sonin.mn

ЛОНДОН. /BBC/. Их Британийн эрх баригчид Францын талтай загасчлах эрхийн талаарх маргааныг шийдэж чадсаны дараа цэргийн хөлөг онгоцуудаа Жерси арлаас эргүүлэн татахаар болжээ.

Их Британийн Хааны Тэнгисийн цэргийн флотын хоёр хөлөг онгоц Жерси арлын усанд загасчлахтай холбоотой эрхийг эсэргүүцсэн Францын загасчдын эсэргүүцлийн жагсаал дууссаны дараа нутаг буцахад бэлэн байгааг тус улсын Засгийн газар онцолсон байна.

"Нөхцөл байдал одоогоор шийдэгдлээ" гэвч шаардлагатай бол Лондон Жерси аралд туслахад бэлэн гэж Их Британийн Засгийн газар мэдэгджээ.

Их Британи Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарсны дараа Жерси арлын эрэг орчимд загасчлахтай холбоотой журмыг өөрчилсний улмаас Франц уг арлыг бүсэлнэ гэж сүрдүүлсэн юм.  Үүний хариуд Их Британийн эрх баригчид Жерси арал руу цэргийн хоёр хөлөг онгоцоо илгээсэн байна.

 

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг