sonin.mn

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Амарбаясгалангийн Баяр өнөөдөр буюу 2021 оны 05-р сарын 07-ны өдөр “Баянзүрх таныг сонсож байна CALL CENTER 1900-1063” төвийн хамт олонтой уулзаж, дархлаажуулалтын багц бэлэглэлээ. Тэрээр хэлэхдээ “Цар тахлын амаргүй нөхцөл байдалд иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө утсаар холбогдож, тэдэнд шаардлагатай мэдээ мэдээлэл, зөвлөгөө, тусламжийг үзүүлж байгаа та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн байдлаар бид нэг л зорилготой. Тэр нь Коронавирусын халдварыг дарж, сайхан цагийг авчрах. Энэ том ажилд CALL CENTER-д ажиллаж байгаа төрийн алба хаагч, сайн дурынхан та бүхний хичээл зүтгэл, иргэдтэйгээ эргэх холбоотой ажиллаж байгааг харах сайхан байна. Та бүхний ачаар бид нэг ч гэсэн иргэнээ сэтгэлийн дарамтнаас гаргаж, шаардлагатай арга хэмжээ авч чадсан. Төр иргэддээ хүрч чадах томоохон гүүр нь болж байгаа та бүхэндээ дахин дахин талархал илэрхийлье” гэлээ. Түүнчлэн “CALL CENTER төвийг бид коронавирусын халдварын ард гарсныхаа дараа хүртэл иргэдэд үнэ төлбөргүй төрийн болон хуулийн үйлчилгээ үзүүлдэг төв болгохоор ажлын хэсэг гараад ажиллаж байгаа” гэсэн юм.

Баянзүрх таныг сонсож байна “CALL CENTER 1900-1063” төвийн хувьд 2020 оны 12-р сарын 1-ээс өнөөдрийг хүртэл 30 гаруй төрийн болон сайн дурын ажилтан алба хаагчид энгийн утасны тарифаар 24 цагаар иргэдэд шаардлагатай эрүүл мэндийн зөвлөгөө, дархлаажуулалтын мэдээ мэдээлэл хүргэхээс гадна санал хүсэлт авч байна.