sonin.mn
“Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 16-нд тэмдэглэдэг.
“Монреалийн протокол хүн төрөлхтөн, хоол хүнсний аюулгүй байдлыг хамгаалж, вакцины хөргөлтийг хангаж байна!” (Keeping us, food, vaccine cool!) сэдвийн хүрээнд тэмдэглэж буй энэ өдөр БОАЖ-ын сайд Н.Уртнасан мэндчилгээ дэвшүүллээ.
Мэндчилгээнд, “Хүн төрөлхтөн озон задалдаг бодисыг хэрэглээнээс гаргах, шинэ төрлийн хөргөлтийн бодис ашиглах технологи нэвтрүүлэхэд алхам алхмаар ойртсоор байна. Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколоор зохицуулдаг озон задалдаг хөргөлтийн бодисыг орлуулах бодис, шинэ дэвшилтэт технологи хэрэгсэл нь цар тахлын аюулыг багасгах, вакциныг аюулгүй, удаан хугацаанд хадгалах, тээвэрлэх, хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэж байна.
 
 
 
Монгол Улсын Засгийн газраас зарим төрлийн озон задалдаг бодисын импортыг 2010 оноос зогсоож, озон задалдаг, дэлхийн дулааралд сөрөг нөлөөтэй хөргөлтийн бодисын хэрэглээг 2025 он гэхэд 67.5 хувиар багасгахыг хичээн, эрх зүйн орчин бүрдүүлж, олон улсын жишигт нийцсэн квот, зөвшөөрлийн тогтолцоо бүрдүүлж байна. Цаашид хөргөлт, агааржуулалтын салбарын хүний нөөц, чадавхыг бэхжүүлэх, холбогдох стандарт, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, орлуулах шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд анхаарна” хэмээжээ.
  
 
 
Цар тахлын улмаас энэ жил дэлхийн улс орнууд дархлаажуулалтын аянг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд улс орон бүр чанарын аюулгүй байдлыг хангасан вакцинаар иргэдээ дархлаажуулах нь чухал байгаа тул олон улсын гэрээний дүнд хоол, хүнс, вакциныг аюулгүй хадгалах эрчим хүчний үр ашигтай хүйтэн хэлхээгээр хангаж байна.
Монреалийн протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтөөр озон задалдаг бодисыг орлуулан хэрэглэж буй дэлхийн дулааралд нөлөө бүхий гидрофторт нүүрстөрөгч (ГФН/HFC)-­ийн төрлийн бодисыг багасгах боломж олгосон. Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол нь 1987 оны 9 сарын 16-ны өдөр анх 24 орон гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, НҮБ-аас тухайн өдрийг “Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр” болгон тунхаглажээ. Тус протокол, түүний эх конвенц болох Озоны давхаргыг хамгаалах Венийн Конвенц нь 198 орон буюу дэлхийн бүх улс орон нэгдэн орсон анхны гэрээ юм.