сонин mn
Боловсрол, Шинжлэх Ухааны Яам тайлбар гаргажээ.
Уг тайлбарт: "Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хэд хэдэн тайлбар хийх шаардлага үүслээ. 2020 онд гадаадад суралцахаар боловсролын зээлийн санд 110 хүүхэд хандсан байна. Тэдний 59 нь 3-4 шатны шалгуурыг хангаж зээлд хамрагджээ.  
1. 2012 онд Засгийн газар “Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгох журам” баталсан. Энэ журамд 2020 онд 70 дугаар тогтоолоороо Засгийн Газар нэмэлт өөрчлөлт оруулж хэд хэдэн заалт нэмж, зарим заалтыг шинэчилсэн. Энэ журмаар магистр докторын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудын зээлийн асуудлыг зохицуулдаг. 
Харин 2013.08.19-ний өдөр баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын хүрээнд бакалаврын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудад зээл олгох харилцааг зохицуулж байна. Тэгэхээр хоёр тусдаа журмыг хольж ойлгож байгааг үүгээр залруулж байна. 
2. 2021 онд боловсролын зээлийн сангаас бакалаврын хөтөлбөр зарлагдаагүй болно. Үүссэн нөхцөл байдлын тухайд А.Эрдэнэхүслэн нь 2020 онд шалгаруулалтад тэнцэж зээлийн эрх нь нээгдсэн. Цар тахлын улмаас 2020 онд зээл авах эрх нь нээгдсэн оюутнуудын зээлийн санхүүжилт 2021 онд хийгдсэн болно.  
 
Нэмэлт мэдээлэл өгөхөд дэлхийн топ сургуулиудын зарласан шалгалтад оюутнууд өөрсдөө шууд оролцдог бөгөөд тэнцсэн хариугаа авсан хүүхдүүд зээлд хамрагдахаар хүсэлтээ ирүүлнэ. Хүсэлт ирүүлсэн оюутнуудыг тухайн сургуулийн эрэмбээр жагсаана.
 
 
Үүний дараа эссэ бичлэг болон ярилцлагын шалгалтад оролцдог. Ингээд нийт онооны нийлбэрээр эрэмбэлж тухайн жилийн санхүүжилтийн хэмжээтэй уялдуулан тодорхой тооны хүүхдэд зээл олгодог юм" гэжээ.