sonin.mn
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын UNMISS энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний X ээлжийн цэргийн багийн хариуцлагын бүсэд цагийн байдал тогтворгүй, орон нутгийн иргэд олон улсын хүмүүнлэгийн байгууллагын ажилчид болон НҮБ-ын өмч хөрөнгөнд аюул заналхийлсэн халдлага, дайралтууд үйлдэгдэх нь цөөнгүй байна.
“Юнити” секторын Рувенг мужийн Жам Жанг суурин дахь манай цэргийн багийн “Дельта” баазын ойролцоо хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг “Улаан загалмай” /IRC/ олон улсын хүмүүнлэгийн байгууллагын баазад орон нутгийн 50 гаруй залуус 2021 оны 04 сарын 27-ны өдөр халдлага үйлдэж, дөрвөн ажилчдын эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг явдал гарсан юм. Тухайн үед халдлага болж буй талаар манай цэргийн баг мэдээг авмагц томилгоот тасгийн бүрэлдэхүүнийг шуурхай үүрэг гүйцэтгүүлж, хүмүүнлэгийн ажилтнуудыг хамгаалах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэмтсэн олон улсын хүмүүнлэгийн байгууллагын ажилчдад эмнэлгийн болон бусад шаардлагатай тусламжийг үзүүлсэн бөгөөд тус хүмүүнлэгийн байгууллагаас "Баярлалаа, монгол цэргүүд" хэмээн талархал илэрхийлсэн юм.
 
Жам Жанг суурин дахь Олон Улсын “Улаан загалмай” хүмүүнлэгийн байгууллага /IRC/-ийн бааз нь 30 гаруй ажилчидтай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийслэл Жуба хотоос хөлсний ажилчид ажиллуулахаар төлөвлөж байсантай холбогдуулан орон нутгийн иргэд тус байгууллагын гадаа жагсаал, цуглаан хийж, эсэргүүцлээ илэрхийлж байсан юм.
 
Монгол Улсын Зэвсэгт хүчний X ээлжийн цэргийн багаас тус суурины ойролцоо нэмэлт эргүүлийн бүлгийг томилж, олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын байрлаж буй бааз, нисэх зурвасын хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, цагийн байдлыг тогтоох зорилгоор эргүүл, хамгаалалтын үүргийг гүйцэтгэн энхийг тогтоож байна.
 
Ахлах дэслэгч Г.Цэрэннадмид