sonin.mn
УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны удирдлагууд мэдээлэл хийж, Монгол Улсын Консерваторийн газартай холбоотой асуудлаар тайлбар хийлээ.
Тодруулбал БШУ-ны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: "Монгол Улсын Консерваторыг  кампус хэлбэрээр хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гарсан. Уг ерөнхий төлөвлөгөөгөөр ашиглалтын хугацаа нь дууссан, 650 хүүхдийн сургуулийг  шинэ стандартаар барих, номын сан, спорт заал гэх мэт олон улсын жишиг бүхий өргөтгөсөн барилга барих макет хийгдсэн.
Консерваторынхон харин өнөөдөр хулгайлагдсан газрыг нь авч өгснийх нь төлөө тэмцэл хийгээд байх шиг...
 
Монгол Улсын Консерваторын баруун хойд буланд баригдсан орон сууц нь Консерваторын багш нарын орон сууц гэсэн нэртэй боловч 4-5 багш л орсон, өөр багш ороогүй. Өөрөөр хэлбэл  арилжааны зориулалтаар баригдсан барилга.
 
Мөн үүний яг урд нь байгаа 16 гарааш буюу Консерваторын 0.3 га газар нь хулгайлагдсаныг мэдээгүй байсан бөгөөд тус газрыг БШУЯ, Консерваторын газрын эзэмшилд буцааж авчирсан.
Одоо Боловсролын Үнэлгээний Төв барих гэж байгаа барилгын суурь дээр Монгол Улсын циркийн сургууль барих төлөвлөгөөтэй байсныг зориулалтын дагуу дээрх 0.3 га газарт барихаар болсон." гэв.
 
Мөн  Л.Энх-Амгалан сэтгүүлчийн асуултанд хариулахдаа:  "Сургууль хичээл эхлүүлэх хугацаа Боловсролын хуулийн дагуу зохицуулдаг. Тийм учраас бид хуулиа хэрэгжүүлнэ. Гэхдээ 9 дүгээр сарын 1 гэхэд “Ковид-19”-ийн нөхцөл байдал сайжрах уу эсвэл муудах уу гэдгийг хэлэхэд эрт байна. Одоогоор 12-17 насны хүүхдийн 70 орчим хувь, ЕБС-ийн багш нарын 80 орчим хувь нь вакцины хоёр дахь тунгаа аваад байна.  Намрын хичээлийн жилийг хуулийн хугацаанд нээхийн тулд чармайн ажиллана. Гэхдээ эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана. Бид энэ жилийн 9 дүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлэхгүй бол хоёр жилийн турш танхимын хичээлийг бүрэн хаасан цөөн хэдэн улсын тоонд орохоор байна. Хичээлийн хоцрогдол маш их үүссэн. Нэгэнт бид ковидтой дасан зохицон амьдрахаас хойш хичээлийн жилийн хугацаанд нь танхимаар эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа" гэсэн юм.