sonin.mn
Энэ удаагийн “Start-Up” буланд Монголд анх удаа “Fulfillment center”-ийн үйлчилгээг нэвтрүүлсэн “PickPack Mongolia” компаний гүйцэтгэх захирал Б.Ганчимэгтэй ярилцлаа.
 
- Сайн байна уу. Ярилцлагын эхэнд “PickPack Mongolia” компаний талаар танилцуулахгүй юу?
 
-Технологийн дэвшилтэй уялдаад худалдааны олон төрлийн суваг буюу omni channel гэсэн шинэ ойлголт гарч ирээд байгаа. Энэ нь дэлгүүр дээрээс эсвэл утсаар худалдан авалт хийдэг байсан ойлголтыг халж олон төрлийн сувгаар худалдан авалт хийхийг хэлж байгаа юм. Манай улсад ч гэсэн ялгаагүй технологийн дэвшлийг дагаад худалдааны олон төрлийн суваг бий болж тэр дундаа онлайн худалдаа хүчээ авч байна. Тиймээс бизнес эрхлэгчид өөрийн худалдааны сувгийг тэлж түүндээ тохирсон ханган нийлүүлэлт болон логистикийн үйлчилгээг бие даан хийсээр байгаа. Гэхдээ бизнес эрхлэгчдийн хүсэл, шаардлагад тохирсон үнийн уян хатан бодлоготой, зөвхөн борлуулсан хэмжээгээр төлбөрөө төлдөг логистикийн үйлчилгээ зах зээл дээр дутагдаж байгааг бид олж харсан. Энэ нь манай компани үүсгэн байгуулагдах гол үндэс болсон гэж хэлж болно. Манайх өнгөрсөн оны арванхоёрдугаар сард үүсэн байгуулагдсан шинэхэн компани. Үүсгэн байгуулагдсанаасаа хойш тодорхой хэмжээний бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж туршлагажсан.
 
-Монголд цахим дэлгүүр, хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг олон компани бий. Танай ялгарах онцлог  юу вэ?
 
-Ханган нийлүүлэлт болон логистикийн цогц үйлчилгээг технологийн дэвшилтэй хослуулан хэрэглэгчиддээ хүргэдэг гэдгээрээ давуу талтай. Өөрөөр хэлбэл, манай түншүүд PickPack-ын системээр дамжуулан өөрийн захиалгыг хянах, системийн интеграци ашиглан өөрийн борлуулалтын сувгийг PickPack системтэй холбон захиалгыг автоматжуулах боломжтой. Мөн агуулах дээр байршуулсан бараа бүтээгдэхүүний нөөцийн үлдэгдлийг цаг тухай бүрт бодитоор харах, хянах, хүргэлтийн төлөв, бараа бүтээгдэхүүн нь хэзээ хүргэгдэх гэсэн мэдээллийг шууд удирдаад, хянаж болно. Манай системээр дамжуулан бусад борлуулалтын сувагтай нэгдэх, өөрийн борлуулалтын тайлан мэдээг мөн харах боломжтой байгаа. Хурдан шуурхай, үнийн уян хатан нөхцөлтэй, барааны овор хэмжээнээс үл хамаарч хадгалах боломжийг олгодгоороо манай үйлчилгээ онцлог.
 
-Fulfillment center-ын үйл ажиллагааны онцлог, давуу талыг тайлбарлаж өгөхгүй юу?
 
-Fulfillment center гэдэг нь хэрэглэгчийн захиалгын мэдээллийг хүлээн аваад, захиалгын дагуу түүнийг ялган ангилж, хүссэн зааврын дагуу багцалж бэлтгэн, хэрэглэгчид хүргэдэг цогц төв юм. Fulfillment center-ийг бид Монголдоо анх удаа нэвтрүүлснээр бизнес эрхлэгчид өөрийн бизнесийг хаанаас ч, хэзээ ч удирдаад явах боломжтой болж байна. Тэгэхээр бизнес эрхлэгчид маань зөвхөн өөрийн борлуулалтдаа л анхаарч бусад өдөр тутмын бүх ажлаа бидэнд даатгаж болно гэсэн үг.  Бид B2B эсвэл B2C төрлийн аль ч  компанид үйлчилгээ үзүүлэх боломжтой. Үүнээс гадна өнөөгийн нөхцөлд худалдааны бизнес эрхлэгчид дан ганц B2B загвараар бус эцсийн хэрэглэгчид хүрч борлуулалтаа нэмэгдүүлэх хүсэлтэй байдаг. Тиймээс энэ шаардлагыг хамгийн боломжит зардлаар шийдэж өгч байгаа нь бидний давуу тал юм.
 
-Олон дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг хадгалах, захиалгын дагуу хүргэх нь хүний нөөц, цаг хугацаа, их хөдөлмөр шаарддаг байх. Эдгээрийг зохицуулсан технологи нэвтрүүлсэн үү?
 
-Бид компаниа анх байгуулахдаа л өөрийн бизнесийн онцлогт тохирсон системийг нэвтрүүлэн ажиллаж эхэлсэн. Цаашдаа үйл ажиллагааныхаа алхам бүрийг автоматжуулахыг зорин ажиллаж байна. Хэрэглэгчид өөрийн захиалга, бараа бүтээгдэхүүний байршил, үлдэгдлийг хянах, удирдах, автоматжуулах боломжтой нь манай технологийн гол давуу тал. Мөн манай агуулахын систем зураасан код, QR кодны тусламжтайгаар бараа бүтээгдэхүүн хүлээн авах, ангилах, савлах, хүргэлтэд гаргах үйл явцыг 99 хувийн алдаагүйгээр гүйцэтгэдэг.
 
-Цар тахал, хөл хорионоос үүдэн иргэд хүргэлтээр бараа бүтээгдэхүүн авах хандлага эрс нэмэгдсэн. Мөн энгийн үед замын түгжрэлээс болж хүргэлт удах асуудал үүсдэг. Үүнийг яаж зохицуулсан бэ?
 
- Бид Монголдоо хамгийн том хүргэлтийн баазтай UB cab express компанитай хамтран ажилладаг. Үүнээс гадна бид цаашдаа хүргэлтийн үйлчилгээг шуурхай, хэрэгчлэгчдэд илүү тааламжтай болгохын тулд олон төсөл дээр ажиллаж байгаа. 
 
-Ямар байгууллагууд хамтарч ажиллах боломжтой вэ?
 
-Бүх төрлийн компани, хувь хүмүүс бидэнтэй хамтран ажиллах боломжтой. Манай үйлчилгээ бизнес эрхлэхийг хүссэн хэн бүгдэд  бизнес эрхлэх боломжийг бүрдүүлж өгч байна гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, та гэрээсээ өөрийн бизнесийг удирдах боломжтой. Харин томоохон бизнес эрхлэгчдийн хувьд өөрсдийн бизнесийн загварыг өөрчлөхөд удаан, уян хатан биш байдаг учир зах зээлд өрсөлдөх чадвараа бууруулж  байдаг. Тиймээс бидэнтэй хамтран борлуулалтын бүх хэрэгцээгээ хангуулах боломжтой. Жишээлбэл, манайх онлайн худалдааны платформ болох shoppy.mn, BTF.mn болон Dr Martens, Adidas, Brick House, IKEA, Xiaomi Nike гэсэн олон брэндтэй хамтран ажиллаж байна.
 
- Орон нутагт үйл ажиллагаагаа явуулах, өргөжүүлэх төлөвлөгөө бий юу?
 
-Мэдээж орон нутгийн хэрэглэгчиддээ үйлчилгээгээ хүргэхээр Тотал Дистрибюшн компанитай хамтран ажиллаж байгаа. Орон нутгийн бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа Улаанбаатар хотод явуулах боломж удахгүй бүрдэнэ. Харин орон нутгийн хэрэглэгчид Улаанбаатараас бараа захиалан хүргүүлж авах боломжтой. Цаашдаа үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэн тэлэх зорилготой ажиллаж байна.
 
 
Б.Бямбажаргал
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин