sonin.mn
ИБНАУ дахь “Умард Атлантын Гэрээний Байгууллага”-ын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд АНУ-ын Аляска мужийн “Үндэсний гвардын хамтын ажиллагааны төлөө” медалийн туузыг гардуулах ёслол энэ сарын 10-ны өдөр боллоо.
 
 
Шагнал гардуулах ёслолын үеэр АНУ-ын холбогч офицер ахмад Жесика Меллер “Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид ямар ч нөхцөлд үүргээ нэр төртэй гүйцэтгэдэг дайчид. Бид хамтран ажиллахад урамтай байдаг. Бидний хамгийн сайн түнш, итгэлтэй нөхөд билээ” хэмээн тодотгож, баяр хүргэсэн юм. Арга хэмжээ халдвар, хамгааллын дэглэмийн хүрээнд явагдлаа.
 
 
Энэхүү медалийн тууз нь Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Аляска мужийн Үндэсний гвардын хамтын ажиллагааны хүрээнд хамтран энхийг сахиулах үүрэг гүйцэтгэсэн хоёр орны цэргийн алба хаагчдад олгогдог шагнал юм.
 
 
Хошууч М.Түмэнжаргал