sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Би-Би-Си Кардифийн "Дэлхийн дуучин"-BBC Cardiff Singer of the World 2021 уралдаанд Монгол Улсаа төлөөлөн МУГЖ, Улсын филармонийн гоцлол дуучин, баритон Э.Анхбаяр оролцохоор шалгарчээ.
1983 оноос эхлэн ИБУИНВУ-ын Уэлсийн нийслэл Кардиф хотноо хоёр жил тутам 18-32 насны дуурийн дуулаачдын дунд зохион байгуулдаг энэхүү уралдааныг 20 дахь удаагаа 6 дугаар сарын 12-19-нд зохион байгуулахаар BBC Cardiff албан ёсоор зарлаад байна. Цаг үеийн байдлаас шалтгаалан уралдаанд оролцогсдыг виртуал хэлбэрээр сонсон шалгаруулжээ.
 
 
 
Энэ жил тус уралдаанд 74 орны 518 дуучин мэдүүлгээ ирүүлсэн байна. Тэдний бичлэгийг шүүгчид сонсон шүүж  уралдааны сүүлийн шатанд оролцох 15 орны 16 шилдэг залуу дуучдыг шигшин шалгаруулсан нэрсэд МУГЖ Э.Анхбаяр шалгаран бэлтгэлдээ ороод байна.
 
 
 
Анх 2015 онд МУГЖ Э.Амартүвшин тэргүүтэй Монголын дуучид энэхүү нэр хүндтэй уралдаанд оролцож, Үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэн, шилдэг таван дуучны нэгээр шалгарч байв.
2017 онд МУГЖ Г.Ариунбаатар, СТА Б.Батжаргал нар шилдэг 20 дуучны тоонд багтан Кардифын уралдаанд амжилттай оролцож, МУГЖ Г.Ариунбаатар шилдэг тавд багтаж, Романсын төрөлд түрүүлсэн юм.
2019 онд МУСТА Ч.Бадрал шилдэг 19 дуучны нэгээр шалгарч байв.
2021 онд Монгол залуу дуурийн дуучид хамгийн олноор уг уралдаанд оролцохоор өргөдөл гаргасан юм.
 
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг