sonin.mn
2021 оны 10-р сарын 6-нд буюу өчигдөр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны ажлын зөвлөлийн Тамгын газрын дарга Ян Жечи, Америкийн ерөнхийлөгчийн үндэсний аюулгүйн ажил хариуцсан туслах Салливан нар Швейцарын Цюрих хотноотай уулзжээ. Тэд Хятад, Америкийн харилцаа, олон улсын болон бүс нутгийн тухай асуудлаар санал солилцож, 9-р сарын 10-нд хоёр орны төрийн тэргүүнүүд утсаар ярих үеийн санаачилгыг хэрэгжүүлэн, стратегийн зөвшилцлөө нэмэгдүүлж, санал зөрөлдөөнөө сайтар хянан, мөргөлдөөнөөс зайлсхийж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрэлхийлж, хоёр орны харилцааг эрүүл тогтвортой хөгжлийн зөв замд нь эргэн оруулахын төлөө хамтдаа хичээн ажиллахаа мэдэгдсэн байна.
 
Хятадын төлөөлөл болох Ян Жечи энэ үеэр: "Хятад, Америк харилцаагаа сайтар зохицуулж чадах эсэхээс хоёр орон, хоёр ард түмний язгуур ашиг төдийгүй цаашлаад бүхий л дэлхий нийтийн хувь тавилан хамаарна. Хоёр улс хамтран ажиллавал  олон улсад ч ач тусаа өгнө. Харин хоёр орон сөргөлдвөл мөн л дэлхий дахин ноцтой хохирно. Харилцан ашигтай байж хамтдаа хожих гэсэн хоёр талын харилцааны үндсэн мөн чанар, мөн Хятадын баримталж буй гадаад, дотоод бодлогыг Америк сайтар  ойлгох хэрэгтэй. Хоёр орны харилцааг “өрсөлдөөн” гэх үгээр хураангуйлж дүгнэхийг Хятадын тал эсэргүүцнэ.
Хятад, Америкийн харилцааны талаар Ерөнхийлөгч Жо. Байден сүүлийн үе идэвхтэй, нааштай байр суурь баримталж байгаад бид ач холбогдол өгч байна. Түүнчлэн Хятад улсын хөгжлийг хазаарлах санаагүй, шинэ “хүйтэн дайн” дэгдээхийг хүсэхгүй гэх зэрэг танай байр суурийг манай тал анхаарч байгаа.
 
Америкийн тал Хятад улсад чиглэсэн ажил хэрэгч, нааштай бодлого хэрэгжүүлж, Хятадын талтай язгуур ашиг сонирхлоо харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэхийг Америкийн талаас хүсэж байна" гэжээ. 
 
Салливан хэдийгээр санал зөрөлдөөнтэй асуудлууд бий ч  Америкийн тал "Нэг Хятад" бодлогоо тууштай баримтална гэв.
Хоёр талаар мөн уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлаар санал солилцож, цаашид байнгын  холбоотой ажиллахаар тохиролцсон байна.
 
Б.Эрдэнэсувд