sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен нар баасан гарагт утсаар ярилаа. Энэ үеэр талууд ОХУ, БНХАУ, Беларусь, Украин болон Баруун Балканы орнуудтай холбоотой асуудлаар үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулахаар тохиролцов гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ. 
 
 
 
“АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Европын Холбоог /ЕХ/ дэмжиж буйгаа илэрхийлээд, АНУ, ЕХ-ны түншлэлийг сэргээн хөгжүүлэхийн төлөө тууштай байгаа гэдгээ онцлон тэмдэглэв" гэж мэдээлэлд дурджээ. Тодруулбал, Байден, фон дер Лейен нар “Airbus”, “Boeing” компаниудад шударга бус татаас олгосон гэх шалтгаанаар эхэлж, олон жил үргэлжилсэн маргаантай холбогдуулан харилцан ногдуулсан 10 тэрбум гаруй ам.долларын гаалийн татварыг дөрвөн сарын хугацаанд царцааж, “урт хугацааны энэхүү маргааныг шийдвэрлэхээр” тохиролцсон байна.
 
 
 
“Үүнээс гадна, шинэ коронавирусний цар тахалтай тэмцэх, дэлхийн эдийн засгийг сэргээн босгох, "ардчиллыг бэхжүүлэх" чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцав” гэж Цагаан ордны мэдээлэлд тэмдэглэжээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг