sonin.mn
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан хугацаат цэргийн алба хаагчдыг ар гэрийнхэнтэй нь цахимаар холбох ажлыг тодорхой хугацааны давтамжтайгаар зохион байгуулсаар байна.
Тухайлбал, Зэвсэгт хүчний 110, 232 дугаар ангиуд өнгөрсөн долоо хоногт хугацаат албаны дайчдаа аав, ээжтэй нь цахимаар уулзуулав.  Зэвсэгт хүчний 232 дугаар анги нийслэлийн Багануур, Багахангай дүүрэг болон Төв, Дундговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабтай хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулсан байна.
 
 
Дайчдын ар гэрийнхэн “Манай улсад цар тахлын халдвар бүртгэгдсэнээс хойш үр хүүхдээ эргэж тойрч, уулзах боломжгүй болсон. Арга ч үгүй байх. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги нь дайчдынхаа эрүүл, аюулгүй байдлыг хангах үүднээс ч ар гэрийнхнийг хүлээж авахгүй байх нь зөв. Харин он гарсаар цахимаар уулзуулж, ярилцах боломж олгож байгаа та бүхэндээ баярлалаа. Бид хүүгээрээ бахархаж байна. Цог золбоотой, жавхаатай сайхан цэрэг болсон нь харагдаж байна. Орчин цагийн Зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ойгоор алба хааж байгаа хүүдээ баяр хүргэмээр байна. Энэ нь ховор бөгөөд түүхэн хувь тохиол юм. Түүхт ойн баярын мэндийг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүндээ болон хүүдээ хүргэе” хэмээн талархал илэрхийлж байсан юм.
 
 
Мөн Зэвсэгт хүчний 120 дугаар ангийнхан “Монгол шуудан” ТӨК-тай хамтран хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхэндээ бичсэн захидлыг нийслэл болон хөдөө орон нутаг руу хүргэх ажлыг зохион байгуулжээ. Нийтдээ 40 гаруй хугацаат албаны дайчин аав, ээж, ах дүү, найз охиндоо захидал илгээснийг шууданчид эзэнд нь хүргэж өгсөн байна.