sonin.mn
Зүүн-Өмнөд Азийн орнуудад хүний эрхийн нөхцөл байдал “Ковид-19” халдварын цар тахал дэгдэхээс өмнө ч тааруухан байсан. Зүүн-Өмнөд Азийн улсуудын холбоо /АСЕАН/-ы зүгээс ардчиллын үнэт зүйлс, хүний эрхийн асуудлаар дуугарч буй  хэдий ч “чөлөөт бус” ардчилал улам бүр нэмэгдэж, бүс нутгийн орнуудад хүний үндсэн эрх чөлөөг хязгаарласаар байна. Зүүн-Өмнөд Азийн ихэнх улс орнууд колоничлолын үеийн гэмээр харгис, дарангуйллын шинж чанартай хууль тогтоомжоо ашиглан аливаа хэлбэрийн эсэргүүцэл үзүүлсэн хэнийг ч болов гэмт хэрэгтэнд тооцдог ба  “КОВИД-19” халдварын цар тахлын үед энэ хандлага улам бүр гаарсаар байна.
Олон улсын жишигт нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой аливаа хязгаарлалтыг үндэслэлтэй, тодорхой зорилттой, ялгаварлан гадуурхалгүй, үргэлжлэх хугацааг хязгаартай байх шаардлагыг тавьдаг ч Зүүн-Өмнөд Азийн орнуудын ихэнх эрх баригчид дээрх шаардлагыг үл тоомсорлосон шийдвэрүүдийг гаргасан хэвээр байна.  Тус бүс нутагт нийтлэг ажиглагдаж буй шаардлагатай хэм хэмжээг дэндүү хэтрүүлсэн шийдвэрүүдийн нэг нь Филиппин улсын Ерөнхийлөгч Дутертегийн гаргасан 922 дугаар зарлиг байлаа.
 
Тэрхүү зарлиг нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалахаар авч хэрэгжүүлж буй онцгой байдлын арга хэмжээг Ерөнхийлөгчийн зарлигаар цуцлах хүртэл тодорхой хугацаагүйгээр тогтоож, хууль хүчний байгууллагуудад онцгой байдлын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавин, хөл хорионы дүрмийг зөрчсөн иргэдийн эсрэг гал нээх тушаал өгсөн явдал юм. 
 
Тэрээр “Цэрэг, цагдаа нарт өгөх миний тушаал бол…хэрвээ дэглэм сахиулахад бэрхшээл тулгарч, эсэргүүцэл үзүүлбэл тэднийг шууд бууд! Ойлгогдож байна уу? Асуудлыг хүндрүүлэхийн оронд та нарыг оршуулсан нь илүү амар гэж би бодож байна” хэмээн өнгөрөгч оны дөрөвдүгээр сард телевизээр хандан мэдэгдэл хийсэн юм.
Энэ мэт бүс нутгийн бусад улс орнууд үзэл бодлоо илэрхийлэх, цугларах, жагсах эрх чөлөөг хязгаарласан олон хууль баталсан бол зарим улс орнууд шинэ арга хэмжээ авахын оронд, хүчин төгөлдөр үйлчилж буй дарангуйллын шинж чанартай хуулиудыг хэрэгжүүлж байна. Индонез улсад 2008 онд батлагдсан “Цахим мэдээлэл, гүйлгээний тухай” хуулийн дагуу тус улсын Засгийн газар цахим орчинд буй мэдээллийн агуулгад өргөн хүрээний  хатуу хяналт тавьж эхэлсэн. Харин Камбож Улсад нэгэн сэтгүүлч Ерөнхий сайд Хун Сений “КОВИД-19”-ийн талаар хэлсэн үгийг шүүмжилснээсээ болж баривчлагдсан бол Мьянмарт гудамжны зураачид цар тахлын нийгэмд үзүүлж буй нөлөөг зурагт буулгасны төлөө баривчлагджээ.
Тайландад 2020 оны 3 дугаар сарын сүүлээс 4 дүгээр сарын сүүл хүртэл онц байдал зарлаж, “Цэргийн” Засгийн газраас иргэдийн хөдөлгөөн, цугларалтыг хориглож, мэдээллийн чөлөөт урсгалыг хязгаарласан. Энэ нь ихэнх тохиолдолд “КОВИД-19”-тэй тэмцэхэд ямар ч үр дүнгүй байснаар барахгүй Бангкокт хоол хүнс, ариутгалын бодис тараахыг завдсан сайн дурынхныг баривчилсан байна.
 
ХҮНИЙ ЭРХ БА НИЙГМИЙН СҮЛЖЭЭ
 
Зүүн-Өмнөд Азийн улс орнууд цар тахлын үед хүний үндсэн эрх чөлөөг хязгаарласан хууль тогтоомжоо чангаруулаад зогсоогүй нийгмийн сүлжээтэй тэмцсээр байна. 
Бүс нутгийн улс орнууд Засгийн газрын “КОВИД-19” халдварын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг шүүмжилж буй иргэдийг хяналтандаа авч эхэлсэн. Вьетнам улсын олон зуун иргэд нийгмийн сүлжээнд хуваалцсан мэдээллийн агуулгаас шалтгаалан торгууль хүлээсэн. Фейсбүүк зэрэг нийгмийн сүлжээнд хориг тавьснаар Фейсбүүк компанийн зүгээс Засгийн газрыг шүүмжилсэн агуулгыг хаах шийдвэрийг хүртэл гаргасан байна. 
Өөр нэгэн жишээ нь Мьянмарын Ракхайн, Чин мужуудад интернэтийн үйл ажиллагааг зогсоосноор 1.4 сая иргэн цар тахлын тухай шаардлагатай мэдээ, мэдээллийг олж авах эрхийг зөрчжээ.
 
 
 
Хувь хүний мэдээллийн эрх зөрчигдөх хамгийн өндөр магадлалтай орнуудын тоонд  Камбож, Тайланд, Филиппин Улс дээгүүрт жагсаж байна. Сингапур тэргүүтэй хэд хэдэн улсад хувь хүний мэдээлэлд халдах, зөвшөөрөлгүй ажиглалтад авах явдал түгээмэл гарч байгаа нь авторитар дэглэмийн эрх мэдлийг нэмэгдүүлэн бэхжүүлэх суурийг тавьж байна. 
 
 
 
Тухайлбал цар тахлын өмнө Малайз Улс эрх баригч Пакатан Харапан эвслийг татан буулгасны дараа  улс төрийн ирээдүйн замналаа тодорхойлох тэмцэл өрнөж байсан ч цар тахлаас шалтгаалан парламентын сонгуулийг хойшлуулахаар төлөвлөж байгааг  мэдэгдсэн бол Сингапурт  мөн адил эрх баригч нам нь эрх мэдлийн хугацаагаа сунгахаар цар тахлаар “түрий барьж” сонгуулийн хугацааг хойш татаж буй нь шүүмжлэл дагуулсан.
Бүс нутагт тулгарч буй өөр нэг хандлага нь эмзэг, цөөнхийн бүлгүүдэд тулгарч буй гутаан доромжлол, ялгаварлан гадуурхал, хүний эрхийг хүндэтгэн хамгаалж чадахгүй байгаа явдал бөгөөд дүрвэгсэд болон харьяалалгүй иргэдийг гадуурхах явдал газар авчээ. 2020 оны 3 дугаар сард Камбожийн Эрүүл мэндийн яамны тайланд Кхмер Ислам болон бусад үндэсний цөөнхийг “КОВИД-19”-ийг тараасан байх магадлалтайг дурдсанаар үндэсний цөөнх Исламын шашинтнуудыг ялгаварлан гадуурхахад хүргэсэн юм.
Түүнчлэн Тайланд зэрэг орнууд нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдийг зөвхөн өөрийн улсын иргэдэд үзүүлэхээр шийдвэрлэсэн бол хууль бусаар оршин суудаг, харьяалалгүй иргэд баригдах, гадуурхагдахаас эмээж шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг хүртэж чадахгүй байдалд хүрсэн.
Ялгаварлан гадуурхал цар тахал эхэлснээс хойш дэлхий даяар ажиглагдаж буй ч Сингапур, Малайз Улсад Ковидийн эхний  тохиолдлууд Энэтхэг, Бангладеш, Пакистан иргэд голдуу оршин суудаг гэрээт ажилчдын хотхоноос илэрсэн нь иргэдийн дунд ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, ялгаварлан гадуурхах үзэл дэлгэрэв.
Иргэний нийгмийн байгууллагууд онцгой нөхцөл байдлын үед эмзэг бүлгүүдийн эрүүл мэнд, нийгмийн хэрэгцээ хангагдаж байгаа эсэхэд анхаарч ажиллах үүрэгтэй. Гэвч  Зүүн-Өмнөд Азийн улс орнуудад сайн дурын байгууллагын  орон зай бага байсны дээр цар тахлын үеийн Засгийн газрын бодлогын үр дүнд улам бүр хумигдан, хязгаарлагджээ.
Санхүүгийн болон бусад бүх нөөц боломжоо цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд шавхаж буй сайн дурын байгууллагууд санхүүгийн хүндрэлтэй тулгарахын зэрэгцээ Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилснээрээ ихээхэн хавчигдаж, удирдагчдын анхааралд өртөх болов. Хөл хорионоос шалтгаалан тайван жагсаал цуглаан хийхийг хориглосон тул олон нийт дуу хоолойгоо тайван замаар илэрхийлэх, төр засгийн хангалтгүй үйл ажиллагааг шүүмжлэх эрхгүй болсон юм. 89011130 Ардчилал, хүний эрхийн төлөөх хөдөлгөөнүүд Зүүн-Өмнөд Азийн орнуудаас хальж “Milk tea Alliance” хөдөлгөөн Тайланд, Хонконг, Тайванийн идэвхтэнүүдийг хамрав. 
 
МОНГОЛ УЛС БА ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧСӨН ШИЙДВЭРҮҮД
 
Коронавирусийн халдварын тохиолдол Монгол Улсад 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэнээс хойш Засгийн газар, Улсын Онцгой комисс зэрэг холбогдох байгууллагуудаас олон шийдвэр гаргаж, Эрүүл мэндийн яам тухай бүрийг олон нийтэд мэдээлж ажилласаар ирсэн.
Нэг талаас цаг хугацаа хожих, халдварыг тархахаас урьдчилан сэргийлсэн бодлого шийдвэр байсан гэж зөвтгөж болох ч нөгөө талаар хатуу хөл хорио, богино хугацаанд гаргасан шийдвэр бүхэнд хүний эрхэд халдсан зүйл заалт олон байв. 
2020.11.11 Монгол Улсад коронавирусийн дотоодын анхны халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор 12-ны өдрөөс эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоосон. Энэ хүрээнд гадаадаас иргэдээ авах тусгай үүргийн нислэгүүдийг зогсоосоноор тухайн үед төлөвлөгдсөн нислэгээр ирэх хүсэлт гаргасан 3,800 гаруй иргэн эх орондоо ирэх иргэдийн эрхийг зөрчсөн юм. 
 
 
 
Харин Монгол Улсын Үндсэн хуулийн 16.18-д “…гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Хэний ч эх орондоо ирэх эрхийг дур мэдэн хасаж болохгүй” гэж заасан байдаг юм.
 
 
 
2020.12.04 Гэрийн ажиглалтад байгаа иргэдийн хаалган дээр наалт нааж эхлэв. 
Энэ нь тухайн хүнийг өвдсөн гэдгээр нь ялгаварлан гадуурхах нөхцөлийг бий болгосон юм. Тэгвэл Үндсэн хуулийн 14.2-т Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна хэмээн заасан байдаг.
Манай улс Ардчилсан улс. Тэр ч утгаараа Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, нийслэлийн Онцгой комиссоос гарч буй шийдвэр бүр иргэн бүрт таалагдаагүй. Хүний эрхэд халдсан, эрх чөлөөг хязгаарласан хориг, зүйл заалт цөөнгүй байсан нь нэг хэсэг хүний бус нийтийн эрх ашиг, эрүүл мэнд, амь насыг хамгаалахын төлөөх бодлого шийдвэр байсан нь тодорхой. 
Хэдийгээр КОВИД-19 халдварын цар тахал дэлхий нийтийг хамарч түүнийг дагасан нийгэм, эдийн засгийн гарз хохирол улс орнууд амсаж байгаа ч хүний эрхийг хамгаалах асуудал нь нээлттэй, эрх чөлөөтэй, хариуцлагатай нийгмийн салшгүй хэсэг мөн гэдгийг мартаж болохгүй. 
Харамсалтай нь “КОВИД-19” халдварын цар тахал дэлхий дахинд дэгдсэн цаг үеэс эхлэн улс орнуудад хүний эрхэд халдах, заналхийлэл улам бүр нэмэгдэж байна. Хэдийгээр энэ нь цар тахлын өмнө байсан дүр зураг ч эрх баригчдын авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүд нь хүний эрхийн асуудлыг улам бүр дордуулсаар байна.
Засгийн газрууд цар тахлын менежментээс эдийн засгаа нөхөн сэргээх бодлого руу шилжиж буй энэ цаг үед Монгол Улс бусад улс орнуудын алдаа сургамжаас суралцан ардчилал, сайн засаглал, хүний эрхэд аюул учруулахаас урьдчилан сэргийлэх шийдэмгий арга хэмжээ авч, бодлого шийдвэрээ гаргах шаардлагатай байна. 
 
 
Эх сурвалж: Asian review.  How Covid-19 infected human rights protection. Champa Patel. p 20-22.
Б.Энхмаа