sonin.mn
ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөрөөс Зэвсэгт хүчний ахлагчийн бүрэлдэхүүнд чиглэсэн энэ оны  бодлого, чиглэлийн талаар тодрууллаа.  
 
Эхлээд Зэвсэгт хүчний ахлагчийн албаны хөгжлийн талаар тодотгохгүй юу?  
 
-Дэлхийн олон орон, бүс нутагт явагдаж байгаа дайн, зэвсэгт мөргөлдөөн, түүнд оролцогч талуудын хүн хүч, зэвсэг техникийн талаарх дүгнэлтүүдийг ажиглахад улс орнуудын Зэвсэгт хүчний хөгжлийн чиг хандлага нь орчин үеийн шилдэг технологид суурилсан зэвсэглэл, техникийн хөгжил түүнийг эзэмшигч  мэргэжлийн өндөр ур чадвартай ахлагч, цэргийн гэрээт алба хаагчидтай байх нийтлэг шинжтэй өрсөлдөөн явж байгааг харж болохоор байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний сүүлийн 30 жилийн хөгжил, шинэчлэлийн нэг хэсэг нь ахлагчийн албыг шинэчлэх, хөгжүүлэх асуудал байсан. Ахлагчийн албаны хөгжлийг тоймлон авч үзвэл 1991 онд тухайн үеийн ЦИС-ийн бүтцэд Цэргийн хөгжмийн сургууль, 1993 онд Ахлагчийн сургуулийг байгуулж мэргэжлийн ахлагч нарыг бэлтгэж эхэлсэн.
Түүнчлэн 1996 оноос байнгын бүрэлдэхүүнтэй мэргэжлийн ангиуд бий болсон, 2003 онд ахлагчийн цолны зэрэглэлд, 2006 онд албан тушаалын ангилалд өөрчлөлт орсон, 2007 оноос “Ахлагчийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн, 2008 онд “Ахлагчийн алба хаах журам”, 2010 оноос даргалах албан тушаалын ахлагч нарын шаталсан сургалт, 2012 онд ахлагчийн цалингийн шатлалыг нэмэгдүүлсэн, 2014 онд ахлагчийн түвшин тогтоох шалгалтыг зохион байгуулсан гэх зэргээр ахлагчийн бүрэлдэхүүн рүү чиглэсэн шат дараатай олон ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн. 
Мөн Косова, Ирак, Афганистаны Олон улсын цэргийн ажиллагаа болон Сьерра-Леон, Чад, БНӨСУ дахь энхийг дэмжих ажиллагаанууд, гадаад орнуудтай хамтарсан сургалт, дадлагуудад ахлагч нар олноор оролцож байлдааны үүрэг гүйцэтгэх бэлтгэлжилтийн түвшнийг тасралтгүй нэмэгдүүлж ирсэн. Үүнээс гадна гадаад орнуудын Зэвсэгт хүчний ахлагчийн албаны хөгжлийн чиг хандлагыг судлан АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан сургалт, дадлагуудыг олон чиглэлээр зохион байгуулж, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ахлагч нарыг сурган мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлж байна.
Ахлагчийн албыг хөгжүүлэх, шинэчлэх үйл ажиллагаа одоо ч үргэлжлэн явагдсаар байна. Тухайлбал Зэвсэгт хүчний “Ахлагчийн албаны үнэт зүйл, алсын хараа, эрхэм зорилго”-ыг тодорхойлж, ЗХЖШ-ын даргын тушаалаар батлуулж мөрдлөг болгон ажиллаж байна.
 
“Ахлагчийн албыг хөгжүүлэх хөтөлбөр-2021” хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өгнө үү. Таван жилийн өмнө Батлан хамгаалахын сайдын тушаалаар батлагдсан тус хөтөлбөрийн хугацаа энэ жил дуусгавар болно шүү дээ?  
 
-Батлан хамгаалахын сайдын 2015 оны 12 дугаар сарын 31-нд баталсан “Ахлагчийн албыг хөгжүүлэх хөтөлбөр-2021” хөгжлийн хөтөлбөрийг үндсэн гурван зорилт, 12 чиглэлийн хүрээнд нийт 65 ажил, арга хэмжээг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. 
Өнгөрсөн онд ЗХЖШ-ын Хяналт, шалгалт үнэлгээний газраас хийгдсэн үнэлгээгээр хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэж үнэлэгдсэн. Хөтөлбөрийн хувьд ахлагчийн албаны эрх зүйн орчныг сайжруулах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг сайжруулах зэрэг зорилтот арга хэмжээнүүд амжилттай явагдаж байна. Гэсэн хэдий ч нийгмийн хамгаалалтай холбоотой зарим зорилтот ажлууд төсвийн хязгаарлагдмал байдалтай холбоотойгоор хэрэгжих боломжгүйд хүрсэн. Тиймээс хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарч, хөтөлбөрт тодотгол хийж төрлийн цэргийн командлал, нэгтгэл, ангиудад хийх үйл ажиллагааны чиглэлүүдийг хүргүүлж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
Улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажилд ахлагчийн бүрэлдэхүүн идэвхтэй оролцохоос гадна мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын асуудалд онцгой анхаарч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсролын газартай хамтран Политехникийн коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг түшиглэсэн сургалтаар ҮБХИС-ийн Ахлагчийн сургуульд бэлтгэгддэггүй мэргэжлээр цэргийн алба хаагчдыг бэлтгээд байна. Одоогийн байдлаар Зэвсэгт хүчний 017 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж буй дайчдад барилгын өргөн мэргэжлээр мэргэжил олгох сургалтыг зохион байгуулж байна.
 
Энэ жилийг “Зэвсэгт хүчний ахлагчийн бүрэлдэхүүний бие бялдрын бэлтгэлжилт, эрүүл мэндийг дээшлүүлэх жил” болгон зарласан. Энэ хүрээнд ямар ажлууд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ?    
 
-Энэ онд хэрэгжүүлэх нэг томоохон ажил бол Зэвсэгт хүчний ахлагчийн бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх хүрээнд “Зэвсэгт хүчний ахлагчийн бүрэлдэхүүний бие бялдрын бэлтгэлжилт, эрүүл мэндийг дээшлүүлэх жил” болгон зарласан юм. Үүнтэй холбоотой тушаал шийдвэр, зөвлөмж, чиглэлүүд гарч ЗХЖШ, төрлийн цэргийн командлалууд, нэгтгэл, анги бүрт ажлын хэсэг байгуулагдан цар тахлаас урьдчилан сэргийлэх онцгой нөхцөл байдалтай уялдуулан үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Шат дараалсан удирдлагын дэмжлэг, ажлын хэсгүүдийн идэвх, зөв төлөвлөлт, нийт ахлагч нарын манлайлал, хандлага, сэтгэлгээнээс энэ ажлын эцсийн үр дүн гарна. Тийм учраас Зэвсэгт хүчний ахлагчийнхаа бүрэлдэхүүнийг хичээл зүтгэл гарган ажиллахыг уриалъя. 
 
Ахлагчийн бүрэлдэхүүний цаашдын хөгжил, түүнд чиглэсэн зорилго, төлөвлөлтийн тухайд та юу хэлэх вэ?
  
-Дээр дурдсан томоохон ажил, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээс гадна ахлагчийн албаны ёс зүй, сахилга хариуцлага, сургалт бэлтгэл, нийгмийн хамгаалалд чиглэсэн олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Удахгүй ахлагчийн шаталсан сургалтын стандартыг шинэчлэн батлуулна. Мөн Зэвсэгт хүчний ахлагчийн албыг хөгжүүлэх дараагийн хөтөлбөрийг боловсруулах, ахлагчийн албаны түүхэн эх сурвалжуудыг судалж эмхэтгэх, “Ахлагч хотхон” хорооллын орон сууцны барилгыг эхлүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлнэ. 
 
Энэ жил БХЯ-ны 110 жил, Зэвсэгт хүчний 100 жилийн түүхэн ой тохиож буй. Энэ хүрээнд ахлагчийн бүрэлдэхүүнтэй уялдаатай ямар ажлууд хийгдэх вэ? 
 
-Дээрх ойнуудыг угтан Зэвсэгт хүчний нийт офицер, ахлагчийн бүрэлдэхүүн өөрсдийн санаачилга, хандиваар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Монгол цэрэг-Энхийн төлөө цогцолбор”-т энхийг сахиулагчдын хөшөө, жагсаалын талбай, зам, ногоон байгууламж зэрэг ажлыг хийлээ. Цаашид батлагдсан зураг төслийн дагуу тус цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Дашрамд хэлэхэд уг ажлыг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай оролцсон Зэвсэгт хүчний нийт офицер, ахлагч нартаа “Соёмбо” сониноор дамжуулан талархалаа илэрхийлье. 
 
 
Ахмад Д.МЭНДБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин