sonin.mn
Монгол Ардын Намын дэргэдэх Стратеги академийн захирал Х.САЙХАНСАНААТАЙ ярилцлаа.
 
“ЦАХИМ АКАДЕМИ” БОЛОХ ЗОРИЛГО ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА
 
-Бидний ярилцлага Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын 100 жилийн ойн босгон дээр өрнөж байна. Та намын дэргэдэх Стратеги академийн захирлаар ажилладаг. 66 жилийн түүхтэй энэхүү байгууллагын талаар уншигчдад танилцуулж ярилцлагаа эхэлье.
 
-Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний Стратеги академи нь анх 1955 оны арванхоёрдугаар сарын 19-нд “Намын түүхийн институт” нэртэй байгуулагдсан Монгол Улсын анхны үндэсний хэмжээний бодлогын хүрээлэн юм. Өнөөг хүртэлх 65 жилийн түүхэн хугацаанд нийгэм, улс төрийн нөхцөл байдалтай уялдан есөн удаа шинэчлэлт хийж, нэрээ өөрчилж байсан. Намын түүхийн институт нь анх байгуулагдсан үеэс нам, улсын түүхийг судлахаас гадна намын онолын сэтгэлгээний ерөнхий чиг хандлагыг тодорхойлж, тухайн үеийн улсын хэмжээний эрдэм судлалын гол төв, үндсэн цөм болж байсан юм. Мөн онол арга зүйн болон гадаад хэлтэй, өндөр мэдлэг боловсролтой, бие даан бүтээлчээр ажиллах чадвартай шилдэг эрдэмтэн судлаачдыг бэлтгэдэг байснаас нам, улс төрийн удирдлагад төлөөлөл төрөн гарч, төр засгийн болон нам, олон нийтийн байгууллагуудын удирдах өндөр албан тушаалд дэвшин ажиллаж байв. Өдгөө үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын хөгжлийн стратегийг шинжлэх ухаанч судалгаанд үндэслэн боловсруулж, бодлогын түвшинд зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.
 
-Та энэ байгууллагын хэд дэх захирал нь вэ. Өмнөх захирлууд тодорхой нэг ажлыг барьж авч биелүүлэхийн төлөө хичээж байсан. Таны хувьд ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?
 
-Би 2019 оны долоодугаар сард Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу Стратеги академийн 14 дэх захирлаар томилогдсон. Намайг ажлаа эхлүүлэх үед “COVID-19” цар тахлаас үүдэн хөл хорио тогтоосон онцгой үе таарсан. Иймээс үйл ажиллагаагаа тасралтгүй хэвийн үргэлжлүүлэх зорилгоор сургалт, судалгааны ажлуудыг цахимаар хийн, цаашлаад бүрэн хэмжээний “Цахим академи” болох зорилго тавин ажиллаж байна. Энэ хүрээнд “Strategy academy” гар утасны аппликейшнтэй болж, сургалт, судалгаа, хэлэлцүүлэг, нийгмийн хариуцлагын хүрээнд гаргаж буй видео контентуудыг олон нийтэд хүргэх, сургалт хичээлийг цахимаар хийх, судалгааг цахимаар танилцуулах боломжтой болсон. Мөн ХБНГУ-ын Фридрих Эбэртийн сантай хамтран Стратеги академийн дэргэдэх номын сангийн 35 000 ном товхимлыг цахимжуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ ташрамд дурдахад, манай номын сан нь анх 1961 онд “Нийгмийн ухааны эрдэм шинжилгээний номын сан” нэртэйгээр байгуулагдсан бөгөөд эрдэм шинжилгээний номын сангийн хувьд Монгол Ардын Намын түүхийн холбогдолтой олон тооны ном зүйн бүртгэлүүд хэвлэн гаргасан. Мөн 1982 онд ном зүйн хөгжлийн түүхэнд анх удаа зүйлчилсэн каталогийн системийг боловсруулсан. Монгол Ардын Намын 100 жилийн ойн босгон дээр дэргэдэх номын сангаа “Цахим номын сан” болгох нь өнгөрсөн болон ирээдүйн 100 жилийн зааг дээр бидний зүгээс Монголын ард түмний оюуны өвд оруулах түүхэн чухал ажил болж байгаа юм.
 
Стратеги академийн хамт олон
 
-Намын дэргэдэх Стратеги академитай хамтран манай сонин өнгөрсөн дугаарууддаа Монгол Ардын Намын түүхэн товчооныг хэвлэсэн нь уншигчдаас өндөр үнэлгээ авлаа. Үүнээс гадна Стратеги академи намын их ойн хүрээнд ямар ажил зохион байгуулахаар төлөвлөсөн бол?
 
-Бидний бэлтгэсэн түүхэн товчооныг хэвлэн гаргасан танай байгууллагын хамт олонд талархсанаа илэрхийлье. Монгол Ардын Намын 100 жилийн их ойн хүрээнд Стратеги академиас намын түүхтэй холбоотой ном товхимлууд гаргахаар төлөвлөн ажиллаж, эхнээсээ бүтээлүүдээ уншигч олонд хүргэж байна. Үүнээс дурдвал Монгол Ардын Намын түүхийн үйл явдал, гаргасан онцлох шийдвэр, үр нөлөөний тухай он цагийн хэлхээсээр харуулсан цагалбар бүхий бөгөөд англи орчуулгатай, олон арван түүхийн зураг оруулсан “Монгол Ардын Намын түүхэн цаг хугацааны товчоон” номыг салбарын эрдэмтэн судлаачидтай хамтран хэвлэн гаргалаа. Мөн намын 90 жилийн ойгоор хэвлэгдэн гарсан есөн боть номны наймдугаар боть буюу 1983-1992 оны түүхийн хэсэг бичигдээгүй байсан бөгөөд 100 жилийн ойгоор энэ үлдсэн хэсгийн түүхийг нэмж бичин хэвлэлтэд оруулав. Ингэснээр үндсэн утгаараа намын түүхийн есөн боть ном болж хэвлэгдэв. Мөн 100 жилийн түүхийг 100 хуудсанд багтаасан түүхэн товчоон бүхий өврийн дэвтрийг хийж намын бүх гишүүдэд хүргүүллээ. Манай байгууллагын талаар намын Төв хорооны 1968 оны шийдвэрт “Намын түүхийн институтийн зорилт бол намын түүхийг гүнзгийрүүлэн боловсруулах, намын түүхийн зангилаа чухал асуудлыг далайцтай судлах явдал мөн” гэж заасан байдаг бөгөөд тэр цагаас хойш нийт 430 гаруй орчуулгын ном, эрдэм шинжилгээний бүтээлийг бие даан хэвлэн гаргасан байна. Байгууллагынхаа 65 жилийн ой, Монгол Ардын Намын 100 жилийн ойн босгон дээр анхны зорилго зорилтын дагуу намын түүх судлалыг сэргээн ажиллаж байгаадаа баяртай байна.
 
-Стратеги академи 65 жилийнхээ ойг угтаж “Шударга ардчиллын шинээр бий болж буй зураглал” сэдвийн хүрээнд цахим хурал зохион байгуулсан. Энэхүү цахим хуралд гаднын улс төрийн намын хэчнээн төлөөлөл оролцсон бэ. Цаашид олон улсын төлөөллийг оролцуулсан ямар үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн бол?
 
-Стратеги академи гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд бусад улсын улс төрийн намуудын дэргэдэх бодлогын судалгааны хүрээлэнгүүдтэй идэвхтэй хамтран ажилладаг. Энэ хүрээнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Азийн Социал Демократуудын сүлжээ (SocDem Asia) байгууллага болон олон улсын Прогрессив Аллианс (Progressive Alliance) байгууллагын гишүүн улсуудтай хамтран тус хурлыг зохион байгуулсан. Ази, Европын нийт 70 гаруй улстөрч, эрдэмтэн судлаачид оролцсон. Ташрамд дурдахад, Азийн улс төрийн намуудын бага хурал (ICAPP) буюу нийт 352 улс төрийн намуудыг нэгтгэсэн Азийн бүс нутгийн байгууллагын Залуучуудын зөвлөлийн Дэд ерөнхийлөгчөөр миний бие 2019 оноос сонгогдон ажиллаж байна. Монгол Ардын Намын 100 жилийн ойд зориулан тус байгууллагын залуучууд, эмэгтэйчүүдийн зөвлөлийн их хурлыг ирэх аравдугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар болсон. Манай академи тус хурлыг зохион байгуулахад идэвхтэй оролцож байна.
 
ӨВӨӨГИЙНХӨӨ НОМЫГ УНШИХААР СЭТГЭЛ СЭРГЭЖ ЗОРИГТОЙ БОЛДОГ
 
-Боловсролын салбарын уулзалт дээр таныг хятад хэлээр танилцуулга хийхийг хараад хөрш орныхоо хэлийг судлах сонирхол төрж билээ. Түүнээс хойш тантай уулзвал хятад хэлийг ямар аргаар гаргууд эзэмшсэн талаар асууна гэж бодсон. Одоо тэр асуултаа танаас асууя?
 
-Би зургаан настайгаасаа 23 дугаар сургуулийн япон хэлний ангид япон багш нараар ханз заалгасан учраас үргэлжлүүлэн ханзтай хэл буюу хятад хэлийг сурахад арай хялбар байсан байх гэж боддог. Ямар ч гадаад хэл өдөр бүр л давтахгүй бол мартагддаг. Миний хувьд өдрийн тэмдэглэлээ сурсан гадаад хэл дээрээ бичдэг, мөн өглөө бүр цаг гарган англи, хятад хэл дээр мэдээ уншдаг, бүр амжихгүй бол машинд явж байхдаа гадаад хэлээр мэдээ сонсдог. Ер нь хүн үнэхээр л зоривол ямар ч нөхцөлд юу ч сурч чадна гэдэгт итгэдэг.
 
-Та дэлхийд 17-д, Хятадад нэгдүгээрт эрэмбэлэгддэг Цинхуа их сургуульд сурахын зэрэгцээ Бээжингийн их сургуульд багшилдаг байсан. Сургуулиа төгссөнийхөө дараа яагаад босго өндөр сургуульд үргэлжлүүлэн багшлахаар үлдээгүй юм бэ?
 
-Миний хувьд гадаадад 15 жил сурч, амьдарсан. Тэр бүх хугацаандаа нэг ч удаа тухайн улсад үлдэх талаар бодож байгаагүй.
 
 
 
Өндөр тэнгэрийг мөрлөсөн, үүлэн цэнхэр уулс байна
 
 
 
Үргэлж надад зүүдлэгдсэн миний нутгийн бараа юу… гэж өвөөгийн маань шүлэг байдаг. Эх орондоо очно, сурсан мэдсэн зүйлээ хэрэгжүүлж, хүмүүсийн сайн сайхан амьдралыг бүтээлцэхэд гар бие оролцоно гэж л боддог байсан, тэгээд л ирсэн. Одоогоор сурсан мэдсэнээ хэрэгжүүлж, дадлага туршлага улам сууж байна.
 
-Мэдээж, гадаадад боловсрол эзэмшсэн хүн бүр Монголдоо ирж ажиллахыг хүсдэг. Гэвч заримынх нь хувьд хүсэн хүлээж байсан нийгэм нь Монголд бүрэлдээгүй байгаа учраас урам зориг нь мохдог. Танд тийм асуудал гарч байсан уу?
 
-Урам зориг мохох асуудал олон удаа гарч байсан. Гэхдээ одоо хийж байгаа бүхэн минь миний өөрийн сонголт байсан учраас харамсах зүйл байхгүй, хүсэн хүлээж байгаа нийгэм биш байвал өөрөө түүнийг бүтээх ёстой гэж боддог. Нөгөө талаар надад байнга зориг өгч, бүх талаар дэмждэг гэр бүлийхэн, багш нар, найз нөхөд маань байдаг учраас ямар ч асуудал гарсан зоригтойгоор нүүр тулаад л шийддэг.
 
-Асуултаа бага зэрэг өөрчлөөд хамгийн сүүлд хэний, ямар нэртэй номыг уншсан талаар тодруулмаар санагдлаа?
 
-Өвөөгийнхөө “Урам хайрласан үгс” номыг уншиж байна.
 
 
 
Өвөөгөө хажууд байхад “миний өвөө” л гэж боддог байсан болохоос хувь хүн нь хэчнээн агуу байсныг мэддэггүй байсан юм байна. Хаана ч, ямар ч үед өвөөгийнхөө номыг уншихаар сэтгэл сэргээд зоригтой болдог.
 
 
 
-Таны өвөө бол Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Ш.Сүрэнжав. Энэ эрхмээс таны өвлөж авсан хамгийн үнэт зүйл юу байв?
 
-Бусдыг гэсэн сайхан сэтгэл юм болов уу. Өвөө эмээ маань хүн бүрд үргэлж л сайн сайхныг хүсэж, бусдад тусалдаг байсан. Үүнийгээ үг үйлдэл бүрээрээ бүх ач, зээ нартаа зааж сургаж, үлгэрлэн үзүүлдэг байсан юм.
 
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин