sonin.mn
Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган их сургуулийн нэг, алдар түүхт дайчин замналтай ҮБХИС-ийн түүхт 100 жилийн ой тохиож буй. Эх орон, тусгаар тогтнолоо батлан хамгаалах хүндтэй үүргийн эзэд энэ л сургуулийн хашаанд номын дуу сонсож, цэргийн эрдэмд А-гаас нь эхлэн шамдан суралцдаг. Мэдээж цэргийн сургуулийг сонсогчгүйгээр яахан төсөөлөх билээ.
З.Өнө-Учрал тус сургуульд хуягт танкийн командын мэргэжлээр суралцдаг IV дамжааны оюутан. Бидний сонгосон нийтлэлийн баатар маань. Түүнийг уншигч танд хувь хүн болон цэргийн алба сургалт гээд бүх л талаас нь илүү таниулахыг хүссэн тул энэ удаагийн  сурвалжилгаа ҮБХИС-иас бэлтгэлээ.
Бид эхлээд "Тэмүүжин Өрлөг" сургуулийг зорьж түүх, нийгмийн багш О.Болдсайхантай уулзан хэсэг саатлаа. З.Өнө-Учралыг сурагч ахуйд нь анги удирдсан багш нь байж. 2012 оноос сургуульд суралцаж эхэлсэн З.Өнө-Учрал их л сониуч, тиймдээ ч багшийнхаа хэл амыг сугалчих шахдаг бас болоогүй дэггүй хүүхэд байсныг нь О.Болдсайхан багш дурсаж сууна. Үргэлж магтаал, сайшаалаар аргадуулна гэж юу байх вэ. Хүүхэд л болсон хойно хааяа нэг багшийнхаа чихийг халууцуулсан нь ч бий гэнэ. Үүнийг сонссон нийтлэлийн баатар маань багын явдлуудаа санасан уу яасан, үе үехэн инээмсэглэнэ.
 
 
О.Болдсайхан багш “З.Өнө-Учрал маань хөлбөмбөгийн спортод бүхнээ зориулсан. Сурагч байхад нь дуртай зүйлийг нь хорьж цагдахгүй ч гэлээ, сургууль төгсөх, цаашид мэргэжлээ сонгох хариуцлагатай үе тулахад спортод зарцуулах цагаа хичээл, номдоо зориул гэж багшийн үүднээс хэлдэг байсан.
Ингэхдээ манайд хөлбөмбөгөөр хоолоо олж идэх хэцүү, боловсролдоо түлхүү анхаар гэж хэлснээ огт мартдаггүй. Одоо шавиа харахад хөлбөмбөгөөр өндөр амжилт үзүүлэхийн зэрэгцээ үндэсний лигт тоглож байна. Тэгээд хүүхдийн хүсэл мөрөөдлийг хязгаарлалгүй хөгжиж, дэвших боломжийг нь олгох ёстой гэдгийг ойлгосон” хэмээсэн нь тухайн үед хэлсэн үгэндээ бага зэрэг гэмшсэн сэтгэлийг нь цухалзуулах шиг.
Багш, шавь хоёр хөгтэй, хөгжилтэй ч гэмээр дурсамжуудаасаа сэтгэлд арай тодхон үлдсэнийг нь хуучилж, хөөрөлдөж сууна. Төгсөх ангидаа сургуулийнхаа аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнээр З.Өнө-Учрал торгуулийн цохилтоо алдсанаар балагтай юм болж баг нь аваргаас мултарч мөнгөн медаль хүртжээ. Багш нь бас багийнхан нь “Чи чинь чухам л хөлбөмбөг тоглодог гээгүй бил үү. Одоо хаана байна, чухал үед багаа хөөдлөө” гээд хөөрхөн шүүмжилсэн сурагтай. Одоо багш шавь нар уулзалдахаараа энэ явдлыг сэргээж, хошигноцгоодог болж.
Багшийн захиас гэдэг амьдрал, цаашид ажил албандаа баримтлах алтан дүрэм л гэсэн үг. О.Болдсайхан багшийн хувьд шавь нартаа хандаж “Хувийн биш нийтийн ашиг сонирхлын төлөө зүрх чинь цохилж байвал чи зөв хүн, зөв зүйлийн төлөө явж байна гэж ойлгоорой” гэдгийг чухалчилж захидаг аж. Хамгийн баян хүн гэвэл магадгүй багш хүнийг хэлэх байх. О.Болдсайхан багш номын дуу сонсгосон шавь нараа баялаг гэж өмчлөөд, тэднийхээ сайн сайхан, амжилт бүтээл дүүрэн явахыг нь бахархал гэж урамшдаг нэгэн.
 
 
Зэвсэгт хүчний 2021 оны аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд З.Өнө-Учрал ҮБХИС-ийн багаа ахлан өрсөлдөж аварга болоход голлох үүргийг гүйцэтгэжээ. Энэ үед О.Болдсайхан багш сурсан зангаараа дээлийнх нь захыг мушгиад л суусан гэдэг. Цэргийн сургуулийн сонсогч байхын зэрэгцээ хөлбөмбөг тоглоно гэдэг аль аль нь их цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаардсан ажил. З.Өнө-Учрал эдгээрийг зэрэг амжуулж, амжилт үзүүлж байгаа нь багшийнх нь бахархлыг өөрийн эрхгүй төрүүлдэг бололтой. "Нэг талаараа өөрийнх нь авьяас чадвар, сонирхол, нөгөөтээгүүр сургуулиас олж авсан тууштай байдал, тэсвэр хатуужлын суурь нөлөөлдөг болов уу" гэж О.Болдсайхан багш удахгүй сургуулиа төгсөж, шинэхэн дэслэгч болох гэж байгаа З.Өнө-Учралын цаашдын замыг ерөөж амжлаа. 
"Тэмүүжин Өрлөг" сургуулиас гарч явсан хойноо л О.Болдсайхан багшийн бэлдсэн шавь нь элсэлтийн ерөнхий шалгалтаар 800 оноо авсан гэдгийг сая мэдсэн юм. З.Өнө-Учрал ч манай багш заах арга барилын хувьд мундаг, бас маш сайн чиглүүлэгч хэмээн хүч өгч байв.
Дараа нь тавиулангаар ороход З.Өнө-Учралын ангийн онжавууд буюу танкчин дайчид дадлагадаа хамрагдаж байв. Тэдний найрсаг бөгөөд нөхөрсөг шооч байдал нь ядарсан бас хүнд цаг үеүдийг ажиггүй давахад дэмтэй байдаг гэх. Түрүүч Н.Идэрхангай бол З.Өнө-Учралтай сургуульд байх үеэс эхлээд 10 гаруй жил зүү орох зайгүй нөхөрлөсөн гэнэ. Өнөөдөр ч гэсэн хувь тохиолоор нэг тэнхим, нэг ангид хамтдаа цэргийн эрдэмд шамдаж байна. Н.Идэрхангай “Сурагч байхын хөдөлгөөнтэй, тиймдээ ч спортод их дөртэй хүүхэд байсан. Хувь хүн талаасаа хамт олонч бас шударга зантай, нэг байр сууриндаа үнэнч, зорилгодоо тууштай зүтгэдэг. Бас сониуч зантай гэж жигтэйхэн” гэв. Мөн тэрээр О.Болдсайхан багшийн ярьсантай адил хөгтэй явдлыг сөхлөө. З.Өнө-Учрал хөлбөмбөгийн спортыг дөнгөж шохоорхож эхлэх үедээ сургуулийнхаа тэмцээнд оролцжээ. Тэгээд хажуугаас ирсэн бөмбөгийг гадагш нь мөргөх гэж байгаад өөрийнхөө хаалганд гоолдчихсон юм байх. Балгаар нь бас ангийнхандаа баахан баалуулсан гэнэ. Энэ үеэс эхлээд л З.Өнө-Учрал маань өөрийгөө хурцалж хөлбөмбөгийн спортод эргэлт буцалтгүй орж, тууштай хичээллэх болсон гэж нөхөд нь ам уралдан хэлцгээв. Мөн “Удахгүй бид сургуулиа төгсөөд анхны томилолтоо өвөртлөөд тал тал тийшээ салан одоцгоох байх. Тэр бүр уулзалдаад байхгүй ч нөхөрлөлийн холбоогоо нандигнаж явцгаана. Хэдэн найз нар нь чамайг л харж суудаг юм. Ажил, албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэхийн зэрэгцээ энэ спортдоо тууштай байж спортын мастер, улс орныхоо нэрийг гаргах энтэй тоглогч болоорой” гээд сэтгэлийн үгээ ерөөлийн хамт уламжилсан юм. Арван жилийн сургуулиасаа өнөөдрийг хүртэл З.Өнө-Учралтай нөхөрлөж, ҮБХИС-д тэр тусмаа хуягт танкийн команд мэргэжлээр суралцдаг 8 сонсогч байдаг аж. Бие биеэ таниад ирсэн цагт эрчүүдийн нөхөрлөл хээгүй сайхан гэдгийг тэд өнгөрсөн хугацаанд хэзээ ч мартахааргүй ой тойндоо шингээж авчээ. 
 
 
Энэ үеэр Авто хуягт танкийн тэнхимийн ахлах багш, дэд хурандаа Э.Сонинбаярыг ажлынх нь хажуугаар хэсэг уяж ярилцлаа. Энэ олон ижил дасал болсон сонсогчдын анги даасан багш нь аж. Тэрээр “Манай энэ хэдэн хүүхдүүд "Тэмүүжин Өрлөг" сургуульд ерөнхий боловсрол эзэмшиж, үргэлжлүүлэн цэргийн бакалаврын дөрвөн жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдан сурч байгаа. 2005 оноос хойш нэг хэсэгтээ тасалдаад байсан энэхүү сургалтын хөтөлбөр маань саяхнаас эргэж сэргэсэн юм. Үндсэндээ сэргэснээс нь хойш офицер болж төгсөх гэж байгаа залуус гэж ойлгож болно” гэв. Мөн ерөнхий боловсролын сургуульд хагас цэрэгжилттэй байсныг ч хэлэх үү, сонсогчдын маань хувьд хичээл, мэргэжилдээ хандах хандлага, цэргийн алба гээд бүх зүйлээрээ арай ялгардаг гэдгийг ч дэд хурандаа Э.Сонинбаяр онцолсон. 
З.Өнө-Учрал бол хөлбөмбөгийн спортоор өөрийгөө нээн харуулж байгаа шинэ залуу үеийн төлөөлөл. Багшийн нүдээр цагаахан, тусч зантайгаас гадна бусдыгаа үе үехэн нөхөрсгөөр шоглож харагддаг гэнэ. Төгсгөлд нь дэд хурандаа Э.Сонинбаяр “Ер нь их зөв хүүхэд. Өсөх ирээдүйтэй тамирчин, бас хуягт танкийн командын мэргэжлээр цаашид үр бүтээлтэй ажиллах офицер, боловсон хүчин гэж багшийн төсөөллөөр хардаг юм. Цэргийн алба хаана гэдэг нэгдүгээрт хувь хүний маш том төлөвшлийг олж авлаа гэсэн үг. Хоёрдугаарт тэсвэр хатуужилтай, хэр баргийн юманд гудайхгүйн дээр үг дааж сурна. Эр хүний хувьд өөрийгөө ямар түвшинд явж байгааг цэргийн алба төвөггүй ойлгуулж өгдөг. Мөн ялгаагүй тамирчин гэдгээрээ ч их төлөвшиж, тэсвэр хатуужлыг олж авч байгаа. Тэгэхээр З.Өнө-Учралдаа хэлэхэд, цаашид эзэмшсэн мэргэжлээрээ цэргийн албандаа, хөлбөмбөгийнхөө спортоор тив, дэлхийн олон уралдаан тэмцээнд өндөр амжилт гаргаарай” гэж ерөөснөөр бидний төсөрхөн яриа өндөрлөх нь тэр.
 
Үдийн цайны цагийг урьтаж, сонсогчийн батальоны II ротын захирагч, хошууч Х.Пүрэвхүүгийн өрөөнд саатаж таарав. 
 
 
“Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэж монгол ардын зүйр үг бий. Энэ зүйр үгийн биелэл гэвэл энд зогсож байгаа З.Өнө-Учрал байгаа юм гэдгийг хошууч Х.Пүрэвхүү хэлнэ лээ. Түүнчлэн цэргийн алба, спортоороо манлайлагч байдаг энэ хандлага алсдаа чамд их зүйлийг өгч, хурандаа, генерал гээд босго өндөртэй офицер болгоно гэж захирагч, дарга нь хардаг гэх үгс ирээдүйг нь бэлгэдсэн цаанаа л урамшмаар, сэтгэлд өег. Хошууч Х.Пүрэвхүү “Тэрсхэн хүүхдүүд ирцгээж байснаа бодвол одоо бүгд л тэвхийсэн том эр болцгоожээ.  Бидний дунд олон сайхан дурсамж бий. З.Өнө-Учрал маань тэмцээн уралдаан гээд завгүй байдаг тул ургац хураалтад энэ жил л явж үзсэн. Анхных болоод ч тэр үү, шинэ цэрэг шиг л туршлага дутаж байсан шүү” гэхэд З.Өнө-Учрал ч бүрэн санал нийлж толгой дохив.
Ингээд үдийн хоолны цаг боллоо. Сахилга бат гэж ярих юмгүй сайн. Бараг л ялаа дүнгэнэх ч сонсогдохоор аниргүй орчин цайны газрын заалыг ноёлов. Сонсогч болон байлдагчид дасгал сургуулилт гээд биеийн хүчний ажил байнга хийдэг учраас өдөрт дөрвөн удаа илчлэг өндөртэй хоол идэх ёстой байдаг. З.Өнө-Учрал 10 жил сургуулийнхаа энэ хашаанд тогооч эгч нарынхаа гарын хоолыг идсэн учраас ийм эрүүл чийрэг, бие өсгөлүүн байгаа гэх. “Та бүхний гараа гаргаж, сэтгэлээ шингээсэн хоол гэрийг минь санагдуулдаг. Баярлаж талархсан сэтгэлийн үгээ “Соёмбо” сониноор дамжуулан уламжилъя” гэсэн ижил олон нөхдийнхөө үгийг З.Өнө-Учрал энд дайсан юм. 
 
Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын уугуул, тэмээчин айлын ууган хүү. Доороо есөн насны зөрүүтэй хоёр дүүтэй. З.Өнө-Учралын аав М.Зоригт хувиараа бизнес эрхэлдэг бол ээж Ц.Майцэцэг нь соёлын үрийг тарьж буй бага ангийн багш. Эцэг, эхийн аль нэг нь багш мэргэжилтэй байх нь тухайн гэр бүлд өсөн торниж байгаа хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэхэд том түлхэц болдог гэдгийг З.Өнө-Учрал багадаа их л сайн мэдэрсэн юм санж. Нэг л өдөр, багаасаа дайн байлдаан, эх орны сэдэвтэй кино үзэж цэргийн хүн болохыг гаднаа ил гаргахгүй ч дотроо сүсэглэх шахам явсан мөрөөдлийнх нь үзүүрээс ээж нь атгаж том хүүгээ хотын  сургуульд суралцуулах болсон байна. Насан туршийн замыг нь тэгшитгэсэн энэ сонголтыг хийх боломжийг олгосон ээждээ тун чиг их баярладаг гэнэ билээ. Ингээд тус сургуульд ирээд учраа олохгүй шахам олон хүүхэд хувцсаараа гангарах цэрэг хүний бахархлыг хамгийн түрүүнд мэдэрсэн гэнэ. Түүнчлэн  10 жилийн сургууль төгсөөд ҮБХИС-д орсон З.Өнө-Учралын нүдэнд хамгийн тодоор үлдсэн зураглалуудын нэг нь IV дамжааны шижигнэсэн ах эгч нарынх нь жигдэрсэн алхаа гишгээ байв. Тиймдээ ч төгсөлтийн баяраараа тэднээс дутахааргүй алхах нь З.Өнө-Учралын ойрын зорилт гэх үү дээ. Гэрийнхэнтэйгээ халуун ам бүлээрээ тойроод цай оочилж суухад хүүгээ үг даадаг, буурь суурьтай, тайван дөлгөөн хүн болсныг ээж нь магтаж, энэ яриаг аав нь тосож аваад л хүч өгдөг гэх. Бас утасны цаанаас спорт, хоббиг нь хорьж цагдах тохиолдол цөөнгүй байсан бол яваандаа хүүгийнх нь гаргасан амжилт тэдний бодлыг эрс өөрчилж чаджээ.    
2016 онд ҮБХИС-ийн “Соёмбын барс” клубийн дасгалжуулагч Д.Энхтүвшин нэгэн шинэхэн сонсогчийн авьяасыг олж харан хөлбөмбөгийн спортод бүр ч илүүтэй дурлуулсан нь өнөөдрийн З.Өнө-Учралыг бүтээх шанг татсан гэвэл зохилтой. Ингээд тэр цагаас хойш З.Өнө-Учрал лигүүдэд тогтмол тоглож, уралдаан тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж, сургууль багш, баг хамт олныхоо итгэлийг зүтгэлээр хариулах болжээ. “Соёмбын барс”-аас “Алдрын дайчид” болж нэрээ өөрчилсөн тус багаараа Футзалын дээд лиг болон Үндэсний дээд лигт тус тус гурван удаа тусгай байрыг эзэлсэн байна. 
Мөн 2019 онд хилийн дээс алхан ОХУ-д болсон нэрэмжит олон улсын тэмцээнд багаараа хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэнээр эхлээд эх орон, дараа нь төрөлх сургуулийнхаа нэрийг дуудахад барьж ядсан нулимс нь хацар даган бөмбөгнөжээ.
 
 
Хүн ганцаараа юунд ч хүрдэггүй. Ялангуяа багийн спортод. Амжилт бүрийн цаана сургуулийн удирдлага, тэнхим, багш, баг, анги хамт олон, гэр бүл, найз нөхдийн нөр их дэм байдгийг ч дээр дурдсан амжилтууд илхэн хэлээд өгнө.  
 
 
 
Танк бол хуурай замын цэргийн цохилтын гол хүч. Үүнийг киноноос гэлтгүй орчин цагт ОХУ-д зохиогддог “Танкийн биатлон” тэмцээнээс харж болно. Тэгвэл З.Өнө-Учрал сургуулиа төгсөөд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд томилогдон тус тэмцээнд оролцох хүсэлтэй явдгаа хэлж, улмаар Зэвсэгт хүчин, ҮБХИС, тэнхимээ алдаршуулна гэсэн зорилгоо ч танилцуулсан юм. 
Сурагч байхад казармд байрлахад чөлөөт цаг их олддог бол сонсогчийн хувьд өдөр тутмын үйл ажиллагаа цаг завыг нь хязгаарладаг онцлогтой. Тухайлбал,  өглөөний бослого 05:55-д, өглөөний гүйлт, ор дэрээ хураах, хоол цай, туг мандуулсаар 08:30 цагтай золгоно. Хичээл сургууль гэсээр нэг л мэдэх нь ээ өдрийн хоолны цаг болно. Түүнээс хойш цэрэгжилтийн цаг, дүрэм судлах, дадлага гэх мэт хуваарьт үйл ажиллагаанууд явагдсаар амралтын цаг хаяанд ирэх. Өдөр тутамдаа ийм циклтэй. Үүний хажуугаар З.Өнө-Учрал бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдааныг хослуулна. Лигийн тоглолтууд ихэвчлэн оройн цагаар явагддаг тул захирагч, даргаасаа зөвшөөрөл авч гараад талбайд 90 минутын ачаалал авсны хойно сая казармдаа буцаж ирнэ. Заримдаа бүр бажгаддаг ч гэх юм билээ. Гэхдээ юу сайхан дур сайхан. Дуртай зүйлээ хийж байгаа болохоор бүтэхгүйгээс бүтэх нь хавь олон гэдгийг З.Өнө-Учралд хичээл зүтгэл нь хангалттай нотолжээ. Анги байгууллагад очсон хойно ажил албаа амжуулахын зэрэгцээ спортдоо ч ажралгүй зүтгэнэ гэсэн. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж З.Өнө-Учралыг л хэлдэг байх.  Ирээдүйд цэрэгтэй хэрхэн ажиллах, үүрэг, удирдлага зохион байгуулалтаар яаж хангах талаар З.Өнө-Учралын бодлыг сонслоо. Хариултаа тэр уриалга болгов.
 
 
Ингэхдээ “Офицер хүн төлөв даруу зантай, тэсвэр хатуужилтай байж бүхий л зүйлээрээ онцгойрч, асуудлыг нударгаар бус ухаанаараа шийддэг байгаарай” гэж ирэх хавар төгсөх ирээдүйн шинэ томилгооны эздэд уриалсан юм.   
 
 
 
Хөдөө орон нутгаас ирсэн болоод ч тэр үү З.Өнө-Учрал нутаг амьтай. Аймгийн төвөөс 200 гаруй км яваад Баян-Өндөр суманд хүрдэг, говирхог газар. Нутгаа зорих бүрийдээ шүтээн Баян-Овоо хайрхандаа мөргөж өөрийгөө даатгадаг ажээ. Ажил үйлс, амжилт өндөр байгаагаа үүнтэй холбож тайлбарлана. З.Өнө-Учралын өвөөгийн ах нь н.Төмөрбаатар хэмээх нэг ангиас төрсөн гурван хөдөлмөрийн баатрын нэг нь гэх ховор тохиолын эзэн. Харин нагац талын өвөө нь Баянхонгор аймгийн алдарт уяач хүн байжээ. З.Өнө-Учрал ч удмаа дагаад тэр үү адуунд эрэмгий, малд дөртэй бололтой.   
Хүний амьдралд баяр гуниг зэрэг тохиох нь бий. Төгсөх ангидаа ордог жил найз нарынхаа хамтаар сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаж ОХУ-ын Ангарск хотыг зорихоор болжээ. Тухайн үед өвөө нь хотод ирээд байсан тул явахаасаа өмнө ирж уулзаарай гэжээ. Өвөөгөөсөө замын мөнгө аваад яв гээд их л чухалчлан хэлсэн байна. Авч явах ачаагаа бэлдчихсэн, өглөө 07:00 цагаас хөдлөх байсан ч ямартаа ч орой зав гаргаад очоод уулзаж амжжээ. Ингээд ОХУ-д 8 хоносны эцэст эх орон руугаа буцаж Алтанбулагийн хилээр орж ирэхэд өвөө нь бурхан болсон гэдэг гунигт мэдээг ээж нь дуулгажээ. Өвөөтэйгөө амжиж уулзсандаа баярласан ч сүүлийн удаа үнсүүлээд мордсоноо бодохоор хааяахан өөрийн эрхгүй гуниг төрж, нулимс нь аяган дотроо мэлтэлздэг гэнэ. 
Бидэнд ярих зүйл баялаг ч цаг хугацаа давчуухан гэх бодолд хүлэгдсээр аргагүй сурвалжилгаа өндөрлүүлэх болоход З.Өнө-Учрал төрөлх сургуулийнхаа удирдлага, эрдэмтэн багш, офицер ахлагч, ажилтан, албан хаагч, сонсогч гээд нийт бие бүрэлдэхүүнд 100 жилийн ой тохиосон торгон мөчийг амжилт бүтээл, ажил үйлсээрээ өнгөлж явахыг ерөөлөө.    
 
 
Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин