалж: "Геологи Уул Уурхайн мэдээ"