sonin.mn
Дэлхийн блокчэйн технологийн зах зээлийн хэмжээ 2020 онд 3.67 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн бөгөөд ирэх долоон жилийн хугацаанд даруй 82.4 хувиар тэлэх төлөвтэй байна гэж олон улсын “Grand view research” судалгааны байгууллагаас мэдээлжээ.  Блокчэйн технологи бол цөөн үгээр илэрхийлэхэд гүйлгээ бүртгэдэг цахим систем. Бүгдийг багтаасан нэг том систем биш дэлхийн улс орнуудад тараан байршуулсан төхөөрөмжинд хадгалагддаг гэдгээрээ мэдээллийн хамгаалалт, аюулгүй байдлын баталгаа нь маш сайн гэж онцолдог.  Монголчуудын хувьд биткойн гэх ойлголттой зэрэгцэн блокчэйн технологийг харьцангуй сайн мэддэг болсон . Хэдийгээр манай Засгийн газрын зүгээс криптовалют, биткойн зэрэг дижитал хөрөнгийн гүйлгээг дэлхийн зарим оронтой адил дэмжихгүй гэсэн байр суурьтай хэвээр байгаа ч криптовалютын гүйлгээ бол блокчэйн технологийг ашиглаж байгаа нэг л хэлбэр нь юм. Хамгийн анхны хэрэглэгч нь бидний мэдэхээр ардкойн. Харин манайд блокчэйнийг өргөн ашиглаж байгаа салбар бол эрүүл мэнд. Одоогоор 300 гаруй эмнэлэг энэ технологиор бүртгэлээ хөтөлж, эрүүл мэндийн цаасан дэвтэрнээс салаад байна. Мөн Хөдөө аж ахуйн бирж блокчэйн системд суурилж байгаа. Араас нь энэ технологид суурилсан аппликейшнүүд хүч түрэн гарч ирж байна. Цаашид банкууд системээ блокчэйнд шилжүүлэх нь хамгийн эрсдэлгүй арга гэж зарим эдийн засагч зөвлөсөөр байгаа юм.
Дэлхий даяар криптовалютын хэрэглээ улам бүр нэмэгдэж байгаа нь зах зээлийн өсөлтийг өдөөж буй гол хүчин зүйлүүдийн нэг гэж дээр хэлсэн.  Дэлхийн арилжааны болон төв банкууд төлбөр тооцоо хийх, дижитал валютаа гаргахад блокчэйн технологийг ашиглаж байна. Энэ технологи нь хил дамнасан төлбөр тооцоог уламжлалт системтэй харьцуулахад хямд, хурдан явуулдгаараа моданд орж байгаа аж. Түүнчлэн дэлхийн улс орнууд уламжлалт хөрөнгийн биржийн хүнд суртал, олон үе шатыг халахын тулд блокчэйн системд шилжиж байна. Жишээлбэл, энэ оны нэгдүгээр сард Японы “SBI Холдингс” нь “Сумитомо Мицуи” групптэй хамтран 2022 он гэхэд тус улсад дижитал хөрөнгийн бирж байгуулахаар болжээ.
 
 
 
Хамгийн сүүлд гэхэд Хятадын Ардын банк блокчэйн дээр өөрийн цахим мөнгийг гаргахаар ажиллаж буйгаа мэдэгдсэн. Олон улсын мөнгөн гуйвуулгад монополь байсаар ирсэн ам.долларыг цахим юань нь шахна гэдэгт итгэлтэй байгаа. Блокчэйнийг улам моданд оруулж, зах зээлийг нь огцом өсгөж байгаа хүчин зүйл бол COVID-19 цар тахал. Халдварын хяналт, хавьтал, вакцинжуулалт гэсэн олон асуудлыг үүний тусламжтайгаар хялбар бүртгэж байгаа олон улс байна.
 
 
 
2020 онд 3.6 тэрбум ам.долларын томоохон зах зээлийг эзэлсэн энэ  технологийн хэрэглээнд 60 гаруй хувийг томоохон аж ахуйн нэгжүүд эзэлж давамгай оролцсон байдаг. Харин хэрэглээний хувьд санхүүгийн үйлчилгээ нь дангаараа 38-аас дээш хувийг бүрдүүлсэн байгаа юм. Араас нь төрийн үйлчилгээ, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ, мэдээллийн технологи, ложистик, аялал жуулчлал, даатгал гэсэн салбар жагсаж байна. Тэгвэл ашиглаж байгаа бүс нутгийн хувьд өнгөрсөн онд Хойд Америк зах зээлд дангаараа шахуу ноёрхож байсан бол хүрээгээ улам тэлж олон тооны тоглогчтой болсоор байна. Тухайлбал, Хойд Америкт АНУ, Канад, Мексик улс, Европод Их Британи, Герман, Франц, Ази, Номхон далайн орноос Хятад, Япон, Австрали, Энэтхэг, Өмнөд Америкт Бразил, Ойрхи Дорнод ба Африк, Саудын Араб гэсэн улс орон томоохон тоглогчоор оролцож байгаа юм. Үүнээс шинжээчдийн онцолсноор Ази Номхон далайн бүс нутагт мэдэгдэхүйц өсөлттэй байх төлөвтэй байгаа гэжээ. Учир нь Хятад, Япон, Энэтхэгийн Засгийн газар блокчэйн технологийг эрчимтэй сурталчлах болсон. Аль болох хамгийн ил тод, үр ашгтайгаар ашиглана гэдгээ албан ёсоор зарлаад байгаа юм. Гэсэн хэдий ч дэлхийн ихэнх улс оронд блокчэйнийг ашиглах албан ёсны зохицуулалт байхгүй хэвээр байгаа нь  энэ зах зээлийн өсөлтийг хязгаарласаар байх болно гэж судалгаанд дурджээ.
 
 
Б.Төгс
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин